Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 667

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/00667

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.......................... тоотод оршин суух, Б.Эийн /РД: ........./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................. тоотод оршин суух, Ц.Бид /РД:.........../ холбогдох

8.305.522 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу,

Хариуцагч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Э нь 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ц.Бтой 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлийн гэрээ байгуулан түүнд 7.350.000 төгрөг зээлдүүлсэн. Тус байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлт болгож Ц.Б нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут Амины Орон Сууц 1 дүгээр гудамж, 93 тоотод байрлах, 252 м.кв талбайтай газрыг барьцаалсан.

Б.Э, Ц.Б нар нь хуурай ах, дүүгийн харьцаатай бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Б.Эт мөнгөний хэрэгцээ гараад зээлсэн мөнгөө өгөөч гэхэд явдаг газраараа яваад ав гэсэн.

2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 48 хоногийн алданги нэмж нэхэмжилж байна. 1 өдрийн алданги 36.750 төгрөг, 48 хоногийн алданги 955.522 төгрөг болж байгаа.

Иймд Ц.Боос үндсэн зээл 7.350.000 төгрөг, алданги 955.522 төгрөг, нийт 8.305.522 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ц.Б нь урьд нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Этэй зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд Б.Э нь 2017 оны 1 дүгээр сард дээрхи зээлийнхээ төлбөрт нийт 17.000.000 төгрөгийг Ц.Боос авч уг гэрээний үүрэг дуусгавар болсон.

Тухайн 15.000.000 төгрөгийг зээлээд цаашаа хэнд өгсөн нь зээлдүүлэгчид хамааралгүй. Ц.Б нь Н.Эрдэнээд холбогдуулан 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард шүүх хурал болж Н.Эрдэнээгээс 9.000.000 төгрөг гаргуулан Ц.Бид олгосон ба одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б миний бие 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Б.Этэй зээлийн гэрээ байгуулж 7.350.000 төгрөг огт аваагүй гэдгийг хэлэх байна.

Миний хувьд шилэн кабель суурилуулан, замын тэмдэг, тэмдэглэгээний үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2014 оны 6 дугаар сард миний бие шилэн кабель суурилуулах тусгай зөвшөөрлийн дагуу Н.Эрдэнээтэй харилцан тохиролцсоны улмаас тендерийн ажил авч өгөх болсон. Н.Эрдэнэ эхний ээлжинд 9.000.000 төгрөг өг гэсэн шаардлага надад тавьсан ба би чамд мөнгө зээлэх хүн олж өгье эсэн.

Ингээд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үл таних залуу дагуулсан ирсэн нь Б.Э байсан бөгөөд би хашаа, байшинг барьцаалан түүнээс 15.000.000 төгрөг зээлэн үүнээсээ 9.000.000 төгрөгийг нь Н.Эрдэнээд өгсөн.

Тендер олж өгөх ажиллагаа бүтэхгүй болж би Н.Эрдэнээд одоо яах бэ, би хүү төлөөд байх уу гэхэд Н.Эрдэнээ зээлийн хүүг  зогсоож өгсөн. Н.Эрдэнээ нь нөхөр Н.Банзайн хамт Б.Э бид хоёрыг дагуулж яваад Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хэд хэдэн байрлал сайтай, эзэмших эрхтэй газар үзүүлж олсон ашгаасаа Б.Эт өгөх ёстой 9.000.000 төгрөгөө өгнө гэж тохирсон ч сураггүй болсон.

Үүнээс хойш Б.Э мөнгөө нэхэхэд миний бие арга буюу барьцаанд байсан хашаа, байшингаа зах зээлийн үнээс хямд буюу 81.000.000 төгрөгөөр зарж Б.Эт 18.000.000 төгрөгийг төлж 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

Ц.Б миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Эрдэнээд холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 11 дүгээр сард шүүх хурал болж түүнээс 9.000.000 төгрөг гаргуулан надад олгож шийдвэрлэсэн.

Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б.Э, Н.Эрдэнэ нар нь үгсэн тохирч Б.Эт өгөх ёстой 7.350.000 төгрөгөө надаас  суутган надад 1.700.000 төгрөг өгөөд тооцоо дуусгая гэдэг зүйлийг шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан ярьсан.

Би Б.Эээс 7.350.000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Бид холбогдуулан 7.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа алданги 955.522 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 8.305.522 төрөгийг Ц.Боос нэхэмжилжээ.

/Үндсэн зээл 7.350.000 төгрөг, алданги 955.522 төгрөг, нийт 8.305.522 төгрөг/

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Бид холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7.350.000 төгрөг, алданги 955.522 төгрөг, нийт 8.305.522 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээ бодитоор байгуулж 7.350.000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь зохигчдын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 12 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 7.350.000 төгрөгийг төлөх, үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагч Ц.Боос зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагч Ц.Б зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байгаа болно.

ХХ-ийн 3 дугаар тал/

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар буюу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 7.350.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно”, мөн талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан гэрээний 3.2-т “Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно ...” гэж заажээ.

/ХХ-ийн 2 дугаар тал/

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Бтой 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут Амины Орон Сууц, 1-93 тоот дахь 252 м.кв бүхий газрыг барьцаалсан гэх боловч дээрх гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн156.1, 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүйг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Боос мөнгөө нэхэж утсаар ярьсан гэх ярианы бичлэгийг нотлох баримтаар ирүүлсэн ба уг бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Бид холбогдох 8.305.522 төгрөг гаргуулах тухай Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгөөс илүү төлсөн 2.400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгон, үлдэх хэсэг болох 160.050 /132.250+27.500/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН