Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0556

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/00556

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “Ар богд”/СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.С холбогдох,

 

2,213,231 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сууц өмчлөгчдийн холбоо нь анх Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 21а байрны 1 дүгээр давхарт байрлах “Шайнинг” салонд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид уг байрны өмчлөгч, эзэн нь Ж.Смөн болохыг мэдэж түүнийг хариуцагчаар сольсон. Хариуцагч Ж.Снь Баянгол дүүрэг, 21а байранд үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулдаг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Тус байрыг А СӨХнь хариуцан ажилладаг бөгөөд Ж.Снь тус байрны өмчлөгч, үйлчлүүлэгч тул СӨХ-ны дээд зөвлөлийн тарифын дагуу дундын өмчлөлийн эзэмшиж байгаа метр квадратын дагуу дундын өмчлөлийн шимтгэл, хураамж төлөх ёстой. Учир нь Ж.Снь нийтийн эзэмшлийн ус, дулаан зэргийг хэрэглэж байгаа юм. А СӨХнь 2012 оны 01 дүгээр сард байгуулагдсан. Миний бие 2015 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тиймээс би хуулийн дагуу хариуцагчийн хууль журмын дагуу төлөх ёстой төлбөрийг гаргуулахаар хуулийн байгууллагад хандсан. Манай 21а байранд 140 өрх, 8 аж ахуйн нэгжтэй бөгөөд хариуцагч Ж.Саранчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Баянгол дүүрэг, 1 хороо, Богда ар хорооллын 21а байрны 143 тоотод хаягтай. Гэхдээ нотлох баримтаар 500 тоот, 5 тоот гэх мэтээр олон янзын баримтууд ирсэн байна. Гэвч бид нэг л үл хөдлөх эд хөрөнгийн талаар ярьж байгаа бөгөөд Ж.Снь энэ мөнгөө төлөх үүрэгтэй. Учир нь орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан учир орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг бид шаардах эрхтэй. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй бөгөөд 2015 оны 01-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 01-4 дүгээр сарын төлбөр болох нийт 2,213,231 төгрөгийг бид Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус А СӨХнь өөрийн үйл ажиллагаанд хамаарах ажиллагаа огт хийдэггүй, шаардлагатай засвар үйлчилгээнд анхаарал хандуулж, оршин суугчдын гомдлыг авч хэлэлцдэггүй, бидэнд хамаагүй мэтээр ханддаг байгууллага юм. Орон сууцны цэвэр бохир ус үргэлж бөглөрдөг, усаа хаадаг, халуун хүйтэн ус байнга тасардаг. Мөн хогны асуудал тус байрны хувьд хамгийн хүнд асуудал байдаг. Дээд давхарын айлуудаас шил шаазан, ууттай хог хаягдалыг байнга шиддэг. Тус хаясан хогийг цэвэрлэх талаар болон дээд давхарын айлуудад хэлж шаардлага тавих талаар СӨХ-нд хэлэхэд “...бидэнд хамаагүй Цагдаад мэдэгд- гэсэн ойлгомжгүй хариу хэлдэг. Хамгийн сүүлд буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 44 минутад СӨХ-ын дарга гэх Ч.Дгийн 9907-1593 тоот утсаар “дээрээс аяга шидлээ, энэ асуудлыг шийдэж өгөөч” гэхэд тэрээр “надад хамаагүй, цагдаад мэдэгд” гэсэн хариу хэлсэн. Бохир, цэвэр усны шугам болон сантехникийн засвар үйлчилгээг орон сууцны ороос засварчин дуудаж төлбөртэй үйлчилгээ авдаг. Мөн хог тээврийн асуудлыг бид өөрсдөө сар бүр үйлчилгээний хураамж тээвэрлүүлдэг. Хаалганы өргөтгөл хэсгийн дээврийн хэсгээс борооны ус нэвтэрч цонхны хэсгийн үзэмж муудаж цууралт үүссэн. Мөн гадна талын шатны эрмэгүүд хагарч эвдэрсэн, үүдний ны өмнөх явган хүний зам цөмөрч хүн явахын аргагүй болсон талаар бид 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус СӨХ-нд гомдол гаргаж холбогдох баримт зургуудын хамт өгсөн боловч нэг ч засвар үйлчилгээ хийгээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй. Гомдол гаргаснаас хойш удаа дараа бид өөрсдийн хөрөнгөөр эвдрэл гэмтэл, зам талбайг засварлаж байсан. Энэ байрны СӨХ-ны захирал байнга солигддог, солигдох бүртээ СӨХ-ны үйлчилгээний үнэ хөлсийг өөрчилдөг, мөн уг орон сууц өмчлөлийн талаар маргаантай, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй талаар оршин суугчид ярьдаг. Иймээс ажил хийдэггүй, шаардах эрхтэй үгүй нь тодорхойгүй, Ч.Д нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд бид эргэлзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ар богд” СӨХ-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Снь 21а байрны 5 тоотын өмчлөгч юм. Гэтэл сүүлдээ 21а байрны 500, эсхүл 143 гэсэн тоот хаалгууд гараад ирсэн нь эргэлзээтэй байна. “Ар богд” СӨХ-д засвар үйлчилгээ, цэвэрлэгээний талаар хүсэлтийг гаргаж байсан боловч ажил гүйцэтгэл хийгээгүй. Н.Дүгэрсүрэн гуайг томилсон хурлын тэмдэглэл байдаг гэж тайлбарлаж байгаа боловч одоо болтол нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөхгүй байгаа бөгөөд уг хүнийг томилсон болон үнийн дүнг тогтоосон тэмдэглэл нотлох баримтаар гаргаж өгөхгүй байгаа. Уг сууцны өмчлөгч нь хоорондын маргаантай байх тул оршин суугчид нь СӨХ-ны мөнгө төлөх төлөхгүй нь маргаан үүсдэг юм. Уг маргааныг тайлахын тулд тухайн тэмдэглэл зайлшгүй шаардлагатай байгаа. Уг тэмдэглэлд тухайн хүний томилсон болон 1 м2 талбайн үнэ төлбөрийг 500, 600 төгрөг гэж тэмдэглэсэн. Орц хонгил болон бусад үйл ажиллагааны талаар СӨХ юу ч хийгээгүй. Хог ачуулах асуудлыг СӨХ хийгээгүй манай байгууллагаас өөр байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөхгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Ар богд” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагчаар “Шайнинг салон” үсчны газрыг тодорхойлж, хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 2,213,231 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/15077 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагч “Шайнинг салон” үсчны газрыг Ж.Саранчимэгээр сольжээ.

 

Ж.С 2,213,231 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ  нэхэмжлэгчийн төлөөлөгч “...орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан учир орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг бид шаардах эрхтэй. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй бөгөөд 2015 оны 01-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 01-4 дүгээр сарын төлбөр болох нийт 2,213,231 төгрөгийг бид Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас нэхэмжилж байна” гэжээ. 

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлдөг.

 

Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа хариуцагчийн хаягийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 21а байрны 143 тоот гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Богда Ар” хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21а байрны 1 дүгээр давхарын 5 тоот “үйлчилгээний” зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Ж.Саранчимэгийн өмчлөлийн буюу нэхэмжлэгчийн “орон сууц” гэж үзсэн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна.

 

Хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг орон сууц гэж ойлгохыг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан бөгөөд хариуцагчийн өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь “үйлчилгээний” зориулалтаар ашиглагддаг тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууцанд хамаарахгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Богда Ар” хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21а байрны 1 дүгээр давхарын 5 тоот “үйлчилгээний” зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Ж.Саранчимэгээс 2,213,231 төгрөг гаргуулах тухай “Ар богд” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ