Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 904

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.О*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох,

Гуравдагч этгээд: М******* ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******, түүний өмгөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.О******* миний бие 2002 онд гэр бүлийн хүнтэйгээ хамтарч Дэн Оюу хоршоог байгуулсан бөгөөд Автобус 2 компани нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобус явуулах техник эдийн засгийн боломжгүй болсоны улмаас тухайн үед Толгойт, Яармагийн чиглэлд үйлчилгээ явуулах эрхийг нь Д******* хоршоонд шилжүүлж үргэлжлүүлэн ажиллуулах болсон. 

            Манай Д******* хоршоо микро автобусаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авч 40 микро автобустайгаар үйлчилгээ явуулах болсон. Энэ нь автобус 2 компани өөрийн диспетчерийн цэг оршиж буй үйлчилгээний газраа Д*******д шилжүүлсэн гэсэн үг юм. Улмаар Сүхбаатар дүүргийн 5-р хороо Ч сургуулийн зүүн урд талд автобус үйлчилгээний бүртгэл, хяналт, зохицуулалтын цэгийг бий болгосон. 

            Энэхүү газар манай бүртгэл, зохицуулалтын цэг одоог хүртэл байгаа бөгөөд манай Д******* хоршоо энэхүү газраа эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга Нямдаваад удаа дараа гаргаж байсан. 2002 оноос хойш манай эзэмшиж буй газрын талаар Сүхбаатар дүүргийн газрын алба болон бусад газраас ирж кадастрын хэмжилт хийх болон бусдын эзэмшлийн газрыг чөлөөлөх талаар ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй болно. Г.Оюуцэцэг миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр 157 м.кв талбай бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Ч сургуулийн зүүн урд хэсэгт худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон бөгөөд энэхүү шийдвэртэй холбогдуулан надад 01411950 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон юм. 

            Энэхүү газар эзэмших гэрчилгээг авсны дараа барилга барих зөвшөөрөл авах гэж маш их цаг хугацаа зарцуулж, барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргаас авсан. Барилгын зураг хийлгэх, газрын улаан шугам тавиулах, газрын хөрсний шинжилгээ хийлгэх зэргээр олон сая төгрөг зарцуулсан болно. 

            Гэтэл газар эзэмшигч бидэнд огт мэдэгдэлгүйгээр 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 74 тоот захирамж гарч иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг олж мэдээд зохих шатны дээд байгууллага Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба гомдлын хариуг 2012 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 5/2857 тоот Нийслэлийн газрын албаны хариуг өглөө. 

2012 онд уг газрыг түрээсэлсэн гэх хуурамч нотлох баримт бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2012 оны 6 дугаар сард дуудах тэр үед би газрын гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой захирамж гарсныг мэдсэн. Энэ хооронд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, газрын алба, Нийслэлийн Засаг даргын Газрын алба хандсан боловч өмчтэй холбоотой харилцаа учир шүүхэд ханд гэж хариу өгч байсан учир Г.О******* би захиргааны шүүхэд хандсан. Уг шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явах үед маргаан бүхий газартай холбоотойгоор шүүхэд өгсөн  нотлох баримтыг хоёр ба түүнээс дээш нотлох баримтыг янз янзын байдлаар хуурамчаар гаргаж байсан. Өөрөөр хэлбэл 2400 м.кв болгоод л, 777 м.кв газрыг 1300 м.кв болгож өгөөд  байсан. Шинжээчийн дүгнэлтээр Г.О*******ийн газар давхцахгүй байгаа нь нотлогдсон. Мөн газрын мэргэжилтэн Сүхбаатар гэх хүнийг гэрчээр дуудаад асуухад давхцал байхгүй гэсэн. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Захиргааны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хамтран хариуцагч татсан. Уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг гаргасан байна. Иргэн Г.О******* нь гэр бүлийн хүнтэйгээ хамтран 2002 онд Д******* хоршоог байгуулсан. Нийтийн тээврийн үйлчилгээнд том автобус явах боломжгүй үед микро явуулах тэр ажиллагаагаа үргэлжлүүлж байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа.  Д******* хоршоо нь микро автобусаар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авч 40 микро автобустай үйлчилгээ явуулж эхэлсэн. Маргаан бүхий газар дээр анх “Автобус-2” компанийн буудлын үйлчилгээний бүртгэлийн цэг байдаг байсан. 

Энэхүү цэг дээр уг үйлчилгээг тасралтгүй эрхэлж байсан. Энэхүү газар бүртгэл зохицуулалтын цэг болох дэлгүүр нь өнөөдрийг хүртэл Д******* хоршооны харьяанд байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад эзэмших хүсэлтээ гаргаж байсан. Г.О******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр 157 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Чингис-Соосэ Их сургуулийн зүүн урд хэсэгт “Худалдаа үйлчилгээний зориулалтаар” эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан. Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг авсны дараа Нийслэлээс хууль ёсны дагуу барилга барих зөвшөөрлийг олж авсан. Барилгын зураг хийлгэх, газрын улаан шугам тавих, газрын хөрсний шинжилгээ хийлгэх зэргээр хөрөнгө оруулалтыг тухайн газар хийсэн байгаа. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 74 дугаар захирамж гарч иргэн Г.О*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг олж мэдээд холбогдох дээд шатанд гомдол гаргаж  захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа болно.                                             

Иймд нэхэмжлэлийн эхний шаардлага нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэж” өгнө үү. 

Мөн шүүхэд хэрэг хянагдаж буй явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүссэн. Учир нь Ш******* ХХК нь Засаг даргын захирамжаар олж авсан өөрсдийн газраас илүү том хэмжээтэй газрыг хашиж улмаар М******* ХХК-д шилжүүлж иргэн Г.О*******ийн газар өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Захиргааны хэрэг хянагдаж байх явцад хуурамч баримт илэрсэн. Уг хуурамч баримт нь 1200 м.кв талбайтай гэсэн кадастрын зургийг 2400 м.кв болгож Засаг даргаар захирамж гаргуулан авсан нь шүүхэд цугларсан нотлох баримтаар харагддаг. Хуурамч кадастрын зургийг үндэслэн захирамж гаргахдаа тухайн газар дээр хэмжилт хийгээгүй, хэдий хэмжээний газар эзэмшиж байгаа гэдэг нь ойлгогддоггүй. Ш******* ХХК, М******* ХХК-иуд нь хоорондоо газар шилжүүлээд тухайн шилжилтээр газрынхаа талбайг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байхад Засаг дарга болон газрын албанаас хяналт тавьдаггүй нь Захиргааны шүүхэд ирсэн нотлох баримтаас харагдаж байгаа. 

Ш******* ХХК болон М******* ХХК-ийн бодит газрын хэмжээ нь захирамжаар олгогдсон газраас хоёр дахин их газар байсаар  байтал Засаг дарга нь Нүүдэл гэх хүний үзүүлсэн хуурамч кадастрын зургийг үндэслэн захирамж гаргаж Г.О*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжийг шүүх анхаарах байх гэж хүсэж байна. Уг захирамж нь 3 удаа шинжээч томилуулсан. 2 дугаар хавтаст хэргийн 69 хуудсанд шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцуулав. 2004 онд газрын албанд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож байсан. 2002 онд Г.О*******, н.Нацагдорж нар нь Д******* хоршоог ажиллуулж байсан. Тэр үед Д******* хоршоо ажиллаж байх үед маргаантай байгаа 770 м.кв газрын хашаа байхгүй задгай байсан. Тэгэхээр энэ тал дээр шүүх анхаарна байх гэж бодож байна.   Г.О******* нь 2004 онд газар эзэмших хүсэлтээ өгсөн боловч алга мөн дахиад 2006 онд дахин хүсэлт өгсөн.Тэгтэл тухайн дэлгүүрийн хэмжээ буюу бүртгэлийн цэгээр нь анх газар олгосон. Тэгээд Г.О******* нь газраа томруулах зураг төсөл гаргуулаад хүсэлтийн дагуу газрынхаа хэмжээг томруулан авсан.   2002 оноос хойш Д******* хоршоо ажиллуулж байсан газар дээр хашаа байгаагүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дээрх захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.                         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа: “...Захиргааны шүүх бол захиргааны актыг хүчингүй болгох эрх бүхий шүүх байдаг. Захиргааны шүүхийн онцлог нь тухайн захиргааны акт гарах үед ямар баримтыг үндэслэж гэдэг дээр дүгнэлт хийдэг. Тухайн актыг үйлдэхэд яг ямар баримтыг үндэслэж үйлдсэн бэ гэх асуултад ямар ч хариулт байдаггүй. Хариулт байхгүй байсан учраас захиргааны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн газрын албанд үзлэг хийсэн. Тус давхцаж буй газартай холбоотой баримт, захирамж байхгүй мөртлөө хоосон гэрчилгээ байх жишээтэй.  Тэгэхээр М******* ХХК, Ш******* ХКК-ийн хувьд давхцал үүсгэж буй нь тодорхойгүй байдал үүсгэсэн. Мэдээллийн санд орсон гэрчилгээ, кадастрын зурагтай газрыг давхцал үүссэн гэж үзэхээр бол мэдээллийн санд бүртгэгдсэн эргэлтийн цэгүүд нь тодорхой тийм зурган дээр кадастрын зурагтай давхцал байж болох бөгөөд хоосон зураг тухайлбал 5000 м.кв, 2000 м.кв, 1000 м.кв  хоосон зургийг давхцал үүсгэж болдоггүй. Захирамж гаргахад ямар баримт үндэслэсэн бэ гэхээр тодорхой баримт байхгүй байна. 3 жилийн турш тухайн үндэслэсэн баримтыг нь гаргуулах гэж  3 шинжээч томилоод, газрын үзлэг хийгээд ч чадаагүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд үзлэг хийсэн ч тодруулж чадаагүй. Захирамж гаргуулахын тулд Газрын албанаас хуралдаад саналаа Засаг даргад хүргүүлээд саналын дагуу захирамж гардаг юм байна. Гэтэл хуралдаан болоогүй, газрын албанаас Засаг даргад санал хүргүүлээгү. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Нүүдэл гэдэг хүнийг харж байгаад л захирамжаа гаргачихсан асуудал байна.  3 жил болчхоод давхцал байна уу? гэдгийг тодорхойлж чадахгүй байгаа газрын асуудалд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга яаж хэрхэн өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан иргэн Г.О*******ийн газрыг хүчингүй болгосон бэ? гэдэг нь өнөөдрийн гол асуудал юм.  Хэрэгт авагдсан байгаа баримтуудыг үзэхэд гуравдагч этгээдээс гаргасан нотариатаар гэрчилсэн 2400 м.кв газар бүхий кадастрын зургийг нь шалгаад үзэхэд хуурамч байсан. Тэгэхээр гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан бүх баримт хуурамч байх магадлалтай. Ялангуяа тухайн хуурамч нотлох баримтыг гэрчлэхэд нотариат оролцсон бол асуудалтай юм.

Газрын албанд Ш******* ХХК, М******* ХХК-ийн хооронд газар шилжүүлсэнтэй холбоотой үнэн зөв гэх баримт бараг байхгүй. Уг газрыг шилжүүлсэн талаар харьцуулсан хүснэгт хийж үзсэн. Гэтэл энэ талаар тодорхой зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга шүүх хуралд яагаад орохгүй байна вэ гэхээр тухайн цаг үед Засаг дарга нь яг юу үндэслэж захирамж гаргасан талаар нотлох зүйл байхгүй учраас хуурамч баримт буюу Улсын Дээд шүүхэд хуралтай гэх хүсэлт өгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. М******* ХХК-иас Ш******* ХХК-д шилжүүлэхэд ямар албан бичиг явуулдаг, газрын алба ямар албан бичгийг үндэслэж эргэлтийн цэгийг тодорхойлох, буцаагаад шилжүүлэхэд ямар албан бичиг байдаг зэрэг энэ талаарх албан тоотууд огт байдаггүй. Эрх мэдэлтэй, тухайн газарт нөлөөтэй хүмүүс хоорондоо том хэмжээтэй газар авах гээд төлөвлөсөн чинь дунд нь хөрөнгө мөнгөгүй хүн саад болонгуут нь янз бүрийн хуурамч нотлох баримтууд бүрдүүлж шүүхэд өгдөг. Иргэн Г.О*******ийн газрыг хөдөлгөх боломжгүй байсан. Монгол улсын газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгийг дурдав. Энэ нь аль социализмын үеэр баригдаж байсан байшин барилгууд байж байна гэсэн үг.

Энэ  объектыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга үгүйсгэх эрх байхгүй. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжид мөнгөтэй хүмүүсийн газрын дунд мөнгөгүй хүний жижиг газар байх тул эзэмших эрхийн хүчингүй болгоод, мөнгөгүй хүмүүс яаж чадах билээ гэх хандлагаар хандсан. Уг хандлага нь анх иргэний шүүхэд ч тодорхой ил харагдаж байсан. Мөнгөтэй хүмүүс үнэн шударгаар газартай болдог юм уу? гэдгийг шалгах үүднээс энэ хэрэг дээр 3 жил явсан. Гэтэл шалгаад үзэхэд мөнгөтэй хүмүүсийн газар нь дандаа худлаа байдаг юм байна. Иймд Г.О*******ийн газартай ямар ч давхцал байхгүй” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “....Иргэн Г.О*******ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

            Анх Ш******* ХХК нь 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 165 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1200 м.кв талбай бүхий газар ашиглах эрхийг 3 жилийн хугацаатай ашиглуулах захирамж гаргасан байна. 

            2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 520 м.кв талбай бүхий газрыг 5жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон ба 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 210 тоот захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай сунган баталгаажуулсан, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/644 тоот захирамжаар 520 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн хугацааг сунгаж эзэмшүүлсэн байна. 

            Иргэн Г.О*******ийн эрх ашиг сонирхлыг дээрх захирамжууд нь хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа: ”... Нийслэлийн засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжийн Ш******* ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татсан болно. Тэгэхээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн гол үндсэн шаардлагатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргатай холбоотой ямар ч шаардлага, тайлбар гаргасангүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 487 дугаар захирамж нь нэхэмжлэгч Г.О*******ийн ийм эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хөндсөн юм аа, уг захирамж буруу байсан учир хүчингүй болгуулъя гэсэн ямар ч тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлсэнгүй. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамж нь хэдийд ямар үндэслэлээр үүссэн талаар ярих нь зүйтэй гэж бодож байна. Ш******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаар захирамжаар 1200 м.кв газрыг олгосон. 1200 м.кв газраа маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар 2 хуваасан. 520 м.кв газрыг Ш******* ХХК хэвээр авч, үлдсэнийг нь Резинэн Эдлэл ХХК руу шилжүүлсэн.Тэгэхээр маргаан бүхий газар буюу нэхэмжлэгч Г.О*******ийн 157 м.кв талбай бүхий газартай нь  Нийслэлийн Засаг даргын анх гаргасан 2003 оны 485 дугаар захирамж ямар ч холбоогүй. Маргаан бүхий 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамж 2009, 2014 онуудад сунгагдсан. Нийслэлийн Засаг даргын 4-н захирамж гарсан байхад хоёр дахь захирамжийг өөрсдөдөө хамааруулаад хүчингүй болгуулъя гэж нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамж нь 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамж гарснаар хүчингүй болсон. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгаа талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүрэн утгаар ойлгоогүй байгаа бололтой  гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад ирэхээр маш тодорхой тайлбарыг нэмж хэлнэ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг  шүүх шийдвэрлэх ёстой. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.О*******ийн 157 м.кв газартай ямар байдлаар давхцаад байгаа талаар тодорхойгүй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг дарга хариуцагчаар татагдсан. Нийслэлийн Засаг даргын удаа дараа гарсан захирамжууд нь нэхэмжлэгч Г.О*******ийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль зүйн зүйн үндэслэлтэйгээр гарсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар 990 м.кв газрын 5 жилийн хугацаатайгаар анх Ш******* ХХК-д эзэмшүүлж байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар М******* ХХК-д 300 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдсэн 477 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Ш******* ХХК-д эзэмшүүлсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн Г.О*******т 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.006 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжаар иргэн Г.О*******т 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 м.кв газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлсэн байна. 

М******* ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Г.О*******т холбогдох хэсгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсгийг тус тус үндэслэн хүчингүй болгосон байна. 

Иймд иргэн Г.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүхэд ирүүлсэн тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж буй үндэслэл болох 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн анхны захирамж нь 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаар захирамж юм. Энэхүү захирамжийн үйлчлэлд нь “Мон-оргил” ХХК-иас манай компани объект худалдаж авсан. Хууль ёсны дагуу манай компанид 1200 м.кв газар шилжиж ирсэн. Хавтаст хэргийн 58, 158 хуудсанд материалууд байгаа. 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар “Ш*******” ХХК нь объектынхоо тал хэсгийг Резинэн Эдлэл ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүний дагуу газар нь шилжсэн. Манай компанид 520 м.кв талбай бүхий газар үлдсэн. Үүнтэй холбоотой Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирсэн материалууд хавтаст хэргийн 220-249 хуудсанд байгаа. Үүний дараа дээрх 485 дугаар захирамж хүчингүй болоод 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамж, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/644 дугаар захирамжаар уг газар баталгаажаад явсан. Нэхэмжлэгчийн давхацсан гэх газартай ямар ч хамааралгүй. Хойд  хэсэг нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай, урд хэсэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжтай. Зурган самбар дээр тайлбар хийв. Манай компанид анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар 990 м.кв хэмжээтэй газар олгогдож байсан. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас холбогдох материалыг гаргуулж өгсөн. Хавтаст хэргийн  96-99, 126-127 хуудаснуудад тус тус байгаа.                                                                                                                             

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* зөв ярьж байна. Энэ шүүх хуралдааны бичлэг бичигдэж байгаа байх. Кадастрын зураггүй газар давхцал байдаг, кадастрын зурагтай газар давхцал байхгүй гэж энэ бол үнэн. Кадастрын зурагтай газар давхцал байж болшгүй. Автобусны буудал социализмын үеэс байсан гэж ярьж байгаа худал юм. М******* ХХК нь 1995 оноос  165 дугаар захирамжаар 2200 м.кв талбайг эзэмшиж байсныг шинжээчийн дүгнэлтээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас бүх захирамжийн хуулбарыг авсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/224  захирамжаар 2.2 га газар эзэмшсэн гэх захирамж байна.  2006 онд Улсын Их Хурлын сонгууль болоход Бадамжунай дарга манай компанид хүсэлт гаргасан. Манай компанийн 990 м.кв газраас автобусны буудал бариад 777 м.кв газар үлдсэн. Энэ нь хуучин социализмын газар байгаагүй. Мон-оргил ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай объект байдаг хэсгийнхэн нь урд талын хаалгыг хаагаад байна энэхүү газраа манайд шилжүүлнэ үү гэх хүсэлтийнхээ дагуу манай компани 300 м.кв талбайг шилжүүлсэн. Би айлын хаалга үүдийг хаахгүй гээд газрыг нь шилжүүлэн өгсөн. М******* ХХК-иас газар шилжүүлэхийг хүссэн өргөдөл, манай компанийн газар шилжүүлэх өргөдөл нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ирсэн баримтын  5, 7 хуудсанд албан тоотууд нь байгаа болно. 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар  777 м.кв газар нь 300 м.кв, 477 м.кв гэж хоёр хэсэг болон хуваагдсан. 

М******* ХХК-ийн анхны газар эзэмших гэрээ нь нэгдүгээр хавтаст хэргийн 066 хуудсанд байгаа. Энэ баримт нь 3 удаа ирсэн. М******* ХХК-ийн 300 м.кв газрын захирамж нь 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн захирамжтай, гэтэл нэхэмжлэгч Г.О*******ийн 157 м.кв газар нь 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжтай байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд 7 сар гаруй хугацаагаар зөрүүтэй байна. Манай захирамж гарсны дараа Г.О*******ийн газрын захирамж гарсан. Энэ талаар өмгөөлөгч нарийн тайлбарлах байх, кадастрын зурган дээр зүг чигийг ертөнцийн зүг чигээр тэмдэглэдэг. Зураг уншигдаагүй гэдэг чинь зураг зурагдаагүй байна гэсэн үг. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* өөрөө хэлсэн. Харин манай компани урд зураг зурагдсан байсан. Зурган дээр тайлбар хийв. М******* ХХК-ний 2.2 га газраас манай компани руу шилжүүлээд үлдсэн 792 м.кв газрын захирамжууд бүгд байгаа. Анхны захирамж нь 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/224 дугаар захирамж, дараа нь  2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар 1200 м.кв газрыг  Ш******* ХХК-д, 2006 оны  460 дугаар захирамж, 2014 оны 752 дугаар захирамжаар үргэлжлээд Нийслэлийн Засаг даргын захирамжтай байгаа юм. Зүг чигийн хувьд ч дэргэд, урд гэдэг бол өөр. Зурган дээр тайлбар хийв. 

Манай компанийн газар эзэмших гэрчилгээ нь 2007 оны 2 дугаар сард гарсан. Г.О*******ийн газар эзэмших захирамж нь 2007 оны 12 сард, гэрчилгээ нь 2008 оны 1 дүгээр сард гарсан. 2400 м.кв газрын талаарх баримт уг хэрэгт нотлох баримт болохгүй гэх анхан шатны шүүхийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал ч байдаг. 2400 м.кв газрыг 400 м.кв болгосон байна гэвэл 2400 м.кв газар нь газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмшигчтэй байгуулсан гэрээтэй байх ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй. Дан ганц зургаар таамаглал хийж бусдын нэр хүндэд халдах болохгүй байх гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтэд бүгд тодорхой байгаа. Гэхдээ  хоёр дахь шинжээчийн дүгнэлт будлиантай байсан. Манай компани мөн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн үед шинжээч яагаад буруу дүгнэлт гаргасан юм бол мэдэхгүй байна. Гэхдээ 3 дахь шинжээчийн дүгнэлтээр залруулж, дараа нь тодруулгаар тодорхой болсон. Энэ тал дээр эргэлзээд маргалдаад шалтаг шалтгаан заах шаардлагагүй байх гэж бодож байна. Тухайн газрыг түрээсэлж байсан гэх зүйл иргэний шүүхэд байхгүй. Нэхэмжлэлийг Нүүдэл надад үзүүлээд би хуралд нь цуг орж байсан. Тухайн үед намайг, Нүүдэл, Эрдэнэ-Очир бид нарыг байлцуулж байгаад дараа нь нүүнэ гэдэг амлалт өгөөд дэлгүүрээ тус газар тавьсан. Нацагдорж энд өөрөө байна. Социализмын үеэс тэнд байгаагүй. Тиймээс бусдыг гүтгэж, худлаа ярьж болохгүй” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэн нэгэн этгээдийн, ямар нэгэн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх, төрийн байгууллага, албан тушаалтны захиргааны акт хөндсөн байх гэх асуудал яригдах юм. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар Г.О*******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараар тодорхойгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжаар олгогдсон газартай холбоотойгоор  нэхэмжлэгч тал өөрсдөө Газрын  тухай хуулиар хүлээн үүргээ зөрчсөн учир эрх бүхий этгээд нь хүчингүй болгосон байх. Дээрх захирамжаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна уу гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсангүй. 2008 онуудад хийгдсэн кадастрын зургийг 2006, 2007 онуудад хийгдэж байсан газартай давхацсан гэж үзэж буй нэхэмжлэгч Г.О*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бусад эрхийн актуудтай нийцэж буй нотлох баримтууд тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч давхцаагүй хэмээн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд холбогдох маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О*******ээс нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.О******* Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаар  захирамжаар 0,006 га газрыг эзэмшиж, уг газрын хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар  захирамжаар 150 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшсэнийг тус дүүргийн Засаг даргын  2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар  захирамжаар хүчингүй болгосон.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас Г.О*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар 990 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар анх Ш******* ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд 300 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар М******* ХХК-д шилжүүлж, 477 м.кв газрын Ш******* ХХК-д эзэмшүүлсэн. Иймд М******* ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон” гэж тайлбарладаг.

Ш******* ХХК Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Б/62 дугаар  захирамж, /захирамжид 1440 м.кв хэмжээтэй боловч гэрээ гэрчилгээ 990 м.кв/  2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрчилгээ , гэрээгээр  990 м.кв газрыг эзэмшсэн бөгөөд уг газраасаа /2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар  захирамжаар/ М******* ХХК-д 300 м.кв газрыг  шилжүүлэхээр гаргасан хүсэлтдээ  “Тус компанийн эзэмшлийн газар нь нийт 1291,0 м.кв бөгөөд 520 м.кв нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр 12-ны өдрийн захирамжаар эзэмших эрхтэй бөгөөд үлдэгдэл газар нь шинэчлэн гэрээ хийх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Б/52 (хэрэгт авагдсан баримтаар Б/62) захирамж бүхий газар болно. 00/109 тоот гэрчилгээ бүхий газарт 2004 оны сонгуулиар авто зогсоол баригдсан тул 990 м.кв хэмжээ 771,08 м.кв болон өөрчлөгдсөн. Уг газраас 300 м.кв газрыг М******* ХХК-д шилжүүлж үлдсэн 477 м.кв газарт шинэчлэн гэрээ хийж өгнө үү” гэжээ.

Мөн Ш******* ХХК нийслэлийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаар  захирамжаар авсан 0,12 га газар эзэмших эрх нь 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар  захирамжаар хүчингүй болж, уг захирамжаар 520 м.кв газрыг эзэмшүүлж, 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар , 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/644 дүгээр  захирамжаар  тус тус сунгасан бөгөөд 18635311609352 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургаас харахад маргаан бүхий газарт хамааралгүй байна. 

Ш******* ХХК-ийн дээр дурдсан хүсэлт болон мэдээллийн сан дахь зургаас  харахад нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшсэн 18635311609352 нэгж талбарын дугаар бүхий 520 м.кв газраас гадна 18635311607327 нэгж талбарын дугаар бүхий  777 м.кв газраас М******* ХХК-д шилжүүлсэн 18635311596326 нэгж талбарын дугаар бүхий  300 м.кв газрыг хасаад 18635311613328 нэгж талбарын дугаар бүхий  477 м.кв газар эзэмших эрхтэй үлдсэн гэж үзэхээр байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад 2013 оны 1859 дүгээр шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.О*******ийн эзэмшиж байсан газар 18635311537321 нэгж талбарын дугаартай 157 м.кв хэмжээтэйгээр мэдээллийн санд орсон бөгөөд газрын бодит хэмжээ 112 м.кв, М******* ХХК-ийн Ш******* ХХК-иас шилжүүлэн авсан 300 м.кв газар мэдээллийн санд ороогүй, Ш******* ХХК-ийн 777 м.кв газар нь 18635311607327 нэгж талбарын дугаартай /мэдээллийн нэгдсэн санд ороогүй/ маргаан бүхий газартай давхцалтай байсан бөгөөд уг газраас М*******д шилжүүлсэн 300 м.кв газрыг хассанаар уг 18635311596326 нэгж талбарын дугаар бүхий  /мэдээллийн санд ороогүй/ 300 м.кв газар нь маргаан бүхий газартай давхцалтай болсон. 

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 941 дүгээр захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр  хийсэн хэмжилтээр маргаан бүхий газар буюу нэхэмжлэгч Г.О*******ийн эзэмшиж байгаа газар 114 м.кв талбайтай, мэдээллийн санд 18635311597321 нэгж талбарын дугаар бүхий 157 м.кв хэмжээтэйгээр, М******* ХХК-ийн эзэмшиж байгаа газар 1098 м.кв талбайтай, мэдээллийн сан 18635311591370 нэгж талбарын дугаар бүхий 792 м.кв хэмжээтэйгээр, Ш******* ХХК-ийн эзэмшиж буй газар 1036 м.кв талбайтай, мэдээллийн санд 18635311609352 нэгж талбарын дугаар бүхий 520 м.кв хэмжээтэйгээр тус тус орсон байна.

Уг дүгнэлтээр М******* ХХК-ийн эзэмшиж буй 1098 м.кв талбайтай газар нь Г.О*******ийн 18635311597321 дугаар бүхий 157 м.кв газартай 74 м.кв талбайгаар давхцаж байгааг дүгнэсэн.

Харин М******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 476 дугаар захирамжаар 792 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, уг эрхийг 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 460 дугаар , 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 дугаар захирамжаар тус тус сунгасан бөгөөд энэхүү 18635311591370 нэгж талбарын дугаар бүхий газар нь мөн маргаан бүхий газартай давхцалгүй байна. 

Мөн Резин эдлэл ХХК нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 87 дугаар  захирамжаар 778 м.кв газар эзэмших эрхтэй болж уг эрхийг 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 439 дүгээр , 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжаар тус тус эзэмших эрхийг сунгасан бөгөөд энэхүү 18635311604386 нэгж талбарын дугаар бүхий газар нь маргаан бүхий газартай хамааралгүй байна.

         Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Г.О*******т 150 м.кв газрыг эзэмших эрх олгосон 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч Г.О*******т дээрх захирамжаар газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцалгүй гэж үзэн газар эзэмших эрх олгосон бөгөөд Г.О******* 2007 онд тус газрыг хуульд заасан журмын дагуу хүсэлт гарган олж авсан.

Харин Ш******* ХХК-иас М******* ХХК-д шилжүүлсэн газар нь газрын кадастрын мэдээллийн санд ороогүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг бусдын эзэмшил газартай давцуулан газар эзэмших эрхтэй болсон гэж үзэж буруутгах боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж зааснаар Ш******* ХХК нь 777 м.кв газар эзэмших шийдвэр, эрхийн гэрчилгээ байхгүй, М******* ХХК-д шилжүүлсэн 300 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн санд ороогүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хүргэжээ. 

      Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн уг захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон зүйтэй гэж үзлээ.

         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүд нь нэхэмжлэгч Г.О*******ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй тул нэхэжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжаар Ш******* ХХК-д эзэмшүүлсэн 0.12 га /990м.кв/ газрын тойм зураг байхгүй бөгөөд уг газрын болон 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар Ш******* ХХК-иас М******* ХХК-д шилжүүлсэн 300 м.кв газар нь кадастрын мэдээллийн нэгдсэн санд ороогүй тул нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцсан талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 74 м.кв хэсгийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй бөгөөд уг хэмжилтээр Ш*******, М******* ХХК-ийн эзэмшил газраас илүү гарсан хэсгийн М******* ХХК-д эзэмшүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Ингээд нэхэмжлэгч Г.О*******ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн зардал 860.453 төгрөгийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэгмид Геомэп ХХК-д урьдчилан төлсөн бөгөөд Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 68240 төг, нийт 928.693 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Иймээс шинжээчийн зардлын 50 хувь болох 464.346 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас, мөн 464.346 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулан гуравдагч этгээд Ш******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэгмидэд олгох, С.Цэвэгмидээс 68.240 төгрөгийг Газрын харилцаа геодези зураг зүйн газарт олгуулахаар шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дугаар зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар захирамжийн Г.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны  Б/62  дугаар захирамжийн  Ш******* ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн Ш******* ХХК, М******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Ш******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.1, 47.2-т зааснаар шинжээчийн зардал  464.346 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас, мөн 464.346 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, нийт 928.693 төгрөгийг гуравдагч этгээд Ш******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэгмидэд олгох, С.Цэвэгмидээс 68.240 төгрөгийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт олгуулсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН