Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02098

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 04 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02098                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, тоотод оршин суух, Б /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Г ХХК /РД:.........../-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 22.859.320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Т, Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Г  эмнэлэгт дүрс оношлогооны эмчээр ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Мийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд хандсанаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 01948 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээр Мийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг нь хангаагүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул тал сайн дураар биелүүлэх үүрэгтэй боловч биелүүлээгүй.  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г  эмнэлгийн захирлын тушаал гарч Мийг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан тул М өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн утга нь анх Мийг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан боловч түүнийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр буцаагаад урьд нь эрхэлж байсан ажилд нь томилсон. Тэгэхээр 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Мийн авах ёстой байсан цалин 22,859,320 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацааг тооцоход 220 хоног байна. Өмнөх шүүхийн шийдвэрт Мийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2,285,943 төгрөг гэж тогтоосон бөгөөд 1 өдрийн цалин хөлсийг 103,906 төгрөг гэж тогтоосон. Хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, мөн хуулийн 69.1-д заасны дагуу Мийг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын хувьд мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг төлөх үүрэгтэй. Хариуцагч талаас өмнө шийдэж байсан хэрэгтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн тул нэгэнт тогтоогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй. Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны дундаж цалин тооцох журам байгаа. Энэ журамд ажилгүй байсан ажилтны хугацааны цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцно гэсэн. Өмнөх хэрэгт Мийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын цалингийн дундаж хэмжээг тогтоосон. Үүнтэй хариуцагч тал маргахгүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай эмнэлгийн цалин болон урамшуулал тооцох журам байгаа. Тухайн ажилтан ажлаа хийж байх хугацаандаа хийсэн үзлэгээс хамаарч урамшуулал авдаг. М нь рентген зургийн эмчээр ажиллаж байсан. Нэг үзлэгээс 1,000 төгрөгийг урамшуулал өгдөг. Тухайн эмч энэ хугацаанд ажиллаагүй, илүү цагаар ажиллаагүй, хортой нөхцөлөөр ажиллаагүй тул нэмэгдэх, урамшуулал тооцуулах боломжгүй. Мөн унааны болон хоолны мөнгө нь нэг өдрийн 103,906 төгрөгт орсон боловч тухайн ажилтан ажилдаа ирээгүй учраас олгох нь шударга бус. М 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөрт ажилд ороход үндсэн цалин 850,000 төгрөг байсан. Ажилд авсан, үндсэн цалин 850,000 төгрөгөөр тогтоосон тушаалыг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Иймд үндсэн цалин хөлсний хэмжээнд ажилгүй байсан хугацааны цалинг тооцуулах хүсэлттэй байна. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах ёстой байсан ажлын өдөр 182 хоног байгаа, нэхэмжлэгч 220 хоногийн тооцоо гаргаж ирснийг ойлгохгүй байна. 2018 оны 09 дүгээр сард ажлын өдөр 20 хоног, 2018 оны 10 дугаар сард ажлын өдөр 23 хоног, 2018 оны 11 дүгээр сард ажлын өдөр 21 хоног, 2018 оны 12 дугаар сард ажлын өдөр 21 хоног, 2019 оны 01 дүгээр сард ажлын өдөр 22 хоног, 2019 оны 02 дугаар сард ажлын өдөр 17 хоног, 2019 оны 03 дугаар сард ажлын өдөр 20 хоног, 2019 оны 04 дүгээр сард ажлын өдөр 22 хоног, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын өдөр 16 хоног нийтдээ 182 ажлын өдөр  байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Мийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

           Г ХХК-иас 2018.09.01-ний өдрөөс 2019.05.22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 22.859.320 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг нэхэмжлэгч хүссэн, харин хариуцагч тал Мийн нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Мийг Г ХХК-ийн дүрс оношлогооны тасгийн дүрс оношлогооны эмчийн ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2018.08.31-ний өдрийн 1948 дугаар шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

           Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2213 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019.3.14-ний өдрийн 349 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно.

 

            Тус шүүхийн 2018.08.31-ний өдрийн 1948 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан, харин Г ХХК-ийн ерөнхий захирлын 2019.05.23-ны өдрийн 19/125 дугаар тушаалаар Мийг дүрс оношлогооны их эмчийн албан тушаалд эгүүлэн томилсон байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар 2018.09.01-ний өдрөөс 2019.05.23-ны өдрийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны  дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг М   нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.31-ны өдрийн 01948 дугаар шийдвэрээр тогтоосон Мийн сарын цалингийн дундажыг  2.285.943 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч 2018.09.01-ний өдрөөс 2019.05.23-ны өдрийг хүртэл 182 хоног  ажилгүй байсан тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, тус шүүхийн 2018.08.31-ны өдрийн 01948 дугаар шийдвэрийг үндэслэн 1 өдрийн цалинг 103,906 төгрөгөөр тооцож нийтдээ 18,910,892 төгрөг /103,906 х 182 хоног/-ийг  хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг  хариуцагч Г ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.                                                                                                   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-иас 18,910,892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Батэцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.948.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2018.09.01-ний өдрөөс 2019.05.22-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 272,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ