Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2588

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 27 өдөр

     Дугаар 101/ШШ2019/02588

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эд хөрөнгө хураах болон албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч миний хүү Т.Төгсбилгүүн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор бусдад төлбөр төлөхөөр болж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр ажиллагаа явуулж байгаа юм.

Манай гэр бүлийн 5 гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байр, 196 тоот дахь, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөрт хураан авах тухай 18260663/5 тоот тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Энэхүү тогтоолоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 196 тоот дахь 3 өрөө орон сууцыг төлбөрт хураан авна гэжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гуравдагч этгээдийн хувьд шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг хураасан үйл ажиллагаа Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хохироож байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/26 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Энэхүү хариуг нь аваад тогтоолд заасны дагуу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд гомдол гаргасан ба 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4/889 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө хураан авах ажиллагаа үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хөрөнгө хураасан ажиллагаанд шат шатанд нь гомдол гаргаад хариугаа аваагүй байхад тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4/10697 тоот албан бичгээр мэдэгдэл өгч, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар болсон тухай мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/23 дугаартай тогтоолыг ирүүлснийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан болно.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж хариу өгөөгүй байхад дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хууль бус гэж үзэж байна.

Төлбөрт хураахаар шийдвэрлэсэн орон сууц нь гэр бүлийн 5 гишүүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд төлбөр төлөгч Т.Төгсбилгүүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй хөрөнгө юм.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт " Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасан бөгөөд энэ хуулийн заалтаар төлбөрт барьцаалагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заагдаагүй бол шийдвэр гүйцэтгэгч хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хийх эрхгүй юм.

Улсын Дээд шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “ Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зохицуулсан Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай” зөвлөмж нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах асуудлыг зохицуулсан Иргэний болон Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор гарсан. Энэ зөвлөмжийг хуульчид, шийдвэр гүйцэтгэгч нар нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр нь төлбөр төлөгч Т.Төгсбилгүүний асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдэд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч үүргээ биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн тухай огт заагаагүй байхад өмчлөлд нь байгаа хөрөнгө нэрээр үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Улсын Дээд шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “ Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зохицуулсан Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай” зөвлөмжид " Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах тухай заалтыг шүүхийн шийдвэрт тусгахдаа :

а. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд заасан шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид тавьсан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй

б. Үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, шаардлагаа хангуулахаар хүсэлт гаргасан байхаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан байгааг анхаарах нь зүйтэй" гэсэн байгаа бөгөөд энэ зохицуулалтаар дээрх 2 нөхцөл нь шүүхийн шийдвэр гарахаас өмнөх шатанд хийгдэх ба үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, барьцааны гэрээг байгуулсан байх, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хүсэлт гаргах, энэ хүсэлтийг үндэслэн шүүх Иргэний хуулийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэртээ заах ёстой байна.

Төлбөр төлөгч Т.Төгсбилгүүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхгүй, өөрсдийн дураар шийдвэр гаргаж гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа нь үндэслэлгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн орон сууцыг төлбөрт хураасан ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт “Төлбөрийг төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө бусад хөрөнгөнөөс гаргуулна” гэж заасан боловч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар явагдах ба хуулийн энэ зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалсан байх, үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар шүүхийн шийдвэр гарсан байх ёстой байхаар илүү нарийвчилсан зохицуулалттай байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураан авах, дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр төлүүлнэ гэж байгаа нь хууль бус ажиллагаа юм.

Төлбөр төлөгч Т.Төгсбилгүүн нь одоогоор эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй; байгаа бөгөөд төлбөрийг бололцоо гарсан тухай бүрд нь цувуулан төлж байгаа, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон этгээдийг төлбөрийн чадвартай болох хүртэл нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт байхад үүнийг хэрэглэхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг нь төлбөрт хураан авах гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд бусад өмчлөгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Төлбөр төлөгчийн хувьд бусдаас авах авлагаа хөөцөлдөх, төлбөрөө бага, багаар ч болов цувуулан төлөх зэрэг арга хэмжээ авч байхад, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн мэтээр хандаж, бусдын үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт хураан авна гэж айлган сүрдүүлж, дарамталж байгааг нь төлбөр авагчид үйлчилж байна гэж хардахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 196 тоот дахь 3 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна” гэж заасан байх бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр төлбөрт хураан авах үндэслэлгүй, Т.Төгсбилгүүнд оногдох хэсгийг төлбөрт өгөхийг гэр бүлийн бусад гишүүд, хамтран өмчлөгч бид нар зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хууль бус үйл ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гуравдагч этгээд болох хамтран өмчлөгч миний эрх ашгийг ноцтой хөндөж байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсгийг захиран зарцуулах асуудлыг Иргэний хуульд ийнхүү өөрөөр зохицуулсан байхад төлбөр төлөгчийн нэр дээр байгаа ул хөдлөх эд хөрөнгийг бусад өмчлөгчийн эрх ашгийг хохироон, шүүхийн шийдвэр гараагүй байхад хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа хууль бус энэ үйлдлийг таслан зогсоож, 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 18260663/5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч  Б.Даваасүрэнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны 5/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж  байна.

Ж.С миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21- 196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг өөрийн гэр бүлийн хамт 30 гаруй жил дундаа хамтран өмчлөн амьдарч байгаа.Гэтэл миний хүү бусдад төлөх өр төлбөртэй гэх шалтгаанаар гэр бүлийн бусад гишүүдэд нялзааж өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байгаа тухай үндсэн нэхэмжлэлд тодорхой дурдсан.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хураагдсан, битүүмжлэгдсэн, үнэлэгдсэн, дуудлага худалдаагаар зарагдах болсон үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд миний бие Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч юм.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, ... хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” мөн хуулийн 55.2, 55.2.2. “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцох боломжийг олголгүй, мөн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаанд оролцогч нараас үнийн санал авалгүй шинжээч томилсон байна.

Улмаар өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасан хугацаанд мэдэгдэх үүргээ өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй бөгөөд үүнтэй холбоотой өмчлөгч үнэлгээтэй холбоотой гомдол гаргах эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болсон.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21-196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25447 дугаар захирамжаар Төгсбилгүүнээс 25,525,000 төгрөгийг гаргуулж Г.Тамир, Г.Оюунчимэг нарт олгох, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 38,200,000 төгрөгийг гаргуулж Л.Бат-Эрдэнэд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр миний бие шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгчдөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. 2016 оны шүүхийн шийдвэр, 2018 оны шүүхийн шийдвэр байгаа. Төгсбилгүүнд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаад холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулаад, эхний удаа эд хөрөнгийн талаарх лавлагаа гаргуулсан байгаа. Лавлагаагаар дундын эд хөрөнгө болох нь тогтоогдсон байгаа. Автомашинтай эсэх талаар лавлагаа авсан. Мөн холбогдох данснуудыг хаасан байгаа. Дээрх ажиллагаануудыг явуулсны дараа 2018 онд байрыг битүүмжилсэн. 2018 оны 10 сарын 02-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх акт гараад гэрт нь очиход ээж Ж.С нь өөрөө байсан. Төлбөрийг танилцуулж байрыг битүүмжилсэн. 2019 оны 02 сарын 20-ны өдөр эд хөрөнгийг хураасан. Энэ хугацаанд төлбөр төлөгчид төлбөрөө төлөх боломжийг удаа дараа олгосон байгаа. Орон сууцыг хурааж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд заасан төлбөр төлөгчийн дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх хөрөнгийг түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ гэсэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлага болох үнэлгээг мэдэгдээгүй, харилцан тохиролцож талуудаас үнийн санал аваагүй гэсэн байгаа. Үүний тухайд 2019 оны 02 сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Төгсбилгүүн гэх хүнийг дуудаж уулзаад төлбөрөө хэрхэн яаж төлөх талаар тэмдэглэл үйлдээд өөрт нь болон бусад гишүүд нь үнийн саналаа өгөө гэх албан ёсны мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Эхний мэдэгдлийг Төгсбилгүүн 2019 оны 02 сарын 27-ны өдөр өөрөө хүлээж аваад гэр бүлтэйгээ ярилцаад эргээд хариу хэлнэ гэсэн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 4/4959 тоот албан бичгээр мэдэгдсэн байгаа. Уг мэдэгдлийг дахин 03 сарын 18-ны өдөр хүргүүлсэн байдаг. Тэгээд 04 сарын 23-ны өдөр мэдэгдэл хүргүүлснээс хойш Ж.С манай байгууллагад гомдол гаргасан байгаа. Уг гомдлын хариуг манай байгууллага 2019 оны 05 сарын 03-ны өдөр албан ёсоор 4/10697 тоот албан бичгээр мэдэгдсэн байгаа. Ийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төгсбилгүүний өмчлөлийн хувьд ногдох хэсгээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Түүнээс биш бүхэлд нь байрыг хурааж аваад дуудлага худалдаанд оруулна гэсэн зүйл явуулаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32016/25447 дугаар захирамжаар Т.Төгсбилгүүнээс 25,525,000 төгрөгийг гаргуулж Г.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Оюунчимэгт төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч Б. Уранбаяр ажиллаж байгаа билээ.

Иргэн Т.Төгсбилгүүнд 2014 онд зээлийн гэрээ хийж, 25,000,000 төгрөг зээлүүлсэн боловч зээлсэн мөнгийг төлөөгүй учраас эвлэрүүлэн зуучлахаар шийдвэрлүүлэн үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй тул албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарсан юм. Ингээд уг төлбөрийг хүүгүйгээр зөвхөн үндсэн өрийг авахаар тохиролцсон боловч одоогоор нийт 6 жилийн хугацаанд 1,3 сая төгрөгийг л хүлээн авсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн хөрөнгө, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс төлбөрийг барагдуулах ажиллагаа нь хуулийн мэргэжлийн бус миний ойлголтоос л харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.4, 86.5, 86.6-д заасны дагуу бүрэн хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу уг хөрөнгийн Т.Төгсбилгүүний хувьд ногдох хэсгээс төлбөрийг төлүүлэх ажиллагааг бүрэн дэмжиж байна.

Иргэн Ж.Сэлэнгийн нэхэмжлэл нь иргэн миний эрхийг бүрэн хөндөхөд хүрч болзошгүй тул Иргэний хууль, Үндсэн хуулийн дагуу бусдын надад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийг би шаардах эрхтэй.

Иймд уг барьцаалсан хөрөнгийн Т.Төгсбилгүүнд ногдох хэсгээс төлбөрийг төлүүлэх ажиллагааг шийдвэрлэж, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 18260663/5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч  Б.Даваасүрэнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны 5/23 дугаартай тогтоолууд болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21-196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25447 дугаар захирамжаар, эвлэрэлд уригдсан Т.Төгсбилгүүн 25,525,000 төгрөгийг Г.Тамир, Д.Оюунчимэг нарт төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 38,200,000 төгрөгийг гаргуулж Л.Бат-Эрдэнэд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25447 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичигдэн гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны 17260112 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Төгсбилгүүнд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч бичгээр тайлбар гаргасан, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан, төлбөр төлөгч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл гаргасан, шүүхийн шийдвэр биелүлэх мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын  02-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-196 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1826063/5 дугаартай тогтоолоор дээрх орон сууц буюу эд хөрөнгийг хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/4959 дугаартай мэдэгдэлийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-196 тоот орон сууцны өмчлөгч Т.Энхбилгүүн, Т.Эрхбилгүүн, С.Тэргүүн, Ж.С нарт хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжлэгдэж, хураагдсан, улсын бүртгэлийн Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн уг орон сууц буюу хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцон тогтоож, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдсэн, төлбөр төлөгч Т.Төгсбилгүүн нь тухайн орон сууцны хамтран өмчлөгч нарын үнийн саналыг 2019 оны 3 дугаар сарын 05-нд өдөр шийдвэр гүйцэтгэгчид өгөхөөр болсон талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, төлбөр төлөгчөөр гарын үсэг зуруулсан байх бөгөөд төлбөр авагч Д.Оюунчимэгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Шинжээч томилох тухай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай тогтоолоор тухайн орон сууцны үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 166 дугаартай үнэлгээний тайланг гаргаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-196 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн, 64,75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 116,945,000 төгрөг болохыг тодорхойлсон байх бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3/6849 дугаартай “Мэдэгдэл”-ийг төлбөр төлөгч Т.Төгсбилгүүн болон дээрх хаягт оршин суугч, өмчлөгч Т.Тэргүүн, Ж.С, Т.Эрхбилгүүн, Т.Энхбилгүүн нарт хүргүүлж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг мэдэгдсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасан ажиллагааг явуулах бүрэн эрхтэй бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 18260663/5 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж байх боловч дээрх дугаар бүхий тогтоол нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр огноотой гарсан нь хэрэгт авагдсан бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэгэгчийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 3/6849 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид болон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж, шүүхийн шийдвэрт заасан 116,945,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг анхааруулж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/23 дугаартай тогтоолыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр огноотой гаргаж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоож, мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчид болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д тус тус заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаярын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 18260663/5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны 5/23 дугаартай тогтоолууд болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21-196 тоот хаягт байршилтай Ү-2204001070 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА