Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01011

 

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01011

 

 

Б.Эрдэмбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00667 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Эрдэмбилэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Батдоржид холбогдох

 

Зээл, алдангид 8 305 522 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагч Ц.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэмбилэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Батдоржтой 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлийн гэрээ байгуулан 7 350 000 төгрөг зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн биелэлт болгож Ц.Батдорж нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут Амины Орон Сууц 1 дүгээр гудамж, 93 тоотод байрлах, 252 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 48 хоногийн алдангид 955 522 төгрөгийг үндсэн зээл 7 350 000 төгрөг, нийт 8 305 522 төгрөг гаргуулж өгнө үү. Ц.Батдорж нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Эрдэмбилэгтэй зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд гэрээний төлбөрт нийт 17 000 000 төгрөг төлсөн. Ц.Батдорж нь Н.Эрдэнээд холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Н.Эрдэнээгээс 9 000 000 төгрөг гаргуулж Ц.Батдоржид олгож шийдвэрлэсэн гэжээ

Хариуцагч Ц.Батдоржийн тайлбарт: Ц.Батдорж миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Эрдэмбилэгтэй зээлийн гэрээ байгуулж 7 350 000 төгрөг огт аваагүй. Миний хувьд шилэн кабель суурилуулан, замын тэмдэг, тэмдэглэгээний үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2014 оны 06 дугаар сард Н.Эрдэнээтэй харилцан тохиролцсоны улмаас тендерийн ажил авч өгөх болсон. Н.Эрдэнэ эхний ээлжинд 9 000 000 төгрөг өг гэсэн шаардлага надад тавьсан ба би чамд мөнгө зээлэх хүн олж өгье гэсэн. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үл таних залуу дагуулж ирсэн нь Б.Эрдэмбилэг байсан бөгөөд би хашаа, байшинг барьцаалан түүнээс 15 000 000 төгрөг зээлэн 9 000 000 төгрөгийг нь Н.Эрдэнээд өгсөн. Үүнээс хойш Б.Эрдэмбилэг мөнгөө нэхэхэд миний бие арга буюу барьцаанд байсан хашаа, байшингаа зах зээлийн үнээс хямд буюу 81 000 000 төгрөгөөр зарж Б.Эрдэмбилэгт 18 000 000 төгрөгийг төлж 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Ц.Батдорж миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Эрдэнээд холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 11 дүгээр сард Н.Эрдэнээс 9 000 000 төгрөг гаргуулан надад олгож шийдвэрлэсэн. Б.Эрдэмбилэг, Н.Эрдэнэ нар нь үгсэн тохирч Б.Эрдэмбилэгт өгөх ёстой 7 350 000 төгрөгөө надаас суутган надад 1 700 000 төгрөг өгөөд тооцоо дуусгая гэдэг зүйлийг шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан ярьсан. Би Б.Эрдэмбилэгээс 7 350 000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Батдоржид холбогдох 8 305 522 төгрөг гаргуулах тухай Б.Эрдэмбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэмбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгөөс илүү төлсөн 2 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэмбилэгт олгон, үлдэх хэсэг болох 160 050 /132.250+27.500/ төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан боловч иргэн бүр хууль мэдэх боломжгүй нотариат дээр очиж гэрээ байгуулснаар энэ хэлцэл хүчин төгөлдөр гэж хөнгөмсгөөр найдаж мөнгийг бэлнээр олгосон үйлдэл байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн үзэж түүнээс тайлбарлан гарч байгаа хуулиуд нь иргэний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан эрх ашгийг хамгаалах бөгөөд зөрчигдсөн эрхийг хамгаалж сэргээх гэж гардаг болохоос хууль мэддэг хүнийг завшуулах гэж гардаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг хожим байгуулагдах зээлийн гэрээнд чиглэсэн урьдчилсан гэрээнд хэрэглэвэл утга төгөлдөр болно хэмээн албан бус тайлбар дээр үздэг. Гэвч анхан шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хамт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, чулуут Амины орон сууц, 1-93 тоотын газрыг хамтад нь барьцаалсан идэвхитэй үйлдлийг дүгнэлгүй орхигдуулсан. Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 Нэхэмжлэгч Б.Эрдэмбилэг нь хариуцагч Ц.Батдоржид холбогдуулан үндсэн зээл 7 350 000 төгрөг, алданги 955 522 төгрөг, нийт 8 305 522 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 7 350 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлж, зээл эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 1-93 тоот хаягт байршилтай 252 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх боловч зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээний зүйл болох 7 350 000 төгрөгийг шилжүүлэн өгснийг нотолсон баримтгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй бол зээлдэгчид мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй болно.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус нийцсэн, барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ