Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

            Шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигоны гүнт овогт Уртнасангийн Гт холбогдох эрүүгийн 1809007600182 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Ногоон талбайн 5-10 тоотод Б.Батжаргалын нүүр рүү гараараа нэг удаа цохиж нуруу руу нь 2 удаа өшиглөж биед нь 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх, зүүн чихний ард цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №2307 дугаартай дүгнэлт /хх-16/, шүүгдэгч У.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-22-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч У.Г нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Ногоон талбайн 5-10 тоотод Б.Батжаргалын нүүр рүү гараараа нэг удаа цохиж нуруу руу нь 2 удаа өшиглөж биед нь 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх, зүүн чихний ард цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч У.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч У.Г нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Ногоон талбайн 5-10 тоотод Б.Батжаргалын нүүр рүү гараараа нэг удаа цохиж нуруу руу нь 2 удаа өшиглөж биед нь 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх, зүүн чихний ард цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргалын: “...Хайнзангийн аав Г нь та хэдийг алнаа гээд гэрийн хаалгаар ороод ирсэн. ...Хайнзангийн аав нь шууд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод нүүрээ дараад доошоо суусан чинь нуруу хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №2307 дугаартай дүгнэлтээр:

1. Батжаргалын биед 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх, зүүн чихний ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-16 болон шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч У.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч У.Г болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргал болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст “...Г ахтай эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлыг нөхөн төлсөн тул энэ хэргийг хааж өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргасан ба энэ нь шүүгдэгч У.Гыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Гт ял шийтгэл оногдуулахад “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор төлүүлэхээр тогтоов.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1809007600182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигоны гүнт овогт Уртнасангийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Гыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Гыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Г нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР