Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00431

                 Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, 51 дүгээр байрны 36  тоотод оршин суух, Чоно долоо овогт Цагдаагийн Нүрзэд /РД:НЗ60063078/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр барилга, 15 давхар, 1505 тоотод байрлах, “Сандэй” ХХК /РД:2068966/-д холбогдох

 

Гэрээ цуцалж 52,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээ, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг давсгэрт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхарын автомашины №9 тоот зогсоолыг худалдаж авахаар “Автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2012 оны 11 сарын 20-ны өдөр “Сандэй” ХХК-тай байгуулсан байдаг.

“Авто зогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.1-д зааснаар авто зогсоолын үнэ болох 29,000 ам долларыг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Гэтэл гүйцэтгэгч тал тус гэрээний 3.1-д заасан “В1 давхарт байрлах автомашины №9 тоот зогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх”, 3.4-д заасан “ Гүйцэтгэгч нь эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэх” үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөдер хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй хохироосоор байна.

Захиалагчийн зүгээс гэрээний үургээ биелүүлж, В1 давхарт байрлах автомашины №9 тоот зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг удаа дараа хэлж шаардсан боловч Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичиг баримтыг гаргаж өгөхгүй, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж чадахгүй эрх нь зөрчигдөж байгаа юм.

Хариуцагч “Сандэй” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасан “В1 давхарт байрлах автомашины №9 тоот зогсоолыг 2013 оны 2-р улиралд багтаан Захиалагч талд хүлээлгэн өгөх” гэрээний үүргээ биелүүлэхгүй 3 жил 5 cap өнгөрсөн боловч “хүлээж бай” гэдэг хариу өгсөөр өдий хүрч байна.

Хариуцагчийн хууль болон гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжпэгчийн эрх, эрх чөлөө зөрчигдөн хохирч байгаа тул эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлс 500,000 төгрөг төлсөн.

Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас авто зогсоолын үнэ 52,200,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг нийт 52,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь Пийс Тауэр ХХК-аис оффис үйлчилгээний талбай захиалан гэрээ байгуулсан байдаг.

Тухайн үед “Сандэй” ХХК-ийн санхүүгийн ажилтан нар гэрээгээр хүлээсэн үүрэг болох алдангийг 50 хувиас хэтрүүлэн Нүрзэдэд төлсөн байдаг ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурьдсан В1 давхарын №9 тоот зогоолын мөнгийг үйлчилгээний талбайнхаа алдангид суутгаад дээрх талбайнуудынхаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 52,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь огт үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөөрөх боломжгүй” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан гэрээ цуцлаж 52,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 40,931,800 төгрөг гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

           

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Сандэй ХХК-тай Автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/1120 дугаартай гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хуучнаар Пийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхрын 9 тоот автомашины зогсоолыг захиалжээ.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 29,000 ам.долларыг хариуцагч Сандэй ХХК-ийн 511413228 тоот дансанд бүрэн төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулдагдсан. Хариуцагч нь 9 тоот зогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхгүй өнөөдрийг хүрсэн учраас гэрээг цуцалж, гэрээний дагуу 29,000 ам.доллар төлсөн учраас Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцож төгрөг  /29,000 ам.доллар х 1,394.20 төгрөг/ 40,431,800 төгрөг, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг, нийт 40,931,800 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасан байна.

 

Худалдан авагч тал болох Ц.Нүрзэд нь уг автозогсоолын үнийг буюу 29,000 ам.долларыг худалдагч тал буюу Сандэй ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, мөн хуулийн 204.2-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж тус тус заажээ. 

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д заасан үүргээ зөрчсөн тохиолдолд захилагчийн саналаар цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл бүхий саналыг бичгээр авч шийдвэрлэх”-ээр талууд харилцан тохиролцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг ба нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэрээг цуцлах саналаа удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ талаар албан ёсоор мэдэгдсэн баримт байхгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Сандэй ХХК-тай Автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/1120 дугаартай гэрээгээр хариуцагч нь 2013 оны 2 дугаар улиралд буюу 2013 оны 6 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч талд автозогсоолыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь автозогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдлоо.

 

Хариуцагч энэ тухайгаа нэхэмжлэгчийн өөр үүрэгт төлөх мөнгөнд суутгаж тооцохоор талууд тохиролцсон учраас автозогсоолыг нэхэмжлэгч талд өгөх үүрэг дуусгавар болсон. Одоо нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж тайлбарласан.

Уг автозогсоолыг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан байх ба үүнээс үзвэл хариуцагч гэрээнд заасан хугацаанд зогсоолын барилгыг бүрэн барьж дуусгасан гэж үзэхээр байна.

 

Зохигч талуудын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй ба ийнхүү тооцвол 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор шаардлага гаргах эрхтэй байсан гэж үзэхээр байна.

 

Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нь үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлээгүйгээр 3 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байх ба нэхэмжлэгч нь “удаа дараа шаардсан боловч хүлээж бай гэж хэлдэг байсан” гэж тайлбарласан боловч энэ тайлбарыг нь нотлох баримт байхгүй тул шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээний үүрэг болж байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэсэн энэ хугацаа үйлчлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч эрхээ хамгаалуулах асуудал нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд зайлшгүй зардал гэж тооцох үндэслэлгүй байна.

 

Ийм учраас хуулийн дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 40,931,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                               

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагч “Сандэй” ХХК-иас 40,931,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Нүрзэдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА