Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 04 дугаартай прокурорын дүгнэлтээр холбогдох эрүүгийн 1709018130080 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1973 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 13-17 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Д.Ань Буянт ухаа хороололд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэтгэвэрийн хүмүүст олгож байгаа квотын байранд оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар иргэн Г.Ариунтөр, С.Үзмээ, С.Даваа нарыг хуурч:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДИНО” дэлгүүр дотор иргэн Г.Ариунтөрөөс ХААН банкны 5112112215 тоот данснаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 2.850.000 төгрөгийг иргэн С.Даваагаас бэлнээр, мөн газар иргэн Г.Ариунтөрөөс 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ХААН банкны 5026757181 тоот дансаар 3.000.000 төгрөгийг, мөн газар 2017 онд бэлнээр 150.000 төгрөгийг тус тус авсан,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ХААН төвийн В-1 давхарт иргэн С.Даваагаас 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд бэлнээр 5.000.000 төгрөгийг авсан,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн орчим иргэн С.Үзмээгээс 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын хооронд ХААН банкны 5026757181 тоот данс ашиглан 5.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэжээ.

 

 Баянгол дүүргийн прокурорын газрын прокурор Г.Ганхөлөгийн бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Д.Ань Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэгдсэн байна.

Дээрх хэргийн яллагдагч Д.Атай холбоотой 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цэрэндолгорт хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.600.000 төгрөгийг авч залилсан,

мөн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориуд бий болгон “Буянт ухаа-2 хороололд орон сууцанд хөнгөлөлттэй үнээр оруулж өгнө" гэж бусдыг хуурч иргэн Х.Дашцэрэнгээр дамжуулан иргэн Б.Гэрэлээс 3.780.000 төгрөгийг, иргэн Д.Гэрэлмаагаас 6.315.000 төгрөгийг, иргэн Х.Дашцэрэнгээс 3.000.000 төгрөгийг, иргэн Д.Эрдэнэтуяагаас 6.150.000 төгрөгийг, иргэн Ц.Сарантуяагаас 6.280.000 төгрөгийг, иргэн Э.Мөнх-Ундрамаас 5.380.000 төгрөгийг залилан авч, нийт 30.905.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Батжаргал, Г.Батцэнгэл нараас өрх толгойлсон эмэгтэйчүүдэд намын шугамаар байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож "Драгон" төвийн хаан банкаар дамжуулж 10.000.000 төгрөгийг залилан авч, нийт 44.505.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэж үзэж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1805001530938 дугаартай хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоос үзвэл яллагдагч Д.Ань 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 8-ны өдрийн хооронд иргэн Г.Ариунтөрөөс нийт 6.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд С.Даваагаас нийт 5.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын хооронд иргэн С.Үзмээгээс нийт 5.300.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 16.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үргэлжилсэн үйлдэл бүхий залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон.

Тодруулбал, яллагдагч Д.Агийн энэ холбогдсон хэргүүд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоос өмнө үйлдэгдсэн байх бөгөөд түүний урьд шийтгүүлсэн болон Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн энэ хэрэгт холбогдсон үйлдлүүд нь цаг хугацааны хувьд 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд урд хойноо орсон үйлдлүүд байна.

Яллагдагч Д.Агийн холбогдсон залилах гэмт хэргийн хамгийн сүүлийн үйлдэл нь 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна" гэж зааснаар тухайн үед дагаж мөрдөж байсан буюу 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох болон гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэгэн зүйлд хамаарах нэг гэмт хэргийг бүхэлд нь нэг мөр зүйлчилж, нэг яллах дүгнэлтээр шүүхэд ирүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн 1709018130080 дугаартай хэргийг эрүүгийн 1805001530938 дугаартай хэрэгт нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж, Д.Ад холбогдох хэргийг нэгтгэж эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Зээрд овогт Даваажавын Ариунааг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болжээ.

 

Гэтэл Д.Агийн дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн буюу Д.Ань 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цэрэндолгорт хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.600.000 төгрөгийг авч залилсан,

мөн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориуд бий болгон “Буянт ухаа-2 хороололд орон сууцанд хөнгөлөлттэй үнээр оруулж өгнө" гэж бусдыг хуурч иргэн Х.Дашцэрэнгээр дамжуулан иргэн Б.Гэрэлээс 3.780.000 төгрөгийг, иргэн Д.Гэрэлмаагаас 6.315.000 төгрөгийг, иргэн Х.Дашцэрэнгээс 3.000.000 төгрөгийг, иргэн Д.Эрдэнэтуяагаас 6.150.000 төгрөгийг, иргэн Ц.Сарантуяагаас 6.280.000 төгрөгийг, иргэн Э.Мөнх-Ундрамаас 5.380.000 төгрөгийг залилан авч, нийт 30.905.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Батжаргал, Г.Батцэнгэл нараас өрх толгойлсон эмэгтэйчүүдэд намын шугамаар байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож "Драгон" төвийн хаан банкаар дамжуулж 10.000.000 төгрөгийг залилан авч, нийт 44.505.000 төгрөгийн хохирол учруулсан  хэрэгт  Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан болох нь 1805001530938 дугаартай эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Аг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх үед дээрх эрүүгийн хэргүүдийг үйлдсэн талаар шүүх мэдэх боломжгүй байжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заахдаа зөвхөн ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол хэрхэхийг зохицуулаад, ял оногдуулахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан бол хэрхэх асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг үүсгэсэн.

 

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулиар ялтны ял эдлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэсэн тохиолдолд ялуудыг хэрхэн нэгтгэх журмыг хуульчлаагүй нь шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байдалд хүргэж байна.

 

Иймд Д.Агийн үйлдсэн гэх хэргүүд нь цаг хугацааны хувьд нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой хэмээн бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1709018130080, 1805001530938 дугаартай хэргүүдийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ад холбогдох 1709018130080, 1805001530938 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ