Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 406

 

М.М т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч М.М ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч М.М т холбогдох 1711 0054 70090 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овгийн М.М, 1996 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, өвөг эцэг, эмэг эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

М.М  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 739/Е тоот хашаанд Н.М г зодож, эрүүл мэндэд нь дух, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, уруул, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: М.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар М.М т энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл тэнсэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин  нэгжээс нэг мянга гурван тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүх М.М т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

 

            Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжээр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар торгох ялаас чөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд” хэрэглэхээр байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь торгох, зорчих эрхийг хязгаарлах ялтай байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.

 

            Шүүгдэгч М.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

М.М  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 739/Е тоот хашаанд Н.М той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, уруул, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Н.М гийн “... хашааны үүдэнд зогсож байхад М.М  ирээд намайг түлхэж унагаагаад зодсон. М.М ийн дүү Намуунаа, ээж Ц.Оюунцэцэг, эмээ И.Нина нар нь хажуу талаас дайраад цохиод байсан. М.М  маажаад, доогуур өшиглөөд байсан. ... миний нүүр хэсэгт 6 хумсны шарх, нуруу, хөл, гар шалбарсан, толгой өвдөж байгаа. Сэтгэл санаа тогтворгүй хэцүү байна. Та нарыг хараалгуулна, ална, хядна, хаа явсан газарт чинь гай болно гэх мэтээр сүрдүүлсэн ...” /хх 19, 32-33/,

 

            гэрч И.Нинагийн “... Н.М г бүлэглэж зодсон зүйл байхгүй. М.М  л маажсан байх ...” /хх 34/,

 

            гэрч Д.Цэрэндоржийн “... 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед намайг гэртээ байж байхад хашааны хаалганы гадна талд “М.М , Н.М , Ц.Оюунцэцэг, Отгон-Эрдэнэ нар зодолдоод байна” гэж манай зээ Дөлгөөн хэлсэн. Би гарч очиход Н.М  Ц.Оюунцэцэгийн үснээс зуурсан, Н.М гийн нүүр нь цус болсон байдалтай байсан ...” /хх 35-36/,

 

            гэрч Ц.Оюунцэцэгийн “... охин М.М  Н.М г маажсан. Өөр цохисон хүн байхгүй ...” /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Н.М гийн биед дух, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 10520 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-43/,

 

хохирлын баримт /хх 21-22/, М.М ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.М ийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

 

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар тус тус хуульчилж заажээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг зохицуулсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хорих ялын санкцгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.М т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гүйцэтгэхийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсэгт:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар М.М т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай гэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ