Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/02114

 

2019 оны 12 сарын 16 өдөр

 

Дугаар 210/МА2019/02114

 

 

 

М.Бнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд , А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б, хариуцагч Гэмнэлэг ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 859 320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: М.Б Гэмнэлэгт дүрс оношлогооны эмчээр ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Бийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд хандсанаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 01948 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээр М.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг нь хангаагүй. Шүүхийн ажил олгогч тал сайн дураар биелүүлэх үүрэгтэй боловч биелүүлээгүй. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмнэлгийн захирлын тушаал гарч М.Бийг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан тул М.Б өөрийн хүсэлтээр ажпаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Анх М.Бийг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан боловч түүнийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл М.Бавах ёстой байсан цалин 22 859 320 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хугацааг тооцоход 220 хоног болно. Өмнөх шүүхийн шийдвэрт М.Бсүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2 285 943 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 103 906 төгрөг гэж тогтоосон. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Хариуцагч талаас өмнө шийдэж байсан хэрэгтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн тул нэгэнт тогтоогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй. Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны дундаж цалин тооцох журамд ажилгүй байсан ажилтны хугацааны цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцно гэж заасан. Өмнөх хэрэгт М.Бнийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын цалингийн дундаж хэмжээг тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Манай эмнэлгийн цалин болон урамшуулал тооцох журам байдаг. Тухайн ажилтан ажлаа хийж байх хугацаандаа хийсэн үзлэгээс хамаарч урамшуулал авдаг. М.Б нь рентген зургийн эмчээр ажиллаж байсан. Нэг үзлэгээс 1 000 төгрөгийг урамшуулал өгдөг. Тухайн эмч энэ хугацаанд ажиллаагүй, илүү цагаар, хортой нөхцлөөр ажиллаагүй тул нэмэгдэх, урамшуулал тооцуулах боломжгүй. Мөн унааны болон хоолны мөнгө нь нэг өдрийн 103 906 төгрөгт орсон боловч тухайн ажилтан ажилдаа ирээгүй учраас олгох нь шударга бус. М.Б 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороход үндсэн цалин нь 850 000 төгрөг байсан. Иймд үндсэн цалин хөлсний хэмжээнд ажилгүй байсан хугацааны цалинг тооцуулах хүсэлттэй байна. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах ёстой байсан ажлын өдөр 182 хоног байгаа. Гэтэл нэхэмжлэгч 220 хоногийн тооцоо гаргаж ирснийг ойлгохгүй байна. 2018 оны 09 дүгээр сард ажлын өдөр 20 хоног, 2018 оны 10 дугаар сард 23 хоног, 2018 оны 11 дүгээр сард 21 хоног, 2018 оны 12 дугаар сард 21 хоног, 2019 оны 01 дүгээр сард 22 хоног, 2019 оны 02 дугаар сард 17 хоног, 2019 оны 03 дугаар сард 20 хоног, 2019 оны 04 дүгээр сард 22 хоног, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 16 хоног нийтдээ 182 ажлын өдөр байна гэжээ.

 

 

 

  Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Гэмнэлэг ХХК-аас 18 910 892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 3 948 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2018.09.01-ний өдрөөс 2019.05.22-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 272 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг үндэслэл болгон тайлбарласан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж нэг мөр ойлгохоор хуульчлан зохицуулсан. Хуулийн эдгээр зохицуулалтууд нь Монгол Улсад шүүхийн шийдвэр хэзээ хууль зүйн агуулгаараа хуулийн хүчин төгөлдөр болохыг хоёрдмол утгагүйгээр ойлгохоор тодорхой зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ... гэх ойлголтыг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1948 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан, ... гэж бодит байдалд нийцэхгүй тайлбар хийсэн. Бодит байдал нь хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан үйл баримт бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал ч тайлбарлан нэхэмжлэлдээ дурддаг ба уг иргэний хэргийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоол хэрэгт авагдсан байхад шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1948 дугаар шийдвэр хучин төгөлдөр болсон байхад гэж тулгасан дүгнэлт хийсэн. Монгол Улсад шүүх анхан, давах, хяналтын шатны шүүх гэсэн тогтолцоотой бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг туйлын үнэн зөв, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүйн учир давах, хяналтын шатны журмаар хянуулах эрх нь хэргийн оролцогч нарт хуулиар олгогдсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр анхнаасаа үндэслэлтэй байсан гэж үзэж хүчин төгөлдөр давах, хяналтын шатны шүүхүүдийн магадлал, тогтоолын хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг үнэгүйдүүлж, дураараа тайлбарлах ёсгүй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хууль дахь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд гэх ойлголыг хэрэглэх гэж байгаа бол уг ойлголтыг илүү нарийвчлан зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалтыг барьж үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийх ёстой байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ,... гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.6-д хэргийн оролцогчийн эдлэх эрхийг баталгаажуулсан байх ба хариуцагч нь хуулиар олгогдсон энэхүү эрхээ эдлэсэн. Уг иргэний хэрэг нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 001/ХТ2019/00349 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Ийм байтал шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож буруу шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл 120.1, 120.1.3-т тус тус зааснаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс тооцох нь хуульд нийцэх тул үндэслэлгүй илүү тооцож олгосон 139 хоногийн 14 442 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Гэмнэлэг ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 859 320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Нэхэмжлэгч М.Бийг Гэмнэлэгийн дүрс оношлогооны тасгийн дүрс оношлогооны эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 157 236 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/01948 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2213 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 349 дугаар тогтоол тус тус гарчээ. /хх9-17/

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүлийн 120.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд тус шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах болон болон хяналтын журмаар гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар маргаан эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

 

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажил олгогчийг ажлаас халсан өдрөөс, ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр биелэгдэж энэ хугацаанд ажилтны хөдөлмөрлөж, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэв.

 

 

 

Иймд хариуцагчийн шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж ажилгүй байсан хугацааг буруу тооцоолсон гэх гомдлыг хангахгүй орхив.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

 

А.МӨНХЗУЛ