Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 182

 

Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Г.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нацагдорж, гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн өмгөөлөгч Р.Батцогт /0510/, гуравдагч этгээд “Шашир трейд” ХХК-ийн төлөөлөгч С.Цэвэгмэд нарыг оролцуулан хийж, Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0173 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дугаар зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны Б/62 дугаар захирамжийн “Шашир трейд” ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжийн “Шашир трейд” ХХК, “Мон-Оргил” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн “Шашир трейд” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0173 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 904 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 гэсний дараа 31 дүгээр зүйлийн 31.3 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Нүүдэл нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 904 дүгээр шийдвэрээр Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0173 дугаар магадлалыг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Маргаан бүхий захиргааны актаар иргэн Г.Оюунцэцэгт газар эзэмших эрх олгосон газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар 990 м.кв хэмжээтэйгээр “Шашир трейд” ХХК-д эзэмшүүлсэн байдаг бөгөөд сүүлд 2004 оны 6 дугаар сард уг газар дээр авто зогсоол байгуулсан тул газрын хэмжээ нь 771 м.кв болж багассан болно. Энэхүү газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар “Мон-Оргил” ХХК-д 300 м.кв-ыг шилжүүлэн, “Шашир трейд” ХХК-д 471 м.кв-ыг тус тус эзэмшүүлсэн байна.

Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг зөв үнэлсэн хирнээ “Шашир трейд” ХХК-аас “Мон-Оргил” ХХК-д шилжүүлсэн нь 300 м.кв газрын кадастрын зураг мэдээллийн санд ороогүйгээс газрын давхцал үүссэн нь нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль нийцээгүй, хууль бус гэж үзнэ.

Учир нь, маргаан бүхий газар нь анх 990 м.кв хэмжээтэйгээр “Шашир трейд” ХХК-ийн эзэмшилд байсан, түүнээс авто зогсоол байгуулахын тулд газрын урд хэсгээс буюу зам руу харсан хэсгээс 220 м.кв газрыг хассан болон Газрын Харилцаа геодези зураг зүйн газрын 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2/206 тоот албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 150 м.кв бүхий 18635311597321 нэгж талбарын дугаартай газрыг мэдээллийн сангийн бүртгэлд анх бүртгэсэн мэргэжилтний нэр болон огноо нь тодорхойгүй байх бөгөөд 2009 оны мэдээллийн сангийн архивт өөрчлөлт хийсэн мэргэжилтэн нь Д.Нямдаваа, огноо 2007 оны 12 сарын 28 гэсэн байна. 300 м.кв талбай бүхий 18635311607327 дугаартай нэгж талбар нь 2006 оны мэдээллийн сангийн архивт тус нэгж талбарын дугаар нь хэвээр байх бөгөөд эзэмшигчийн Регистрийн дугаар /РД:2036231/-аар бүртгэгдсэн байна. Мэдээллийн сангийн бүртгэлд анх бүртгэсэн мэргэжилтний нэр болон огноо тодорхой бус байх боловч өөрчлөлтийг мэргэжилтэн Н.Мөнхтуяа 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийсэн гэж бүртгэгдсэн байна” гэсэн хариуг нотлох баримтаар үнэлж дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 904 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0173 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг  зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороо, “Чингис СооСэ” их сургуулийн зүүн урд талд байрлах 0.006 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн байна. Тэрээр газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шийдвэрлэж, 2007 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 273 дугаар захирамжаар 150 м.кв газрыг эзэмших эрх олгосон байх бөгөөд хуульд заасан журмын дагуу газрын хэмжээг мэдээллийн санд оруулснаар түүний газар эзэмших эрх баталгаажсан байжээ. 

Гэвч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар, нэхэмжлэгчид 150 м.кв газрыг эзэмшүүлсэн 2007 оны 273 дугаар захирамжийг “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцсан” гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль бус байна.

Тодруулбал, гуравдагч этгээд “Шашир трейд” ХХК нь анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Б/62 дугаар захирамжаар  /захирамжид 1440 м.кв, гэрээ гэрчилгээнд 990 м.кв/ 990 м.кв газрыг эзэмшжээ. 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т зааснаар иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших хүсэлт гаргахдаа эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хүсэлтэд тусгах ёстой байтал гуравдагч этгээд “Шашир трейд” ХХК-ийн

990 м.кв газрын тойм зураг байхгүй байна.

Түүнчлэн 2004 оны сонгуулийн үеэр тус компанийн эзэмшлийн 990 м.кв газрын хэмжээ нь өөрчлөгдөж, 777 м.кв газрыг эзэмшсэн байх боловч уг газар нь мэдээллийн нэгдсэн санд орж бүртгэгдээгүйгээс гадна ямар нэгэн газар эзэмших шийдвэр, эрхийн гэрчилгээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэснийг зөрчсөн байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээд “Шашир трейд” ХХК-иас 2007 онд дүүргийн Газрын албанд гаргаж байсан өргөдөл, хүсэлт болон бусад баримтуудаас үзэхэд “Мон-Оргил” ХХК нь “Шашир трейд” ХХК-ийн газраас тодорхой хэмжээний газрыг шилжүүлэн авахаар гаргасан хүсэлт болон тус компаниудын хооронд байгуулсан газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар “Шашир трейд” ХХК-ийн эзэмшлийн 777 м.кв газраас 300 м.кв газрыг “Мон-Оргил” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүний дараа гуравдагч этгээд “Шашир трейд” ХХК нь 477 м.кв газрыг эзэмших эрхтэй үлджээ. 

Мөн хэрэгт нотлох баримтаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 1859 дүгээр захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн эзэмшиж байсан газар нь 18635311537321 нэгж талбарын дугаартай 157 м.кв хэмжээтэй мэдээллийн санд орсон боловч газрын бодит хэмжээ 112 м.кв, гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн “Шашир трейд” ХХК-иас шилжүүлэн авсан 300 м.кв газар нь мэдээллийн санд ороогүй, “Шашир трейд” ХХК-ийн 777 м.кв газар /18635311607327 нэгж талбарын дугаартай/ мэдээллийн нэгдсэн санд ороогүй байсан бөгөөд уг газраас “Мон-Оргил” ХХК-д шилжүүлсэн 300 м.кв газрыг хассанаар уг 300 м.кв газар нь маргаан бүхий газартай давхцалтай талаар;

мөн 2016 оны 941 дүгээр шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн эзэмшиж байгаа газар нь 114 м.кв талбайтай, мэдээллийн санд 18635311597321 нэгж талбарын дугаар бүхий 157 м.кв хэмжээтэйгээр, “Мон-Оргил” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь 1098 м.кв талбайтай, мэдээллийн санд 18635311591370 нэгж талбарын дугаар бүхий 792 м.кв хэмжээтэйгээр, “Шашир трейд” ХХК-ийн эзэмшиж буй газар 1036 м.кв талбайтай, мэдээллийн санд 18635311609352 нэгж талбарын дугаар бүхий 520 м.кв хэмжээтэй тус тус орсон, мөн гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн эзэмшиж буй 1098 м.кв газар нь нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн 18635311597321 дугаар бүхий 157 м.кв газартай 74 м.кв талбайгаар давхцаж байгаа талаар дүгнэсэн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд гуравдагч этгээд “Шашир трейд” ХХК-иас “Мон-Оргил” ХХК-д шилжүүлсэн 300 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн санд ороогүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, энэхүү маргаан үүсэх үндэслэл болжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Г.Оюунцэцэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу 150 м.кв газар эзэмших эрхтэй болж, газраа мэдээллийн санд бүртгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжаар түүнд 150 м.кв газрыг эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй байна. 

Иймд, нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.  

Харин анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн “Тогтоох” хэсэгт уг хуулийн заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөсөн нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0173 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд “Мон-Оргил” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА