Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00396

 

 

 

 

 

2018 02 05

210/МА2018/00396

 

 

 

Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2017/03136 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ундармал сод рашаан ХХК-д холбогдох

 

543 376 673 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, Л.Шагдарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Чингис хаан банк ХХК нь Ундармал сод рашаан ХХК-тай 2014 оны 05 сарын 01-ний өдөр 2258/01/СL-2014 тоот зээлийн шугам нээх гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, зээл ашигласан хэмжээний дүнгийн 21.6 хувийн хүүтэйгээр, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр, мөн өдөр 2258/01/СС-2014 тоот зээлийн гэрээ байгуулан 400 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 05 сарын 01-ний өдөр 2065/01/РА/01-2014 тоот, мөн өдрийн 2065/01/РА/02-2014 тоот барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Ү-2207002332 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 21 тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий орон сууц, Ү-2207002331 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 4 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууц, Ү-2204059215 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 2 хороо, Дарь эхийн /13351/ гудамж 10-р байр, 255 м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай барилга, Ү-2203020385 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 хороо, 5 дугаар хороолол, /14252/ ХД-39-р байрны 94 тоотод байрлах 67.39 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээлийн шугам нээх гэрээний дагуу төлөх зээлээс 42 639 836.79 төгрөгийн үндсэн зээл, 58 583 427.73 төгрөгийн хүүгийн төлбөр, 1 195 423.51 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 102 454 194.88 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 84 969 064.74 төгрөгийн үндсэн зээл, 132 658 024.01 төгрөгийн хүү, 9 892 226.46 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 227 519 315.21 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч 2017 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үүнд: Зээлийн шугам нээх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 83 963 629.30 төгрөгийн үндсэн зээл, 13 161 616.41 төгрөгийн хүү, 2 394 964.76 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 99 520 210.47 төгрөгийн, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 315 030 935.25 төгрөгийн үндсэн зээл, 114 183 112.91 төгрөгийн хүү, 14 642 414.72 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 443 856 462.89 төгрөгийн өр төлбөртэй байгаа болно. Иймд хариуцагч Ундармал сод рашаан ХХК-аас зээлийн шугам нээх гэрээний дагуу 99 520 210.47 төгрөг, зээлийн гэрээний дагуу 443 856 462.89 төгрөг, нийт 543 376 673.36 төгрөгийг шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт тус тус гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулахыг тус тус шүүхийн шийдвэрт тусгайлан зааж хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Ундармал сод рашаан ХХК нь 2014 оны 05 сарын 01-ний өдөр 2258/01/СL2014 тоот зээлийн шугам нээх гэрээг байгуулсан боловч зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр, зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэсэн хэдий ч Ундармал сод рашаан ХХК нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан зээлийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан ба зээлийн төлөлттэй холбогдуулж, төлсөн зээлийн төлбөрийн хэмжээгээр зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдан борлуулсан төлбөрийн хэмжээгээр зээлийн үлдэгдэл төлбөрийг хаах хүсэлтийг биечлэн гаргаж байсан боловч зээлдүүлэгчийн зүгээс хүлээн аваагүй. Чингис хаан банк нь нийт 530 000 000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн зээлд хамаарах хүүгийн хэмжээгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаар дурдсан байх ба 543 376 673 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргажээ. Үүнээс үзэхэд зээлийн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн үнийн дүнгээс илүү давсан байтал бүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч уг барьцааны гэрээнүүд нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Чингис хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ундармал сод рашаан ХХК-аас 543 376 673.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020385 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000192657 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39 дүгээр байр 94 тоот хаягт байрлах, 67.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059215 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000308093 дугаартай гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх гудамж, 10 дугаар байр 1 давхар хаягт байрлах 255 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002328 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000226380 дугаартай гэрчилгээтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байр 48 тоот хаягт байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002331 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000232710 дугаартай гэрчилгээтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байр 4 тоот хаягт байрлах, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002332 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000193769 дугаартай гэрчилгээтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байр 21 тоот хаягт байрлах, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 2 945 034 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ундармал сод рашаан ХХК-аас 2 945 034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ундармал Сод рашаан ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 225/01/CL-2014 тоот зээлийн шугам нээх гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээнд заасны дагуу 100 000 000 төгрөгийн зээлийг хүлээн авч ашигласан ба тус гэрээний дагуу 130 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг авч ашиглаагүй юм. Хариуцагчийн зүгээс 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн шугам нээх гэрээний дагуу хүлээн авсан 100 000 000 төгрөгийн төлбөрөөс 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Ундармал Сод рашаан ХХК-ийн зүгээс 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлсөн 30 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин зээлсэн гэх дансны хуулгыг шүүхэд гаргаж, шүүх дээрх баримтыг үндэслэн зээлийн шугам нээх гэрээний дагуу 100 000 000 төгрөгийн өр үүссэн болох нь тогтоогдсон хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Ундармал сод рашаан ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин зээл авах байсан тохиолдолд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн төлөлт хийх учиргүй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн шугам нээх гэрээний дагуу зээлдүүлсэн гэх 30 000 000 төгрөгийг хариуцагч Ундармал Сод рашаан ХХК-д шилжүүлсэн гэх баримтыг ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ирүүлээгүй. Чингис хаан банк нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ундармал Сод рашаан ХХК болон иргэн А.Гандолгор нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 485 433 712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан ба энэхүү нэхэмжлэлийг Чингис хаан банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Сандагдорж гаргасан. Чингис хаан банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор С.Сандагдоржийг тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх баримтыг шүүхэд ирүүлсэн ба тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүн /С.Горомов (ТУЗ-ийн дарга), Л.Ариунаа, А.Сиваев, Д.Эчик, Д.Ома/ байгуулсан гэх Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд уг тогтоолд 4 хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №181/Ш32017/12870 дугаар захирамжаар Чингис хаан банкнаас Ундармал Сод рашаан ХХК болон иргэн А.Гандолгор нарт холбогдуулж гаргасан иргэний хэргийг ИХШХШтХ-ин 35 дугаар зүйлийн 35.1, 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Улмаар Чингис хаан банк нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ундармал Сод рашаан ХХК-д холбогдуулж, гаргасан нэхэмжлэлд Чингис хаан банкийг төлөөлж гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Сандагдорж гарын үсэг зурсан бөгөөд С.Сандагдоржийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №Д/02 тоот тогтоолоор тус албанд томилсон гэх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан. Ийнхүү 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С.Сандагдоржийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоолыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б Инжиннаш гэх этгээд гаргасан байна. Гэтэл Чингис хаан банк нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Сергей Громов даргатай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоггоолыг үндэслэсэн ба шүүх хуралдаанд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь дээр дурдсан 5 гишүүнтэй бөгөөд цор ганц дарга нь Сергей Громов хэмээн мэдүүлж байсан. Харин Б.Инжиннаш даргатай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор С.Сандагдоржийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хэмээн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь удаагаа нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх дээрх зөрүүтэй үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн нь үндэслэлгүй юм. Учир нь С.Сандагдоржийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 өөр тогтоол авагдсан ба уг тогтоолыг өөр өөр этгээдүүд гаргасан байдаг. Гэтэл уг хэргийг хянан хэлэлцсэн шүүгч нь дээрх нөхцөл байдлыг өөрийн гаргасан 2017 оны №181/Ш32017/12870 дугаар захирамжаар тогтоосон атлаа, ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж хэргийг хянан хэлэлцсэн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Сандагдорж нь тус банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон байх ба уг бүртгэлииг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн байхад дээрх үйл баримт тогтоогдсон байтал ИХШХШтХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар ноцтой зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн шугам нээх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримтыг зайлшгүй тогтоох шаардлагатай байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн хууль ёсны бөгөөд шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК зээлийн гэрээний үүрэгт 543 376 673.36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ундармал сод рашаан ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Талууд 2014 оны 5 сарын 1-ний өдөр 2258/01/СС-2014 дугаартай 400 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2258/01/CL-2014 дугаартай зээлийн шугам нээх тухай 30 сарын хугацаатай 100 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

 

Зохигчид 400 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой үүсэх үүрэг буюу зээлдэгчийн гүйцэтгэсэн болон гүйцэтгэх үүргийн хэмжээний талаар маргаагүй, харин зээлийн шугам нээх гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар маргасан байна.

 

Хариуцагч 100 000 000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг буцаан төлсөн, нэмж зээл аваагүй гэж, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг төлсний дараа дахин 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээл авсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргаж байхад шүүх талуудаас гаргасан тайлбар, нотлох баримт нь маргаан бүхий асуудлыг хангалттай нотолж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагаа нотлож өөрийн банкны дансны хуулгыг баримтаар ирүүлсэн нь маргаан бүхий үйл баримтыг хангалттай нотлохгүй. Дээрх баримтаас 30 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн CID.14.055 тоот шийдвэрийн дагуу зээлийг харилцах дансанд шилжүүлсэн гэж үзэхээр байгаа боловч уг шийдвэр болон мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талууд энэ мөнгөн дүнг авсан эсэх талаар маргаж байх тул үүнийг тодруулах зайлшгүй шаардлагатай, тухайн нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг тодорхойлогдох ба үүнийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2017/03136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ