Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Т Б” ХХК

 

Хариуцагч: Л З/РД: ШЗ86071619, утасны дугаар: 88106828/

 

Хариуцагч: Ц

 

24,259,460.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Г

        хариуцагч Л.З, О.Ц

                                        нарийн бичгийн дарга  Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Зболон хамтран зээлдэгч О.Ц нар нь Т Бнаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 341801662289 тоот зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 1,8 жилийн 21,6 хувийн хүүтэй Lexus RХ400 маркийн автомашиныг худалдан авах зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш 4,110,297.48 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 4,379,273,31 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт, 10,419.56 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт, нийт 8,499,990.35 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Л.Зболон хамтран зээлдэгч О.Ц нар нь 2019 оны 7 дугаар сарын 05ны өдрөөс эхлэн зээлийн хугацааг хэтрүүлж, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 6.2.1 заалтыг зөрчсөн. Зээлдэгч Л.Зболон хамтран зээлдэгч О.Ц нарын зээлийн үлдэгдэл нь 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар 21,889,702.52 төгрөгийн үндсэн зээлийн, 2,009,470.70 төгрөгийн үндсэн хүүгийн, 20,556.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл нийт 24,157,495.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Т Б болон зээлдэгч Л.Зболон хамтран зээлдэгч нарын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Дугаар:341801662289 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй уг гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчсөн, банкнаас гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 25-ны, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үл биелүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний 6.2.3 дахь заалтыг үндэслэн Банкны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж доорх шийдвэрүүдийг гаргаж өгнө үү.  Үндсэн зээл болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт үлдэгдэл 24,249,960.41 төгрөг, нотариатын төлбөр 9500 төгрөг нийт 279,199.80 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаанд Япон улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн, JTJHW31U900032267 арлын дугаартай Lexus RX400 автомашиныг барьцаалсан уг хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж тусгайлан зааж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай банк үлдсэн зээлийн үлдэгдлийг хариуцагч нараас гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж, автомашиныг худалдан борлуулах хүсэлттэй байгаа. Хариуцагч нар LEXUS RX400 маркийн автомашиныг худалдаж авах зорилгоор 26 сая төгрөг зээлж барьцаанд автомашинаа тавьсан. Нэг жил гаруй хугацаанд зээл болон зээлийн хүүг бага, багаар төлж байгаад сүүлийн жил гаруй хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй зөрчил гаргасан. Зээлийн үлдэгдлийг хамгийн сүүлийн тооцоогоор 23,919,730 төгрөг гэж нэхэмжилсэн байгаа. Манай зүгээс зээлдэгчид олон боломж олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрэх талаар ярьсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Зээлийн төлбөр дээр нэмээд нотариатын зардлыг нэхэмжилж байгаа. Тийм учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна.

 

Хариуцагч Л.Зшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Б” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сард компанийн үйл ажиллагаанд зориулж 26,000,000 төгрөг зээлж автомашин зээлээр авсан. Нэг жил орчим төлбөрийг нь төлсөн боловч яг цаг тухайд нь хийж байгаагүй. 2018 оны 1 дүгээр сараас компанийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас их хэмжээний золиос, эрсдэлийг үүрсэн. Тийм учраас төлбөрийг цаг тухайд нь төлж чадахгүй нөхцөл байдал бүрдсэн. Намраас дахин шинэ салбар нээж нилээн их эрсдэл хүлээсэн. Тэр үед 4-5 сарын төлбөрийг төлж чадаагүй. Нэхэмжлэгч 1, 2 сард шүүхэд хандан гэсэн учраас өөрийн боломжоороо төлөх чадамжтай гэж хоёр удаа эвлэрэхээр очиж уулзсан. Нэхэмжлэгч талаас 4,6 сая төгрөгийг төлж байж эвлэрэх талаар ярина гэдэг. Түүний дараа компанийн хувьцаа эзэмшигч хоёр хүнийг дагуулж очсон. Нэхэмжлэгч талын шаардаж байгаа төлөлтийг хийж эвлэрье гэхээр 5,000,000 төгрөг бэлнээр төлөх боломжгүй байна. Манай компани Алтан жолоо групп болон Тэнгэр плаза гэсэн хоёр газраас санхүүжилтээ аваагүй. Коронавирустай холбоотойгоор манай 5, 6 сая төгрөгийн авлагыг өгөхгүй байгаа. Өнөөдөр миний данс руу сая хоёр зуу, гурван зуу мянган төгрөг орж ирэхээр нь 1,000,000 төгрөгийг “Т Б” ХХК-д шилжүүллээ. Тэгээд гадаадаас оруулж ирсэн бараа зарагдсан тохиолдолд нэхэмжилж байгаа мөнгийг өгөөд явах боломжтой. Миний хувьд энэ машиныг оруулж ирээд бүх зүйлийг нь хийгээд авчихсан учраас сэтгэлд ойр байдаг юм. Миний хувьд ганц машин тэрэгнээс болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгэгдэхийг үнэхээр хүсэхгүй байна. Эвлэрэхийг эрхэмлэж байгаа хэдий ч яг өнөөдөр мөнгөө хийх үнэхээр хэцүү байдалд орчихлоо. Манай компанид ажилладаг ажилчдын цалин өчигдөр буух ёстой хэдий ч одоог хүртэл олгоогүй. Компанийн асуудал ар араасаа тулаад ирчихсэн. Гааль дээр хүртэл хэдэн бараа материал орж ирээгүй хүлээгдэж байгаа. Тэр бараа материал зарагдах юм бол шал өөр болно. Ер нь энэ асуудал намжвал шийдэгдэх гээд байна. Би төлбөрийг төлөхгүй гэж байгаа биш, ямар ажилгүй байгаа биш, зүгээр энэ цаг мөчид боломж гарч ирэхгүй байна. Манай компанийн авлага 7, 8 сая төгрөгийг нэхэмжилж аваад ажилчдынхаа цалин өгөхөөс эхлээд зарлага их байгаа. Төлбөрийг нэг дор их хэмжээгээр төлөх боломжгүй. Компанийн цаана 13 айлын ам бүл байдаг. Өөрт орж ирсэн мөнгөнөөс төлбөрөө төлөх үү, ажилчдынхаа цалинг өгөх үү гээд хэцүү байдалд л байна. Өнөөдөр 1,000,000 төгрөг хийсэн. Өмнө төлбөрөө бага бага хэмжээгээр төлөөд явж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан гэхээр нь мөнгөө төлөхөө больчихсон юм. Миний хувьд зээлийг төлнө. Хуучин график уруугаа оруулаад явах уу? гэдэг саналыг тавьж эвлэрэх гэж их хүссэн. Аль алинд нь ашигтайгаар сард 780,000 төгрөгийг төлөөд явмаар байгаа, шууд 4-5 сая төгрөгийг төлж чадахгүй учраас өнөөдрийн энэ байдалд хүрчихлээ. Гэрээнийхээ графикийн дагуу мөнгөө төлөх хүсэлтэй байгааг шийдэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Л.З, О.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,919,730.03 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 23,929,230.03 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үнийн дүнг алдаатай бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 341801662289 тоот “барьцаат зээлийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “Т Б” ХХК нь Л.З, О.Ц нарт 26,000,000 төгрөгийг 50 сарын хугацаатай шилжүүлэх, уг мөнгийг Л.З, О.Ц нар нь сарын 1.80 хувийн хүүтэй, сар бүр тодорхой хувь хэмжээгээр төлөлт хийж, тохирсон хугацаанд буцааж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Л.Зын өмчлөлийн 81-14 УБК улсын дугаартай Lexus RX-400H маркийн автомашинаар хангуулахаар тохирч барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлжээ.

 

Дээрх гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан барьцааны болон Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.  

 

Уг гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ “Т Б” ХХК биелүүлсэн байх тул хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй, харин коронавирус өвчний улмаас санхүүгийн хүнд байдалд байгаагаас нэг дор төлөлт хийх боломжгүй, гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх боломжтой гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.  

 

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тохирсон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөлт хийх үүргээ биелүүлээгүйг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргийг хариуцагч нар биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн зөрчлөө арилгахыг нэхэмжлэгч удаа дараа шаардаж байсан боловч зөрчлөө арилгаагүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан журмаар нэхэмжлэгч гэрээг хугацааны өмнө цуцлах эрхтэй байна.  

 

Гэрээ цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Иймд нэхэмжлэгч тал гэрээ цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа “зээлийн төлбөрт 21,889,702.52 төгрөг, хүү 2,009,470.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,556.81 төгрөг“ гэж тодорхойлсон нь гэрээг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр цуцлаж, үүргийн харилцааг дуусгавар болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Зохигчийн тайлбараар хариуцагч тал 2020 оны 1 дүгээр сард 586,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, мөн шүүх хуралдаанаас өмнө 1 сая төгрөг төлсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,586,000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хасаж тооцсон тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,333,730.03 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч нарын зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй зөрчил нь коронавирус өвчин тархахаас өмнө үүссэн байх тул уг өвчний улмаас хариуцагч нарыг үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг уг гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Нотариатын төлбөр нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх үүргээ биелүүлэхэд гарсан зардал байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлээс 9500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Барьцааны зүйл болох автомашиныг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон атлаа дахин 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээ байгуулсан байна. Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 231.1.6, 153 дугаар зүйлийн 153.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан хоорондоо ялгаатай өөр аргууд бөгөөд нэг эд хөрөнгөөр хоёр өөр арга замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 81-14 УБК улсын дугаартай Lexus RX-400H маркийн автомашинаар хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Алдаатай бичсэн нэхэмжлэлийн үнээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л З, О Ц нараас 22,333,730.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.З, О.Ц нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 81-14 УБК улсын дугаартай Lexus RX-400H маркийн арлын дугаар JTJH31U900032267, хар өнгийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,400 төгрөгөөс 347,796 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1604 төгрөг, хариуцагч Л.З, О.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 339,819 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНДИЙМАА