Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01213

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01213

 

 

Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01202 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Зоригтод холбогдох

 

Орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох үндсэн,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ганбаатарын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32 дугаар байрны 07 тоот 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны шудрага эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунтуяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Глоб констракшн ХХК-ийн барьсан 2 өрөө орон сууцыг Ш.Оюунбилэгээс өөрийн орлогоороо худалдаж авсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан. Уг байрыг өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй, ордер бичиг баримтгүй. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд миний хүү Г.Зоригт нь н.Сүх гэдэг хүнд зарсан байх бөгөөд энэ хүмүүс хүч түрэн гэрт орж ирэн хэл амаар доромжлон гэрийн цоожны гол эвдэн сольж гэрээс хөөсөн. Г.Зоригт нь батламж гэрээ үзүүлж зарсан байх бөгөөд байр худалдаж авсан н.Сүх гэгч нь ирж байраа үзээгүй, надтай огт уулзаж байгаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №3062 тоот шийдвэрээр Ц.Ганбаатар болон Д.Оюунтуяа нарын гэрлэлтийг цуцалсан. Мөн Ц.Ганбаатар нь намайг удаа дараа зодож, тарчлаасан үйлдэлдээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1363 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Ц.Ганбаатар нь өөрт байгаа бичиг баримтуудыг ашиглан төрсөн хүү Г.Зоригтыг ээжийнх нь эсрэг турхирч, бусадтай үгсэн хуйвалдаж, хуурамч Батламж хэмээх бичиг баримтыг Г.Зоригтын нэр дээр бүрдүүлж миний амьдарч байгаа байрыг бусдад зарж, хэрүүл маргаан үүсгэж, миний эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот 39 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Зоригтын тайлбарт: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот 39 м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Г.Зоригт юм. Учир нь манай аав, ээж хоёр Г.Зоригт надад зориулж худалдаж авч өгсөн. Тухайн үед Г.Зоригт миний оршин суух хаяг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоотод байдаг байсан бол харин Д.Оюунтуяа энэ орон сууцны хаяг дээр байдаггүй байсан. 2014 оны 10 дугаар сард Д.Оюунтуяа нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга байхдаа өөрийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан хууль бусаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот байрны хаяг дээр өөрийн оршин суух хаягаа шилжүүлсэн байдаг. Тиймээс тус Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот орон сууцны шударга эзэмшигч нь Г.Зоригт миний бие мөн болно. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Ганбаатар миний бие Д.Оюунтуяатай 24 жил хамт амьдран 3 хүүхдийн эцэг, эх болсон. Энэ хугацаанд охин Г.Халиун, хүү Г.Зоригт, Г.Ганзориг нарыг төрүүлж өсгөн, хүүхэддээ өөр өөрийн өмч болгон тус тусд нь орон сууц \байр\ авч өгсөн. Үүний нэг болох том хүү Г.Зоригтод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхон Глоб 32-7 тоот 2 өрөө 39 м.кв талбайтай орон сууцыг 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр н.Баярсайхан, Ш.Оюунбилэг нараас 18 500 000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Уг байрыг бид хамтран амьдарч байхдаа өөрсдийн дундын хөрөнгө, цалин мөнгөө нийлүүлж хүү Г.Зоригтод авч өгсөн тул уг байрыг эзэмших эрх хууль ёсоор бид 5-ын өмч хөрөнгө. Иймд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны шудрага эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн тайлбарт: Миний бие нь Ц.Ганбаатарын шаардлагыг эсэргүүцэж байна. Учир нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3062 тоот шийдвэрээр эд хөрөнгийн маргаангүй хэмээн шийдвэрлэсэн, мөн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11218 тоот шүүгчийн захирамжид тус байрыг битүүмжилсэн бөгөөд битүүмжлэгдсэн байрыг зарсан. Маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш бөгөөд миний үндсэн хөрөнгө юм. Тэгээд ч Ц.Ганбаатарыг орлого олж байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, тэрээр огт ажил хийдэггүй байсан. Иймд Ц.Ганбаатарын бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцож шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Зоригтын тайлбарт: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аав, ээж хамтран амьдарч байхдаа н.Баярсайхан, Ш.Оюунбилэг нараас надад худалдан авч өгсөн. Иймд уг байр бол миний эзэмшлийн байр гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунтуяа, гуравдагч этгээд Ц.Ганбаатар нарын шаардлагыг тус тус хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32 дугаар байрны 07 тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч нь Д.Оюунтуяа, Ц.Ганбаатар нар мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 316 600 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 250 450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээжхариуцагч Г.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамжид 316 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунтуяад олгож, нэхэмжлэгч Д.Оюунтуяа болон хариуцагч Г.Зоригт нараас улсын тэмдэгтийн хураамжид 250 450 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Ц.Ганбаатарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий байрыг би өөрийн орлогоороо худалдан авсан бөгөөд Г.Зоригтод холбогдуулан орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байхад Ц.Ганбаатар нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хангасан нь буруу. Энэ хэрэг маргаанд Ц.Ганбаатарын эрх ашиг хөндөгдөөгүй. Надад хуулиар олгогдсон ганц орон сууцыг маань Ц.Ганбаатар нь хүүхдүүдтэйгээ нийлж булааж авах гэж байгаад гомдолтой байна. Ц.Ганбаатарбг уг орон сууцны эзэмшигч мөн гэх нэг ч нотлох баримт байхгүй байхад шүүх буруу шийдвэр гаргасан. Ц.Ганбаатарын орон сууцыг Г.Зоригтод авч өгсөн, Г.Зоригтын өмч гэх тайлбарыг шүүх зөрүүтэй тайлбарласан. Шүүх Ц.Ганбаатарыг орон сууцны шударга эзэмшигч мөн гэж шийдвэр гаргасан тул тэрээр хүүхдүүдийн хамт намайг орон гэрээс хөрөөж гаргаж боломжтой болсон. Мөн СД бичлэгт дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөөгүй. Иймд хэргийг дахин нягталж шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь хариуцагч Г.Зоригтод холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32 дугаар байрны 07 тоот 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Оюунтуяа, Ц.Ганбаатар нар нь Ш.Оюунбилэгтэй 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32 дугаар байрны 07 тоот 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 18 500 000 төгрөгөөр худалдан авсан, уг орон сууцанд нэхэмжлэгч Д.Оюунтуяа амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх орон сууцны шударга эзэмшигч гэж тооцуулснаар ямар үр дагавар шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхой бус байхын зэрэгцээ хариуцагчаар гүйцэтгүүлэх үүрэг нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоорондоо холбоотой, шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээс хамаарч тодорхойлогддог, харилцан хамааралтай тул шүүхээс энэ асуудлыг тодруулаагүй нь буруу болжээ.

 

Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ганбаатарын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32 дугаар байрны 07 тоот 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл нь тодорхой бус байна. Талуудын маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл нь ямар агуулгатай болох, гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгөтэй холбоотой эсэх, тэдний ямар эрх нь зөрчигдсөн зэргийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас юу шаардаж, ямар үр дагавар хүсч байна вэ гэдгээ болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэнээс нь юу шаардаж байгааг тодорхой болгосноор талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх шаардах эрхийн үндэслэл болсон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ