Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 304

 

Н.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, хохирогчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, Н.Б-т холбогдох 1717000920092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Н-ийн Б нь

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо 17-10 *** улсын дугаартай “Нyundai Truck” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан “Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн 6.3.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй нь мөн дүрмийн 1.5 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөний улмаас 28-04 *** улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, “Тоёото Приус- 20” маркийн тээврийн хэрэгсэлд 5.930.000 төгрөгийн хохирол, зорчигч Т.С, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Т.Л, С.А, Т.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Н.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор” шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх   ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтад тус бүр “... 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ...” гэснийг тус бүр “... 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 5 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдаад 04 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Б-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил болгосон байна.

Бид анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Энэ учралын улмаас гурван хүний амь нас эрсэдсэн явдалд хувь хүнийхээ хувьд гүнээ эмгэнэл илэрхийлж хохирогч нарын өмнө дахин бөхийж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч миний бие хоёр бүлэг, арван үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдлын үндэслэл тус бүрээр дүгнэлт хийгээгүй болохыг зориуд тэмдэглэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэгжүүлж чадсангүй.

Давж заалдах шатны шүүх 04 дугаартай магадлалдаа хоёр өөр мэдүүлэг өгсөн гэрч Д.Ө-ын мэдүүлэг, шүүгдэгч Н.Б-ийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Д.О, Д.Б нарын анх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн Н.Б-ийн үйлдсэн хэрэг нотлогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Яагаад буруутгах боломжгүй байгаа юм бэ. Яагаад буруутгах боломжгүй байгаа үндэслэлээ бичиж болдоггүй юм уу, шүүгчид ээ. Шүүх хуралдаанд Н.Б өөрийгөө осолд буруугүй гэдгээ мэдүүлсэн, гэрч Д.О, Д.Б нар осол гарсан нөхцөл байдал, тээврийн хэрэгслүүдийн байрлалыг яг үзсэн харснаараа мэдүүлсэн. Зөвхөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийг шүүнэ гэж байгаа бол шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээчдийг өөрсдийнх нь биеэр оролцуулж, асуулт асууж, мэтгэлцээн өрнүүлэх ямар шаардлага байдаг юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилж өгсөн байна. Мэтгэлцээнд оролцож мэдүүлгээ өгсөн хүмүүсийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдсэнгүй. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” бол хяналтын журмаар гомдол гаргаж болохоор заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэсэн ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааж өгсөн байна.

Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар миний анхан болон давж заалдах шатны шүүхэд үндэслэл, нотолгоо дурдан удаа дараа санал тавьсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийлгүй муйхраар хэргийг шийдвэрлэсээр энэ шатанд ирлээ.

Тухайлбал, Зам тээврийн ослын хамгийн гол нотлох баримт болох “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг" Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-т заасан хуульд заасан зохих журмыг зөрчиж бэхжүүлсэн нотлох баримт мөн юм. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилж өгсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар үндэслэл, байр сууриа дэлгэрэнгүй бичлээ.

Нэг. Шүүхээс нотлох баримтуудыг үнэлсэн байдлын талаар: Зам тээврийн ослын хамгийн гол нотлох баримт болох “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг” дээр /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ “Hyundai Truck” маркийн машины урд зогсож байсан “Тоуоtа Lexus-570” маркийн 43-80 ** дугаартай автомашин, мөн хойно нь зогсож байсан “Саntеr” маркийн 97-51 *** дугаартай автомашиныг огт дүрслэн тусгаагүй байдаг. Үйл баримтын хувьд “Осол, хэргийн газрын үзлэгээр илэрсэн тэмдэглэл”-д “... 17-10 *** улсын дугаартай автомашины ар талд нь 97-51 *** улсын дугаартай “Canter” маркийн автомашин аваараа асаасан байдалтай зогсож байв” гэж тэмдэглэгдсэн, мөн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Д-ын авч хэрэгт хавсаргасан гэрэл зургаар /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ баталгаажсан байна. Хэрэв хавтаст хэргийн 14 дугаар хуудаст авагдсан “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнийг баримтжуулж авсан фото зургууд нотлох баримт мөн бол түүнтэй нийцсэн бүдүүвч зураг үйлдэгдэх ёстой байсан. Мөн эдгээр нотлох баримтуудад үндэслэн шинжээч нар дүгнэлтээ гаргах байсан. “Саntег” маркийн 97-51 *** дугаартай автомашиныг “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг” дээр дүрслээгүй алдаагаа засах зорилгоор мөрдөгчид осол гарснаас хойш 4 сарын дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ослын газарт очиж “Ослын газарт нөхөн үзлэг хийсэн схем зураг” гээч маш эргэлзээтэй нотлох баримтыг үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Энэ схем зураг дээрээ “Нуundai Truck” машины баруун талд зэрэгцээ байрлалтайгаар автомашин бололтой дүрс зурсан байдаг. Энэ яг юу болох, хэрэв автомашин бол ямар маркийн, ямар дугаартай тээврийн хэрэгсэл болохыг хоёр өөр мэдүүлэг өгсөөр ирсэн цагдаагийн албан хаагч Д.Өнөржаргал “энэ хажууд дүрсэлсэн дөрвөлжин бол “Canter” маркийн машин юм” гэдгээс өөрөөр хэн ч энэ үйл баримтыг гэрчилж ярьдаггүй.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байна. Мөрдөгчид анхны “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг”-ийг нөхөж хийхээр шийдвэрлэсэн бол тухайн зам тээврийн осол гарах үед байсан бүх оролцогчид, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулж байж хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт гэж үзнэ.

Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын явцад “...Ойртож очоод том оврын ачааны машин байгааг харсан. Жижиг шатахууны машины урд талд том оврын 17-10 *** дугаартай автомашин зогсож байсан. Жижиг шатахууны машин аваараа асаасан байсан. 17-10 *** улсын дугаартай ачааны автомашины ар талд жижиг шатахууны машин аваараа асаагаад зогссон байсан болохоор алсаас юм харагдахгүй байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх энэ мэдүүлгийг үнэлээгүй орхисон. Д.Ө шүүх хуралдаанд өмнө өгч байсан мэдүүлгүүдээсээ эргэлзээтэй байдлаар буцсан ба буцсан шалтгаанаа “Би андуурсан байна билээ” гэж тайлбарласан. Хэрэв хэн нэгэн гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж үзвэл гэрч Д.Ө-н л мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 5.3-т “Зам тээврийн ослын газарт хүрэлцэн очсон цагдаагийн алба хаагч хэргийн газрыг бүхэлд нь буюу хамгаалалтын бүсийг тогтоон тээврийн хэрэгслийн тоормосны мөр, бусад нотлох баримтыг бүдгэрэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд будагч бодис ашиглан тэмдэглэж авах ажиллагааг хийнэ” гэж заасан байна.

Хэргийн газар хамгийн түрүүнд очсон цагдаагийн албан хаагчид Д.Ө, С.Д нар хэрэг, ослын газрыг хамгаалалтад авч, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байх бөгөөд тэр үед “Canter” маркийн 97-51 *** дугаарын автомашин “Hyundai Truck” автомашины ард зогсож байгаа нь зам тээврийн ослын дүр зургийг бүрэн өөрчлөхөөр харагдаж байна. Энэ хэрэг анхны мэдүүлгээсээ буцаж өөр мэдүүлэг өгч эхэлсэн Д.Ө-ын мэдүүлэг дээр л тулгуурлаж яллаж байгаа гэж бид үзэж байгаа юм.

“Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг” дээр “Hyundai Truck” маркийн машины урд зогсож байсан “Тоуоtа Lехus-570” маркийн 43-80 *** дугаартай автомашин, мөн хойно нь зогсож байсан “Саntег” маркийн 97-51 *** дугаартай автомашиныг огт дүрслэн тусгаагүй тул 5 удаагийн шинжээчээр ажилласан шинжээчдийн хэн нь ч “Саntег” маркийн машины байршлын талаар дүгнэлтдээ тусгаагүй байдаг. Шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатанд өмгөөлөгч миний бие замын цагдаагийн шинжээчдээс “Хэрэв “Hyundai Truck” маркийн автомашины хойно буюу ард нь “Саntег” маркийн 97-51 *** дугаартай автомашин зогсож байсан бол ослын дүгнэлт өөрчлөгдөх үү?” гэж асуухад шинжээч Б.Эрдэнэхуяг “Хэрвээ “Canter” маркийн автомашин ард нь зогсож байсан гэж үзвэл яг ямар байрлалтай, хэдэн метрийн зайтай зогсож байснаас шалтгаалаад шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орох магадлалтай” гэж, шинжээч Э.Энхболд “Хэрвээ гэж асууж байгаа бол хэрвээ “Hyundai Truck” маркийн автомашины ард талд “Canter” маркийн автомашин зогсож байсан бол “Приус-20” маркийн автомашин магадгүй “Canter” маркийн автомашиныг мөргөх байсан байх. Урд нь буюу дунд зогсож байсан машин осолд холбогдохгүй байх боломжтой” гэж хариулсан болох нь шүүхийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл хэрэг, ослын газрын бодит байдлыг үнэн, зөв тусгаж бүдүүвч схем зургийг үйлдсэн бол шинжээчдийн дүгнэлт өөрөөр гарч, гэм буруугийн асуудал ч өөрчлөгдөх магадлал маш өндөр байгаа юм. Шүүх хуралдааны явцад улсын яллагч хүртэл ослын энэ нөхцөл байдалд эргэлзсэн гэж би ойлгосон. Учир нь улсын яллагч шинжээч Э.Энхболдоос “Hyundai Truck” маркийн автомашины ард “Canter” маркийн автомашин зогсож байсан бол “Приус-20” маркийн автомашины жолооч “Canter” маркийн машиныг мөргөхгүйгээр урд нь зогсож байгаа “Hyundai Truck” маркийн автомашиныг мөргөх боломжтой юу” гэж асуусан. Үүнд шинжээч Э.Энхболд “Тэр бол тухайн тохиолдлоосоо болно. “Canter” маркийн автомашин ард нь зогсож байсан бол олон хувилбараар ашиглагдана. Ташуу зогсож байсан уу, яг урд нь зогсож байсан уу, баруун тал руу нь шахаад зогсож байсан уу, эсвэл хойд талд нь захлаад хөвөөн дээр зогсож байсан уу гээд энэ олон асуудлыг нарийн тогтоосны дараа энэ асуултад хариулах боломжтой” гэж хариулсан байдаг. Бид ч бас яг энэ нөхцөл байдлыг шалгуулах ёстой гэж үзэж байгаа болно.

Яллах дүгнэлтийн гол нотлох баримт нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт юм. Уг 189 дугаартай дүгнэлтэд ... Н.Б нь... тээврийн хэрэгслээ зайлшгүй зогсолт зогсолтын улмаас зогсоожээ. Энэ тохиолдолд мөн дүрмийн 6.2.6-д заасан “түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг асаах ёстой байсан боловч уг осол гарах үед “Hyundai Truck” маркийн 17-10 *** дугаартай тээврийн хэрэгслийн хойд дохионы гэрлүүд асахгүй байгаа, уг эвдрэл, гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №1424 дүгнэлтийн 1, 5 дахь хариултад тусгасан байна ...” гэжээ.

Н.Б-ийн жолоодож явсан “Hyundai Truck” маркийн автомашин үнэхээр зайлшгүй ослын зогсолт хийсэн нь шинжээчийн 189 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Хүнд даацын автомашиныг зорчих хэсгээс зайлуулах боломжгүй байсан тул Н.Б Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.6.-Д “түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед; мөн б.З.в.-д “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед; ослын дохионы гэрлийг хэрэглэнэ” заасны дагуу дүрмийн заалтыг баримталж ослын дохионы гэрлүүдийг асаасан байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн жолооч энэхүү дүрмээр ослын зогсолтын тэмдэг заавал байрлуулах хүлээгээгүй байна.

Шүүх “... Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч Г.Цэндсүрэнгийн гаргасан №1424 дугаартай дүгнэлтийн "... гэрлийн чийдэнгийн потрол утас нь тасарсан, чийдэнгийн гэрэл нь фотроноосоо салж хөндийрсөн, зай завсраар нь шороо мэт зүйлээр бохирлогдсон шинж тэмдэгтэй байсан. Энэ шинж тэмдэг нь богино хугацаанд үүсэхгүй ...” гэсэн дүгнэлтийг үндэслээд Н.Б-ийн жолоодож явсан “Hyundai Truck” маркийн 17- 10 *** улсын дугаартай автомашины зүүн хойд гэрлүүд ослын өмнө эвдэрсэн, асахгүй байсан гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт үндэслэлгүй байна. Осол 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон. Харин №1424 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Г.Цэндсүрэн нь “Hyundai Truck” автомашинд 2018 оны 2 дугаар сарын 13- ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд очиж үзлэг хийсэн байдаг. Осол гарснаас хойш даруй 3 сар гадаа, хашаанд, цас, салхи, элс шороон дунд байсан тээврийн хэрэгслийн хойд гэрэл ослын өмнө ажиллаж байсан эсэх талаар дүгнэлт хийх ямар ч боломжгүй юм. Орчин цагийн шинжлэх ухааны арга, аргачлалаар тайлбарлах боломжгүй №1424 дүгнэлтийг үндэслэж миний үйлчлүүлэгчийн жолоодож явсан “Hyundai Truck” автомашины хойд ослын гэрэл асахгүй байсан гэж дүгнээд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэмээн гэм буруутайд тооцож байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Шинжээч томилон, дүгнэлт гаргуулж байгаа нь тусгай мэдлэгийг нь ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэг явдлын үнэн зөвийг олж тогтоох гэсэндээ л туслалцаа авч буй хэрэг. Гэтэл шинжээчийн №1424 дугаартай дүгнэлтээс шинжлэх ухааны ямар ч үнэр ханхлахгүй байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Гэрч Д.О, Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд аль аль нь Н.Б-ийн гэм буруутайг тогтоосон мэдүүлэг биш юм. Харин ч цагаатгах, гэм буруугүйд тооцох ач холбогдолтой мэдүүлгүүд юм. Гэтэл гэрч Д.О-н шүүх хуралдаанд өгсөн “/Сanter машин/ “Hyundai Truck” маркийн машины ард зогссон” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “... осол гарах үед миний жолоодож явсан 97-51 *** улсын дугаартай “Саnter” маркийн автомашин аваараа асаагаад Н.Б ахын “Hyundai Truck” 17-10 *** улсын дугаартай автомашины ард зогсож байсан юм” гэх, “Hyundai Truck” маркийн машины дохионы ослын гэрэл асаж байсан" гэх мэдүүлгүүдийг шүүгч Т.Энхмандах "... мэдүүлэг нь эргэлзээтэй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно” гэсэн байдаг. Энэ дүгнэлтийг бид огт ойлгоогүй. Юу нь эргэлзээтэй, яагаад эргэлзээтэй гэдгийг шүүхийн тогтоолд тайлбарлаагүй байна. Тэгвэл хоёр өөр мэдүүлэг өгснийгөө Би андуурсан байна билээ гээд хэлээд зогсож байгаа гэрч Д.Өнөржаргалын мэдүүлэг яагаад давж заалдах шатны шүүгчдийн эргэлзээ төрүүлэхгүй байна вэ, Яагаад заавал шүүгчид яллах талыг баримтлах болов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдпага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл “шинжээчийн дүгнэлт” гэдэг нотлох баримтыг шүүх өөрөө тал бүрээс шалгаж, хянаж үзэж дүгнэлт гаргана гэсэн үг. Харамсалтай шүүх нотлох баримтуудыг бодитоор үнэлж, дүгнэлт хийж чадсангүй.

Хоёр. Хууль тогтоомж, хэм хэмжээний актын буруу хэрэглэсэн талаар: Шүүх миний үйлчлүүлэгч Н.Б-ийг Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.6 “түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн в “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед” ослын зогсолтын тэмдгийг хэрэглэнэ гэснийг биелүүлээгүйн улмаас осол гаргасан гэм буруутай хэмээн дүгнэсэн. Бид үүнтэй санал нийлэхгүй байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т ”Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед; в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед; г/жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед;

е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд” гэж тус тус заасан байна.

Харин Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэж заасан байгаа.

Өөрөөр хэлбэл “Hyundai Truck” маркийн автомашины хойд оврын гэрлүүд бүрэн бүтэн асаж байсан, мөн “Hyundai Truck” маркийн автомашины хойно буюу ард нь “Саntег” маркийн 97-51 *** дугаартай автомашин зогсоод хойд ослын дохионы гэрлүүдээ асаасан байсан болох нь хэрэгт авагдсан фото зургууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд энэ тохиолдолд зайлшгүй ослын тэмдэг тавих шаардлаггүй болохыг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.6 заалт нотолж байна.

Шүүх үйл баримт, нотлох баримтуудыг бодитоор үнэлж чадаагүйгээс Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. “Тоёото Приус-20” маркийн 28-04 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач жолооч С.А-ийн үйлдлийг прокурор яллах дүгнэлтэд “Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ийн “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж тусгаж өгөөд байхад шүүгч энэ үйлдэлд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Н.Б-ийг гэм буруутайд тооцох нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн эсэхэд тайлбар, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

Шинжээч Э.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ, мөн шүүх хуралдаанд “Тоёото Приус-20” маркийн машины жолооч маш өндөр хурдтай явсан учраас ослоос сэргийлж чадаагүй. Тулсан саадыг хараад аюул ослыг зайлуулах гэж зүүн гар тийш дараад машиныхаа баруун хэсгээр “Hyundai Truck”маркийн машины зүүн хойд хэсгийг мөргөж осол гаргасан. Хэрвээ “Тоёото Приус-20” маркийн машины жолооч урд байгаа саадыг огт хараагүй бол түүний жолоодож явсан машин “Hyundai Truck” маркийн машины шууд араас нь орж мөргөх байсан юм” гэж мэдүүлдэг. Шинжээчдийн энэ дүгнэлтийг ч шүүх ойшоогоогүй. Эцэст нь давж заалдах шатны шүүхийн нэг дүгнэлт анхаарал их татлаа. “... “Canter” машины хажуугаар нь буюу баруун талаар нь оруулсан байсан тэр агшинд буюу 18 цаг 40 минутын үед осол болжээ гэж үзэх үндэслэлтэй байна” гэж магадлалд дүгнэсэн байна. Ямар нотлох баримтаар, яаж давж заалдах шатны шүүх ийм нарийн дүгнэлт хийж чадав аа. Нотлох баримт, нотолгооны арга хэрэгслээ дурдаж болдоггүй юм уу. Анхан шатны шүүхийн үйл баримтын талаар хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой алдаа болсон гэж үзэхээр байна.

Давж заалдах шүүх бидний дээр дурдсан анхан шатны шүүхийн алдаа, зөрчлүүдийг олж тогтоож, холбогдох дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн тогтоол, магадлалд алдаатай гарч миний үйлчлүүлэгч гэм буруугүйгээр олон жилийн хорих ялаар шийтгүүллээ. Бид шүүхийг зөвхөн эрүүгийн эрх зүйн үнэн мэдлэгт үндэслэж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөв ойлгон тайлбарлаж хэрэглэх байх гэж найдаж байсан маань талаар боллоо.

Хэрэг учралын бодит байдал, дээр дурдсан үндэслэл, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас энэхүү харамсалтай зам тээврийн осол болсон гэж үзэж боломжгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна.

Иймд хяналтын шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын 1.1, 1.3 дахь хэсэг тогтоогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг баримтлан Говьсүмбэр аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хуралдаад 04 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй бичсэн эсэргүүцэлдээ“... Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо 17-10 *** улсын дугаартай “Hyundai Truck” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан “ Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн 6.З.в-д зааснаар “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй нь мөн дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөний улмаас 28-04 *** улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд 5.930.000 төгрөгийн хохирол, зорчигч Т.С, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан,Т.Л ,С.А, Т.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Б-ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр нь шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг ялтан Н.Б түүний өмгөөлөгч Л.Нинжбат нар эс зөвшөөрч гомдол гаргасныг тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэл тогтоолд “... 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ...” гэснийг “...3  /гурав/ жилийн хугацаагаар хорих ...” гэж өөрчилж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.Үүнд:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “... Шүүгдэгч жолооч Н.Б болон талийгаач жолооч С.А нарын аль аль нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... анхан шатны шүүхээс Н.Б-ийн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, харин хэрэг учрал гарах болсон нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэж дүгнэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан боловч хорих ялыг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг баримталсан нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй .

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ...” ялыг хөнгөрүүлэхээр зохицуулсан. Гэтэл Н.Б нь мөрдөн шалгах ажиллагаа явцад болон шүүх хуралдааны явцад гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” зөрчлийг гаргасан байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Н.Б нь талийгаач нарын ар гэр хууль ёсны төлөөлөгч нарт 47.000.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа хэдий ч түүний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай хариуцлагагүй үйлдлийн улмаас 3 хүний амь нас хохирсон, бага насны 2 хүүхэд нэг нь бүтэн өнчин, нөгөө нь хагас өнчин үлдэж байгаа зэргээр дүгнэхэд тухайн гэмт эргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг өндөр төдийгүй хүний амь насыг мөнгөөр үнэлж илэрхийлэх боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг арилаагүй байхад дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр бусдад төлөх төлбөргүй гэдгээр хорих ялыг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх жолооч Н.Б болон талийгаач жолооч С.А нарын аль аль нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нь Н.Б-ийн /Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б, 6.З.в, 1.5 дахь заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон. Хэдийгээр зам тээврийн ослын талаар аргасан шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаач жолооч С.А-г Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байгаа боловч хэргийн нөхцөл байдал цугласан нотлох баримтуудаар С.А-г Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шинжээчийн дүгнэлтийг хөдлөшгүй нотлох баримт гэж үзэх учир дутагдалтай юм. Зам тээврийн осол болох үед амьд үлдсэн насанд хүрсэн хохирогч Т.С-ийн Чойр өнгөрөөд нэг зогсоод бие засчихаад хөдөлсөн.Тэгээд цаашаа хөдлөөд нээх хол яваагүй явж байтал засмал зам дээр том оврын ачааны машин тулаад ирсэн. Манай нөхөр машинаа зүүн тал руугаа дарсан боловч мөргөж, осол болсон. Тэр зам дээр зогсож байсан машин ослын зогсолтын тэмдэг тавиагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй байсан. Ар талд нь нүд гялтаах зүйл харагдаагүй. Гэр машин бид нарын явж байсан эгнээнд замаа чөлөөлөөгүй зогсож байсан ...” гэсэн мэдүүлгээр тухайн зам тээврийн осол болох үед 17-10 *** улсын дугаартай “Hyundai Truck” маркийн авто машины ар талд ямар нэгэн анхааруулах зүйл, тээврийн хэрэгсэл зогсож байгаагүй, зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан нь тогтоогддог бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг түүний мэдүүлгийг давхар нотолж байх тул зам тээврийн осол гарахад талийгаач жолооч С.А-ийн буруутай үйлдэл байгаа гэж үзэх боломжгүй юм. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай 9 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахад оролцсон санал зөрж гарын үсэг зурахаас татгалзсан шинжээч Р.Цогтоогийн мэдүүлэгт “... Жолооч С.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг миний хувьд зөрчсөн гэж үзээгүй. Яагаад гэхээр “Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан”. С.А-гийн хувьд аюул саад болохыг мэдэх нөхцөл байдал үүсээгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэж мэдүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Хэрэв Н.Б нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ослын дохионы гэрлээ асаасан, ослын зогсолтын тэмдгийг зохих дүрмийн дагуу 30 метрт байрлуулсан, автомашиныхаа ард ямар нэгэн анхааруулах зүйл тавьсан байсан бол уг замын осол гарахгүй байх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-д “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн магадлалд аль үндэслэлийг баримталж байгаа талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон байна.

Иймд давж заалдах шатны шүүх Н.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан шинжлэх, бусад нолтох баримттай харьцуулах, шинэ баримт цуглуулж, эх сурвалжийг магадалж, тал бүрээс нь нягталж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгасан заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигт нийцэхгүй байх тул хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 436/237 дугаартай шонгийн ойролцоо 17-10 *** улсын дугаартай “Нyundai Truck” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан “Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн 6.3.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй нь мөн дүрмийн 1.5 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөний улмаас 28-04 *** улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, “Тоёото Приус- 20” маркийн тээврийн хэрэгсэлд 5.930.000 төгрөгийн хохирол, зорчигч Т.С, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Т.Л, С.А, Т.Б нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, нотлох баримтын уялдаа холбоо, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж гэрч Д.Өнөржаргалын мэдүүлэг, Н.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Т.С, гэрч Д.О, Д.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /бусад бичгийн нотлох баримтууд/ зэргийг үнэлж шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэн, ял шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн этгээдийг шинжээчээр томилдог бөгөөд дангаар болон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан удаа дараагийн дүгнэлтээр “Hyundai Truck” маркийн 17-10 УНТ улсын дугаартай автомашины жолооч Н.Б-ийн ослын дохионы гэрлээ асаагаагүй, ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй үйлдэл нь уг зам тээврийн осол гарах нөхцлийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай нийцсэн байгааг харгалзан шийдвэр гаргасан байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан  5 удаагийн шинжээчийн дүгнэлтийн 4 дүгнэлтэд талийгаач жолооч С.А-г замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд холбогдсон жолооч /Н.Б, С.А/ нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар “яллагдагч, шүүгдэгч” нас барсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд үүссэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс арван найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс /хуульд заасан төрөл, хэмжээний дотор/ оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбатын “... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэх хүрээнд дараахь зөрчлүүд байгааг тэмдэглэж байна.

Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ...” гэж бичсэн байгааг 2015 онд батлагдсан “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж бичиж байх. Тодруулбал, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “28.1.2. ... бүтцийн үндсэн нэгж болох зүйл, 28.1.3. зүйлийн доторх хэсэг, 28.1.4. хэсгийн доторх заалт ...” гэсний дагуу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2” гэж бичиж байх нь зохистой.

Давж заалдах шатны шүүх нь магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтыг орхигдуулсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН