Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

            Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуу овогт Даваажавын Ад холбогдох эрүүгийн 1709018130080 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.А нь “Буянт ухаа” хороололд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэтгэвэрийн хүмүүст олгож байгаа квотын байранд оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар иргэн Г.Ариунтөр, С.Үзмээ, С.Даваа нарыг хуурч:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДИНО” дэлгүүр дотор иргэн Г.Ариунтөрөөс “ХААН” банкны 5112112215 тоот данснаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 2.850.000 төгрөгийг иргэн С.Даваагаас бэлнээр, мөн газар иргэн Г.Ариунтөрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ХААН” банкны 5026757181 тоот дансаар 3.000.000 төгрөгийг, мөн газар 2017 онд бэлнээр 150.000 төгрөгийг тус тус авсан,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын “ХААН” төвийн В-1

давхарт иргэн С.Даваагаас 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд бэлнээр 5.000.000 төгрөгийг авсан,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим иргэн С.Үзмээгээс 2015 оны 11 сараас 2017 оны 05 сарын хооронд “ХААН” банкны 5026757181 тоот данс ашиглан 5.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч С.Үзмээ 5.300.000 төгрөг нэхэмжилсэн байна. Надад 5.000.000 төгрөг өгсөн. 300.000 төгрөг нь хүү нь гэж хэлсэн. Тэгээд би байгаа 5.000.000 төгрөгөө өгсөн” гэв.

            Хохирогч С.Даваагийн: “…А нь надтай уулзаад би Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урьдчилгаа төлбөргүйгээр байр олгож байгаа. Танай ээжийн нэр дээр чамайг байранд оруулж өгье гэсэн ... Д.Ариунаа над руу яриад би хүнтэйгээ уулзаж ярилцсан чи хорооны тодорхойлолт, гэр бүлийн зураг мөн хүмүүст өгөх урьдчилгаа 2.500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд эхлээд бэлнээр 2.500.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өөрийн тухайн үед ажиллаж байсан газар болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороололд Хаан төв В-1 давхарт нягтлаг бодогч хийж байхдаа өгсөн ... 2017 оны 2 дугаар сард Д.Ариунаа над руу яриад худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа тул гэрээгээ ирж авна уу, ирэхдээ 2.500.000 төгрөгийг бэлнээр авчраарай гэж хэлсэн. Тэгтэл Д.Ариунаа дахин манай ажил дээр ирээд бэлнээр 2.500.000 төгрөгийн бэлнээр авч явсан ба надад худалдах, худалдан авах гэрээ надад авчирч өгсөн ... байрны талаар асуухаар 2017 оны 02 дугаар сард цагаан сар таарсан ба улмаар 2017 оны 03 дугаар сард Ардын намын баяр таарчихлаа дараагаар нь сонгууль, наадам, шинэ жилээр, цагаан сараар оруулна гэж хэлээд худлаа яриад яваад байгаа ... Сүүлдээ бүүр надаас мөнгө аваагүй гэж хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Хохирогч Г.Ариунтөрийн: “... Би Ариунаа гэх хүнтэй 2017 оны 04 сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар 2017 оны 06 сарын 20-ны өдөр гэрчилгээг олгож байранд оруулна гэж заасан байгаа боловч тухайн цаг хугацаанд оруулдаггүй юм. Тэгээд тэрнээс хойш гэрээнд заасан хугацаа өнгөрч байранд орж чадахгүй байгаа ... халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажилладаг учир энэ ажлыг бүтээнэ гэж надад хэлсэн ... Ариунаа хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг иргэд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Баянгол зөвлөл, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажилладаг учир энэ ажлыг бүтээнэ гэж надад хэлсэн... Би 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДИНО” дэлгүүрийн хоёрдугаар давхраас Буянт-Ухаа 2 хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хямдхан байранд орохоор өөрийн “Хаан” банкны 5112112215 тоот данснаас С.Даваагийн “Хаан” банкны 5058079749 тоот данс руу 2.850.000 төгрөгийг дараагаар нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мөн ажлын байрнаасаа Ариунаагийн 5026757181 тоот данс руу нэмж 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Дараагаар нь Ариунаа надаас 150.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-30, 32/,

Хохирогч С.Үзмээгийн “... Анх Ариунаа нь тэр байрыг 50 хувийн хөнгөлттэй олдоно гэж ярихаар нь би итгээд мөнгөө өгсөн. Одоогоор нэг ч төгрөгийг буцааж аваагүй учраас өгсөн 5.300.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-35/,

Д.Ариунаагийн яллагдагчаар өгсөн: “...надад сонсгож байгаа ялын зүйг ангййг хүлээн зөвшөөрч байна ... Би хохирогч Г.Ариунтөрөөс 5.500.000 төгрөгийг, С.Үзмээгээс 5.300.000 төгрөгийг, С.Даваагаас 5.000.000 төгрөгийг авсан нь үнэн .. би дээрхи 3 хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байранд оруулах гэж байгаа тэндээс байр авч өгнө хэмээн авсан юм ... надад мөнгө хэрэгтэй байсан учраас би худлаа ярьж мөнгө олоод өөрийн ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан юм. Тэрнээс биш хүн амьтанд мөнгө өгөөгүй бөгөөд Засгийн газраас ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байранд оруулна гэдэг нь худлах байсан ...” гэх мэдүүлэх /хх-47-48/,

             Д.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-47-55/ зэрэг болно.

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.А нь “Буянт ухаа” хороололд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэтгэвэрийн хүмүүст олгож байгаа квотын байранд оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар иргэн Г.Ариунтөр, С.Үзмээ, С.Даваа нарыг хуурч:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДИНО” дэлгүүр дотор иргэн Г.Ариунтөрөөс “ХААН” банкны 5112112215 тоот данснаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 2.850.000 төгрөгийг иргэн С.Даваагаас бэлнээр, мөн газар иргэн Г.Ариунтөрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ХААН” банкны 5026757181 тоот дансаар 3.000.000 төгрөгийг, мөн газар 2017 онд бэлнээр 150.000 төгрөгийг тус тус авсан,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын “ХААН” төвийн В-1 давхарт иргэн С.Даваагаас 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд бэлнээр 5.000.000 төгрөгийг авсан,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим иргэн С.Үзмээгээс 2015 оны 11 сараас 2017 оны 05 сарын хооронд “ХААН” банкны 5026757181 тоот данс ашиглан 5.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Даваагийн мэдүүлэг /хх-27-28/, хохирогч Г.Ариунтөрийн мэдүүлэг /хх-30, 32/, хохирогч С.Үзмээгийн мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Д.Агийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А нь бусдад нийт 16.300.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Г.Ариунтөрд 6.000.000 төгрөг, С.Даваад 5.000.000 төгрөг, С.Үзмээд 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх ба хохирогч С.Үзмээд төлөх хохирлоос 300.000 төгрөгийг төлөөгүй байна.

Д.Ариунаа нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Агаас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Үзмээд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай…” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас гарсан хохирол төлбөрт 16.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 300.000 төгөргийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүний хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Мөн нөхөр нь группэд байдаг. Эцэг нь зүрхний өвчтэй, бие нь маш муу байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан баримттай хохирлоо нөхөн төлсөн, мөн цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                     

            1. Зээрд овогт Даваажавын Аг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Агаас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Үзмээд олгосугай.

4. Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Д.Ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ИДЭР