Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 580

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

            Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Сүхболд нарыг оролцуулан тус шүүх шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барьд овогт Баатаржавын Хт холбогдох эрүүгийн 1809000000232 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 16 дугаар гудамжны 158 тоотод оршин суух иргэн Б.Дэлгэрмаагийн гэрт 9 настай Ч.Янжинлхамыг байхад “аав, ээж чинь утас аваад ир” хэмээн орж “Olimpus” нэртэй гэрэл зургийн аппарат илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найзтайгаа цуг явж байгаад тухайн айлаас банхарын гөлөг асуух гээд гэр рүү нь ортол гэрт нь том хүн байхгүй байсан. Тэгэхээр нь эргэж ороод аав, ээжийг нь хүлээж байгаад гарахдаа зургийн аппаратыг нь авчихсан юм. Айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 15-16 дугаар хуудсанд насанд хүрээгүй гэрч Янжинлхамын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сүхболд: “Хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 15-16 дугаар хуудсанд насанд хүрээгүй гэрч Янжинлхамын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлана” гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 16 дугаар гудамжны 158 тоотод оршин суух иргэн Б.Дэлгэрмаагийн гэрт 9 настай Ч.Янжинлхамыг байхад “аав, ээж чинь утас аваад ир” хэмээн орж “Olimpus” нэртэй гэрэл зургийн аппарат илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Б.Хын авч явсан гэх Канон 700D загварын зургийн аппарат нь иргэн Б.Дэлгэрмаагийн эзэмшлийн зургийн аппарат байх тул хүлээн авч хохирогч Б.Дэлгэрмаад хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 09 дүгээр тал/,

Хохирогч Б.Дэлгэрмаагийн: “...гэрт 9 настай охин Янжинлхам, зээ хүү Энх-Ирээдүй /1 нас 3 сартай/ хүүхдээ үлдээгээд явсан, автобусаар явж байхад манай найз эмэгтэйн найз залуу болох Цэрэнтогтох залгаад "хаана байгаа вэ гэртээ байгаа юм уу" гэхээр нь би "Бадрах бид хоёр гадуур явж байна" гэхэд Цэрэнтогтох "за за" гээд утсаа салгасан, тэгээд 30-40 минутын дараа охин Янжинлхам над руу манай гэрт нэг танихгүй ах орж ирээд зургийн аппаратыг аваад гарчихлаа, гээд уйлсан, тэгээд нөхөр бид хоёр шууд 16 цагийн үед гэртээ ирсэн, манай хоёр хүүхэд зүгээр, ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, зургийн аппарат алга болсон байсан, гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Янжинлхамын: “... гэртээ дүү Энх-Ирээдүйн /1 нас 3 сартай/ хамт байж байхад үл таних 30-40 гаран насны дээгүүрээ хар өнгийн савхин куртка, доогуураа хөх өнгийн жинсэн мөдтэй ах ганцаараа орж ирэзд "Дорж ахын гэр мөн үү" гэхээр нь би "бишээ та хажуу талын айлаас ороод асуучих" гэж хэлэхэд тэр ах гэрээс гарсан, удалгүй буцаж орж ирээд “ээж чинь гар утас аваад ир гэнээ” гэхээр нь би “энэ миний утас” гээд өөрийнхөө Самсунг гранд маркийн гар утсаа тэр ахад өгөөгүй, аав, ээж хоёрыг иртэл хүлээе гээд цагаан өнгийн ширээ тулж зогсож байгаад шүүгээн дээр байсан хар өнгийн зургийн аппарат аваад гарах гэхээр нь би түрүүлж гараад “туслаарай” гэж хашгирсан чинь хажуу айлын ах гарч ирээд нөгөө ахын араас гүйгээд явсан, хашаанд байдаг ах буцаж ирсэн, нөгөө ахыг барьж аваагүй, намайг тэр ах ямар нэгэн байдлаар айлгаж дарамталсан зүйл байхгүй, миний биед rap хүрч цохиж зодоогүй, тэр ах ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Гэрч Б.Туяагийн: “... ах Х нь эх Цэгмидтэй цуг амьдардаг, шүүхээр орж ял шийтгэл аваад түүнээс хойш шоронгоор явсаар байгаад 2017 оны 07 дугаар сард суллагдсан, муухай аашгүй архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эхнэр хүүхэд байхгүй, архаг хууч өвчин байхгүй,..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20

дугаар тал/,

Б.Х нь бусдын эд зүйлс болох зургийн аппаратыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 120000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хийгдсэн эд зүйлийн үнэлгээний комиссын шийдвэр /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Яллагдагч Б.Хын: “...ганцаараа орж эд зүйлс авсан, өөрийнхөө үйлдсэн хэргийг маш ихээр ойлгож байна..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Б.Хын бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст “...Батбаяр овогтой Дэлгэрмаа миний бие өөрийн алдсан зүйлээ олж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ гаргасан байх ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Хохирогч талаас гомдол саналгүй, хохирлын хэмжээ бага зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү …” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд 8 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авах боломжгүйг дурдаж, улсын яллагчийн гаргасан 3 жилийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, шүүгдэгч Б.Х нь насанд хүрээгүй 9 нас 10 сартай Ч.Янжиндулам, 1 нас 3 сартай Энх-Ирээдүй нарыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Барьд овогт Баатаржавын Хыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР