Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02143

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02143

 

 

 

Ж.С- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02588 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.С- гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Эд хөрөнгө хураах болон албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Т.Төгсбилгүүн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор бусдад төлбөр төлөхөөр болсон. Манай гэр бүлийн 5 гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байр, 196 тоот дахь, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөрт хураан авах тухай 18260663/5 тоот тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт барьцаалагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заагдаагүй бол шийдвэр гүйцэтгэгч хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хийх эрхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураан авах, дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр төлүүлнэ гэж байгаа нь хууль бус ажиллагаа юм.

Ж.Сэлэнгэ нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21- 196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг өөрийн гэр бүлийн хамт 30 гаруй жил дундаа хамтран өмчлөн амьдарч байгаа.Гэтэл миний хүү бусдад төлөх өр төлбөртэй гэх шалтгаанаар гэр бүлийн бусад гишүүдэд нялзааж өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, ... хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. мөн хуулийн 55.2, 55.2.2. үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцох боломжийг олголгүй, мөн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаанд оролцогч нараас үнийн санал авалгүй шинжээч томилсон байна.

Улмаар өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасан хугацаанд мэдэгдэх үүргээ өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй бөгөөд үүнтэй холбоотой өмчлөгч үнэлгээтэй холбоотой гомдол гаргах эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болсон.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21-196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25447 дугаар захирамжаар Т.Төгсбилгүүнээс 25 525 000 төгрөгийг гаргуулж Г.Тамир, Г.Оюунчимэг нарт олгох, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 38 200 000 төгрөгийг гаргуулж Л.Бат-Эрдэнэд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчдөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Эд хөрөнгө, автомашинтай эсэх талаар лавлагаа авч, холбогдох данснуудыг хаасан. Дээрх ажиллагаануудыг явуулсны дараа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх акт гараад гэрт нь очиход Ж.Сэлэнгэ нь өөрөө байсан. Төлбөрийг танилцуулж байрыг битүүмжилсэн. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийг хураасан. Энэ хугацаанд төлбөр төлөгчид төлбөрөө төлөх боломжийг удаа дараа олгосон байгаа. Орон сууцыг хурааж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасан журмын дагуу явагдсан хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Т.Төгсбилгүүнийг дуудаж уулзан төлбөрөө төлөх талаар тэмдэглэл үйлдээд өөрт нь болон бусад гишүүд нь үнийн саналаа өгөх тухай албан ёсны мэдэгдлийг хүргүүлсэн. Эхний мэдэгдлийг Т.Төгсбилгүүнд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/4959 тоот албан бичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдлийг дахин мөн оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 4 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш Ж.Сэлэнгэ манай байгууллагад гомдол гаргасан. Т.Төгсбилгүүний өмчлөлийн хувьд ногдох хэсгээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32016/25447 дугаар захирамжаар Т.Төгсбилгүүнээс 25 525 000 төгрөгийг гаргуулж Г.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгт төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн хөрөнгөөс төлбөрийг барагдуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5, 86.6 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд уг барьцаалсан хөрөнгийн Т.Төгсбилгүүнд ногдох хэсгээс төлбөрийг төлүүлэх ажиллагааг шийдвэрлэж, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 18260663/5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/23 дугаартай тогтоолууд болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21-196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт барьцаалагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заагдаагүй бол хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хийх эрхгүй юм.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах журмыг зохицуулсан илүү нарийвчилсан зохицуулалттай хууль нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг байна. Хуулийн энэ заалтанд Хуульд өөрөөр заагаагүй бол ... ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана" гэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрөөр заасан заалт байхгүй учраас хуульчид энэхүү заалтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ёстой юм.

Албадан дуудлага худалдаа явуулах гол нөхцөл нь үл хөдлөх эд хөрөнгө үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байх, үүргээ гүйцэтгэхгүй бол албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтийг үүрэг гүйцэтгүүлэгч гаргасан байх, шүүх шийдвэртээ үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар заасан байх зэрэг нөхцөлүүд байгаа бөгөөд төлбөр төлөгч Т.Төгсбилгүүний нэр дээр гарсан шийдвэрүүдэд ийм зүйл байхгүй, гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдана гэсэн хуулийн заалттай гэсэн тайлбар хийж, шүүх асуудлыг өнгөцхөн дүгнэн шийдвэрлэж байгаа нь шүүгчийн хууль хэрэглэх ур чадвартай холбоотой.

Төлбөр төлөгчийн хувьд бусдаас авах авлагаа хөөцөлдөх, төлбөрөө бага, багаар ч болов цувуулан төлөх зэрэг арга хэмжээ авч байхад, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн мэтээр хандаж, бусдын үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт хураан авна гэж айлган сүрдүүлж, дарамталж байгааг нь төлбөр авагчид үйлчилж байна гэж хардахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 6-р хороо 21-р байрны 196 тоот дахь 3 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан байх бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр төлбөрт хураан авах үндэслэлгүй, Т.Төгсбилгүүнд оногдох хэсгийг төлбөрт өгөхийг гэр бүлийн бусад гишүүд, хамтран өмчлөгч бид нар зөвшөөрөхгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсгийг захиран зарцуулах асуудлыг Иргэний хуульд ийнхүү өөрөөр зохицуулсан байхад төлбөр төлөгчийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусад өмчлөгчийн эрх ашгийг хохироон, шүүхийн шийдвэр гараагүй байхад хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа хууль бус, хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд хариу тайлбар өгч мэтгэлцээгүй, мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн хувьд дүгнэлт хийгээгүйгээс гарсан шийдвэр нь хууль бус болсон гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02588 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө хураасан болон албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, мөн эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамжаар Т.Төгсбилгүүн нь 25 525 000 төгрөгийг Д.Оюунчимэгт төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Т.Төгсбилгүүнээс 38 200 000 төгрөг гаргуулан Л.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд шүүгчийн захирамжийн дугаарыг 20455 гэж бичсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан шаардлагад нийцээгүй байхад хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж мөн зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчжээ. /хх-43/

Түүнчлэн дээрх хүчин төгөлдөр болсон шүүгчийн 25447 дугаар захирамж, 157 дугаартай шийтгэх тогтоолуудад Т.Төгсбилгүүнээс мөнгө гаргуулахаар заасан байхад хариуцагч тал төлбөр төлөгчийн хөрөнгийн талаар мэдүүлэг гаргуулах, эд хөрөнгийн талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх зэрэг ажиллагааг хийхгүйгээр шууд төлбөр төлөгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-56,57,61,65-69/

Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах дарааллыг зөрчсөн байхад шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18260663/5 дугаар эд хөрөнгө хураах, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/23 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С- д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД