Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2017/00415

 

Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 дугаар магадлалтай,

         Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлтэй,

         Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох           

      Ажлаас чөлөөлж, ажилд томилох, сануулах арга хэмжээ авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2014 оны 11 сард Ражив гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид сургалтын албаны даргын албан тушаалд ажилд орсон. Ажилд орсон өдрөөс хойш ажлын хамт олонтойгоо найрсаг байж, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй гүйцэтгэж байсан, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 11 сарын 23-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. 2015 оны 9 сарын 14-ний өдөр надад урьдчилан мэдэгдэлгүй сургалтын албаны албан тушаалыг бууруулж сургалтын албаны арга зүйч албан тушаалд томилсон. Уг шийдвэрийг гарч байгаа талаар хэлсэн боловч тухайн албан тушаалыг бууруулсан шийдвэр гаргаж өгч танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. Мөн ээлжийн амралт эдлэх 30 хоногоос 20 хоногийг хэсэгчлэн эдлүүлсэн боловч үлдсэн 10 хоногийг биечлэн эдлүүлээгүй. Намайг 2015 оны 12 сарын 08-ны өдөр Б/208 тоот тушаалаар ажлаас халсан хэмээн 2015 оны 12 сарын 09-ний өдөр ажлаас халсан тушаалын хуулбарыг өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.6, 5.3.9, Сургуулийн дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.5, 7.2.2.8, 7.2.29 дэх заалт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 02-09-087/1309 албан шаардлага, Захиргааны зөвлөлийн хурлын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн шийдвэр, Сургуулийн захирлын 2015 оны 9 сарын 01-ний өдрийн шийдвэр, сургуулийн захирлын 2015 оны 9 сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтыг баталсан 125 тоот тушаалыг тус тус үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тухайлан дурдаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд зайлшгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримтлах шаардлагатай. Ражив гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй. Мөн миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Гэтэл ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаал, сануулах арга хэмжээ авсан 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот тушаал, ажлаас чөлөөлсөн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгон, сургалтын албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилд буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү 1 778 554 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны олговор 18 245 311 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

   Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “2015 оны 9 сарын 14-ний өдрийн захирлын 147 тоот тушаалаар Б.Отгонбүзмааг сургалтын албаны менежерээс чөлөөлж, сургалтын албаны арга зүйчээр томилж өөр ажилд шилжүүлсэн. Энэ шийдвэрийг гарч байгаа талаар надад хэлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдсэнээ баталжээ. 2015 оны 9 сарын 14-ний өдөр тушаал rapах үед ажлаа хийж байсан бөгөөд тушаал гарсныг бүрэн мэдсэн. Тушаалтай танилцсан бөгөөд ажлаа 2015 оны 10 сарын 28-ны өдөр арга зүйч Д.Одгэрэлд хүлээлгэж өгсөн. Д.Одгэрэлийн тодорхойлолтоор нотлогдож байгаа. Б.Отгонбүзмаа нь 2015 оны 6 сарын 29-ний өдрөөс өмнө сургалтын албаны зохион байгуулагч дарга байсан. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 сарын 29-ний өдрийн А/126 тушаалаар бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Сургалтын албаны даргын албан тушаал байхгүй болж сургалтын менежер болсон. 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаалаар менежерийн албан тушаалаас чөлөөлөгдөж арга зүйч болсон. 2015 оны 9 сарын 14, 15-ны өдөр ажилдаа ирсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд байгуулаагүй. 2015 оны 9 сарын 16-ны өдрөөс өвчтэй гээд явсан, 9 сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн. Хүний нөөц дуудсан. 9 сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр ажлаа тасалсан, 9 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд өвчтэй байсан. 10 сарын 09-ний өдөр хүртэл өвчтэй байсан. 10 сарын 12-ны өдрөөс 10 сарын 30-ны өдөр хүртэл арга зүйчийн ажлаа хийсэн. 10 сарын 28-ны өдөр арга зүйчийн ажлаа хүлээн авсан. 12 сарын 08-ны өдөр xүpтэлх хугацаа буюу халагдах хүртлээ арга зүйчийн ажлаа хийсэн. 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацаанд гомдол гаргаагүй. Хүлээн зөвшөөрч ажлаа 3 cap хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасан сануулах арга хэмжээ 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот тушаалаар авсан. 11 сарын 1, 2, 6-наас 13-ны өдрүүдэд ажлаа шалтгаангүйгээр тасалсан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.5-д энэ талаар заасан байгаа. 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан, ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 02-09-087/1309 тоот албан шаардлагаар Б.Отгонбүзмаа нь ажилдаа хариуцлагагүй хандсан, үүрэг даалгавар биелүүлдэггүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандаж байсан нь нотлогддог. 2015 оны 5 сард элсэгчдийн журмыг батлуулсан гэх боловч албан ёсны тушаал байхгүй. Элсэгч төгсөлтийн тайлан байхгүй. Энэ талаар 2015 оны 12 сарын 04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцээд Б.Отгонбүзмаагийн гаргасан дутагдал нь нотлогдож байгаа тул захиргааны санал, зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал бич гэж хуульчилсан зүйл байхгүй. Иймд Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Ражив гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, сануулах арга хэмжээ авах тухай, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Отгонбүзмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нь Ражив гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 147 тоот тушаалаар Б.Отгонбүзмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сургалтын албаны арга зүйчээр томилохдоо Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаалын хуулбарыг үндэслэсэн байдаг. Хэргийн 88-95 дугаар талд уг тушаалын хуулбар болон Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн орон тоог баталсан хавсралт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуулбар баримтууд байхаас гадна тус коллежид сургалтын албаны менежерийн орон тоо Хөдөлмөрийн сайдын А/126 тоот тушаал гаргахаас өмнө хэд байсан, нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг бууруулах үндэслэл нь юу болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/208 тоот тушаалыг гаргахдаа үндэслэсэн тус сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтыг баталсан 125 тоот тушаал хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг сургалтын албаны арга зүйчийн ажлаас чөлөөлөхдөө уг тушаалыг үндэслэсэн нь тодорхойгүй байна гэжээ. Бодит байдал: Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 тоот тушаал, түүний хавсралтыг хэрэгт хавсаргасан нь нотлох баримтын шаардлагыг хангах бөгөөд анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээр тус бүр нэг удаа хэлэлцэхэд нотлох баримтын хэмжээнд авч үзсэн юм, хуулбар баримт өгөхөөс биш, үндсэн эх тушаал нь Хөдөлмөрийн яаманд байгаа бөгөөд ямар ч зөрүүгүй хуулбарыг өгсөн болно. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2016/00759 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт сургалтын албаны “дарга", “менежер" нь хоёр өөр эсхүл нэг ажил албан тушаал эсэх нь тодорхойгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй талаар дурдсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх хуралдааны явцад тодруулахад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө сургалтын албаны “дарга” гэсэн ажил, албан тушаал байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаалаар боловсролын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, сургалтын албаны “дарга” гэсэн ажил, албан тушаал байхгүй болж, ажлын чиг үүрэг нь сургалтын албаны “менежер"-т шилжсэн гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарладаг ба үүнийг нэхэмжлэгч тал баримтаар няцаадаггүй. /хх-ийн 88, 95х-22 дахь мөр/ гэж зөв дүгнэсэн 126 тоот тушаал гарахаас өмнө менежер гэсэн албан тушаал байгаагүй. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэртээ дүгнэсэн юм. а/. Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү 1.778.554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ражив гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Б.Отгонбүзмааг сургалтын албаны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, сургалтын албаны арга зүйчээр томилсон байна, /хх-ийн 67/ Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаа нь нэхэмжлэлдээ “...уг тушаал гарч байгаа талаар хэлсэн..." гэж дурдсан байдаг ба “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот тушаал гарах хүртэлх хугацаанд сургалтын албаны арга зүйчийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан байдаг. /хх-1х-8-9 мөр/ Иймд Б.Отгонбүзмаа нь уг тушаалыг гардан аваагүй боловч тушаал гарсан талаар мэдсэн, тушаалыг хүлээн зөвшөөрч сургалтын албаны арга зүйчийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан гэж шүүх дүгнэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацаанд өөр ажилд буруу шилжүүлсэн талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Үүнийг хэргийн материалд байгаа нотлох баримтаар тодруулахад: Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 сарын 29-ний А/126 тоот тушаалаар тус сургуулийн бүтэц, орон тоо зохион байгуулалтыг өөрчлөхдөө сургалт зохион байгуулалтын дарга гэсэн албан тушаалын нэрийг өөрчилж менежер болгосон юм. 2015 оны 9 сарын 14-ний өдөр сургалтын албаны арга зүйчээр томилогдсоноо Б.Отгонбүзмаа өөрөө мэдсэн, тухайн үед ажилдаа ирж байсны дээр арга зүйчийн ажил хийж байсан мөртлөө ажилд буруу шилжүүлсэн талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаа нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн захирлын 147 тоот тушаалаар сургалтын албаны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж сургалтын албаны арга зүйчээр томилсон энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдол гаргаагүй нь түүний шүүхэд гомдол гаргах эрх нь дуусгавар болсон юм. Уг албан тушаалын ажлыг хийж сургалтын албаны арга зүйчийн цалинг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 3 сар авч Сургалтын албаны арга зүйчийн ажлыг хийж байсан түүний хурууны хээний цахим бүртгэлээр давхар нотлогдож байна. Арга зүйчээр томилсон тушаал гарснаас хойш уг ажлыг 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хийхдээ 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр, 30-ны өдрүүдэд 6 хоног ажилласан, 10 дугаар сард 10 сарын 12-ны өдрөөс 10 сарын 30-ны өдөр хүртэл ажлын 14 хоног, 11 сард 11 сарын 3, 4, 5-ны өдөр ажилласан, 12 дугаар сард 6 хоног ажилласнаас үзэхэд сургалтын албаны арга зүйчийн ажлыг хийж байсан нь олон баримтаар батлагдаж байна. Тодруулбал, 9 дүгээр сард 8 хоног, 10 дугаар сард 7 хоног өвчтэй байсан, 11 дүгээр сард өвчний акт байхгүй. Иймд захирлын 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаалд хуульд заасан гомдол гаргах эрх нэгэнт дуусгавар болсон нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан анхан шатны шүүх 2 удаа давж заалдах шатны шүүх өмнө нь нэг удаа хэрэгсэхгүй болгосон байхад одоо давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 129.2-т заасан заалтыг яаж үгүйсгэж байна вэ. Нэгэнт гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад өөр юу хэрэгтэй байх билээ. Б.Отгонбүзмааг ажлаас халахдаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйл, ажлын цагийг олон хоногоор шалтгаангүй тасалсан гэж хөдөлмөрийн гэрээний 5.3.6, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2 2.5. мөн үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээний 5.3.9, сургуулийн дотоод журмын 7.2.2.4-ийг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм. Захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний 125 тоот тушаал нь бүтэц орон тоо, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан сайдын 2015 оны 126 тоот тушаалыг сургуульдаа хэрэгжүүлэх тушаал юм. Энэ нь хэргийн нотлох баримтанд ач холбогдол байхгүй, хамгийн гол нь ажлаа шалтгаангүй тасалсан учир ажлаас халсан юм. Нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 14-ний 147 тоот тушаалд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн нь баримтаар батлагдаж, анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан гэж үзэж байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаа нь хариуцагч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид холбогдуулан “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаал, “Сануулах арга хэмжээ авах тухай” 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот тушаал, “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, сургалтын албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү 1.778.554 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны олговор 18.245.311 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэл үндэслэлгүй, ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 147 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Б.Отгонбүзмааг сургалтын албаны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, сургалтын албаны арга зүйчээр томилсон байх бөгөөд Б.Отгонбүзмаа нь уг тушаалыг гардан аваагүй боловч тушаалыг хүлээн зөвшөөрч сургалтын албаны арга зүйчийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд өөр ажилд буруу шилжүүлсэн талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байх тул “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү 1.778.554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  /хх-1,67,68/

   Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн захирлын 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаалаар Б.Отгонбүзмааг ажлын цаг хийдүүлсэн, удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлага биелүүлээгүй, шалтгаангүй ажил тасалсан ажлын хариуцлага алдсан үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан ба тэрээр энэ тушаалтай  2015 оны 11 сарын 30-ны өдөр танилцаж, дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд гаргажээ. /хх-ийн 69/

        Б.Отгонбүзмаагийн ажлын цаг тасалсан, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан нь цагийн бүртгэл /хх-61-66/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх- 40/, Захиргааны зөвлөлийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх- 36/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сануулах арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй байна.  

   Нэхэмжлэгчийн “Сургалтын албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 18.245.311 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага”-ыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалтай холбоотой шаардлага гэж тайлбарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь сургалтын албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан боловч ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 12 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцож, нэхэмжлэлдээ 2016 оны 12 сарын 08-ны өдрийн тушаалыг хавсаргасан байх тул сургалтын албаны арга зүйчээс үндэслэлгүй чөлөөлсөнд гомдож шүүхэд хандсан гэж үзэх үндэслэлтэй буюу хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Б.Отгонбүзмааг 2015 оны 12 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон сургалтын албаны арга зүйчээс чөлөөлсөн байна. /хх-68/

   Дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.6, 5.3.9, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.8, 7.2.2.9, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 02-09-087/1309 албан шаардлага, Захиргааны зөвлөлийн хурлын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн шийдвэр зэргийг тус тус үндэслэн гаргажээ.

         Анхан шатны шүүх 2015 оны 8 сарын 15-ны өдрийн 81 тоот хөдөлмөрийн гэрээ болон талуудын хооронд 2014 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан 89 тоот хөдөлмөрийн гэрээнд заасан заалт, ажилтны ажлын цаг тасалсан, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасныг үндэслэл бүхий тайлбарлаж, нэхэмжлэгч Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

           Харин давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1671.5-д нийцээгүй байна.  Давж заалдах шатны шүүх “...ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн боловч хэргийн 88-95 талд авагдсан баримт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                                       ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН