Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01140

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01140

 

 

Ц.Нүрзэдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00511 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сандэй ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд 52 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэдийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхрын автомашины №9 тоот зогсоолыг худалдаж авахаар автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 11 сарын 20-ны өдөр Сандэй ХХК-тай байгуулсан. Гэрээний 2.1-д зааснаар авто зогсоолын үнэ болох 29 000 ам долларыг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэтэл гүйцэтгэгч тал автомашины №9 тоот зогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх болон эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй хохироосоор байна. Энэ талаар удаа дараа хэлж шаардсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичиг баримтыг гаргаж өгөхгүй, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж чадахгүй эрх нь зөрчигдөж байна. Хариуцагчийн хууль болон гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө зөрчигдөн хохирч байгаа тул эрхээ хамгаалуулахаар өмгөөллийн хөлс 500 000 төгрөг төлсөн. Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас авто зогсоолын үнэ 52 200 000 төгрөг, өмгөөллийн зардал 500 000 төгрөг, нийт 52 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сандэй ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь Пийс Тауэр ХХК-аас оффис үйлчилгээний талбай захиалан гэрээ байгуулсан. Тухайн үед Сандэй ХХК-ийн санхүүгийн ажилтан гэрээгээр хүлээсэн үүрэг болох алдангийг 50 хувиас хэтрүүлэн Нүрзэдэд төлсөн байдаг ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан В1 давхрын 9 тоот зогоолын мөнгийг үйлчилгээний талбайн алдангид суутгаад дээрх талбайнуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсанг. Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 52 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь огт үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Сандэй ХХК-аас 52 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нүрзэдэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нүрзэдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сандэй ХХК-аас 418 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нүрзэдэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авто зогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, авто зогсоолыг 29 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар зогссолыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Зогсоол 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад орсон. Нэхэмжлэгч зогсоолыг ашиглаж эхлээд удалгүй гэрээг цуцалж буцаан хүлээлгэн өгснөөр зогсоолыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Харин 29 000 ам.долларыг Ц.Нүрзэдийн худалдан авсан бусад талбайн алданид тооцож, үүргийг шилжүүлж тооцсон. Энэ тухай Ц.Нүрзэд гараараа бичсэн тооцооны баримт байх бөгөөд тухайн үед хариуцагч компанийн санхүүгийн албаны дарга Д.Ариунаа гэрчээр мэдүүлэг өгсөн.

Гэрээг Ц.Нүрзэдийн хүсэлтээр цуцалж, үүрэг дуусгавар болсон байхад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 6 жил гэх дүгнэлт буруу. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг шаардаагүй бөгөөд татгалзал, үүрэг нь дуусгавар болсоны үр дүнд өгсөн мөнгөө буцаан шаардсан. Маргааны зүйл болох 29 000 ам.долларыг бусад гэрээний үүрэгт шилжүүлж тооцсон тухай баримтын талаар нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд уг баримтын агуулга тодорхойгүй бол нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай. Энэ талаар нэхэмжлэгчтэй уулзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 52 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, нийт 52 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхрын 9 тоот автозогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд буюу 2013 оны 6 дугаар сарын 30-ны дотор хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь автозогсоолын үнэд 29 000 ам.доллар төлөх үүрэг хүлээж, 29 000 ам.доллар төлсөн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, төлбөрөө буцаан шаардсаныг буруутгах үндэслэл тогтоодсонгүй. Тодруулбал, хариуцагч нь гэрээний зүйл болох автозогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд буюу 2013 оны 6 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байхын зэрэгцээ уг автозогсоол нь иргэн С.Наранцацралтын өмчлөлд бүртгэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээг цуцалснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэх тул түүний гэрээний үнэд төлсөн 29 000 ам.долларыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...автозогсоолын үнэд төлсөн 29 000 ам.долларыг Ц.Нүрзэдтэй тохиролцож өөр гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч уг тайлбараа эргэлзээгүй нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох автозогсоол нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагүй дуусаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 309 тоотод байрлах 175.11 м.кв талбай, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 204 тоотод байрлах 133.51 м.кв талбай, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1106 тоотод байрлах 133.41 м.кв талбайг тус тус худалдан авахаар хариуцагч Сандэй ХХК-тай худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх боловч тэрээр дээрх объектуудыг хугацаандаа ашиглалтад ороогүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, м.кв-ын зөрүү, алданги, үлдэгдэл тооцоо болох 20 хувийг төлөх талаар бичгийн хүсэлтийг хариуцагч компанид гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан талбайн алдангид 29 000 ам.долларыг шилжүүлэн тооцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ