Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2020/01207

 

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.З-, О.Ц- нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл 21 889 702 төгрөг, хүү 2 009 470 төгрөгнэмэгдүүлсэн хүү 20 556, нотариатын зардалд 9 500 нийт 24 259 460 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Т- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.З-, О.Ц- нар нь Т-наас 2018 оны 8 сарын 31-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 26 000 000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 1,8, жилийн 21,6 хувийн хүүтэй Lexus RХ400 маркийн автомашиныг худалдан авахаар зээлсэн. Зээлдэгч нар 4 110 297 төгрөгийг зээлд, 4 379 273 төгрөгийг хүүд, 10 419 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд нийт 8 499 990 төгрөг төлсөн. Л.З-, О.Ц- нар нь 2019 оны 7 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж, эгүүлэн төлөөгүй. Л.З-, О.Ц- нарын зээлийн үлдэгдэл нь 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар зээл 21 889 702 төгрөг, хүү 2 009 470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 556 төгрөг нийт 24 157 495 төгрөг үлдсэн.

Т- ХХК гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 6 сарын 21-ний өдөр, 2019 оны 6 сарын 28-ны өдөр, 2019 оны 7 сарын 25-ны, 2019 оны 10 сарын 01-ний өдөр, 2019 оны 11 сарын 30-ны өдрүүдэд хүргүүлсэн боловч үл биелүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Банкны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 24 249 960 төгрөг, нотариатын зардалд 9 500 төгрөг гаргуулж өгнө үү. Япон улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн, JTJHW31U900032267 арлын дугаартай Lexus RX400 автомашиныг барьцаалсан уг хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК-аас 2018 оны 9 дүгээр сард компанийн үйл ажиллагаанд зориулж 26 000 000 төгрөг зээлж автомашин зээлээр авсан. Нэг жил орчим төлбөрийг нь төлсөн боловч яг цаг тухайд нь хийж байгаагүй. Төлбөрийг цаг тухайд нь төлж чадахгүй нөхцөл байдал бүрдсэн. 4-5 сарын төлбөрийг төлж чадаагүй. Нэхэмжлэгч 1, 2 сард шүүхэд хандана гэсэн учраас өөрийн боломжоороо төлөх чадамжтай гэж хоёр удаа эвлэрэхээр очиж уулзсан. Нэхэмжлэгч талаас 4 600 000 төгрөгийг төлж байж эвлэрэх талаар ярина гэдэг. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа төлөлтийг хийж эвлэрье гэхээр 5 000 000 төгрөг бэлнээр төлөх боломжгүй байна. Өнөөдөр 1 000 000 төгрөг хийсэн. Өмнө төлбөрөө бага бага хэмжээгээр төлөөд явж байсан. Аль алинд нь ашигтайгаар сард 780 000 төгрөгийг төлөөд явмаар байгаа, шууд 5 000 000 төгрөгийг төлж чадахгүй. Мөнгөө графикаар төлөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.З-, О.Ц- нараас 22 333 730 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.З-, О.Ц- нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 81-14 УБК улсын дугаартай, Lexus RX-400H маркийн арлын дугаар JTJH31U900032267, хар өнгийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 400 төгрөгөөс 347 796 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1 604 төгрөг, хариуцагч Л.З-, О.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжид 339 819 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн төлбөрийг 50 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчсөн. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 9 085 990 төгрөг төлсөн байхад 23 333 730 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Л.З-, О.Ц- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл 21 889 702 төгрөг, хүү 2 009 470, нэмэгдүүлсэн хүү 20 556, нотариатын зардалд 9 500 нийт 24 259 460 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэж маргажээ. /хх1, 34/

Зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 341801662289 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, Т- ХХК нь Л.З-, О.Ц- нарын өмчлөлд 26 000 000 төгрөгийг 50 сарын хугацаатай шилжүүлсэн. Талууд гэрээний нөхцөл, хүүгийн хэмжээ, гэрээний үүргийг хариуцагч нар зөрчиж хугацаа хэтрүүлсэн зэрэгт маргахгүй байна.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 81-14 УБК улсын дугаартай Lexus RX-400H маркийн автомашиныг барьцааны гэрээ байгуулагдсанд талууд маргаагүй. /хх9/

Нотариатын зардал 9 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна

Зохигчийн хооронд 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Хариуцагч нар гэрээг хугацаанаас өмнө цуцласан нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Гэрээний талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай юм.

Хариуцагч нар гэрээний үүргийн хугацааг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэтрүүлж зээлийн буцаан төлөлтийг гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Нэхэмжлэгч талаас удаа дараа гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ. /хх 14,15/

Хариуцагчийн 1 жил орчим гэрээний хугацаа хэтрүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчил биш юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн гэрээг хугацааны өмнө цуцласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Зээлийн бодолтыг шалгаж үзэхэд хариуцагч нараас 22 333 730 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ. /Үндсэн зээл 26 000 000, хүү сарын 1,8 хувь 468 000 х 2018.8.312019.12.4 15 сар нийт 7 020 000 төгрөг + 26 000 000 нийт 33 020 000 - 10 085 990 төгрөг, үлдэх нь 22 934 000/

Хэдий үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байгаа ч нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 81-14 УБК улсын дугаартай Lexus RX-400H маркийн автомашинаар хангуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр Гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцласан нь буруу, зээлийн бодолтыг буруу хийсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 819 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД