Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

Улсын яллагч Э.Нэргүй,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я, Г.С,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я, Г.С, С.Т, хохирогч Т.С нарын өмгөөлөгч М.А /ҮД:№2043/,

Гэрч Д.О, Д.Ө, Д.Б,

Шинжээч Г.Ц, Э.Э Б.Э /онлайнаар/,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Н /ҮД: №2127/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-д овогт Н-н Б-т холбогдох эрүүгийн 1717000920092 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 04-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ө аймгийн Х сумын Э, А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Ш-д овогт Н-н Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо 17-10 УНТ  улсын дугаартай Нyundai Truck маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан “Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн 6.3.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй нь мөн дүрмийн 1.5 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөний улмаас 28-04 УНЛ улсын дугаартай Тоёото Приус - 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, Тоёото Приус - 20 маркийн тээврийн хэрэгсэлд 5 930 000 төгрөгийн хохирол, зорчигч Т.С, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Т.Л, С.А, Т.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд хувиараа хүний машин тэрэг засаж амьдардаг хүн. Тэр өдөр захирал нь гуйгаад байхаар нь машиныг жолоодоод Улаанбаатар хотоос гарсан нь үнэн. Улаанбаатар хотоос гараад Чойр орох хүртэл ямар ч асуудалгүй явж байсан. Шинжээч нар болон хохирогчийн ар гэрийнхэн тухайн машиныг ардаа ямар ч гялтайх зүйлгүй байсан гэж яриад байгаа. Гэтэл Налайхын цагдаа, Багахангай цагдаа гээд 2-3 цагдаагийн постоор гарахад яагаад хараагүй юм бэ. Өглөө нь Дугуй цайны газар хоол идээд хөдлөхөд нэг юм дуугараад эхэлсэн. 12 сарын 10-ны өдөр их хүйтэн байсан. Өвлийн түлш нь зарцлаа гэж бодоод хэд хаазалсан чинь зүгээр болчихоор нь орой болохоос өмнө эртхэн газар хорооё гэж бодоод яараад хөдөлсөн. Газын колонкийн камерийн бичлэг дээр харагдаж байгаа. Баруун дохио өгөөд зам руу орж байгаа дүрс харагдаж байгаа. Гэрэл дохио бүрэн асаж байсан. Явж байхад гэнэтхэн машин зогссон. Түлшнээс болсон гэж таамагласан. Миний таамаг буруу байсан. Буугаад яаж энэ машиныг замаас холдуулах вэ гэж бодоод шууд ухаж эхэлсэн. Улаанбаатар хотоос гарснаас хойш миний машины ард Кантер маркийн машин байнга дагаж явсан. Урд захирлын машин байнга дагаж явсан. Намайг зогсоход ард Кантер машин, урд захирлын машин зогссон. 12 сарын 10-ны өдөр маш хүйтэн байсан. Би буугаад машиныг хөдөлгөөд замаас гаргая гэж бодоод шууд ухаж эхэлсэн. Би өөрийгөө авах ёстой арга хэмжээг хангалттай авсан гэж бодсон. Ослын тэмдэг байхгүй болон асахгүй тохиолдолд ардаа машин зогсоогоод, ослын дохио нь байнга асаж байсан. Ард зогсож байсан машин байнга асаалттай байсан. Би машиныг хөдөлгөх гэж зогсоо зайгүй хөдөлсөн. Анх ирээд байцаалт авсан цагдаа нар мэдэж байгаа байх. Миний хувцас нэвт түлш болчихсон, маш их даарсан бээрсэн хүн ирж байцаалт өгч байсан. 14-15 цагийн үед машин зогссон. Чойрын зам маш их ачаалалтай зам байдаг. Орой осол гарах хүртэл маш олон машин зөрж байсан. Энэ олон машин зөрж өнгөрөхдөө зарим нь анхааруулаад, зарим нь тойроод гарч байсан. Харанхуй болсноос хойш 2 цагийн хугацаа өнгөрсөн. Хэрвээ ямар ч аваарын гэрэл асаагүй байсан бол хамгийн эхний машин ирээд мөргөх байсан гэж би бодож байгаа. Тэр олон машин зүгээр зөрж өнгөрөөд байхад яагаад тэр машин ирээд мөргөсөн юм бэ. Тэгэхээр би тэр жолоочийг асар их хурдтай явж байсан гэж боддог. Одоо хүртэл тэгж бодож байгаа. Тухайн үед ямар ч тоормосны мөр байхгүй, нисэж ирээд наалдчихсан юм шиг байсан. Ямар ч тоормосны мөр байгаагүй. Гэнэтийн харамсалтай осол болсон. Би үнэхээр харамсаж байгаа. Тухайн үед би янз бүрийн юм яриагүй. Хуулийн дагуу шийдэгдэх байх. Намайг зүгээр өнгөрөөх байх гэж бодож байсан. Учрыг нь ойлгох байх гэж бодсоор байгаад өнөөдрийг хүрсэн. Яг үнэндээ талийгаач жолооч, компани хоёрын дунд хувиараа ажил хийж амьдралаа залгуулдаг ямар ч гэмгүй явсан би гэм буруутан болоод, ганцаараа хамаг бурууг үүрээд хэрэгтний ширээнд зогсож байгаадаа үнэхээр харамсаж байна. Гар, хөлнийхөө хурууг хөлдтөл тэр машиныг замаас зайлуулах гэж бүх чадлаараа ноцолдож байсан. Аккумлятор холбох гээд Кантер маркийн машиныг зэрэгцүүлээд зогсоосон гэж яриад байгаа. Хамаг юмыг нь салгачихсан, хөөх комп гээд мотор дотор байдаг түлшээ татдаг зүйлийг нь салгачихсан байхад мотороо задалчихсан машиныг яах гэж холбох гэж оролдох юм бэ. Энгийн ухаанаар бодоход л ийм байна. Ө гээд цагдаа тухайн үед хамгийн түрүүнд ирсэн. Ө цагдаа нь эхний мэдүүлэгтээ машин ард нь байсан гэж хэлсэн боловч сүүлд нь Алтангартаам гэдэг байцаагч энэ хэргийг шалгаж эхэлснээс хойш бүх байдал буруугаар эргэж дандаа миний буруу болгож, дандаа миний буруугаар шийдэгдсэн. Эхлээд Ц байцаагч аль ч талыг барихгүйгээр маш зөв мөрдөж байсан гэж би боддог. А хэзээ ч зөв мөрдлөг явуулаагүй. Хүнийг ялгаж харьцдаг. Нэг удаа прокурор луу шилжүүлсэн тогтоолоо гарчихаад танилцуулаагүй байсан. Та яагаад тогтоолоо танилцуулахгүй байгаа юм бэ гэхэд та нарыг ирэх боломжгүй гэж бодоод танилцуулаагүй, дараа нь ирээд гарын үсэг зурчихгүй юу гэх мэтчилэн ажиллаж байсан. Ер нь энэ хэрэг А гэдэг байцаагч авснаас хойш буруугаар эргэсэн. Ц байцаагч их зөв мөрдөж байсан. Та ослын тэмдэг тавиагүй ч гэсэн ардаа машин зогсоосон гэж намайг ойлгож байсан. Ж шинжээчийн дүгнэлт зөв гарсан байсан. Хуулийн дагуу зөв шийдэгдэх байх гэж бодож байсан. Мэдээж хүний амь үрэгдсэнд үнэхээр их харамсаж байгаа. Хохирол төлбөр гарвал компани дааж төлнө гэсэн. Би бүх төлбөрийг төлнө. Энэ хэрэг минийхээр шийдэгдэх байх гэж бодсоор өдийг хүрсэн. Ц гээд бусад шинжээч нарыг би өөрөө зардлыг нь дааж Говьсүмбэр аймагт авчирч тээврийн хэрэгслийг үзүүлсэн. Журмын хашаанд шинжээч нарт машин үзүүлэхэд санжигнаад утсан дээрээ унжсан байхад гэрэл нь асаж байсан. Машиныг баруун талаараа мөргөхөд мэдээж гэрэл доошоо унжсан. Гэхдээ спириал утсан дээрээ тогтоод асаж байсан. Гэрэл нь доошоо унжаад утсан дээрээ тогтож байхдаа гэрэл нь асаж байсан талаар зураг нь хүртэл байгаа. Гэтэл таг харанхуйд таг харанхуй машин зогсож байсан мэтээр хүмүүс буруугаар ойлгож, яриад байгаад маш их харамсаж байна. 3 машин эгнүүлээд тавьчихсан байсан. Нилээн уруу зам байсан талаар хохирогч нар хүртэл мэдүүлдэг. Уруу зам дээр 3 машин зогсож байхад яагаад хараагүйг гайхаж байна. Үнэхээр таг харанхуй байсан бол эхний машин ирээд шууд мөргөх байсан. Маш олон машин өнгөрч байсан. Чойрын зам маш их ачаалалтай. Мөн машинууд маш хурдтай явдаг. Бүх өнгөрч байгаа машинуудыг би харж байна гэж ойлгож байсан. 3 машины гэрэл асаж байсан. Эхний машин Lexus-570 маркийн машин байсан. Арынх нь 150 ваттын гэрэлтэй, 2 аккумлятортой машин байсан. Хамгийн ард зогсож байсан машин нь 120 ваттын гэрэлтэй, 2 аккумлятортой машин байсан. Тэр том аккумлятор хэдийгээр машинаа асаах чадваргүй байсан ч ямар ч тохиолдолд  хэдэн цагаар ч хамаагүй лампны гэрлийг асааж чадна. Энийг амьдрал дээр хүмүүс мэдэж байгаа. Хөдөөний айлууд тэр том аккумляторыг хэдэн сараар хэрэглэж, гэрэл гаргадаг. Гэтэл бүх юмыг миний буруу болгож, гэрэл асаагүй байсан гэж дүгнээд байгаад харамсаж байна. Надад яг одоо ингэж ярьж байгаа шигээ ярих боломж хэзээ ч байгаагүй. Яагаад гэхээр А гэдэг байцаагч надтай нэг ч удаа хүн шиг ярьж байгаагүй. Чи тийшээ суу, наадахаа бич, наадахаа унш гэж л харьцаж байсан. Харин Цогбадрах байцаагч үнэн шудрагаар ажиллаж байсан.   А байцаагч дээрэлхсэн байдалтай харилцаж байсан. Машиныхаа бүрэн бүтэн зургийг прокурорт өгье гээд зурагчингаар угаалгаад прокурорын байрны гадаа бариад явж байхад А байцаагч таараад нааш нь аваад ир гээд шууд авч байх жишээний байсан. Би ингэж болдог юм уу үгүй юмуу гэж асуухаар та нар тэр хүмүүсийн мөнгийг өгчих, төлчих чадахгүй байж та нар гэж харилцдаг байсан. Би энэ хүмүүсийн өмнөөс зөндөө явсан. А өмгөөлөгч ч мэдэж байгаа. Энэ компанийн хүмүүсээс хохирогч нарын нэхэмжилсэн мөнгийг нь өгчих, намайг хэргээс мулталчих арга байхгүй юм уу гэж зөндөө гуйсан. Хамгийн сүүлд гэмт хэрэгтэн болчихоод зогсож байгаадаа үнэхээр харамсаж байна. 20 гаран жил олон төрлийн машин барьж байсан. Би нэг ч удаа осол гаргаж үзээгүй. Би өөрөө тэр машиныг бариад явж байсан бол харамсах гомдоллох зүйл алга. Би тэр машиныг асаах гэж үхтлээ ноцолдсон. Яагаад ч болоогүй, асаагүй. Хамгийн сүүлд би хүн болгонд ад үзэгдээд, хүний царай ч харж чадахгүй явж байна. Энэ олон жил машин жолоодохдоо ямар ч тоормосны мөргүй шууд ирээд машин мөргөсөн тохиолдлыг анх удаа харсан. Ямар ч тоормосны мөр байхгүй. Тэр машин асар өндөр хурдтай явж байсан. Ямар ч машин хичээн 100-120 км цагийн хурдтай явж байгаад тоормос гишгэхэд заавал тоормосны мөр гардаг. Гэтэл энэ хүмүүс зөвхөн өөрсдийгөө зөвтгөж, 60 км цагийн хурдтай явсан гэж ярьдаг. Хуулийн талаар би сайн мэдэхгүй ч хар ухаанаар бодоход 60 км цагийн хурдтай явсан машин тоормос гишгэсэн бол ямар ч машин нам зогсоно. Ялангуяа приус машин нам зогсоно. Харин том машин 60 км цагийн хурдтай явсан бол 10 метрийн гуйвалт ордог. Тэгэхээр маш хурдтай явж байсан. Гэтэл цагдаа болон шинжээч нар нь хурдыг тогтоох боломж байгаагүй гэдэг. Гэтэл нисэж ирээд шууд наалдчихсан. Ард машин зогсож байсныг харсан. Шүүгч прокурор хоёр минь намайг харж үзээрэй. Хохирогч тал бас намайг ойлгоорой. Би тэр машиныг жолоодож яваагүй, миний машин биш. Адилхан амьдрах гэж хүний гуйлтаар энэ машиныг жолоодож явсан. Миний үнэн байдал энэ. Намайг харж үзээрэй... гэв. 

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 12 сарын 10-ны орой нэг хүн утсаар ярьсан. Цагийг нь сайн санахгүй байна. Миний хүүг хамт явсан хүмүүстэйгээ хамт осолд орчихлоо гэж хэлсэн. Өглөө эрт Баянхонгор аймгаас гараад Улаанбаатар хотод ирсэн. Өглөө нь Говьсүмбэр аймаг руу машин хөлслөөд гарах гэж байхад С-н 2 эгч нь та түр хүлээж байгаарай, уулзая гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод амьдардаг нэг дүүгийнхээ гэрт хүлээж байхад нээх удаагүй тэр хоёр ирсэн. Надад манай хүүхдийг хамт явж байсан хүмүүстэйгээ осолд орсон, 3 хүн нь нас барсан гэж хэлсэн. Тэгж би анх сонссон. Үүнээс хойш 2 цагийн дараа 2 машинтай Говьсүмбэр аймаг руу гарсан. Бидний 3 хүүхэд ажил амьдралынхаа гарааг эхэлсэн, улсдаа хөдөлмөр эрхэлсэн, хань ижил, үр хүүхэдтэй сайхан залуучууд байсан. Жолоочийн хариуцлага болон үүргээ биелүүлээгүй шалтгаан нөлөөлж зам тээврийн осолд өртөж, бусдын буруутай үйл ажиллагаанаас болж миний 3 хүүхэд амь насаа алдсан. Маш их харамсаж байгаа. Үлдсэн ар гэр, хань ижил байна. Бүтэн өнчин нэг хүүхэд, хагас өнчин нэг хүүхэд үлдсэн. Энэ хүүхдүүдийн амьдрал ирээдүй маш бүрхэг байгаа. Бид нарт маш хүнд цохилт болсон. Миний талийгаачийн өвөө нь 84 настай хүн бие нь муу, ганцаараа Баянхонгор аймагт үлдсэн. Маш их гомдож байна. Маш их харамсалтай байна. Хэргийг хурдан түргэж шийдэж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Нэхэмжлэх зүйлгүй... гэв.

 

1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 12 сарын 10-ны өдөр хэдэн хүүхэд минь Улаанбаатар хотоос наашаа гарсан. Осолд орсныг нь мэдээгүй. Орой 22 цаг өнгөрч байхад дүү нь хэлж мэдсэн. Надад унаа олдохгүй байсан. Манай том хүү Дорноговь аймагт ажлаар явж байсан. Шандаас унаа аваад ирсэн. Шөнө 12 өнгөрч байхад Айргаас гараад шөнө 02 цагт Говьсүмбэр аймагт ирсэн. Ирэхэд хоёр хүү минь газар дээрээ өнгөрсөн. Бэр маань ухаангүй хэвтэж байсан. Бэрийнхээ хөлийг бариад дулаацуулж байхад 3 цаг өнгөрч байхад бурхан болсон. Ороод ирэхэд охин маань хүүгээ тэврээд уйлаад эмч нарын өрөөнд сууж байсан. Маш их гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу хурдан түргэн шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.

 

1.4. Шинжээч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мэргэжлээрээ улсад 26 жил ажиллаж байна. Автын инженер мэргэжилтэй, техникийн ухааны болон шинжлэн магадлахуйн магистр зэрэгтэй, кримналистикийн шинжээч мэргэжилтэй. Энэ олж авсан тусгай мэргэжлийнхээ хүрээнд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Цогбадрахын тогтоолд тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Ямар ямар эвдрэл гэмтэл учирсан эсэх, энэ эвдрэл гэмтэл нь үүссэн бол ослын өмнө болон ослын дараа хэзээ үүссэн эсэх гэж асуусан байна. Энэ асуултын дагуу шинжилгээ хийж асуултад хариулсан байна. Шинжилгээний явцад гэрэл зургийн үзүүлэлтийн 23-т үзүүлсэн зүүн хойд дугуйнд байрласан хамер дугуйн хажуу хацарт зүсэгдсэн, хийлсэн утас нь ил гарсан гэмтлийн захын хэсэгт ирмэг нь тэгш биш, хурц болсон, байршил нь харилцан адилгүй зэрэг шинж тэмдэг илэрсэн хатуу ирмэгтэй зүйлээр хойноосоо урагш чиглэлтэй харилцан үүсгэлээр үүссэн байх үндэслэлтэй гэсэн нь зүүн хойд дугуйнд үүссэн гэмтлийг илэрхийлсэн байна. Энэ нь гэмтлийн шинж тэмдэг дээр үндэслээд кримналистикийн шинжлэн ухааны гэмтэл үүсэх зүй тогтлын дагуу үүнийг хариулсан байгаа. Дараа нь гэрэлтүүлэг хийх хэрэгслийн ажиллагааг шалгах явцад урд талд баруун талын оврын гэрэл нь асахгүй, хол ойр, зүүн урд оврын болон дохионы гэрлүүд асаж байсан. Ар талд оврын гэрлүүд асна. Зүүн хойд дохионы гэрлүүд асахгүй байсан. Шалтгааныг нь тогтоох зорилгоор шинжлэхэд гэрлийн чийдэнгийн потрол утас нь тасарсан, чийдэнгийн гэрэл нь потроноосоо салж хөндийрсөн, зай завсраар нь шороо мэт зүйлээр бохирлогдсон шинж тэмдэгтэй байсан. Энэ шинж тэмдэг нь богино хугацаанд үүсэхгүй. Энэ гэмтэл үүссэнээс хойш гадна талаараа шороо мэт зүйлээр бохирлогдсон байгаа учраас энэ нь богино хугацаанд үүсэхгүй, ашиглалтын явцад удаан хугацаанд үүсдэг шинж тэмдэг. Шалгаж үзэхэд энэ гэрэл нь асахгүй байсан байна. Баруун хойд дровны гэрэл нь асахгүй байсан. Мөн шалтгааныг нь тогтоох зорилгоор өсгөгч шил ашиглан шинжлэхэд спириал утас нь гэмтэлгүй байсан. Чийдэнгийн шил дотор агаар орж битүүмж алдсан тохиолдолд асахгүй байх магадлалтай. Тэгэхээр энэ нь гадна талаасаа ил харагдах гэмтэлгүй боловч ашиглалтын явцад доторх потрон болон ашиглалтын хугацааны явцад шил болон потроны хооронд зай завсар үүссэн, мөн механик гэмтэл болон доргилтоос болж агаар орж чийдэн асахгүй байх үндэслэлтэй байдаг. Гадна ил харагдах механик гэмтэл тохиолдоогүй байсан байна. Ийм шалтгаанаар баруун, зүүн, хойд дохионы гэрлүүд асахгүй байсан байна... гэв

 

1.5. Шинжээч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...хэрвээ Нyundai Truck маркийн авто машины ард талд Кантер маркийн авто машин зогсож байсан бол Приус-20 маркийн авто машин магадгүй Кантер маркийн авто машиныг мөргөх байсан байх. Урд нь буюу дунд зогсож байсан машин осолд холбогдохгүй байх боломжтой. Хамгийн ард зогсож байсан машиныг мөргөсөн үйлдэл байгаа гэв.  

...Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.в-г зөрчсөн гэж үзсэн байгаа. Нэг зүйлийг тодруулж хэлье гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн ослын эцсийн гэм буруутай гэдэг зүйлийг ярихад хамгийн гол Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулж өгсөн хамгийн гол үзэл санаа нь тэр замаар хэн түрүүлээд дүрмийн дагуу явж байгаа жолооч хэн нь түрүүлж явсан бэ гэдэг дээр асуудал яригддаг. Хэн нэг нь хоёрдугаарт явах ёстой хүн хэн нэгэнд саад болсон бол дүрэм нь түүнийг буруутгаж, аюул осолтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэн нь түрүүлж явах ёстой юм бэ гэсэн дарааллыг Замын хөдөлгөөний дүрэм зохицуулж тогтоож өгсөн байдаг. Тэгэхээр та бүхэн хэргийг шийдвэрлэхдээ энэ дарааллыг та бүхэн анхаарч үзэх хэрэгтэй байх гэж үзэж байна. Хэн нь хэндээ саад учруулсан бэ гэдгийг дүгнэлтүүдээ дурьдаж өгсөн байгаа. Хэн нь хэндээ саад учруулах гээд байгаа бол хэн нь яаж арга хэмжээ авах ёстойг Замын хөдөлгөөний дүрэм зохицуулж өгсөн. Учир нь Замын хөдөлгөөний дүрэм нь цусаар бичигдсэн гэж яригддаг. Бусад улс оронд ч гэсэн аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэн нь түрүүлж явах ёстой вэ гэдгийг зохицуулж өгсөн байдаг. Амьдрал баян учраас аливаа саад бэрхшээл тохиолдсон үед тэр саад бэрхшээлийг аюулгүй гэдэг байдлаар зохицуулах зорилгоор Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нарт үүрэг болгож тусгасан байдаг...

...Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд зорчих хэсэг болон түр зогсолт хийхийг хориглосон газраа чөлөөлөх ёстой. Замаа чөлөөлөх боломжгүй бол дараачийн жолооч нарт Замын хөдөлгөөний дүрмийн 3б-д зааснаар гэрэл дохио асаах, 6.3в-д зааснаар үзүүлэлт хангалтгүй нөхцөл байдал үүссэн үед суурингийн гаднах замд 30 метрээс багагүй зайд ослын гурвалжинг байрлуулах ёстой байгаа гэв.  

...Кантер маркийн авто машин ард нь зогсож байсан бол олон хувилбараар ашиглагдана. Ташуу зогсож байсан уу, яг урд нь зогсож байсан уу, баруун тал руу нь шахаад зогсож байсан уу, эсвэл хойд талд нь захлаад хөвөөн дээр зогсож байсан уу гээд энэ олон асуудлыг нарийн тогтоосны дараа энэ асуултанд хариулах боломжтой. Ард гэсэн үгийг маш олон янзаар тайлбарлаад байгаа. Хэрвээ голлоод зогсож байсан бол Кантер маркийн авто машиныг Приус-20 маркийн авто машин мөргөх боломжтой. Хэрвээ энэ тохиолдолд...

...Жолооч хөдөлгөөнд оролцож байхад аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслийг жолооны механизмаар зогсоох, хурдыг хасаж зогсоох эсвэл саадыг тойрон гарах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т дахь хэсэгт аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна гэж заасан. Зогсоох арга хэмжээ авна гэдэг нь тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох үйлдлийг хэлнэ. Приус-20 маркийн авто машины жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж яагаад дүгнэсэн бэ гэхээр энэ жолооч хэрвээ аюул саадыг урьдчилан мэдээгүй байсан бол шууд очоод мөргөх эсвэл мөргөлтийн хэлбэрүүд нь арай өөр хэлбэрээр гарах ёстой байсан. Гэтэл энэ жолооч тодорхой хэмжээнд чиглэлээ өөрчлөөд приус-20 маркийн авто машины баганын хэсгээр очиж мөргөсөн. Энэ нь тухайн жолоочид чиг өөрчлөх боломж байсан байна. Чиг өөрчлөх тодорхой хэмжээний хугацаа байсан байна гэдэг нь хол, ойр, тулж ирээд гэдэг нь тодорхойгүй ямар ч гэсэн мэдсэн байна. Энэ үед жолооч нь аюул саад учирлаа гээд тодорхой хэмжээнд тоормос гишгэсэн байсан бол зогсоох арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл бүрдсэн байна. Шууд ирээд мөргөсөн болон таллаж ирээд шууд мөргөсөн байсан бол Приус-20 маркийн авто машины жолооч  Нyundai Truck маркийн авто машиныг хараагүй гэсэн үг. Зогсоох арга хэмжээ авах зай байсан уу үгүй юу гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт. 60 км цагийн хурдтай явж байсан авто машин бүрэн зогсоход 30 метр газар тоормосны мөр гарч 0 км цагийн хурдтай бүрэн зогсоно. Хэрвээ зогсоох арга хэмжээ авсан бол хүний амь нас эрсдэхгүй, учрах хохирол арай бага байсан байхыг үгүйсгэхгүй. Магадгүй тухайн жолооч зогсоох арга хэмжээ авалгүй, чиг өөрчлөх үйлдэл хийсэн нь ямар нэгэн хэмжээгээр хурд саарахгүйгээр мөргөснөөс учирсан хохирол нь нэмэгдсэн байдал уг хэргийн материалтай танилцахад харагдаж байсан... гэв.   

 

1.6. Шинжээч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...Хавтаст хэрэг авагдсан материалаас харахад Кантер маркийн машин зорчих хэсгийн шороон хөвөөн дээр зогсож байсан гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргасан...

Энэ үндэслэлүүдийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас мэдэж авсан. Бид зөвхөн нэг хэрэг дээр ажилладаггүй. Маш олон хэрэг ирдэг. Хэрэг тус бүртээ танилцаад, тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж дүгнэлтээ гаргадаг. Тухайн үед Кантер маркийн машин зорчих хэсгийн шороон хөвөөн дээр зогсож байсан гэсэн үндэслэлээр дүгнэлтийг гаргасан.

...Хэрвээ Кантер маркийн авто машин ард нь зогсож байсан гэж үзвэл яг ямар байрлалтай, хэдэн метрийн зайтай зогсож байснаас шалтгаалаад шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орох магадлалтай...

Toyota приус-20 маркийн авто машиныг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлтээ гаргасан байгаа. 3 дахь хариултан дээр тодорхой хариулсан байгаа...

Тухайн үед жолооч саад бий болсон гэдгийг тухайн үед жолооч зүүн гар тал руугаа дараад Нyundai Truck маркийн авто машины зүүн хойд тал руу мөргөсөн үйлдэл буюу чиглэл өөрчилсөн үйлдэл. Тэгэхээр тухайн үед жолооч чиглэл өөрчлөх биш, зогсоох арга хэмжээ авах дүрмийн заалттай гэж тайлбарлаж байна...

...Зогсоох арга хэмжээ биш, чиглэлээ өөрчилсөн үйлдэл байгаа. Зогсоох арга хэмжээ гэдэг нь тоормосны дөрөөн дээр гишгээд өөрөөр хэлбэл тоормосны мөр үүссэн үед зогсоох арга хэмжээ авсан байна гэж үзэх үндэслэлтэй. Тухайн үед зогсоох арга хэмжээ авалгүй, шууд зүүн гар тал руу дарж чиглэлээ өөрчилсөн үйлдэл байгаа...

...Хатуу хучилттай замд тоормосны мөр үүсээгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж бид үзэж байгаа. Зогсоох арга хэмжээ авна гэдэг нь жолооч нь чиглэлээ өөрчлөхгүйгээр тухайн эгнээндээ зогсоох арга хэмжээ авах ёстой үйлдэл байгаа... гэв.

 

1.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Архангай аймгийн Хайрхан сумын үндсэн иргэн байгаа юм. Манай том охин Л нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Б гэх залуутай 2013 онд танилцаж түүнээс хойш хамтран амьдарч байна. Манай охин нэг хүүхэдтэй, охин нь одоо 1 нас 10 сартай. Манай охин Л нь Даланжаргалан суманд 2016 оноос хойш амьдарч эхэлсэн бөгөөд тэндхийн хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Нөхөр нь тэндхийх болохоор тэнд суурьшсан. 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой намайг Улаанбаатар хотод охинындоо байж байхад 18 цаг 30 минутын үед охин хүргэн хоёроо  аваарт орсон талаар өөрийн 2 дахь охин Н-с сонссон. Тэгээд лавлаад асуугаад байхад бие нь муу байна гэж сонсоод өчигдөр оройдоо би наашаа суугаад шөнөдөө Говьсүмбэр аймагт ирэхэд манай охиныг өнгөрчихсөн гэж хэлсэн. Манай хүргэн Б-г осол болсон газар дээрээ нас барсан гэж ярьж байсан. Өөр энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай хүргэн охин хоёр хот орчихоод буцаад явж байх замдаа осолд орсон. Осол болдог өдрийн 13 цагийн үед би Улаанбаатар хотоос том охиноо нөхөр хүүхдийнх нь хамт гаргаж явуулж өгсөн. Л нь миний хамгийн том охин 1993 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. 24 настай. Тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, нөхөр нэг хүүхдийн хамт амьдарч байсан. 2016 оноос хойш Даланжаргалан сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Түүнээс өмнө ажил хийж байгаагүй, сургуулиа төгсөөд л уг суманд ажилласан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Хүүхдүүдээ алдчихсандаа гомдолтой байна. Тухайн том оврын ачааны машин ямар нэгэн ослыг тэмдэг болон аваарын гэрлээ татах, запас дугуйгаа хүртэл зайтай тавьчихсан бол хурдыг сааруулж ямар нэгэн осол болохгүй өнгөрч болох байсан болов уу гэж бодох юм даа. Өнчин хүүхэдтэй үлдсэн. Уг хүүхэд одоо өвөө, эмээгийн /миний/ асаргаанд үлдсэн. Хүүхдийнхээ 18 нас хүртэлх ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж байдаг болов уу гэж бодох юм. М 2 нас 2 сартай. Осолд орох үедээ 1 нас 9 сартай байсан. Одоогоор биеийн байдал сулдуу байгаа. Хэл хөлд ороогүй байгаа, одоо л мөлхөх аядаж байна. Ослын улмаас гэмтэлтэй байж болзошгүй гэж байнга л эмнэлэгт үзүүлж, эмчийн хяналтад байгаа. Тухайн үед бие нь нилэнхүйдээ хөхрөлттэй байсан. Хүүхэд маань өөрийгөө нээж хэлж чадахгүй болохоор ерөнхийдөө биеийн байдлыг нь ажиглаж байна. Манай гэр Архангай аймгийн Хайрхан суманд байдаг. Гэрээсээ Говьсүмбэр аймагт ирэхэд талдаа 800 км явж ирж байна. Одоо буцаад бас 800 км явна...

Охины хүү М эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсний зардал, мөн буяны ажилд гарсан зардал 2 553 000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна. М 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэг хүлээж байна. Түүнтэй холбогдох зардлыг дараа гаргаж өгнө... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гаргах санал хүсэлт байхгүй. Гэхдээ буруутай хүнээр талийгаачийн оршуулгын зардал, мөн өнчин хоцорсон охины хүүхэд М-н эмчилгээний зардал нийлээд 2 553 001 төгрөг болсон, уг мөнгийг нэхэмжилж байна. Ирж очих зардлыг дараа жич шүүх хурал дээр нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Би энэ хэрэгт өмнө нь хэд хэдэн удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Урд өмнө нь өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна.

Хохирлын талаарх баримтаа нэг бүрчлэн бичиж, бодож гарган хэрэгт хавсаргасан байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Буруутай жолоочид гомдолтой байна. одоогоор нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байгаа... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142 дугаар хуудас/,

 

1.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би талийгч С.А-н төрсөн ээж нь байгаа юм. Би хоёр хүүхэд төрүүлснээс талийгч том хүүхэд минь байсан юм. Талийгч 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Төвд төрсөн. 10 жилийн сургуулиа Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулийг 2011 онд төгссөн. 10 жилийн сургуулиа төгсөөд Батлан хамгаалах их сургуульд 2 жил сурч байгаад Монголын Үндэсний их сургууль руу шилжин сурсан. Санхүүгийн асуудлаас болоод сургуулиасаа чөлөө авсан байсан. 2016 онд цахилгаанчны мэргэжлээр курст сурч төгссөн. Улаанбаатар хотод Түндгэр Нөөлөгт ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан.

2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед манай бэр С-н хамаатан гэх хүн над руу утсаар яриад манай хэд Айраг сум руу явж байгаад авто осолд орсон байна гэж хэлсэн. Та хурдан даруйхан гараад ирээ гэж хэлсэн. Тэгээд би Баянхонгор аймгаас ганцаараа гарсан. А 15 цаг 20 минутын үед над руу яриад С, С-н ах, ахынх нь эхнэр хүүхдийнх нь хамт Айраг сум орохоор гарч байна гэж ярьсан. Намайг маргааш нь Улаанбаатар хотод ирсний дараа манай бэр С-н хамаатны хоёр эмэгтэй ирээд А-г ослоос болоод нас барсан гэдгийг хэлсэн. Бэр С-н ярьж байгаагаар ардаа ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ, гэрэл байхгүй ачааны авто машины араас мөргөсөн гэж хэлсэн. Тэр ачааны автомашин харагдахгүй байсан, гэнэт нүдэнд харагдсан гэж хэлсэн. Тэр осол болсон газар нь жоохон уруу дуу газар байсан гэнэ. Миний сонсож мэдсэнээр ийм зүйл байна…

Миний хүү цайлган цагаан сэтгэлтэй. Юманд их нуруутай ханддаг. Уур уцаар догшин зан байхгүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Хүнд их тусархуу зантай. Одоо надтай хамт ангийнхан хүүхдүүд болон найз нар гэх 10 орчим хүүхдүүд ирсэн байна. Талийгаач 2012 онд жолооч болсон санагдаж байна. Би оныг сайн санахгүй байна. Талийгч ер нь жолооч болсон цагаасаа миний машиныг барьдаг байсан. Энэ осолд орсон Приус-20 маркийн машиныг 2016 оны 01 дүгээр сард авсан санагдаж байна...

Миний хувьд хүүгээ алдсандаа их гомдолтой байна. Ослын улмаас манай хүүгийн хадам ах, эхнэрийнхээ хамтаар нас барсан байна. Хүүгийн минь ард гэр бүл үр хүүхэд нь өнчирөөд үлдэж байна. Талийгч 5 настай хүүхэдтэй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

          Уг осол болсны дараа хамгийн Түрүүнд С-н аавын дүү ирж болсон нөхцөл байдлыг үзэж харсан байна лээ. Тэр үед уг том оврын ачааны машин ямар нэгэн зогсолтын тэмдэг /гурвалжин/ тавиагүй, цацруулагч цаас сүүлд нь наасан бололтой цаас нь машины доор байхад нь авсан байна лээ. Бэрийн ах том оврын жолоочтой уулзаж энэ цацруулагчийг сая наасан юм уу гэж асуухад тийм гэж хэлсэн байсан. Том оврын машины жолоочийн талаас манай талтай утсаар ч ярихгүй, юу болж байна, яаж байна ч гэж асуух ч үгүй байгаад гомдолтой байна. Ач хүү Б 5 настай, хагас өнчирсөн. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор нөхөр бид хоёр Баянхонгор аймгаас 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарч, Улаанбаатар хотод хоёр хоноод 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд ач хүү Б дээр хоносон. Өнөө өглөө Дорноговь аймгийн Сайншанд сум орж ажил хөөцөлдөж байгаад шууд наашаагаа Чойрт ирсэн. Талийгаачийн буяны ажилд 3 323 622 төгрөгийн зардал гарсан. Шарил болон чулууны үнэ нөгөө талын хохирогчийн бүрдүүлсэн материал дотор байгаа...

Талийгаач хүү маань 2016 оны 01 дүгээр сард Хаан банкны лизингээр 10 500 000 төгрөгөөр авч байсан. Урьдчилгаа 3 000 000 төгрөг өгч байсан. Сард уг машины төлбөрт 270 000 төгрөг төлдөг. Одоо бараг 6 000 000 төгрөг дутуу. Энэ төлбөрийг талийгаач хүүгийн маань эхнэр С төлж байгаа. Приусс-20 маркийн 2804 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн авто машинтайгаа явж байгаад осолд орсон...

Өөр хэлж ярих зүйл гэвэл оршуулга буяны ажлын зардал, мөн сая Баянхонгор аймгаас ирэх, буцах зардлыг буруутай хүмүүсээс нэхэмжилнэ. Хохирогч нарын зүгээс өмгөөлөгч 2 400 000 төгрөгөөр авсан. Тухайн зардлыг бас нэмж нэхэмжилмээр байна… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Хоёр авто машины техникийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт алга. Харин Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаартай дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байна. Приусс-20 маркийн машин Улаанбаатар хотоос 14 цагт гарсан байна. Осол болсон газар хүртэл 240 км орчим болж байна. Осол 18 цаг 40 минутанд болсон гэхээр нь энэ зайнд 4 цаг гаран явж ирсэн байна. Барагцаагаар 60-70 км цагийн хурдтай явсан гэж бодогохоор байна. Приусс машины хурдыг тогтоох боломжгүй гэсэн мөртлөө яагаад Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-г зөрчсөн, хурд хэтрүүлсэн гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дүрмийн 9.2-д зааснаар зогсоох арга хэмжээ авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн том оврын машин тодорхой зайд ослын тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй, байрлуулаагүй байсан. Талийгаач хүүгийн маань машин ямар ч зогсоох арга хэмжээ авах боломж байгаагүй, шууд тулсан байна лээ. Энэ зөрчсөн гэх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Том оврын автомашиныг тээвэрт ажилд гаргахдаа компани нь бүрэн бус тээврийн хэрэгсэл гаргасантай холбоотой гэж үзэж байна. Машины эд анги болон бусад техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажилд гаргасанд гомдолтой байна. Том оврын машины жолооч машин эвдэрч ямар нэгэн байдлаар зогсолт хийсэн тохиолдолд зогсолтын тэмдэг тавих ёстой байсан. Том оврын машины жолооч хэлэхдээ 3 цаг гаран зогссон байхад ямар нэгэн тэмдэг тэмдэглэл тавих арга хэмжээ аваагүйд гомдолтой байна...

Буруутай этгээдэд гомдолтой байна. Буяны ажилд болон тухайн хэргийн хохирогчоор оролцох үедээ ирж очих үеийн зардалд 3 679 122 төгрөг нэхэмжилж байна. Мөн үлдэгдэл талийгаач хүү А-н Б тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгохоор шүүхэд 72 000 төгрөг төлж тогтоолгосон. Уг зардлыг нэмж нэхэмжилнэ. Тухайн компани болон жолоочийн зүгээс ямар ч холбоо барихгүй байгаад нь гомдолтой байна. Өөр хэлж ярих зүйл алга… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Хайрцаг, чулуу хорго хүргэлт гээд нийт 1 300 000 төгрөг, энэ зардлыг 3 гэрээрээ хуваахад 1 айл 433 000 төгрөг болж байна. Оршуулгын зардалд 3 827 822 төгрөг, сүүлд Баянхонгор аймгаас ирэх, явах зардалд 197 500 төгрөг, нийт 4 025 000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. Хэрэг удааширч хол газраас наашаа, цаашаа явахад ажлын газраас чөлөө өгөхгүй, чөлөө өгөх дээрээ тулвал цалингүй чөлөө өгч давхар хохироож байна. ...Бболон түүний ах Б гэсэн 2 хүнд маш их гомдолтой байна. Дээрх зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Энэ хэрэгт өмнө нь хэд хэдэн удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Урд өмнө нь өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна.

Энэ хэргийг маш удаан шийдвэрлэж байна. Би Баянхонгор аймгаас талдаа 1000 километр явж ирж байна. Наашаа цаашаа явах маш их хүндрэлтэй байна. Хэргийг хурдан түргэн шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 145 дугаар хуудас/,

 

1.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Талийгч миний төрсөн хүү байгаа юм. Би 4 хүүхэд төрүүлснээс талийгч дээрээсээ 2 дахь хүүхэд нь байсан юм. Талийгч 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. 10 жилийн сургуулиа айраг суманд төгссөн. 10 жилийн сургуулиа төгсөөд Боловсролын их сургуулийн технологийн багш мэргэжлээр 2013 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын сургуульд багшаар ажиллаж байсан. Би талийгч хүү Т.Б өмнөөс хохирогчоор оролцоно...

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байсан чинь 22 цагийн үед манай нөхрийн дүү Б над руу утсаар яриад Б, А, Л, С нарыг зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Тэгээд би Говьсүмбэр аймагт шөнийн 02 цаг болж байхад ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд хүү Б, хүргэн А нарыг нас барсан талаар мэдсэн. Бэр Л ухаангүй байсан. Шөнийн 03 цагийн үед бэр Л нас барсан. Хамт явсан миний охин С, ач охин М нар эмчийн хяналтанд байсан. Би Говьсүмбэр аймагт ирснийхээ дараа тэр хэдийг зам дээр зогсож байсан том ачааны машины араас мөргөсөн гэж мэдсэн…

Зан байдлын хувьд их дөлгөөхөн зантай элдэв янзын ааш зан байхгүй. Сургуулиа төгсөөгүй 4-р курст байхдаа Зүүнбаян суманд багшаар ажиллаж байсан. Одоо Даланжаргалан сумын сургуульд багшаар ажиллаж байгаа. Ажилдаа их сайн хүүхэд байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Том оврын жолоочийн буруутай үйлдлээс болж уг осол болсон. Уг ослоос болж төрсөн хүү Б, С нөхөр хүргэн А, бэр Л нар өөд болсон. Хүү Б, бэр Л нар 2017 оны 10 дугаар сард байр авах гэж цалингийн зээл 21 000 000 авсан байсан. Тэр төлөгдөөгүй. Намайг болон охин С талийгаач нарын банкны зээлийг төл гэж шаардаж байна. С бид хоёр ажил төрөл байхгүй. Сургуулийн нэг хүүхэдтэй, зээ хүүтэйгээ бид хэд амьдарч байна. Ямар ч төлбөр төлөх чадвар байхгүй. Нийт С-н нэхэмжилж байгаа зардал болон талийгаач 2 хүүхдийн банкны зээл болох 21 000 000 төгрөгийг буруутай этгээд болон компаниас нь нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Миний хувьд 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрээр 24 цаг өнгөрч байхад ирээд 11-ний өдрөө мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ андуураад 11-ний өдөр хүүхдүүд зам тээврийн осолд орсон гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.  Охин маань ах руугаа хэлээд ах нь надад ийм асуудал болж гэж 2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө хэлсэн. Тухайн асуудлыг дуулаад шууд Чойрт ирсэн юм… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,

 

1.10. Хохирогч Т.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос 14 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Айраг сум орохоор өөрийн Приус-20 маркийн 28-08 УНЛ улсын дугаартай авто машинтай гарсан. Машиныг болохоор нөхөр С.А бариад би жолоочийн хажуугийн урд талын суудалд суугаад арын суудалд миний төрсөн ах Т.Б, түүний эхнэр Т.Л, тэдний охин М нар сууж явсан. Чойр хүртэл зогсоогүй. Чойр өнгөрөөд бид нар зогсож бие засаад удаагүй 5 минут орчим болоод хөдөлсөн. Түүнээс хойш нээх их хол яваагүй осолд орсон. Гадаа харанхуй байсан, би замаа давхар хараад явж байтал өмнөөс гэнэт зам дээр том оврын ачааны машин тулаад ирсэн. Манай нөхөр машинаа зүүн гар тал руугаа дарсан боловч мөргөж осол болсон. Бэр Л тархины хагалгаанд орчихсон бие муутай хүн авч явсан, мөн нялх нойтон хүүхэдтэй явж байсан болохоор манай нөхөр хурдтай яваагүй гэж бодож байна. Гэнэт хонхор газарт уруудаж, тэгш зам руу орох үед осол болсон. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Машин зүүн тал руугаа унасан. Гэнэт ухаан ороход машин доошоо харчихсан машины хаалганы шил хагарчихсан байсан. Би машинаас мөлхөж гарч иртэл ард дүү маань уйлсан. Эргэж дүүгээ машинаас авсан. Машинаас гарч ирэхэд нилээн хэдэн хүн зогсож байсан. Замд явж байсан машин зогссон байсан. Би цагдаа, эмнэлэг иртэл уг машинд дүү М-тэй сууж байсан. Цагдаагийн ажилтан ирээд тэр машинаар нь Чойрын эмнэлэгт хүргүүлж анхны тусламж авсан.

...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкнаас 7 200 000 төгрөгийн зээл авч, урьдчилгаа 2 300 000 төгрөгийг өөрсдийн мөнгөө нийлүүлж 9 500 000 төгрөгөөр Улаанбаатар хотын Да хүрээ зах дээрээс худалдаж авсан. Машины бичиг баримт Хаан банкны нэр дээр байдаг. Машины төлбөрт сар бүр 273 000 төгрөг төлдөг юм. Одоо 5 300 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг машиныг нөхөр бид хоёр авахдаа би хамтран зээлдэгчээр орсон. Нөхөр голлож уг машиныг авсан. Нөхөр бид хоёрын өмч юм. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотод ойр зуурын ажил төрөл хийдэг байсан...

...Тухайн хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлттэй танилцсан. Түүнээс хойш гарын шуугаар болон толгой байнга өвдөж байгаа. Баруун талын нүдний хараанд өөрчлөлт орсон байгаа. Эмч 4 сар болоод ирж үзүүл гэсэн. Люкс мед хувийн эмнэлэгт нэг удаа үзүүлэхэд 630 000 төгрөг, сая баримтаа гаргаж өгсөн байгаа. Одоо дахин бүрэн шинжилгээ өгнө.

...Буяны ажил, оршуулгын зардал, хайрцаг, чулуунд 6 781 831 төгрөг, эрүүл мэндийн шинжилгээний төлбөрт 630 000 төгрөг, авто машины хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 5 930 000 төгрөг, нийт 13 341 831 төгрөгийн зардлыг тухайн этгээд болон компаниас нэхэмжилж байна. Тухайн буруутай хүмүүсийн талаар манайхантай нэг ч удаа холбогдож яриагүй, юу болж байна гэж ч асуугаагүйд нь гомдож байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйгээс уг осол гарсан гэж миний зүгээс үзэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч М.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 17-18 цагийн орчим Lexus 570 маркын 43-80 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй захирал Б-н хамт Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Улаанбадрах сум орохоор гарсан. Манай машинтай хамт манай компанийн Портвой маркийн машинтай жолооч Б, зорчигч Д, Кантер маркийн машины жолооч Б, зорчигч О нар явсан. Тэгээд Говьсүмбэр аймаг өнгөрөөд 10 гаран км явж байхад урд явж байсан Трайлер маркийн машины түлш тасалдаад зам дээр зогссон. Тэгээд би уг машины урд зогсоод аваарын гэрлээ татаж буугаад жолооч Б-с юу болсон талаар асуусан чинь түлш тасалдсан гэж байсан. Тэгээд Огоосамбуу, Будрагчаа, Баярпүрэв бид нарын Трайлер маркийн машины кабенийг сөхөөд үзэж байгаад Портвой маркын машины акумлятор суусан. Тэгээд Кантер маркийн машин Портвой маркийн машины буруу талаар нь хагас ороод зогсоод машинаа холбох гээд байж байхад машины ард түс гэх чимээ дуугарахаар нь би буугаад харсан чинь нэг суудлын жижиг машин замын зүүн тал руу унаж байгаа харагдсан. Тэгээд дахиад харахад машины ойролцоо хүмүүс газар хэвтэж байхаар нь би осол болсон гэдгийг ойлгоод машин дээрээ очоод захирал Б-д хэлээд цагдаа, эмнэлэг дуудахаар машинаа жолоодоод хойшоо хөдлөөд явахад улаан машин хойшоо чиглэлтэй явж байхаар нь би уг машины урдуур ороод зогсоогоод Чойр ороод цагдаа, эмнэлэгт мэдэгд гэж хэлсэн. Тэгээд буцаад ослын газар дээр очоод Портвой маркийн машины урд гарч замаа чөлөөлж зогсоод аваарын гэрлээ татаад буусан. Намайг буугаад очиход цагдаа ирчихсэн байсан ба цагдаа намайг ойрхон шон байна уу үзээд ир гэж явуулсан ба би хойшоо зам дагаж яваад үзэхэд питон шон замын хажууд унасан байсан. Замын тэмдэглэгээ байхгүй байсан. Тэгээд эргээд ослын газар ирсэн. Ослын газар ирэхэд эмнэлэг цагдаа ирсэн байсан.

...Портвой маркийн тээврийн хэрэгсэл замаа чөлөөлж зогсоогүй, зам дээр зогсож байсан. Портвой маркийн тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаасан байсан. Портвой маркын тээврийн хэрэгсэл ардаа ослын гурвалжин тэмдэг тавиагүй, бид нар аваараа асаагаад зогсож байсан. Портвой маркын тээврийн хэрэгслийг Баярпүрэв ах жолоодож явсан. Портвой маркын тээврийн хэрэгсэл Говьсүмбэр аймгаас гараад хоёр удаа зогссон. Уг машины түлш тасалдаад хий аваад яваад байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80 дугаар хуудас/,

 

1.12. Гэрч Д.Огоосамбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний ажиллаж байгаа Эко Ватер ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрмийн ажил хийхээр 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос гарсан. Замдаа Баянтал суман дээр хоносон. Нийт 5 машин явж байгаагаас 2 машин түрүүлээд явсан. Үлдсэн 3 машин, 5 хүн хамт явж байгаа юм. Х.Трак, Кантер, Лексус 570 маркийн машинууд хамт явж байгаа. Баянтал сумаас 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед хөдөлсөн. Баянталаас хөдлөөд явж байгаад хамт явсан Х.Трек маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины түлшний системд гэмтэл гарсан гээд зогссон. Би өөрөө машин мэдэхгүй болохоор юу нь болохгүй болсон талаар нь мэдэхгүй байна. Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины жолооч Б машинаа ухсаар байгаад асаасан. Тэгээд тэр газраасаа хөдлөөд явсаар байгаад Чойрт орж ирээд замын хажуу талын цайны газар хоол идээд хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад Чойрын урд талд байдаг газын колонкын хажууд зогссон. Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины жолооч Б мөн машинаа ухсаар байгаад асаасан. Тэгээд Чойроос гараад урагшаа засмал замаар 10 гаран км явж байгаад Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машин зам дээр унтраад зогссон. Тэгээд асаахаар ухаж байгаад нэг асаасан чинь хааз авахгүй унтарсан. Тухайн үед зогсоход нар шингээгүй гэгээтэй байсан. Барагцаагаар 16 цаг болж байсан байх. Жолооч Б машинаа ухсаар байгаад харанхуй болгосон. Тэгээд хажууд нь Б, Ж, бид нар Б-н хажууд нь байсан. Би Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины кабинд ороод астачер дараарай гэхээр нь дараад сууж байсан. Тухайн үед Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины аккумлятор суусан гээд ард талд аваарын гэрэл асаагаад зогсож байсан Кантер маркийн машин баруун хажуу талаараа шороон хөвөөгөөр оруулаад аккумлятороо холбох гэж байсан. Тэгтэл хүчтэй түс гэсэн чимээ гараад кабин доргих шиг болсон, би юу болов гээд гайхаад сууж байсан чинь машины хаалга нээгээд буугаарай гэсэн. Машины кабинаас буугаад ирсэн чинь бид хэдийн зогсож байсан засмал замын зүүн тал руу жижиг суудлын авто машин онхолдсон дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Уг онхолдсон авто машины баруун талд, хойд талд, зүүн хойд талд нь хүмүүс хэвтэж байсан. Машинаас нэг эмэгтэй гарсан уйлаад зогсож байсан, Б бид хоёр наанаас нь яваад очсон чинь машин дотор хүүхэд уйлах чимээ гарсан. Тэр машины мөргөөгүй талын ард талын хаалгыг нээгээд харсан чинь нэг жоохон хүүхэд байсан. Тэр хүүхдийг Б аваад тэр эмэгтэйд өгсөн. Тэгээд тэр эмэгтэйг түшээд зам дээр гаргаад замын машинд гар өргөөд нэг Приус-20 маркийн машинд суулгасан. Тэгээд удаагүй нэг цагдаа хүрээд ирсэн. Засмал замын хажуу тал руу онхолдсон Приус-20 маркийн машин манай байгууллагын Х.Трак маркийн машины зүүн хойд хэсэг рүү мөргөсөн байдалтай баруун гар талын хаалга нь хуураад унасан,  манай машины ард талд байж байсан. Мөн машины зүүн хажуу хэсгээр зам дээр хуванцар эд ангиуд тарж бутарсан байсан. Эмнэлгийн машин ирээд Приус-20 маркийн машины баруун талд байсан хүнийг аваад явсан. Нөгөө хоёр хүнийг нь эмч үзчихээд үлдээгээд явсан. Цагдаагийн хүмүүс ирээд хэмжилт хийсэн.

...Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины явж байсан. Эгнээндээ унтраад хөдлөөгүй, замаа чөлөөлж чадаагүй. Ар талдаа ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан. Мөн аккумлятор муу учраас аваарын гэрлээ асаагаагүй байсан. Ар талд Кантер маркийн машин зогсоогоод аваарын гэрлийг нь асааж байсан. Осол болохоос өмнө Х.Трак маркийн машины аккумлятор суусан болохоор Кантер маркийн машинаар холбуулахаар баруун гар талаар нь шороон хөвөөгөөр толгой хэсгийг оруулаад зогсоосон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 10-ны орой эрт харанхуй болсон. Б-н барьж явсан Х.Трак авто машин зайлшгүй зогссон. Б машинаа янзлаад бид нар ойр туслалцаа үзүүлээд зогсож байсан. Намайг машинд суугаад астачер дар /түлхүүр түлх/ гэж Б хэлсэн. Би машинд суугаад 30-аад минут болсон байхаа. Тэнд хоёр удаа асаад унтарсан. Түлш нь ирж өгөхгүй тасалдаад байсан. Сүүлдээ авто машины аккумлятор суугаад холбоё гэсэн. Машины толгой урагш сөхөгдөж байх хооронд ард зогсож байсан машинаар холбосон. Намайг түлхүүрээ түлх гэсэн гэтэл түс хийх чимээ гарсан. Ж намайг машинаас буугаад ир гэсэн, би бууж ирэхэд жижиг суудлын машин миний түлхүүр түлхэж байсан Х.Трак авто машин ар талаас мөргөж замын хажуу руу унасан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэг дээр тодорхой мэдүүлэг өгсөн байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,

 

1.13. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Эко ватер ХХК-д жолоочоор 2015 оноос хойш ажиллаж байгаа юм. Би түлшний Кантер маркийн 97-51 УНС улсын дугаартай авто машин барьдаг юм. Манай компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрмийн ажил хийхээр 3 машин 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр явж байгаа юм. Улаанбаатар хотоос 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой гарсан юм. Замдаа Баянтал суман дээр хоносон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянтал сумаас 12 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Баянтал сумаас хөдлөөд явж байгаад хамт явж байсан өрөм ачсан Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины түлшний систэмд гэмтэл гараад зогссон. Тэгээд тэр машиныг ухсаар байгаад асааж аваад Говьсүмбэр аймагт орж ирээд хоолны газарт орж хоол идсэн. Хоол идчихээд хөдлөөд явж байсан чинь Говьсүмбэр аймгаас гардаг хэсэг дээр байсан Газын клонкын хажууд мөн түлшний систем нь болохгүй болоод зогссон. Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины жолооч Н.Б-н хэлж байгаагаар түлшний хөөх помп нь ажиллахгүй байна гэж байсан. Тэгээд тэнд зогсоод машинаа ухсаар байгаад асааж аваад хөдлөөд явсан. Тэгээд цаашаа явж байгаад мөн зам дээрээ унтраад өгсөн. Жолооч Н.Б түлшээ татахгүй байна гэж байсан. Х.Трак унтрахаараа хөдөлгөх боломжгүй болдог гэсэн. Тэгээд Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машиныг асаах гээд ухсан. Б ах өөрөө машинаа ухаад бид хэд тусалсан. Тухайн газарт зогсоход нар шингээгүй гэгээтэй байсан, цагийг нь мэдэхгүй байна. Тэгээд машин асахгүй ухсаар байгаад нар шингээд харанхуй болсон. Тэгээд машинаа асаах гээд ухаад байж байтал түс гэсэн чимээ гараад Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машин жоохон хөдлөөд дайвалзсан. Тэгээд юу болов гээд харсан чинь бид хэдийн зогсож байсан засмал замын зүүн тал руу нэг жижиг суудлын авто машин онхолдсон дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан. Тэр машины баруун хойд талд нь баруун талд нь зүүн хойд талд нь 3 хүн машины гадна хэвтэж байсан. Б ах гүйж очсон тэр машинаас нэг эмэгтэй, нэг жоохон хүүхэд гарч ирсэн. Тэр суудлын авто машин Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины зүүн хойд хэсэг рүү мөргөсөн байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудъя гэж байтал нэг цагдаа ирсэн. Тэр цагдаа намайг ойр байгаа км-н шонг харчихаад ир гэсэн, би зогсож байсан зүгээсээ урд зүг рүү яваад км-н шонг харчихаад ирсэн чинь мөн цагдаагийн машин ирсэн байсан. Эмнэлгийн машин ирээд нэг хүнийг аваад явсан гэж байсан.

...Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины явж байсан эгнээндээ унтраад хөдлөөгүй. Замаа чөлөөлж чадаагүй, ар талдаа ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан. Мөн аккумлятор нь муу учраас аваарын гэрлээ асаагаагүй байсан. Би өөрийнхөө Кантер маркийн 97-51 УНС улсын дугаартай авто машинаа Х.Трак маркийн авто машины ар талд байрлуулаад аваарын гэрлийг нь асааж зогсож байсан. Осол болохоос өмнө Х.Трак машиныг холбож асаахаар баруун гар талаар нь засмал замын шороон хөвөөн дээр байрлуулсан байсан. Миний машины аваарын гэрэл асаалттай байсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

1.14. Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн төвд албан ажиллаар явж байгаад Шивээговь сум руугаа буцаад явж байсан чинь Говьсүмбэр аймгаас урагш 10 орчим км газарт олон машины гэрэл ассан байсан. Би наанаас яваад очсон чинь аваар гарсан байдалтай байхаар нь өөрийн машинаар замыг чөлөөлж зогсоод буугаад очсон чинь өөдөөс хүмүүс өө ашгүй цагдаа ирлээ гээд хүрээд ирсэн. Машинаас буугаад очиход зам дээр замаа чөлөөлөөгүй том оврын 17-10 УНТ улсын дугаартай ачааны авто машин зогсож байсан. Тэр машины ар талаас Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай авто машин мөргөсөн байдалтай засмал замынхаа ертөнцийн зүгээр зүүн тал руу нь замаас гараад онхолдсон, дөрвөн дугуй нь дээшээ харсан, хамар хэсэг нь ертөнцийн зүгээр урагш харсан байсан. Би Приус-20 маркийн машин дээр яваад очиход зүүн хажуу талд нэг эмэгтэй хүн, зүүн хойд хэсэгт нэг эрэгтэй хүн, баруун хойд талд нэг эрэгтэй нийт 3 хүн хэвтэж байсан. Би очоод тэр хүмүүсийн гүрээний судсыг дарж үзэхэд машины зүүн талд байсан эмэгтэйн судас цохилж байсан. Хоёр эрэгтэйнх нь судасны цохилт мэдрэгдэхгүй байсан. Намайг очиход тухайн Приус-20 маркийн авто машинд зорчиж явсан гэх нэг эмэгтэй, нэг хүүхэд хоёрыг том ачааны машины урд талд зогсож байсан. Т.Ланд круйзер-200 маркийн машинд /дугаарыг нь санахгүй байна/ суулгасан байсан. Тэр эмэгтэй хүүхэд хоёрыг миний машинд авчирч суулгасан. Би эмнэлэг цагдаад дуудлага өгөөд хэргийн газрыг хамгаалсан. Эмнэлэг ирээд Приус-20 маркийн машины зүүн талд байсан эмэгтэйг аваад явсан. Нөгөө хоёр эрэгтэй хүнийг нас барсан байна гэж хэлсэн. Миний машинд сууж байсан эмэгтэй болон хүүхдийг манай жижүүрийн жолооч Б эмнэлэгт хүргэж өгсөн. Учир нь эмнэлгийн машинд багтахгүй, нөгөө эмэгтэйг хэвтүүлж авч явах шаардлагатай гэж байсан. Намайг очиход том оврын өрмийн төхөөрөмж ачсан ачааны авто машины ар талд шатахууны жижиг улаан өнгөтэй авто машин аваараа асаагаад зогсож байсан.

...Тухайн газрын зам нь 2 талаасаа уруу газар байсан. Осол болсон газар 2 талаасаа уруудаад зам тэгшрэх үе дээр болсон байсан.

...Тухайн осол болсон газрын ертөнцийн зүгээр хойд талаас нь очсон. Тухайн осол болсон газар нь хойд талаасаа овгор дээгүүр даваад бага зэрэг урууддаг юм. Овгор дээгүүр даваад уруудах үед нилээн олон машины аваарын гэрэл харагдсан. Ойртож очоод том оврын ачааны машин байгааг харсан. Жижиг шатахууны машины урд талд том оврын 17-10 УНТ улсын дугаартай автомашин зогсож байсан. Жижиг шатахууны машин аваараа асаасан байсан.

...17-10 УНТ улсын дугаартай өрөм ачсан том ачааны авто машины араас мөргөсөн байсан. 17-10 УНТ улсын дугаартай өрөм ачсан машин оврын гэрэл, аваарын гэрлээ асаагаагүй байсан. Жолоочийн хэлж байгаагаар эвдрээд авто машины хөдөлгүүр асахгүй байгаа гэж хэлсэн.

...Ардаа ослын тэмдэг тавиагүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 дугаар хуудас/,

Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Би тэр өдөр Говьсүмбэр аймагт ажлаар орж ирээд харанхуй болж байхад Шивээговь сум руу засмал замаар өөрийнхөө машинтай ганцаараа явж байсан. Гэтэл аймгийн төвөөс урагш 10 орчим километрийн зайнд баахан машины гэрэл асчихсан. Хурдаа хасаад юу болсон бол гэж замын хажуу руу машинаа зогсоогоод бууж очсон. Гэтэл тэнд байсан хүмүүсээс ашгүй дээ цагдаа ирлээ гээд замын зүүн талд онхолдсон машин дээр намайг дагуулж очсон. Унасан машиныг тойроод гадна талд нь осолд орсон байдалтай 3 хүн байсан. Тухайн хүмүүсийг тойрч амьд эсэхийг нь шалгаж үзэхэд 2 хүн нь ямар ч амьсгалгүй, 1 эмэгтэй хүн амьсгалж байсан. Тэр доор нь жижүүрийн 7054102-т дуудлага өгөхдөө эмнэлэгт бас дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Төд удалгүй бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Эмнэлэг түргэн ирж машины гадна хэвтэж байсан амьсгалтай 1 хүүхнийг авч яваад, нөгөө хоёр эрэгтэй хүнийг нас барсан байна гэсэн. Эмнэлгийн машин болохоор гэмтэлтэй хүнийг хэвтээгээр нь авч явах ёстой, өөр хүн суулгахад багтахгүй гэж хэлээд уг машинд сууж явсан 1 хүүхэн, хүүхдийн хамт үлдээгээд явсан. Эмнэлгийн машинд багтаагүй хүүхэн, хүүхдийг миний машинаар тухайн өдрийн /цагдаагийн/ жижүүрийн жолооч эмнэлэг рүү хүргэж өгөөд буцаж ирсэн… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

1.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Т.Л-н цогцост Гавал тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины няцрал, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, толгойн дагзны хуйхны баруун хэсэгт хуучин мэс заслын шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гавал тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины няцрал, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Толгойн дагзны хуйхны баруун хэсэгт хуучин мэс заслын шарх нь авто ослоос өмнө үүссэн тархины мэс заслын үед үүссэн байх боломжтой хуучин үхэлд нөлөөлөөгүй гэмтэл байна.

2. Гавал тархины битүү гэмтэл болох тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины няцрал, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас тархи цусан хураанд дарагдаж нас баржээ.

3. Талийгаач нь хоёр уушгины архаг идээт үрэвсэлт өвчтэй байсан байна. Дээрх өвчин нь үхэлд хүргээгүй байна.

4. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

1.16. Талийгаач Т.Л-н цогцосд шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 96-99 дүгээр хуудас/,

 

1.17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Л 24/нэм” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 2.0 промилли спиртийн агууламж илрэв.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Б.Энхмандах гэжээ. /1-р хх-ийн 100 дугаар хуудас/,

 

1.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 234 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Л-н гэх цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж. /1-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

 

1.19. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.Л-н цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,

 

1.20. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.Лхагвадуламын цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 103 дугаар хуудас/,

 

1.21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтэд:

1.2. Талийгаач Т.Б-ны цогсонд гавал тархи, цээж, хэвлий, дээд мөчдийн хавсарсан олон гэмтэл: Орой болон суурь ясны олон тооны хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн зулай чамархай орой хэсгээр аалзан бүрхүүлийн доорх цус харвалттай, хуйхны шарх, цус хуралт. Баруун шууны зөрөөтэй далд хугарал, баруун талын 2-8-р хавирга суганы урд шугамаар, 1,9-р хавирга, эгэмний дунд шугамаар хугарсан. Баруун уушгины дээд, доод, дунд дэлбэнгийн урагдал, Үнхэлцэг хальсны цус хуралт, Элэгний баруун дэлбэнгийн өмнөд гадаргуугийн няцрал, хуйх, баруун шилбэ, зүүн чихний дэлбээнд шархтай. Духны цох хэсэг, дээд уруул, баруун бугалга, баруун суганы дунд шугамаар 4,5-р хавирганы түвшинд, баруун гуя, зүүн шилбэ, баруун сарвуунд тус тус зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ.

4. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй. Ходоодны шингэнд 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

 

1.22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн Т.Б 27н/эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Ходоодны шингэнд 1.9 промилли спиртийн агууламж илрэв.

Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах гэжээ. /1-р хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

 1.23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 232 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Б-ны гэх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж. /1-р хх-ийн 112 дугаар хуудас/,

 

1.24. Талийгаач Т.Б-ны цогцосд шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 113-115 дугаар хуудас/,

 

1.25. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.Б-ны цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

 

1.26. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.Б-ны цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 117 дугаар хуудас/,

 

1.27. Цогцосны хувцасанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 118 дугаар хуудас/,

 

1.28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:

1.2. С.А-н цогцсонд толгой, цээж, хэвлий, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтэл: Тархины хатуу хальсан доорх бага хэмжээний цусан хураа, гол судасны нум хэсгийн задрал, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, элэгний баруун дэлбэнгийн няцрал, баруун 4-8, зүүн 1-4-р хавирга, баруун атгаал, шуу, богтос, зүүн тавхайн ясны хугарал. Дух, баруун хөмсөг, баруун гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, хамрын нурууны шарх, дух, баруун нүдний гадна булан, баруун хөмсөг, баруун бугалга, баруун шуу, цээжний баруун урд хэсэг, хэвлийн урд хэсэг болон хэвлийн баруун хажуу хэсэг, баруун өвдөг, зүүн тохой, зүүн өвдөг, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх хавсарсан олон хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ.

4. Талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн /1-р хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

 1.29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн С.А-н гэх цус нь ABO системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /1-р хх-ийн 129 дүгээр хуудас/,

 

1.30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаартай дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн С.А 25н/эр гэж хаягласан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй.

Химийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Б.Энхмандах гэжээ. /1-р хх-ийн 130 дугаар хуудас/,

 

1.31. Талийгаач С.А-ны цогцосд шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 131-133 дугаар хуудас/,

 

1.32. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.А-н цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 134 дүгээр хуудас/,

 

1.33. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.А-н цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 135 дугаар хуудас/,

 

1.34. Цогцосны хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 136 дугаар хуудас/,

 

1.35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд:

1. Т.С-н биед баруун хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох /1-р хх-ийн 139 дугаар хуудас/,

 

1.36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай нэмэлт дүгнэлтэд:

1. Т.С-н биед баруун хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

5. Баруун нүдний хараа бууралт нь гэмтлийн шалтгаантай эсэх нь шинжилгээгээр тодорхойлогдоогүй байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох /1-р хх-ийн 143 дугаар хуудас/,

 

1.37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд:

1. Б.М-н биед духанд, хамрын угаар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох /1-р хх-ийн 148 дугаар хуудас/,

 

1.38. Б.М-н өвчтөний түүх /1-р хх-ийн 150-161 дүгээр хуудас/,

 

1.39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 820 дугаартай дүгнэлтэд:

1. Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №02 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Б.М-н биед тархи доргилт, дух, нүүрний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд шалбаралт гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

6. Б.М нь төрөлхийн тархины саажилт өвчтэй байх ба энэ өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна.

7. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно.

8. Тухайн үед авагдсан гэх КТГ-н шинжилгээгээр дагзны хэсэгт учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч С.Одончимэг, Ц.Оюун-Эрдэнэ, М.Золжаргал /1-р хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

1.40. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1424 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Truck маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зүүн хойд дугуй хагарсан гэмтэл ослын үед, хойд дохионы гэрлүүд болон баруун урд оврын гэрэл асахгүй, хөдөлгүүр ажиллахгүй үед тоормосын хийн даралт 1 минут 38 секундэд 1.2 кГс/см2 даралтаар унана. Түлш шахах гар насосны жийрэг сэтэрч сэмэрсэн зэрэг эвдрэл гэмтлүүд ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй байна.

2. Нyundai Truck маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм ажиллаж байна. Уг автомашин хий шингэн хосолсон тоормосны системтэй. Шороон зам дээр тоормослоход хойд тэнхлэгний дугуйнаас тоормосны чирсэн мөр, урд тэнхлэгний дугуйнаас даралтын мөрүүд үүснэ.

3. Хөдөлгүүр унтарсан үед жолооны хүчлүүр ажиллахгүй тул жолооны хүрд хүндэрч залагдахад бэрхшээлтэй, хийн компрессор ажиллахгүй тул тоормосны хийх даралт буурахад хойд тэнхлэгт байрлах энергоаккумляторт тоормосны хийн хөндийт тэлэгч ажиллаж автомашиныг зогсоох үйлдэл үзүүлж болно. Ийм үед автомашиныг байрнаас хөдөлгөх боломжгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн Нyundai Truck маркийн автомашины тэжээлийн систем хэвийн бус ажиллана.

5. Шинжилгээнд ирүүлсэн Нyundai Truck маркийн автомашины хойд дохионы гэрлүүд асахгүй байна.

6. Шинжилгээний явцын талаар дүгнэлтийн 3 дугаар хэсэгтэй танилцана уу.

Дүгнэлт гаргасан: Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч,  цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэндсүрэн /1-р хх-ийн 181-192 дугаар хуудас/,

 

1.41. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1423 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Toyoto Pruis-20 маркийн автомашин их хэмжээний гэмтэлтэй болсон байна. Автомашинд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Гэмтлийн үзлэг ба шинжилгээ, гэрэл зургаас үзнэ үү.

2. Шинжилгээнд ирүүлсэн Toyoto Pruis-20 жолооны механизмын холбоос салсан, тоормосны механизмын битүүмж алдагдсан тул дээрх эд ангийн ажиллагааг шалгах боломжгүй.

3. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Автотехникийн лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Мөнхдалай. /1-р хх-ийн 196-206 дугаар хуудас/,

 

1.42. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Хюндэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н-н Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.3 дахь заалт “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”-г зөрчсөн байна.

2. Тоёото Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай автомашины жолооч С-н А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “ Жолооч хөдөлгөөний зарчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”-г, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна-г тус тус зөрчсөн байна.

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4 энэ дүрэмд байгаа дараах нэр томьёог  дор дурдсан утгаар ойлгоно. Зайлшгүй зогсолт гэж техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдлийг, 436/147 дугаартай гомдол мэдээлэлтэй танилцахад Хюндэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай автомашины жолооч Н.Б-с 2017 оны 10-ны өдрийн гэрчээр авсан тэмдэглэлд “миний машин явж байгаад хааз авахгүй шууд унтарсан. Миний машин унтрахаараа хийгүй болоод тоормос шууд автоматаар барьдаг юм. мөн жолооны механизм ажилгүй болдог юм” гэрч Д.Б, Д.О, М.Ж нарын гэрчээр авсан тэмдэглэлд “автомашины түлшний системд гэмтэл гараад зогссон” гэж тус тус тайлбар өгсөн байх тул зайлшгүй зогсолт мөн гэж үзэж боломжтой байна.

4. Зам тээврийн осол нь Тоёото Приус 20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай автомашины жолооч С-н А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн. /1-р хх-ийн 210 дугаар хуудас/,

 

1.43. Шинжээч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Замын хөдөлгөөний албанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ноцтой зам тээврийн ослын газарт ахлах байцаагч, тасгийн дарга заавал очих ёстой гэсэн үүргийн дагуу тухайн зам тээврийн ослын газарт би өөрийн биеэр очсон. Т.Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай автомашины жолооч С.А нь тухайн зогсож байсан том оврын автомашиныг харах боломжтой байсан боловч харж чадаагүй, мөн хурдаа хэтрүүлж явсан нь хэргийн газраас харагдаж байсан. Мөн тоормосны мөр байхгүй байсан учраас дээрх дүгнэлтийг гаргасан.

Тухайн ослын улмаас 28-04 УНЛ улсын дугаартай автомашинд учирсан гэмтэл, орчин байдлаас харахад хурд хэтрүүлсэн үндэслэлтэй байсан.

Т.Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай автомашины ирсэн чиглэлд болон осол болсон газарт тоормосны мөр үлдээгүй учраас хурдыг тогтоох боломжгүй.

Тухайн 17-10 УНТ улсын дугаартай автомашин нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн үндэслэлтэй байсан. Би хэргийн газрын үзлэг дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэлд гарсан түлшний системийн гэмтлийг жолоочоор тайлбарлуулан өөрийн биеэр үзсэн. 

Осол гарах шалтгаан болохгүй. Учир нь 17-10 УНТ улсын дугаартай харагдахаар байсан. Ослын зогсолт ардаа байрлуулаагүй нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212 дугаар хуудас/,

 

1.44. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Зам тээврийн ослын материалтай танилцаж үзэхэд Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Б-н гаргасан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь МУ-н ЗХДүрмийн 6.3 “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Т.Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь МУ-н ЗХДүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” 9.2 Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Зам тээврийн ослын материалтай танилцаж үзэхэд Т.Приус 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэг болох үед хэдэн км/ цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна.

5. Мэдүүлгийг үндэслэн Т.Приус 20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

6. Х.Трак маркийн 17-10 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н автомашиныг зогсоосон үйлдэл нь МУ-н ЗХДүрмийн “зайлшгүй зогсолт”  жолооч зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний, зогсоох үйлдэл” гэж зааснаар зайлшгүй зогсолт гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь МУ-н ЗХДүрмийн 6.3 “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

8. Т.Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь МУ-н ЗХДүрмийн 9.1, 9.2, Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь МУ-н ЗХДүрмийн 6.3 заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч цагдаагийн хошууч П.Ядампүрэв, Д.Батжаргал, Н.Бямбасүрэн. /1-р хх-ийн  223-225 дугаар хуудас/,

 

1.45. Шинжээч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд Хюндэй Трак маркийн 17-10 УНТ дугаартай машины жолооч нь МУ-н ЗХДүрмийн 6.3 дахь хэсэгт заасныг, Тоёото Приус-20 маркийн 28-04 УНЛ дугаартай машины жолооч МУ-н ЗХДүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэний буруутай үйлдлээс болж осол гарсныг шинжээч тогтоогоогүй. ЗХДүрмийн зүйл заалтын заримыг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

 

1.46. Шинжээч П.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Хэргийн материалтай танилцахад зам дээр тоормосны мөр болон дугуйн даралтын мөр байгаагүй. Тийм учраас хурдыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хюндэй Трак 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Яагаад гэвэл үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас зам тээврийн осол гарахад нөлөөлнө.

Тоёото Приус-20 маркийн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй, мөн дээрээс нь хурдаа замынхаа нөхцөлд тохируулж яваагүй. Хюндэй Трак маркийн машины жолооч ослын зогсолтыг тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

 

1.47. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа С.Б-н гаргасан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул хариу өгөх боломжгүй байна.

2. Хюндэй Трак маркийн 17-10УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

3. Т.Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь МУ-н ЗХДүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Тоёото Приус-20 маркийн 28-04 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийн хэрэг болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг тоормосны мөрөөр хурдыг томьёогоор тогтоодог тул тогтоох боломжгүй.

5. Уг асуултыг 4 дэх асуултын хариултаар хариулагдсан болно.

6. Хюндэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н автомашиныг зогсоосон үйлдэл нь зайлшгүй зогсолт мөн.

7. Хюндай Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

8. Осол болох шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс болсон. Уг ослын буруутай үйл ажиллагааг шүүх тогтооно.

Дүгнэлт гаргасан: цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм,

Цагдаагийн ахмад Б.Ганбат

Цагдаагийн ахмад М.Үүрмөнх

Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Дамдинбазар,

Цагдаагийн дэслэгч Б.Анхбаяр /1-р хх-ийн 237-238 дугаар хуудас/,

 

1.48. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар “Шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг өөрөө хариуцна” гэж заасан тул асуултанд хариулах үндэслэлгүй байна.

2. Хавтас хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл зэрэгтэй танилцахад Хюандэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ: а/зам тээврийн ослын улмаас зогссон үед, б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл ажиллахгүй, /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэг оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй, /эсвэл байгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн 1.4 Хийн буюу хий шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас /хөдөлгүүрийг унтраасны дараа/ хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05 МПа /0.5 кг/см2/-аар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан, 5.3 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл механизмийг ашиглахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Учир нь хавтас хэргийн 145-148 дугаар хуудас дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.28-ны өдрийн 1424 тоот шинжээчийн дүгнэлтээр Хюндэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хойд дохионы гэрлүүд болон баруун урд оврын гэрэл асахгүй, хөдөлгүүр ажиллахгүй үед тоормосны хийн даралт 1 минут 38 секундэд 1.2 кг/см2 даралтаар унана. Түлш шахах гар насосны жийрэг жийрэг сэтэрч сэмэрсэн зэрэг эвдрэл гэмтлүүд ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй гэсэн байна.

3. Тоёотой Приус-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9.1 жолооч хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Зам тээврийн осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэргийн материалтай танилцахад Тоуота Приус 20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь хэрэг учрал болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна.

5. Хавтаст хэргийн 145-148 дугаар хуудас нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.28-ны өдрийн 1424 тоот шинжээчийн дүгнэлтээр “хөдөлгүүр унтарсан үед жолооны хүчлүүр ажиллахгүй тул жолооны хүрд хүндэрч залагдахад бэрхшээлтэй, хийн компрессор ажиллахгүй тул тоормозны хийн даралт буурахад хойд тэнхлэгт байрлах энерго аккумлятор тоормозны хийн хөндийт тэлэгч ажиллаж автомашиныг зогсоох үйлдэл үзүүлж болно. Иймд автомашиныг байрнаас хөдөлгөх боломжгүй гэсэн нь Хюндэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н автомашинаа зогсоосон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 Зайлшгүй зогсолт гэдгийг жолооч зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл” утгаар ойлгоно гэсэн заалтад хамаарах үндэслэлтэй гэж үзэж байна.

6. Хюндэй Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н ослын дохионы гэрлээ асаагаагүй үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

7. Уг зам тээврийн осол нь хэний гэм буруугаас болж үйлдэгдсэн болохыг шүүх тогтооно.

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан,

Цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат,

Цагдаагийн ахмад Л.Ундармаа,

Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ,

Цагдаагийн ахмад Л.Гансүх,

Цагдаагийн ахмад Д.Батзориг,

Цагдаагийн дэслэгч Ш.Батмөнх /1-р хх-ийн 247-249 дүгээр хуудас/,

 

1.49. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №184 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №336 дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №425 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан учир уг асуултанд хариулах боломжгүй байна.

2. Hyundai Truck  маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь техникийн эвдрэлээс шалтгаалан Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т “хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно” гэснийг биелүүлэх боломжгүй зогсохыг хориглосон замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ зайлшгүй зогсолтын улмаас зогсоожээ. Энэ тохиолдолд мөн дүрмийн 6.2.б-д зааснаар “түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг асаах ёстой байсан боловч уг осол гарах үед Hуundai Truck маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд дохионы гэрлүүд асахгүй байгаа, уг эвдрэл гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримниластикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №1424 дүгнэлтийн 1, 5 дахь хариултад тусгасан байна. Иймд Hуundai Truck маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн 6.3.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэг оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй нь мөн дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”  гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Toyoto Pruis-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Toyoto Pruis-20 маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэг болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй юм.

5. Hуundai Truck  маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэг дээр зогсоосон үйлдэл Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. “Зайлшгүй зогсолт” жолооч зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Hуundai Truck  маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н ослын дохионы зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй үйлдэл нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

7. 2,3,6 дахь хариултаар хариулагдсан.

Шинжээч гаргасан: Цагдаагийн ахмад Э.Энхболд

Цагдаагийн хошууч Б.Эрдэнэхуяг

Цагдаагийн хошууч Р.Цогтоо

Цагдаагийн дэд хурандаа Г.Бямбадорж

Цагдаагийн хошууч Д.Цэдэнсайхан

Цагдаагийн ахмад П.Мөнхсодном

Цагдаагийн хошууч М.Гарьд

Цагдаагийн хошууч О.Эрхэмболор

Цагдаагийн ахмад Д.Төрбат /3-р хх-ийн 152-155 дугаар хуудас/,

 

1.50. Шинжээч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би эрүүгийн 17170009200092 дугаартай хэрэгт Говьсүмбэр аймгийн хяналтын прокурор Э.Нэргүйгийн тогтоолыг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тухайн 9 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг харахад Хамгаалалтын хэлтэс, замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтэс, техник замын хяналтын хэлтсээс тус бүр 3 алба хаагчийг шинжээчээр томилсны дагуу уг хэрэгт шинжээчээр ажилласан. Хэргийн материалыг хэлтэс, хэлтэс дээрээ шинжээч тус бүр хүлээн авч танилцсан. Хэргийг уншиж танилцаад хоорондоо ярилцаж зөвшилцөөд хэргийн дүгнэлтийг манай хэлтэс дээр нэгтгэж би шинжээчийн дүгнэлтийг бичиж гаргаад бусад шинжээч нарт цахимаар танилцуулахад ямар нэгэн санал гаргаагүй. Дүгнэлттэй танилцаад авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт үнэн зөв бичигдсэн байна гэсэн хариу цахимаар ирсний дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж шинжээч нарт гарын үсэг зуруулсан. Манай хэлтсээс шинжээчээр оролцсон Р.Цогтоо хошууч дүгнэлт гарсан өдөр байгаагүй. Томилолтоор ажилтай явсан байсан учраас тухайн үедээ гарын үсэг зураагүй. Харин дараа нь гарын үсэг зуруулах гэхэд 28-04 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.А ЗХД-ийн 9.2 дахь хэсгийг зөрчсөн гэж та нар үзсэн байна. Би бол дээрхтэй санал нийлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд тийм юм бол ЗХД-н 9.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн үндэслэлээ нотлох баримтын хамт гаргаж шинжээчийн дүгнэлтэнд хавсаргаарай гэж хэлсэн. Бусад 8 шинжээчийн хувьд санал нэгтэйгээр дээрх дүгнэлтийг гаргасан. Миний хувьд бол ЗХД-н 9.2 дахь хэсгийг ямар үндэслэлээр тавьсан бэ гэхээр тухайн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчих хэсэг дээр зогсож байсан ачааны автомашиныг урьдчилан харсан байх нөхцөл байдал хавтас хэргийн материалтай танилцахад харагдсан. Учир нь Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч аюул саад болохыг мэдээгүй хараагүй байсан бол эгц араас нь мөргөж зогсох байсан. Гэтэл тухайн автомашин ачааны автомашиныг мөргөхөөс зайлуулж автомашиныхаа баруун урд хэсгээр мөргөлдсөн байгаа нь жолооч тодорхой зайнаас аюулыг хараад тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөх оролдлого хийсэн гэж үзэх боломжтой. Хэргийн газрын үзлэг болог хэргийн материалтай танилцахад Приус-20 маркийн автомашины тоормозны мөр тухайн автомашинтай мөргөлдхөөс өмнө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх ул мөр замын зорчих хэсэг дээр үүсээгүй байгаа нь ЗХД-н 9.2 дахь хэсгийг тавих үндэслэл болсон. Уг заалт нь тээврийн хэрэгслийг аюул мэдсэн харсан үед зогсоох, тоормозлох арга хэмжээ авахыг үүрэг болгосон заалт юм. Түүнээс биш тойрч гарах бусад байдлаар тээврийн хэрэгслийн чигийг өөрчлөхийг энэ заалт зааж өгөөгүй, зөвшөөрөөгүй байдаг... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 156-157 дугаар хуудас/,

 

1.51. Шинжээч Р.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолын дагуу эрүүгийн 17170009200092 дугаартай хэрэгт 9 хүний бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлт гаргахад оролцож ажилласан. Уг хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 189 дугаартай дахин шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтэн дээр би санал зөрөлдсөн учраас гарын үсэг зураагүй. Дүгнэлтийн хариулт хэсгийн 3 дахь заалттай санал зөрөлдсөн учир нь “Toyoto Pruis-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.А нь ЗХД-н 9.2 дахь хэсэгт заасныг миний хувьд зөрчсөн гэж үзээгүй. Яагаад гэхээр дүгнэлтийн хариултын 2-т нь том тэрэгний жолооч Н.Б-г ЗХД-н 6.2.б, 6.3.б, 6.3.в, 1.5 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзчихээд С.А-г ЗХД-н 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Том тэрэгний жолооч Б ослын гурвалжин тэмдэг, ослын гэрэл, замаа чөлөөлж зогсоогүй. ЗХД-н 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан. С.А-н хувьд аюул саад бий болохыг мэдэх нөхцөл байдал үүсээгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Аюул саад болохыг мэдэх нөхцөл байдал нь том тэрэгний жолооч Б ЗХД-н 6.2.б, 6.3.б, 6.3.в, 1.5 дахь заалтуудыг биелүүлсэн тохиолдолд үүсэх байсан гэж үзсэн. Тийм учраас санал зөрөлдөж гарын үсэг зураагүй. Бусад заалтуудыг буюу шинжээчийн дүгнэлтийн 1,2,4,5,6,7 заалтуудад санал нэг байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 2018 оны 11 дүээр сарын 1-с өмнө хэрэгжиж  байсан ЗХД-н зүйл заалтаар гаргасан учир нь уг хэрэг 2017 оны 12 дугаар сард гарсан байдал хэвийн учраас жолооч нар тухайн үед хэрэгжиж мөрдөгдөж байсан дүрмийг л дагаж мөрдөх ёстой. Тийм учраас ЗХД-ээр дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

 

1.52. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,

 

1.53. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-24 дүгээр хуудас/,

 

1.54. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 29-32 дугаар хуудас/,

 

1.55. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-40 дүгээр дугаар хуудас/,

 

1.56. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

1.57. Ашид билгүүн ХХК-н 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

 

1.58. Ашид билгүүн ХХК-н 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2205 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 8 дугаар хуудас/,

 

1.59. Иргэний хариуцагч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сум орох ажлын зорилготой Улаанбаатар хотоос гарсан. Замд машин болж өгөхгүй хоносон. 10-ны өдөр Чойрт 12-13 цагийн алдад орж ирээд хоолонд ороод 14 цагийн үед хөдөлсөн. Чойроос 10 гаран километр явж байтал Б-н жолоодож явсан Х.Трак маркийн 17-10 УНТ гэнэт унтраад зам дээр зогссон. Тухайн үед би Лексус 570 маркийн машинтайгаа явж байсан. Би юу болсон талаар асуухад гэнэт зогсчихлоо гэсэн. Трак машины хойд талд түлшний машин тавиад урд талд нь би унаж явсан машинаа гэрэлтүүлж ослын дохионы гэрлээ асаагаад зогсоосон. Өвлийн хүйтэн өдөр байсан тул машин огт унтраагаагүй. 3 автомашины ослын дохиог байнгын ажиллуулж байсан. Тэр үед нар жаргаагүй гадаа гэгээтэй байсан. Бид нарыг тэнд зогссоны дараа 1 цаг гарны дараа нар жаргасан байхаа. Б хамт явсан хүмүүстэйгээ нийлээд машинаа асаах гэж ноцолдож байсан. Тухайн цаг мөчид тэр замаар хамгийн багадаа 200-300 машин явсан. Ер нь автомашин тасралтгүй явж өнгөрсөн. Тэр бүх машинуудад 1 километрийн цаанаас ослын дохионы гэрэл асаж байсан. Би өөрөө алхаж яваад харсан. Дэргэдүүр өнгөрч байгаа бүх автомашинууд хурдаа хасаад урдаасаа ирж байгаа машиныг өнгөрөөгөөд явж байсан. Жолооч нарт анхааруулах арга хэмжээг хангалттай авч байсан. Бид нарыг анзаараагүй байж байтал 1 машин дээгүүр нисээд замын цаад руу унасан. Би уг нь машиныг Трак машины хаанаас нь мөргөөд унасныг хараагүй. Сүүлд үзэхэд Трак машины зүүн хойд талын буланг мөргөөд зүүн хойш замаас гарч унасан. Манай компанийн машин тухайн байрлалаасаа огт хөдлөөгүй. Бид нарыг зүгээс зам тээврийн ослыг хийгээгүй, үйлдээгүй. Гэхдээ осол гарахад гагцхүү нөлөөлсөн хүчин зүйл байж магадгүй. Зам тээврийн осолд хамаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-р хуудас/,

 

1.60. ЭКО ВАТЕР ХХК-н 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05-01 дугаартай захиралын тушаал /2-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

1.61. 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000064105 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /2-р хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

1.62. 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2013/06 дугаартай усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /2-р хх-ийн 65 дугаар хуудас/,

 

1.63. Насанд хүрээгүй хохирогч Б.М-н амбулаторийн үзлэгийн дэвтэр /2-р хх-ийн 105-123 дугаар хуудас/,

 

1.64. Улаанбаатар хот дахь “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаарай тушаалын хуулбар, /2-р хх-ийн 133 дугаар хуудас/,

 

1.65. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаартай С.Амартүвшингийн хөдөлмөрийн гэрээ /2-р хх-ийн 134-135 дугаар хуудас/,

 

1.66. Улаанбаатар хот дахь “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /2-р хх-ийн 136 дугаар хуудас/,

 

1.67. Улаанбаатар хот дахь “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 91/18 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 137 дугаар хуудас/,

 

1.68. Т.Л-н 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны цалингийн судалгаа /2-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

1.69. Дорноговь аймаг Даланжаргалан сумын эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/136 дугаартай “Т.Л-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал /2-р хх-ийн 141 дүгээр хуудас/,

 

1.70. Дорноговь аймаг Даланжаргалан сумын эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай “Т.Л-г түр ажилд томилох тухай” тушаал, /2-р хх-ийн 142 дугаар хуудас/,

 

1.71. Т.Б-ны 2016 оны 09 дүгээр сарын 12-ноос 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалингийн судалгаа /2-р хх-ийн 144 дүгээр хуудас/,

 

1.72. Дорноговь аймаг Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /2-р хх-ийн 145 дугаар хуудас/,

 

1.73. Дорноговь аймаг Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/17 дугаартай Т.Б-г ажилд томилох тухай тушаалын хуулбар /2-р хх-ийн 146 дугаар хуудас/,

 

1.74. Б.М-н төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /2-р хх-ийн 150 дугаар хуудас/,

 

1.75. А-н Билгүүнд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгосон баримт /2-р хх-ийн 153-153 дугаар хуудас/,

 

1.76. Талийгаач Т.Б, Т.Л, С.А нарын нийгмийн даатгалын нотариатаар батлуулан хуулбар /2-р хх-ийн 154-159 дүгээр хуудас/,

 

1.77. Талийгаач Т.Б, Т.Л, С.А нарын зээлийн гэрээ /2-р хх-ийн 165-175 дугаар хуудас/,

 

1.78. Талийгаач Т.Л-н хохиролтой холбоотой баримтууд /2-р хх-ийн 177-226 дугаар хуудас/,

 

1.79. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 013 дугаартай С.А-н хөдөлмөрийн гэрээ /2-р хх-ийн 227-232 дугаар хуудас/,

 

1.80. Хохирогч Т.С-н эмнэлгийн баримт /2-р хх-ийн 234-238  дугаар хуудас/,

 

1.81. Хохиролтой холбоотой баримтууд /2-р хх-ийн 241-249 дүгээр хуудас/,

 

1.82. Түргэн тусламжийн дуудлагын хуудас /3-р хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

1.83. Талийгаач Т.Л-н өвчний түүх /3-р хх-ийн 14-22 дугаар хуудас/,

 

1.84. Хохирогч Т.С мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

А бид хоёр Улаанбаатар хотод амьдардаг байсан ба 2017 оны 01 дүгээр сард банкны автомашины лизингээр Приус-20 маркийн УНЛ 28-04 дугаарын машиныг авсан. Нийт 9 500 000 төгрөгийн машиныг сарын 360 000 төгрөгийн төлөлт хийж байсан. Машины төлбөрийг 2018 оны 11 дүгээр сард бүрэн төлж дуусгасан. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ах Б бэр эгч Л, дүү М нарыг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хүргэж өгөөд Айраг орж хүүхэдтэйгээ уулзахаар хотоос 14 цагийн алдад гарсан. 13 цагийн алдад ахыг аваад 14 цагийн үед хотоос гарсан. Замдаа зогсоогүй. Чойр дөнгөж зогсоод бие засаад хөдөлсөн. Нөхөр А машин бариад би дэргэд нь сууж ард ах Б, бэр Л, дүү М нар сууж явсан. Бэр эгч хагалгаанд ороод удаагүй ганц, хоёр хонож байсан. Мөн жаахан хүүхэдтэй тул талийгаач нөхөр маань тун зөөлхөн явж байтал гэнэт машин тулчихсан. Тэгээд ар талаас нь мөргөж замын хажуу тал руу унасан. Гэрэл гарсан бол мэдэгдэх ёстой. Тухайн машин ямар ч гэрэлтүүлэг байхгүй, таг харанхуй нөхцөлд машинаа байрлуулсан байсан. Уг ослоос бол нөхөр А, ах Б, бэр эгч Л нар өнгөрч М дүү маань өнчирсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

 

1.85. Иргэний хариуцагч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд туйлын гомдолтой байна. Хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор шалган тогтоох бодитой ажил хийхгүй байна. Хэт нэг талыг барьж асуудалд хандаж байна. Тухайлбал шинжээч томилсон тогтоолыг нэг ч удаа яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулж байгаагүй. Миний хувьд хуулийн дагуу хүсэлт гаргаж шинжээч болон гэрчүүдээс асуулт асууж мэдүүлэг авмаар байна. Би өөрсдийнхөө Үндсэн хуулиар олгогдсон нотлох баримт цуглуулах эрхийг эдэлмээр байна гэх мэт хэд хэдэн ажиллагааг хийлгэмээр байна. Бид хохирогч гэх хүмүүстэй уулзаж ярилцахыг маш олон удаа хүссэн боловч бид ойлголцохгүй. Хүн чанарын хувьд оршуулгын зардлын тодорхой хэмжээний мөнгийг өгье, төлье гэж хэлсэн боловч тэд асар их хэмжээний мөнгөн төлбөр биднээс шаардаж байна. Биднийг байнга алуурчин мэтээр цоллон дуудаж байна. Бид хүн алаагүй. Бид санаатайгаар бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэж бодож байгаа. Эдгээр асуудлуудаар тусгайлан гомдол хүсэлт гаргах бодолтой байгаа. Миний хувьд осол болох үед тухайн цаг хугацаанд өөрийн биеэр газар дээр нь байсан хүний хувьд осол болохоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байсан. Энэ авч байгаа арга хэмжээ маань хэр дүнтэй байгааг би өөрөө хэд хэдэн удаа шалгаж байсан. Тухайн цаг үед замаар 200-300 машин явж өнгөрсөн. Тэр машинууд бол зам дээр зогсож байсан машиныг хараагүй байх, эсвэл гэнэт харах боломж байхгүй. Учир нь тухайн зам дээр зогсож байсан 3 машиныг 1 км орчмын цаанаас харах бүрэн боломжтой байсан. Үүнийг би өөрийн биеэр шалгаж үзэж байсан. Ийм учраас бид бусдад анхааруулах тэмдэг тавиагүй, анхааруулах дохионы гэрэл асаагүй гэж буруутгаж байгаа хуулийн үндэслэлийг үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийгээ нотлох баримт цуглуулах боломжийг бидэнд олгож өгнө үү.

17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зам дээр унтраад зогссоны дараа хойд талд нь түлшний зориулалт бүхий Кантер маркийн автомашиныг гэрэл дохиог нь ажиллуулаад хойд хэсэгт нь, урд хэсэгт нь Лексус-570 маркийн автомашиныг ослын дохиог ажиллуулж байршуулчихаад би өөрөө зам дагаж хойд зүг рүү явган алхаад хаанаас жолооч нарт харагдаж байна вэ гэдгийг нар жаргахаас өмнө хойно 3-4 удаа явж шалгасан. Харин 17-10 УНТ  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын гурвалжин бол байгаа үгүйг мэдээгүй. Ослын дохионы гэрлүүд ажиллаж байсан учраас ослын дохионы тэмдгийг байрлуулах шаардлагагүй гэж үзсэн... Нэмж хэлэхэд ослын А цэг бол миний бодож байгаагаар яг тэр зүүн хойд талын гэрэл дохио байгаа юм... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 148 дугаар хуудас/,

 

1.86. Хохирогч Т.С-н нэхэмжилж буй хохирлын тооцоолол /3-р хх-ийн 193 дугаар хуудас/,

 

1.87. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-н нэхэмжилж буй хохирлын тооцоолол /3-р хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

1.88. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-н нэхэмжилж буй хохирлын тооцоолол /3-р хх-ийн 195 дугаар хуудас/,

 

1.89. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-н тэжээгчээ алдсаны тэтгэврийн тооцоолол /3-р хх-ийн 196 дугаар хуудас/,

 

1.90. Хохирогч Т.С-н тэжээгчээ алдсаны тэтгэврийн тооцоолол, /3-р хх-ийн 193 дугаар хуудас/,

 

1.91. Тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэрэг /3-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/,

 

1.92. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн баримт /3-р хх-ийн 200 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо Нyundai Truck маркийн 17-10 УНТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч /Засгийн Газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан “Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн 6.3.в-д зааснаар “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэснийг биелүүлээгүй нь мөн дүрмийн 1.5 дахь заалтын “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөний улмаас Тоёото Приус - 20  маркийн 28-04 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, Тоёото Приус - 20 маркийн тээврийн хэрэгсэлд 5 930 000 төгрөгийн хохирол, зорчигч Т.С, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Т.Л, С.А, Т.Б нарын амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Л.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...миний үйлчлүүлэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яллах дүгнэлтийн гол нотлох баримт нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт болж байгаа юм. Уг дүгнэлтэд ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №1424 дүгнэлтийн 1, 5 дахь хариултад тусгасан байна... Энэ дүгнэлт нь үндэслэлгүй байна. Тоормосны хийн даралт 1 минут 38 секундэд 1,2 дгс/см2 даралтаар унах, түлш шахах гар насосны жийрэг сэтэрч сэмрэх нөхцөл байдал нь хойд дохионы гэрлүүд болон баруун урд оврын гэрлүүд ослын өмнө гэмтсэнийг гэрчлэх шалтгаан үндэслэл болохгүй. Автомеханикийн, физикийн ямар үзүүлэлт, үзэгдлээр ийм дүгнэлт хийх болсон нь ойлгомжгүй юм. Тодруулбал, хоорондоо ямар нэгэн авцалдаагүй, шүтэлцээгүй нөхцөл байдлыг харьцуулж дүгнэсэн гэж үзэхээр байна...

Н.Б-н жолоодож явсан Hyundai Truck маркийн 17-10 УНТ дугаартай автомашин үнэхээр зайлшгүй зогсолт хийсэн нь шинжээчийн 189 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.б, 6.3.в-д заасан заалтыг баримталж ослын дохионы гэрлүүдийг асаасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна... Зам тээврийн ослын хамгийн гол нотлох баримт болох Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр Hyundai Truck маркийн машины урд зогсож байсан Toyota Lexus-570 маркийн 43-80 УНД дугаартай автомашин, мөн хойно нь зогсож байсан Canter маркийн 97-51 УНС дугаартай автомашиныг огт тусгаагүй байдаг... Энэ алдаагаа засахаар 4 сарын дараа нөхөн үзлэг хийсэн нь ойлгомжгүй...

Цагдаагийн албан хаагчид Д.Ө, С.Д нар хэрэг, ослын газрыг хамгаалалтад авч, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байх бөгөөд тэр үед Canter маркийн 97-51 УНС дугаарын автомашин Hyundai Truck автомашины ард зогсож байгаа нь зам тээврийн ослын дүр зургийг бүрэн өөрчлөхөөр харагдаж байна...

Хэрэг учралын бодит байдал, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлдлүүлэгчийн үйлдлийн улмаас энэхүү харамсалтай зам тээврийн осол болсон гэж үзэж болохгүй байна...

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын 1.1, 1.3 дахь хэсэг тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Н.Б-г гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №1424 дугаартай дүгнэлтэд гаргасан шинжээч Г.Ц нь шүүх хуралдаанд “...Зүүн хойд дохионы гэрлүүд асахгүй байсан. Шалтгааныг нь тогтоох зорилгоор шинжлэхэд гэрлийн чийдэнгийн потрол утас нь тасарсан, чийдэнгийн гэрэл нь фотроноосоо салж хөндийрсөн, зай завсраар нь шороо мэт зүйлээр бохирлогдсон шинж тэмдэгтэй байсан. Энэ шинж тэмдэг нь богино хугацаанд үүсэхгүй. Энэ гэмтэл үүссэнээс хойш гадна талаараа шороо мэт зүйлээр бохирлогдсон байгаа учраас энэ нь богино хугацаанд үүсэхгүй, ашиглалтын явцад удаан хугацаанд үүсдэг шинж тэмдэг....” гэж мэдүүлдэг ба тухайн хэрэг болох үед шүүгдэгч Н.Б-тэй хамт явж байсан гэрч болох М.Ж, Д.О, Д.Б нар нь Нyundai Truck маркийн 17-10 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ямар нэгэн байдлаар гэмтэлтэй байсан талаар мэдүүлээгүй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №1424 дугаартай дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Мөн шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд “...Ослын дохионы тэмдэг байгаагүй. Байгаагүй учраас тавиагүй нь миний буруу болсон байх...” гэж мэдүүлдэг ба энэ нь

хохирогч Т.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Гадаа харанхуй байсан, би замаа давхар хараад явж байтал өмнөөс гэнэт зам дээр том оврын ачааны машин тулаад ирсэн. Манай нөхөр машинаа зүүн гар тал руугаа дарсан боловч мөргөж осол болсон...” гэх мэдүүлэг,

гэрч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины аккумлятор суусан гээд ард талд аваарын гэрэл асаагаад зогсож байсан Кантер маркийн машин баруун хажуу талаараа шороон хөвөөгөөр оруулаад аккумлятороо холбох гэж байсан. Тэгтэл хүчтэй түс гэсэн чимээ гараад кабин доргих шиг болсон, би юу болов гээд гайхаад сууж байсан чинь машины хаалга нээгээд буугаарай гэсэн. Машины кабинаас буугаад ирсэн чинь бид хэдийн зогсож байсан засмал замын зүүн тал руу жижиг суудлын авто машин онхолдсон дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан...

...Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины явж байсан. Эгнээндээ унтараад хөдлөөгүй, замаа чөлөөлж чадаагүй. Ар талдаа ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Трак унтрахаараа хөдөлгөх боломжгүй болдог гэсэн. Тэгээд Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машиныг асаах гээд ухсан. Б ах өөрөө машинаа ухаад бид хэд тусалсан. Тухайн газарт зогсоход нар шингээгүй гэгээтэй байсан, цагийг нь мэдэхгүй байна. Тэгээд машин асахгүй ухсаар байгаад нар шингээд харанхуй болсон. Тэгээд машинаа асаах гээд ухаад байж байтал түс гэсэн чимээ гараад Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машин жоохон хөдлөөд дайвалзсан. Тэгээд юу болов гээд харсан чинь бид хэдийн зогсож байсан засмал замын зүүн тал руу нэг жижиг суудлын авто машин онхолдсон дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан...

...Х.Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай авто машины явж байсан эгнээндээ унтраад хөдлөөгүй. Замаа чөлөөлж чадаагүй, ар талдаа ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан. Мөн аккумлятор нь муу учраас аваарын гэрлээ асаагаагүй байсан. Би өөрийнхөө Кантер маркийн 97-51 УНС улсын дугаартай авто машинаа Х.Трак маркийн авто машины ар талд байрлуулаад аваарын гэрлийг нь асааж зогсож байсан. Осол болохоос өмнө Х.Трак машиныг холбож асаахаар баруун гар талаар нь засмал замын шороон хөвөөн дээр байрлуулсан байсан. Миний машины аваарын гэрэл асаалттай байсан…” гэх мэдүүлэг,

гэрч Д.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг ослын газарт очиход Трак маркийн хүнд даацын автомашины ар талд Кантер маркийн авто машин байгаагүй. Сүүлд үзлэг хийхэд Кантер маркийн авто машиныг Трак маркийн автомашины ар талд гаргаж ирж байршуулсан харагдсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Харин гэрч Д.О, Д.Б нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь эргэлзээтэй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Мөн уг хэрэгт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх шинжээчийн дүгнэлт 5 удаа гарсан. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалт, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалт, 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн №336 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалт тус бүрт “Хюндай Трак маркийн 17-10 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.” гэснийг зөрчсөн талаар дүгнэсэн ба 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 6 дахь заалтад “Хюндай Трак маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” гэж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 6 дах заалтад “Hуundai Truck  маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б-н ослын дохионы зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй үйлдэл нь уг зам тээврийн осол гарах нөхцлийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна” гэж тус тус дүгнэснийг шүүхээс үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Л.Н нь “...тэр үед Canter маркийн 97-51 УНС дугаарын автомашин Hyundai Truck автомашины ард зогсож байгаа нь зам тээврийн ослын дүр зургийг бүрэн өөрчлөхөөр харагдаж байна...” гэх дүгнэлтийг гарсан боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Э.Э-н “...Хэрвээ гэж асууж байгаа бол хэрвээ Нyundai Track маркийн ар талд Кантер маркийн автомашин зогсож байсан бол Приус-20 маркийн автомашин магадгүй Кантер маркийн автомашиныг мөргөх байсан байх. Урд нь буюу дунд зогсож байсан машин осолд холбогдохгүй байх боломжтой. Хамгийн ард зогсож байсан машиныг мөргөсөн үйлдэл байгаа...” гэх мэдүүлдэг ба 1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр Hуundai Truck  маркийн 17-10 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн зүүх хойд хэсэгт /эвдэрсэн тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүд гэрэл зургаар харагдаж байгаа/ Тоёото Приус-20 маркийн 28-04 УНЛ дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн болох нь тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Н.Б нь ослын дохионы зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүйгээс энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.

                   

          Иймд шүүгдэгч Н.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Н.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 2-р хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2.2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

2.3. Хохирогч С.Я-н хохирол төлбөрийн тухай гаргасан хүсэлт /4-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

2.4. Хохирогч Т.С-н хохирол төлбөрийн тухай гаргасан хүсэлт /4-р хх-ийн 2 дугаар хуудас/,

 

2.5. Хохирогч С.Т-н хохирол төлбөрийн тухай гаргасан хүсэлт /4-р хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Л.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан. Уг гэмт хэрэг гарах үед Н.Б нь замын хөдөлгөөнд идэвхитэй оролцоогүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан хөнгөрүүлэх шинж байгаа. Өөрөөр хэлбэл осол болсныг мэдмэгц хохирогчид туслалцаа үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шинжээчийн бүх дүгнэлтүүдэд талийгаач С.А-г Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байдаг ба энэ заалтад гэм буруугийн талаар огт дурдаагүй. Хамгийн гол нөхцөл нь хохирлоо нөхөн төлсөн тухай юм. Шүүгдэгч Н.Б болон иргэний хариуцагчийн зүгээс хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн. 47 000 000 /дөчин долоон сая/ төгрөг төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдаанд хэлж нэхэмжлэх зүйлгүй талаараа дурьдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалт нь шүүгдэгч Н.Б-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй шууд холбогдож байгаа юм. Уг гэмт хэрэг нь 2-оос 8 жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэг.

Иймд шүүгдэгч Н.Б-н дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хорих ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж заасан бөгөөд энэ нь заавал хэрэглэх шинжтэй захирамжилсан заалт биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хор уршгийн хувьд энэ гэмт хэргийн улмаас Т.Л, С.А, Т.Б нарын амь нас хохирсон, мөн гэмт хэрэг гарах үед 1 нас 9 сартай байсан Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Б.М нь бүтэн өнчин үлдсэн, хохирогч Т.С-н 6 настай хүү А.Б нь хагас өнчин үлдсэн зэрэг нөхөн төлж болохооргүй хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Энэ хэрэгт хураагдан ирсэн Дашваанжил газын клонкийн зүүн талаар өнгөрдөг засмал замын хяналтын камерийн бичлэгээс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 13 минут 14 секундээс 14 цаг 28 минут 05 секундийн хоорондох бичлэгийг АNGTE гэсэн бичиглэл бүхий 5 ширхэг DVD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгч Н.Б-н В,С,D,Е ангилалын 263781 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш-д овгийн Н-н Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 

2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн Дашваанжил газын клонкийн зүүн талаар өнгөрдөг засмал замын хяналтын камерийн бичлэгээс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 13 минут 14 секундээс 14 цаг 28 минут 05 секундийн хоорондох бичлэгийг АNGTE гэсэн бичиглэл бүхий 5 ширхэг DVD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж,

шүүгдэгч Н.Б-н В,С,D,Е ангилалын 263781 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Н.Б-н хорих ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ