Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01081

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01081

 

 

 

 

Ар богд СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00556 дугаар шийдвэртэй, Ар богд СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ж.Саранчимэгт холбогдох,

 

2 213 231 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дүгэрсүрэн, Г.Нямдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. 

 

Нэхэмжлэгч Ар богд СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Ж.Саранчимэг нь Баянгол дүүрэг, 21а байранд үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулдаг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Тус байрыг Ар богд СӨХ нь хариуцан ажилладаг бөгөөд Ж.Саранчимэг нь тус байрны өмчлөгч, үйлчлүүлэгч тул СӨХ-ны дээд зөвлөлийн тарифын дагуу дундын өмчлөлийн эзэмшиж байгаа м.кв-ын дагуу дундын өмчлөлийн шимтгэл, хураамж төлөх ёстой. Учир нь Ж.Саранчимэг нь нийтийн эзэмшлийн ус, дулаан зэргийг хэрэглэж байгаа юм. Манай 21а байранд 140 өрх, 8 аж ахуйн нэгжтэй бөгөөд хариуцагч Ж.Саранчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Баянгол дүүрэг, 1 хороо, Богд ар хорооллын 21а байрны 143 тоотод хаягтай. Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг шаардах эрхтэй. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй бөгөөд 2015 оны 01-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 01-04 дүгээр сарын төлбөр болох нийт 2 213 231 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар нэхэмжилж байна гэжээ. 

 

Хариуцагч Ж.Саранчимэгийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: тус Ар богд СӨХ нь өөрийн үйл ажиллагаанд хамаарах ажиллагаа огт хийдэггүй, шаардлагатай засвар үйлчилгээнд анхаарал хандуулж, оршин суугчдын гомдлыг авч хэлэлцдэггүй, бидэнд хамаагүй мэтээр ханддаг байгууллага юм. Орон сууцны цэвэр бохир ус үргэлж бөглөрдөг, усаа хаадаг, халуун хүйтэн ус байнга тасардаг. Мөн хогны асуудал тус байрны хувьд хамгийн хүнд асуудал байдаг. Дээд давхрын айлуудаас шил шаазан, ууттай хог хаягдлыг байнга шиддэг. Тус хаясан хогийг цэвэрлэх талаар болон дээд давхрын айлуудад хэлж шаардлага тавих талаар СӨХ-д хэлэхэд ...бидэнд хамаагүй Цагдаад мэдэгд гэсэн ойлгомжгүй хариу хэлдэг. Хамгийн сүүлд буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 44 минутад СӨХ-ын дарга гэх Ч.Дүгэрсүрэнгийн 9907-1593 дугаарын утсаар дээрээс аяга шидлээ, энэ асуудлыг шийдэж өгөөч гэхэд тэрээр надад хамаагүй, цагдаад мэдэгд гэсэн хариу хэлсэн. Бохир, цэвэр усны шугам болон сантехникийн засвар үйлчилгээг засварчин дуудаж төлбөртэй үйлчилгээ авдаг. Мөн хог тээврийн асуудлыг бид өөрсдөө сар бүр тээвэрлүүлдэг. Хаалганы өргөтгөл хэсгийн дээврийн хэсгээс борооны ус нэвтэрч цонхны хэсгийн үзэмж муудаж цууралт үүссэн. Мөн гадна талын шатны эрмэгүүд хагарч эвдэрсэн, үүдний өмнөх явган хүний зам цөмөрч хүн явахын аргагүй болсон талаар бид 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус СӨХ-д гомдол гаргаж холбогдох баримт зургуудын хамт өгсөн боловч нэг ч засвар үйлчилгээ хийгээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй. Гомдол гаргаснаас хойш удаа дараа бид өөрсдийн хөрөнгөөр эвдрэл гэмтэл, зам талбайг засварлаж байсан. Энэ байрны СӨХ-ны захирал байнга солигддог, солигдох бүртээ СӨХ-ны үйлчилгээний үнэ хөлсийг өөрчилдөг, мөн уг орон сууц өмчлөлийн талаар маргаантай, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй талаар оршин суугчид ярьдаг. Иймээс ажил хийдэггүй, шаардах эрхтэй үгүй нь тодорхойгүй, Ч.Дүгэрсүрэн нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд бид эргэлзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Ж.Саранчимэгээс 2 213 231 төгрөг гаргуулах тухай Ар богд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 360 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 21А байр нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу орон сууцны байшингийн гадна хана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан шат, шатны хонгил сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууц доторхи дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх хаалга довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингиин халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, подвалын шалны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг хөрөнгө орно.

Ж.Саранчимэг нь тус байранд олон нийтийн үйлчилгээ явуулахдаа орон сууцны байшингийн дундын өмчлөлийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээ бохир усны ажиллагаа явуулдаг бөгөөд инженерийн шугам орчны цэвэрлэгээний төлбөрт 2015, 2016, 2017 оны 01-04 дүгээр сарын төлбөрт нийт 2 213 231 төгрөг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн. Ж.Саранчимэгийн СӨХ-ны төлбөр 143 гэсэн дугаар шифрээр гардаг нь Төрийн банкны баримтаар нотлогддог. Шүүх хариуцагч талын ашиг сонирхлыг илт авч үзэж шүүх хурал дээр бидний хэлсэн тайлбар асуулт, хариултыг тэмдэглээгүй улмаар шүүхийн шийдвэрт тусгаж оруулалгүй зөвхөн нэг талыг барьсан. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ар богд Сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Ж.Саранчимэгт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 213 231 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчээс шаардсан ашиглалт засвар үйлчилгээний зардал нь 2015-2017 оны 04 дүгээр саруудыг хамарч байх ба хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Богд Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21а байрны 1 дүгээр давхрын 5 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1767 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үл хөдлөх эд хөрөнгө үйлчилгээний зориулалттай, хариуцагч нь Шайнинг салон үсчний газрыг ажиллуулдаг байна. /хх 30, 49/

 

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг орон сууц гэж ойлгох тул үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууц гэж үзэхгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин дээрх үндэслэлээр засвар үйлчилгээний зардлыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан сууц өмчлөгчдийн үүргийг хүлээхгүй боловч үйлчилгээ явуулж Сууц өмчлөгчдийн холбооноос үзүүлсэн засвар үйлчилгээг авсан байх тул холбогдох зардлыг төлнө.

 

Тус холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолоор аж ахуй эрхэлж байгаа аж ахуй нэгжээс үйлчилгээний төлбөрийг 1 м.кв талбайд 600 төгрөгөөр тооцож авахаар тогтоосон. /хх 80/

 

Хариуцагч нь 150 м.кв талбайн өмчлөгч тул 1 м.кв талбайд 600 төгрөг гэж тооцоолон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцуулах нь зүйтэй. Тэрээр 150 м.кв талбайд ногдох нэг сарын төлбөр /150 х 600/ 90 000 төгрөг болж байх тул 2015 оны 01 сараас 2017 оны 04 сар хүртэл 27 сарын зардалд /27х90 000/ 2 430 000 төгрөг хариуцагч төлөх үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хязгаарлан 2 213 231 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

 Ч.Дүгэрсүрэн Ар богд Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон, /хх 5, 89/ тус холбооноос засвар үйлчилгээнд зарцуулсан зардлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн тайлбартаа дурдсан холбооны үйл ажиллагаа болон бусад оршин суугчдын зохисгүй үйлдэл, хандлага нь засвар үйлчилгээний зардал төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Саранчимэгээс 2 213 231 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ар богд СӨХ-д олгосугай гэж найруулж, 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ж.Саранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 50 362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ар богд СӨХ-д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ