Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02086

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02086

 

 

 

 

С.Э.С - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02533 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Э.С - ХХК-ийн,

Хариуцагч МБҮ трейд ХХК-д холбогдуулан гаргасан

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30 420 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 03/2017 дугаар Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мал боловсруулах үйлдвэрийн төсөл, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Мах боловсруулах үйлдвэрийн төсөл дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, МБҮ трейд ХХК нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар 30 000 000 төгрөг төлөхөөр тохирч, гүйцэтгэх ажлын задаргааг тусгасан. Байгаль орчны үнэлгээний тайлан нь дотроо төлөв байдлын судалгааны ажил, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил гэж тусгагддаг. Сонгинохайрхан дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа үнэлгээний ажилд 4 500 000 төгрөг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд 8 500 000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд 2 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг, Налайх дүүрэгт байрлах мах боловсруулах төсөлд мөн адил үнэлгээтэй 15 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийн ажил байсан. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх /БНОНЕҮ-БОННҮ/ гэсэн нэрний тайлбар нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэсэн үг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1.2-т зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ ажлыг хамтад нь хийгээд үнэлгээ нь 8 500 000 төгрөг гэдгийг тодорхойлж өгсөн. Ийм байдлаар гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон. Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хөлсийг харилцан тохиролцож тогтоодог тул ажлын хөлсийг 30 000 000 төгрөгөөр тогтоосон. МБҮ трейд ХХК нь төслийг яаралтай хийх шаардлагатай байгаа болохоор ажлыг хурдан хийж өгөхийг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Ийм учраас бүх нөөц бололцоогоо дайчлаад сар гаруйн хугацаанд 2 төслийг хийж дуусгаад 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр МБҮ трейд ХХК-д хүлээлгэж өгсөн. Улмаар МБҮ трейд ХХК нь тайланг холбогдох бусад баримт бичгийн хамт Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэж өгсөн. Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн албан тоот бичгээр МБҮ трейд ХХК-д мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын 3 дахь хэсгийн үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийснийг мэдэгдсэн. Уг үнэлгээнд тусгасан нөхцлийг хэрэгжүүлж ажиллах, цаашид нарийвчилсан үнэлгээ хийхийг шаардаагүй. Ингээд манайх гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн боловч МБҮ трейд ХХК нь ажлын хөлсийг төлөөгүй. Бид удаа дараа шаардахад төлнө, төсөлтэй холбоотой Хөгжлийн банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээл бүтэхээр төлнө гэж явсаар 6 сар гаруйн хугацаа өнгөрсөн. Бид уг төслийг хийхийн тулд банкнаас зээл авсан, зээлийн хүүнээс болоод санхүүгийн маш их хүндрэлд орсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажлын хөлс 30 000 000 төгрөгийг МБҮ трейд ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э.С - ХХК-ийн 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хөлс 4 500 000 төгрөг 2 төсөлд 9 000 000 төгрөг болсныг зөвшөөрч байна. Харин байгаль орчны нөлөөллийн үнэлгээний 17 000 000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын 4 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар үнэлгээг нөлөөллийн ерөнхий, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж ойлгодог. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр С.Э.С - ХХК-тай байгуулахдаа байгаль орчны цогц үйлчилгээ авах, тэр дундаа төлөв байдлын судалгаа хийлгэх, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэх асуудал дээр тохиролцсон гэж ойлгосон. Гэрээний 3 дугаар зүйлд хаалтанд бичсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний талаар тодруулахад хуулиараа ерөнхий үнэлгээ нь нөлөөллийн үнэлгээнд ордог гэсэн хариу өгсөн. Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь байгаль орчны ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл байгаль орчны алба нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэнэ гэж хуулийн 7.3-т заасан байдаг. Ерөнхий үнэлгээг төрийн захиргааны байгууллага хийж гүйцэтгэнэ. 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газраас тодорхой нөхцөлтэйгөөр төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр манайд мэдэгдсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн хариу өгсөн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй. Нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд менежментийн төлөвлөгөө боловсруулагдаад цаашид жил бүр төлөвлөгөөгөө байгаль орчны газарт танилцуулдаг. Нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй учраас менежментийн төлөвлөгөө хийгдээгүй. Ийм учраас нөлөөллийн үнэлгээ хийх хууль зүйн нөхцөл бүрдээгүй учраас 21 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага манай компанийн данснаас 30 420 000 төгрөгийг татаж авсан. Би шүүхэд хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж давж заалдах гомдол гаргаж хэргийг хянуулахад биелэгдсэн шийдвэр хүчингүй болсон. Нэхэмжлэгч 30 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авснаа хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 310 000 төгрөг нь тэмдэгтийн хураамж, 110 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэлийн зардал юм. Иймд үндэслэлгүйгээр авсан 30 420 000 төгрөгийг С.Э.С - ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан МБҮ трейд ХХК-аас 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Э.С - ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С.Э.С - ХХК-аас 12 950 000 төгрөг гаргуулж МБҮ трейд ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 17 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 310 050 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Э.С - ХХК-аас 310 050 төгрөг гаргуулж МБҮ трейд ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Э.С - ХХК давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд нөлөөллийн үнэлгээ хийхээр тохирсон бөгөөд ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний аль ч тохиолдолд нэг төсөл дээр 8 500 000 төгрөг буюу нийт 2 төсөл дээр 17 000 000 төгрөгөөр тохирсон. Тухайн төсөл дээр ерөнхий үнэлгээ хийгдсэнээр нэхэмжлэгчид 17 000 000 төгрөгийн шаардах эрх үүснэ.

С.Э.С - ХХК нь байгаль орчны менежментийн тайланг төсөл тус бүрээр гүйцэтгэж, захиалагч талд мэдэгдсэн хэдий ч хүлээн авч баталгаажуулаагүй, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөөгүй болно.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль, орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно гэж заасан. Мөн төсөл хэрэгжүүлэгч жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдөр багтааж ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагадаа менежментийн төлөвлөгөөг хүргүүлэх, шийдвэр гаргуулах үүрэгтэй байдаг.

Анхан шатны шүүхээс тухайн төсөлд ерөнхий үнэлгээ хийгдсэн гэж зөв дүгнэсэн хэдий ч гэрээний нөхцлийг буруу тайлбарлан хэрэглэж, ажлын хөлсийг тал хувиар бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. С.Э.С - ХХК-аас ажлыг доголдолгүй хугацаанд нь гүйцэтгэсэн байхад хариуцагч талд төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь компанийн эрх ашгийг хөндөж байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Э.С - ХХК нь МБҮ трейд ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30 420 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр Сошиа энвайронментал сервис ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах мах боловсруулах үйлдвэрийн төсөл 1, Баянзүрх дүүрэгт байрлах мах боловсруулах үйлдвэрийн төсөл 2-ын байгаль орчны төлөв байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж, менежментийн төлөвлөгөө боловсруулах, МБҮ трейд ХХК ажлын хөлсөд нийт 30 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 1 дүгээр хавтас хэрэгт авагдсан 03/2017 дугаартай гэрээгээр нотлогдсон байна. /хх-6-12/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч тал гэрээний 1 дэх ажил болох 2 төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын үр дүнг нэхэмжлэгчээс хүлээн авснаа зөвшөөрсөн учир шүүх тус компаниас гэрээний 1 дэх ажлын хөлсөд 9 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Зохигчид байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийх, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг хийх нөхцөл бүрдсэн эсэх талаар маргажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байх ёстой бөгөөд төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээр байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн шинжээч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болохыг тодорхойлсон дүгнэлт гаргахаар мөн зүйлийн 4.6.1, 4.6.3-т заажээ.

Хариуцагч МБҮ трейд ХХК нь төсөл хэрэгжүүлэгч буюу гэрээний захиалагч тал бөгөөд тэрээр гэрээний 4.4.1-д тухайн 2 төслийн байгаль орчны ерөнхий үнэлгээг төрийн захиргаан төв байгууллагаар хийлгэж өгөх, нэхэмжлэгч Сошиа энвайронментал сервис ХХК үйлчилгээг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн дагуу гэрээнд заасан хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-8/

Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус хэрэгжих Мал боловсруулах үйлдвэр болон мал, мах худалдаалах төвлөрсөн зах төслийн баримт бичигт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын 3-т заасныг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, уг үнэлгээнд тусгагдсан нөхцөл болзлуудыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн болох нь 1 хавтаст хэргийн 119-122 дахь талд авагдсан ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 02/809, 02/806 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Талууд 03/2017 дугаартай гэрээгээр 2 төслийн байгаль орчны төлөв байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх /БОНЕҮ/БОННҮ/, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг хийхээр тохиролцсон хэдий ч гэрээний хавсралтад байгаль орчны чиглэлд тавигдах шаардлага, түүний үе шатыг бүдүүвч зургаар харуулжээ. Үүнээс үзвэл 1-д байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, 2-т нь байгаль орчны ерөнхий үнэлгээ, 3-т байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 4-т нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 5-д байгаль орчны аудит гэсэн дарааллаар гэрээнд заасан ажил хийгдэхээр тусгасан байна. /1хх-11/

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ хийх, хариуцагч тал төрийн захиргааны байгууллагаар ерөнхий үнэлгээ хийлгэсний дараа шаардлагатай бол нарийвчилсан үнэлгээг, уг үнэлгээг үндэслэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг нэхэмжлэгч хийхээр байжээ. Төрийн захиргааны байгууллага болох Байгаль орчны газар нь Байгаль орчны нөлөөллийн тухай хуульд заасан үүргийн дагуу 2 төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийсэн байх ба тэрээр нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагагүй болохыг тодорхойлсон байна. Үүний улмаас нэхэмжлэгчид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлуудыг хийх шаардлагагүй болжээ. Иймээс хариуцагч талд уг ажил гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрх Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2 дахь хэсэгт заасны дагуу үүссэн тул нэхэмжлэгч нь гэрээний 2, 3 дахь ажлын хөлсийг шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу харьцуулан үнэлсэн атлаа хариуцагч компаниас байгаль орчны ерөнхий үнэлгээний ажлын хөлсөд 8 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Харин менежментын төлөвлөгөө боловсруулах эрх зүйн орчин бүрдээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, уг ажлын хөлсний үнэ болох 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч МБҮ трейд ХХК нь нэхэмжлэгч Сошиа энвайронментал сервис ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 30 420 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын маргааныг анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 03266 дугаартай шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагч компанийн данснаас 30 420 000 төгрөг суутган авсан үйл баримт тогтоогдсон байна. /1хх-56-58, 62-63/ Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүхийн 03266 дугаартай шийдвэртэй хэргийг хянаад уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааснаар шүүхийн биелэгдсэн шийдвэр хүчингүй болжээ. /1хх-66-67, 72-76, 93-95/ Нэхэмжлэгч тал уг шилжүүлэн авсан мөнгийг хариуцагчид буцаан өгөөгүй байх тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 30 420 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, Иргэний хуулийн дээрх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрийн тогтоох хэсгийг найруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны заасны дагуу хариуцагч МБҮ трейд ХХК-аас 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э.С - ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э.С - ХХК-аас 21 000 000 төгрөг гаргуулан хариуцагч МБҮ трейд ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй гэж тус тус нэмж өөрчлөн, 2, 3 гэж дугаарласныг 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж, 3 дахь заалтын үлдээж гэсний дараа хариуцагч МБҮ трейд ХХК-иас 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Сошиа энвайронтентал сервис ХХК-аас 262 950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус буцаан олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372 700 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД