Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00002

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00002

 

 

 

 

 

Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10ы өдрийн 102/ШШ2019/02678 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.П, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ба замын даргын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.П нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр УБТЗ даргаар томилогдсон. Контрактын гэрээний 5.9 дэх заалтын дагуу албаны орон сууцаар хангагдан эзэмшиж ирсэн ба улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00072 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 855 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01274 дүгээр тогтоолоор уг орон сууцыг эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж байна. Бүх шатны шүүхийн шийдвэр гарч контрактын гэрээний үүргээ биелүүлэхээс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг чөлөөлөөгүй. Эрх бүхий албан тушаалтан нарын байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 1.3, 3.2.1, 5.9, 6.6, 8.3-т заасны дагуу үүргийн биелэлтийг хэрэгжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү. Л.............., Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга В.Н.Морозов нарын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д ... энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан. Амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохилог, бие даасан сууц гэж Барилгын норм ба дүрэм БНбД 31-05-05 нэг айлын орон сууцны 1 дүгээр зүйл хамрах хүрээ хэсэгт тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх шаардлагын дагуу Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, 4.1.38-д зааснаар төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууц гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудал гурван шатны шүүхээр бүрэн эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч тал контрактын гэрээний 5.9 дэх заалтыг үндэслэл болгосон байх ба энэ нь контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан. Контрактийн 6.6 дах хэсэгт Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ гэсэнтэй огт маргадаггүй. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр контракт дуусгавар болгох тухай замын даргын тушаалаар Монгол-Орос хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар и 22 дугаар зүйлийн а Монгол-Орос хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 дугаар протокол, контрактын гэрээний 6.5 дах заалтыг үндэслэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөр дуусгавар болгосон ба гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдсан. Л.Пүрэвбаатарыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ерөнхий хорооны хурлаар ажилд томилох шийдвэр гарч 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр контрактын гэрээ байгуулагдсан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр контрактын гэрээ дуусгавар болох ёстой. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь үүснэ. Гэтэл контрактын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр уг контрактын гэрээний 6.5-д заасныг үндэслэн дуусгавар болгосон. Гэрээний 6.5-д нийгэмлэг нь Замын даргатай байгуулсан контрактыг ямар ч үед хугацаанаас нь өмнө Ерөнхий хорооны шийдвэрээр цуцалж болох тул ............ 3 жилийн хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий хорооны хурлаар ажлаас нь чөлөөлж 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр контрактын гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Дээр дурдсанаар Контрактын гэрээний 6.6 дахь хэсэгт замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл-ээр/ бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно, харин эсрэгээрээ буруутай үйлдэл байвал авахгүй гэсэн тодорхой заалт байгаа. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу ................. 370 м.кв талбай бүхий орон сууцыг шаардах эрхтэй гэж заасан. Хан-Уул дүүргээс бус Баянгол дүүргийн нутагт амины орон сууц авах эрхтэй гэж шүүх дүгнэсэн зүйл байхгүй. Контрактын гэрээний 6.5 дах заалтыг энгийн ямар ч хүн уншаад ойлгоно. Хэрвээ хоёр өөр агуулга бүхий заалттай байсан бол 6.5.1, 6.5.2 гэж тус тусад нь зааглаж өгөх байсан. Иймд гэрээний 6.5 нэг л агуулгатай бөгөөд гэм буруугийн асуудал нь тусдаа юм. Контрактын гэрээний 7.3 дах хэсэгт Замын даргийн гэм буруу нь зөвхөн шүүхийн шийдвэр/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор гэм буруутайд тооцогдоно. Хэрвээ замын даргын гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас зөвхөн энэ заалтаар шийдвэр гаргах гэж байгаа бол шүүхийн шийдвэр шаардана. Харин бусад тохиолдолд буруутай үйлдлийг байгууллага ажил олгогч өөрөө тогтоож шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь дотроо хяналт шалгалт, аудитын албатай. Гэрээний 6.5 буюу Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгааллын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан гэх заалтыг зөрчсөн асуудал дээр гэм бурууг шаардаж байгаа. Бусад асуудал дээр гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагагүй. Контрактын гэрээний 6.5 дах заалт нь эрх олгосон заалт юм. .............гэдэг хүн ................... 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний цалинг олгосон. .......... гэдэг хүн Компанийн тухай хууль, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийг зөрчиж ашиг сонирхлын зөрчил үүсгэж их хэмжээний гэрээ хэлцэл байгуулах тохиолдолд байгуулгыг төлөөлж болохгүй гэсэн заалтыг зөрчиж өөртөө тэрбум гаран төгрөгийн үнэтэй орон сууц авах гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Нанзаддорж гэдэг хүн бүх шатанд төрийн болон төрийн өмчид үйлдвэрийн газрууд хэмнэлтийн горимд шилжсэн байхад танайх Ерөнхий хорооны шийдвэргүйгээр даргадаа хэт өндөр үнэтэй орон сууц, Лексус 570 загварын автомашин худалдан авсан чинь буруу байна, буцаагаад худалд гэсэн шийдвэр өгсөн. Үүнийг шалгаад үзэхэд өөрийнхөө хүүгийн нэр дээрх Lexus 570 машиныг хүүгийнхээ найзын нэр дээр шилжүүлж байгаад буцаагаад худалдаад авчихсан байсан. Одоо энэ асуудал нь Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 80-ны өдөр байгуулсан орон сууцны асуудал нь сөхөгдөж гарч ирээд, дахиад контрактын гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон. Энэ талаар 3 шатны шүүхээр дэлгэрэнгүй ярьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх:  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Контрактын гэрээний 5.9-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууцаар нэхэмжлэгч .............. хангахыг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга тус нийгэмлэгийн Замын даргаар томилогдсон иргэн Л.Пүрэвбаатартай 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулсан. Уг гэрээний 5.9-д "замын даргад албаны орон сууцыг зөвхөн контрактын гэрээний хугацаа дуусгавар болоход үнэ төлбөргүй шилжүүлэх-ээр заасан бөгөөд Уланбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны протокол болон тус нийгэмлэгийн дүрэм, дээрх контрактын гэрээний 6.5 дахь заалтыг үндэслэн Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-222 дугаар тушаалаар Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тул түүнд гэрээнд заасны дагуу орон сууц үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болсон уг гэрээний 6.5 дахь заалтад нийгэмлэг нь Замын даргатай байгуулсан контрактыг Ерөнхий хорооны шийдвэрээр ямар ч үед хугацаанаас өмнө цуцалж болно. Замын даргын бүрэн эрхийг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцлах 10 үндэслэл заасны хоёр дахь заалт болох Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгааллын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага, эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон, эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан гэх асуудалд замын даргын гэм буруутай байдал заавал тогтоогдсон байхыг заасан. Харин 6.5 дахь заалтаас бусад 9 зүйл заалтад заавал гэм буруу шаардахгүй. Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээг уг гэрээний 6.5-д зааснаар хугацаанаас өмнө цуцлах болсон үндэслэл нь Л.Пүрэвбаатар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийгэмлэгийн Замын даргаар томилогдоод 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр 1 484 253 000 төгрөгийн үнэ бүхий хаусыг өөрөө амьдрах зориулалтаар худалдан авах гэрээг өөрөө оролцон дур мэдэн байгуулж, төлбөрийг нийгэмлэгийн мөнгөн хөрөнгөнөөс нэг доор бөөнөөр шилжүүлэн төлүүлсэн. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүү П.Бат-Эрдэнийн өмчлөлийн хуучин автомашиныг бусдын нэр дээр шилжүүлэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэр дээр 85 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан зэрэг үйлдэл нь контрактын гэрээний 6.5-д заасан хэлэлцээр, дүрэм, Монгол Улсын хууль, тогтоомжийн шаардлагыг зөрчиж Нийгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл байгуулсан, нийгэмлэг оролцсон гэрээ хэлцэлийг байгуулахад хувийн ашиг сонирхолтой байсныг нуун дарагдуулсан зэрэг контрактын гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл тогтоогдож, Л.Пүрэвбаатарын дээрх хууль, дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон гэдгийг тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн. Тэрээр замын даргаар ажиллаж байхдаа хууль, нийгэмлэгийн дүрэм зөрчин өөртөө худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 41/5 тоот 370 м.кв хаусыг өөрийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гурван шатны шүүхэд хариуцагч тал Улаанбаатар төмөр замын зүгээс тодорхой баримт дурдан контрактын гэрээний 6.5 дахь заалтыг зөрчсөн үйлдлийнх нь улмаас контрактын гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тул түүнд ямар нэг байр, орон сууц өгөх үүрэггүй болсон талаар тайлбар хийж, баримт гаргаж байсан. Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээг дээрх үндэслэлээр хугацаанаас өмнө цуцлахад нэхэмжлэгч болон шүүхийн тайлбарлаж байгаачлан гэм буруу шаардагдахгүй, харин нийгэмлэгийн дүрмийн 6.5-д заасан зохих шаардлагуудыг зөрчсөн болох нь баримтаар тогтоогдсон төдийгүй Компанийн тухай хууль, Нийгэмлэгийн дүрэм зөрчиж онц их хэмжээний үнийн дүн бүхий өөрийн хувийн ашиг сонирхолтой хэлцэлд Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн оролцож, хувийн хэрэгцээндээ өндөр үнэтэй хаус худалдан авч хууль бусаар эзэмшиж байсан болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр, түүний хууль бус өмчлөлөөс эд хөрөнгийг чөлөөлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй тогтоогддог.

Мөн Л.Пүрэвбаатар өөрийн хувийн ашиг сонирхлоо нуун дарагдуулж хүүхдийнхээ нэр дээрх автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлэх замаар нийгэмлэгт өндөр үнээр хүдалдан борлуулж нийгэмлэгийн дүрмийн 6.5 дахь заалтыг зөрчсөн болох нь холбогдох хүмүүсийн тайлбар, баримтаар тогтоогдож энэ нь контрактын гэрээг цуцлах нэг үндэслэл болсон бөгөөд, уг асуудал өнөөдөр Авилгатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Энэхүү эрүүгийн хэрэг шалгах ажиллагаатай холбоотой мэдээ, баримт нь хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаардаг гэх үндэслэлээр баримт гаргуулан авах боломжгүй байсан бөгөөд бид өөрсдийн боломжоор Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийн хуулбарыг уг хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр авч боломжит байдлаар шүүхэд гарган өгсөн. Л.Пүрэвбаатарын хувьд дээрх байдлаар өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан Ерөнхий хорооны шийдвэр, Замын даргын тушаалтай холбоотойгоор шийдвэр гаргасан этгээд болон шүүхэд ямар нэг гомдол гаргаж, маргаан үүсгээгүй, дээрх шийдвэрүүд гарснаас хойш 3 жил өнгөрсөн буюу маргааны талаар гомдол гарах хуулийн хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх контракт дуусгавар болгох тухай Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэр, Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-222 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч, контракт дуусгавар болгох шийдвэрийн үндэслэлийг дүгнэж, энэ талаарх маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй.

Мөн контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход хүргэсэн үндэслэлүүд, түүнд холбогдох үйл баримтууд нь заавал гэм буруу тогтоосноор гэрээ дуусгавар болгох тухай асуудал огт биш болох нь гэрээний заалт, үйл баримтуудаас тодорхой харагдаж байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын хүрээнд гэм буруу тогтоогдоогүй, ийм баримт авагдаагүй гэх үндэслэлээр контрактын гэрээг дуусгавар болгох үндэслэлийг өөрчлөн тайлбарлахыг оролдсон нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч өөрийнх нь нэхэмжлэлтэй өөр иргэний хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд тухайн маргааны зүйл болох хаусаас өөр байр өгөх талаар шүүх дурдсан гэж шүүхийн шийдвэрийг өөрийн үзэмжээр тайлбарласныг анхан шатны шүүх шийдвэртээ үндэслэл болгосон нь харамсалтай. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болгосон Монгол улсын хууль, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэм, гурван шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өөрт ашигтайгаар тайлбарласан байдлаар нь хүлээн авч хууль дүрэм, шүүхийн шийдвэрүүдийг буруугаар тайлбарлан шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлүүд нь нийгэмлэгийн дүрмийн 6.5-д заасан хувийн ашиг сонирхолтой гэрээ хэлцэл байгуулсан, хууль дүрэмд нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлд хамаарч энэ нөхцөл шаардлагын дагуу Л.Пүрэвбаатартай байгуулсан гэрээг цуцласан талаар тайлбарлаж, холбогдох баримт гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн тайлбарласан заавал гэм буруу тогтоох ёстой, шүүхээр Л.Пүрэвбаатарын гэм буруутайг нотолсон баримт гаргаж өгөөгүй. Иймд контрактын гэрээг гэм буруугийн улмаас цуцлаагүй нь тогтоогдож байх тул Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс түүнд гэрэээний дагуу бие даасан орон сууц гаргуулан өгөх тухай шийдвэр гаргасан. Л.Пүрэвбаатар хууль, дүрмийн шаардлага зөрчин ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа өндөр үнэтэй хаус худалдан авч хууль бусаар эзэмшиж байсан нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон.

Мөн контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэг гол үндэслэл болсон хувийн ашиг сонирхлоо нуун дарагдуулж хэлцэл байгуулан, хамаарал бүхий этгээдийн хуучин автомашиныг нийгэмлэгт өндөр үнээр худалдан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж талаар тус байгууллага өөрийн албан ёсны мэдээллээр олон нийтэд танилцуулсан. Бид Л.Пүрэвбаатарын яллах дүгнэлтийн хуулбарыг эрүүгийн хэргийн оролцогч талын зөвшөөрлөөр хуулбарлан авч өөрсдийн боломжит байдлаар шүүхэд гарган өгч үүнээс өөрөөр баримтын дэлгэрэнгүй, шаардлага хангасан хэлбэрээр олж авах, гаргаж өгөх боломжгүй байгаагаа шүүх хуралдан дээр тодорхой тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан боловч энэ ажиллагааг огт хийлгүй Л.Пүрэвбаатарын гэм буруутайг нотолсон баримт байхгүй байна гэх хийсвэр дүгнэлт хийж, уг дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарын Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ба замын даргын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасныг үндэслэн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25, 4.1.38-д заасан ажлууд хийгдсэн, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууцаар хангахыг даалгах нэхэмжлэлийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчсөн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 885 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1274 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн шаардсан сууцыг түүний эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр биш.

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр Замын даргын албан тушаалд томилогдож, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцлагдсан байна.

Контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцааны тусгай төрөл юм.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т зааснаар албан тушаал хашиж байх хугацаандаа албаны орон сууцаар хангагдах, гэрээ цуцлагдсан нөхцөлд орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байдаг боловч талууд гэрээний 5.9-д энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах, /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Талууд гэрээндээ нэхэмжлэгчийг албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар тохиролцсон байх ба тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг албаны сууц гэж ойлгодог.

Нэхэмжлэгчийн шаардаад байгаа сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч байгууллага түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10ы өдрийн 102/ШШ2019/02678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарын Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ба замын даргын хооронд зурсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.МӨНХЗУЛ