Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2018/0831

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: Ё.Д

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Л.Н

Гуравдагч этгээд: Б.З

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-220.... дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ё.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Миний бие 2009 оноос хойш Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Жанжин  дугаар гудамж,  тоот хаягт амьдарч байгаа бөгөөд 2015 онд хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй болсон. Манай амьдардаг газар орчмыг төмөр замын бүс гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг олгодоггүй байсан учир өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. 

Улмаар 2015 онд газар эзэмших эрхээ авсны дараа тэнд огт амьдардаггүй байсан Л.Н, Б.З нар нь миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байсан тул гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. 

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Жанжин,  дугаар гудамж,  тоот хаягт байршилтай, 24 м.кв хувийн сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг Л.Н, Б.З нар нь өөрийн өмч мэтээр улсын бүртгэлийн Ү-220.... дугаарт бүртгүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсныг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтаас олж мэдсэн. Ийнхүү мэдсэн даруй тус шүүх дэх Л.Н, Б.З, Б.Зо нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан. 

Уг үл хөдлөх хөрөнгө нь Ё.Д миний бие 2009 онд худалдан авснаас хойш амьдарч байгаа өмчлөлийн сууц бөгөөд гэрчилгээнд дурдсан нэхэмжлэгч Л.Н-ийн  дугаар гудамжны  тоот хаягт байрладаггүй болно. 

Иймд энэхүү бүртгэл нь Ё.Д миний болон үр хүүхдийн минь эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Л.Н-ийн эзэмшлийн газарт тус үл хөдлөх хөрөнгө байдаггүй болох нь газрын кадастрын зургаас тодорхой харагддаг ба Л.Н, Б.З нарын газартай холбоотой маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байгааг мэдэж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг маань хүчингүй болгуулахаар илэрхий хууль зөрчин, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан гэж үзэж байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” бүртгэхээс татгалзахаар заасан байна. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмч, улсын 

бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн хариу тайлбарт “...Л.Н, Б.З нарыг холбогдох хууль тогтоомж зөрчин, эрхийн улсын бүртгэл мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул холбогдох эрхийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дурдаж байсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд хууль зөрчин миний эзэмшлийн газар дээр байгаа, миний өмчлөлийн орон байрыг нэхэмжлэгч Л.Н, Б.З нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-220.... дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.З, Л.Н нар нь манай албанд хандаж, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг гаргасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220.... дугаарт анх удаа өмчлөх эрх үүсгэсэн байх ба уг үл хөдлөх эд хөрөнгө буюу хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчих тул хүчингүйд тооцуулах үндэслэлтэй байна. 

Учир нь мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг болон өргөдөл, эд хөрөнгийн план зураг тус бүрт  тоот хаягаар бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зурагт  тоот хаягтай нотлох баримтыг хавсаргаж өгсөн нь зөрүүтэй байна. 

Иргэн Б.З, Л.Н нар нь холбогдох эрхийг бүртгэх талаар шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” хэмээн заасан байдаг. Тухайн үед бүртгэл хийсэн улсын бүртгэгч нь хаяг, нотлох баримт зөрүүтэй байхад тухайн хөрөнгийг бүртгэсэн байсан. 

Иймд Ё.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн бүртгэлийн Ү-2204.... дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хааж, өмчлөх эрхийн 00054.... дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож, “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 10.6-д заасны дагуу гэрчилгээний эх 

хувийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст ирүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээд Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 1991 онд нөхөр н.Б, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Жанжны  дугаар гудамж, Сармисны хонхорт газар авч, хашаа бариад, 1993 онд 4x6 хэмжээтэй байшин бариад ам бүлээрээ амьдарч байсан. Бид 2010 он хүртэл тухайн газартаа тогтмол амьдарч байсан. Ё.Д-ын нөхөр н.Б Баянхонгор аймгаас нүүж орж ирэх гээд “...хотод орон гэр, таних айл, хүн байхгүй, туслаач” гэсний үндсэн дээр би өөрийнхөө хүүгийн байшинг суллаад тэднийг оруулж амьдруулсан. Дүүргийн Газрын албанаас тухайн үед бидэнд цагаан дэвтэр өгдөг байсан. Эхлээд “Зах зээл эхэлчихсэн. Та хүлээж бай” гэсэн. Дараа нь “Танай газар төмөр замын бүсэд орчихсон юм байна. Төмөр зам зөвшөөрөл олгохгүй бол зөвшөөрөл олгохгүй” гэсэн. Би удаа дараа газрын албаар явж, газраа хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө нэр дээр авахаар бүх бичиг баримтаа нотариатаар баталгаажуулж өгсөн. Ё.Д 2010 онд нүүж ирсэн. Миний хүү 2003 оноос Б.З өмчлөгчөөр хүн амын бүртгэлийн дэвтэр нээлгээд, одоог хүртэл тус хаягтаа бүртгэлтэй байдаг. Ё.Д-ын нөхөр н.Б “Бидний хашаа, байшин биш” гээд 2 удаа бичгээр, 1 удаа өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн. Энэ нь Л.Н миний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хавтаст нотлох баримтын журмаар авагдсан байгаа. 

2005 оноос эхлэн 12 дугаар хорооны Засаг даргаар уламжлан Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлтээ гаргаж байсан боловч “...төмөр замын зөвшөөрөл ирээгүй” гэх шалтгаанаар хойшлогдож байсан. 

2015 онд газрын зөвшөөрөл олгоход Ё.Д нь “Би өмчлөгдөх үед нь энэ газрыг тордож амьдарч байсан. Би авах ёстой” гэж газрын эрхийг авсан. Би тус газар дээр байгаа байшинг өөрийн хөдөлмөрөөрөө барьсан, үр хүүхдүүддээ үлдээх ёстой өмч юм. Гэтэл Ё.Д үүнийг минь авна гээд шүүхдэж байна. 

Хавтаст хэрэгт Ё.Д-ын нөхөр н.Бадамын “...бид энэ хашаанд түр амьдарч байгаа, бидний хөрөнгө биш” гэх мэдүүлэг, тухайн үеийн газрын кадастрын зураг болон агаараас авсан зураг, гэрчүүдийн мэдүүлэг, тухайн хорооны өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр миний өмч болохыг нотлох баримтууд авагдсан байгаа. 

Иймд Ё.Д-ын энэхүү үйлдэл нь бусдыг залилан мэхэлж байгаа үйлдэл гэж үзэж байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ё.Д тус шүүхэд хандан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-2204... дугаар Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.5-д заасанчлан иргэн, хуулийн этгээд нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /13.5.1/, газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт /13.5.2./, тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ /13.5.3/, газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар /13.5.4/, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг /13.5.5/, улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт /13.5.6/, өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /13.5.7/, эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл /13.5.8/ зэрэг баримтыг үнэн зөвөөр гаргаж өгөх үүрэгтэй. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, гуравдагч этгээд Л.Н, Б.З нар нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Ё.Д, Б.Ц, Д.О, Т.Ө нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/104 болон А/172 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, Т.Ө-нд олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н-д, Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв болон 700 м.кв газрыг Б.З, Б.З нарт олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Улмаар уг захиргааны хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй, Л.Н, Б.З нар нь газар эзэмших эрхтэй эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Бүртгэлийн газарт хандан “Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Жанжины -р гудамжны   тоот” хаягт байрлах “блокон хашаа, 4*6 м.кв харьцаатай өвлийн сууц”-ыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00005... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус заасанчлан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд “үнэн зөв”, “бодитой”, “нотлох баримтад үндэслэж”, “хуульд заасан журмын дагуу хөтлөх”, “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг баримтлах ёстой.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд, 

гуравдагч этгээд Л.Н, Б.З нараас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Бүртгэлийн газарт хандан гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрүүтэй, мэдүүлэг болон Л.Н, Б.З нараас гаргасан өргөдөлд дурдсан хаяг нь “Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Жанжины -р гудамжны  тоот” гэж бичигдсэн байхад  мэдүүлэгт хавсаргасан газар эзэмших эрхийн 0005 дугаар гэрчилгээ болон газрын байршлын кадастрын зураг дээрх хаяг “” тоот хаягтай буюу нотлох баримт зөрүүтэй нөхцөл байдлыг улсын бүртгэгчийн зүгээс хянан, шалгаж үзэлгүй эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заагдсан зарчимд нийцээгүй байна. Мөн энэхүү нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс ч хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбараар тогтоогдож байна.

4. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 26/145 дугаар албан бичиг болон Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 10/232 дугаар албан бичгээр маргаан бүхий захиргааны акт болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220.... дугаар бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Жанжины дугаар гудамжны  тоот хаяг бүхий газарт байрлаж байгаа ба  тус газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ё.Д эзэмшиж байна. Ё.Д-ын газрын эзэмших эрхтэй холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0098 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0310 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 407 дугаар тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” хэмээн заасан байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-2204.... дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд З.З-т хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчид түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2,  7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-2204.... дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ё.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА