Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0417

 

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0417

       Улаанбаатар хот

 

 

С.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.А-н нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0307 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.10, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-ын “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т-ын давж заалдах гомдолдоо: “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Хариуцагч нь надад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/1498 дугаартай мэдэгдэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж, тайлбар аваагүй.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсаны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсэний дараа шийдвэр гаргах ёстой. Гэтэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь сонсох ажиллагаа хийхээс өмнө шийдвэрээ тодорхойлчихсон, гагцхүү Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон сонсох ажиллагааг хийсэн мэт харагдуулах үүднээс надаас тайлбар авсан байна. Ийнхүү үзэх үндэслэл нь, надад энэ талаар мэдэгдэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс намайг дуудаж ...та үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ хураалга, хүчингүй болгоно...” гэж мэдэгдсэн явдал юм.

Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар тухайн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, тодорхой зөрчлүүд гарсан талаар надад мэдэгдэж, түүнд тайлбар авсаны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан. Нөгөө талаар хяналтын улсын байцаагч тайлбар авсан хэдий ч, уг гэрчилгээг хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ямар нэгэн сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал аваагүй тул хуульд заасан журмаар сонсох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл мөн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад, иргэн С.С-с иргэн С.А-т Баян-Өлгий аймгийн 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хууль ёсны дагуу шилжилт хөдөлгөөн хийгдэж, улмаар иргэн С.А-н нэр дээр бүртгэгдэж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажиж, харин өмнөх өмчлөгч буюу С.С-ийн өмчлөх эрх дуусгавар болсон байхад С.А-д олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004600 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000513568 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Мөн хуулийн 15 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмын талаар тодорхой зохицуулалт тусгагдсан байх ба 15.1-д “...Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ....”, 15.2-т “...Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна....”, 15.4- т “...Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана...” гэж тус тус заасан.

Тухайн үед улсын бүртгэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлгийг хийх явцад хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах ямар нэгэн үндэслэл байгаагүй бөгөөд 15 дугаар зүйлд зааснаар миний гаргасан мэдүүлгийг 14 хоногийн хугацаанд бүрэн хянан шалгаж, татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд надад гэрчилгээ олгосон.

Улсын бүртгэгч Б.О тайлбартаа: “...Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэгийн гэрээг үндэслэн С.А-н нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна. Бэлэглэлийн гэрээнд барьцаалсан болон битүүмжилсэн тухай юм тусгаагүй, гэрчилгээ өмчлөгчийн гарт байсан, хувийн хэргийн тусгай тэмдэглэлд албан тоот гэж бичигдсэн болохоос, тусгай тэмдэглэл гэж бичээгүй байсан тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө гэдгийг би огт мэдээгүй...” гэжээ. Улсын бүртгэгч анх бүртгэл хийх, шипжилт хөдөлгөөн хийх явцад С.С-ийн хувийн хэрэгт ямар нэгэн тусгай тэмдэглэл байгаагүй, битүүмжилсэн эсэх талаарх нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй болох нь улсын бүртгэгч Б.О-ийн тайлбараар болон бусад бүртгэлтэй холбоотой баримтуудаар нотлогдож байна. Үүний зэрэгцээ, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр С.А-ын нэр дээр шилжүүлсэн байх ба нотариатаар шилжүүлэг хийх үед мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдээгүй байсан нь тогтоогдсон. Хэрэв, аливаа үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдсэн нөхцөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтан хураан авч, битүүмжлэгдсэн тухай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагууд буюу тойргийн нотариатчид, арилжааны банкуудад нэгдсэн системээр онлайн хэлбэрээр хүргүүлэх ёстой.

Хуулийн 7.5-д “...Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно...” гэжээ.

Үүнээс үзэхэд, улсын бүртгэл буруу ташаа болсон зүйл байхгүй бөгөөд хэн нэгний тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч байсан С.С-аас эрх нь зөрчигдсөн тухай улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаагүй байхад хэний, ямар өргөдлийг үндэслэн шалгасан нь ойлгомжгүй болжээ.

Хуулийн 7.7-д “...Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно...” гэж зааснаас үзэхэд, 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээг зөвхөн шүүх хүчингүй болгох байтал хөндлөнгөөс өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэдийгээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн тогтоол гарсан гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх явцад улсын бүртгэгч үүнийг заавал анхаарч үзэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ямарваа тогтоол гараагүй байсан бөгөөд үүнийг ашиг сонирхлын үүднээс нөхөж үйлдсэн гэж ойлгоно.

Хэрэв битүүмжилсэн тогтоол гарсан нь үнэн эсэх нь тогтоогдсон ч гэлээ маргаан бүхий Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө “Толганай” зоогийн газар нь С.С-т огт хамааралгүй эд хөрөнгө болохыг хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Учир нь, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газарт манай аав болох С 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд том хүү болох С.С-н нэр дээр яагаад гэрчилгээ олгогдсон нь бас эргэлзээтэй, ер нь С.С-ийн нэрд бүртгэгдсэн байгаа төдий боловч энэ нь үнэндээ миний ч хөрөнгө биш болохыг дурьдмаар байна. Гагцхүү, миний бие С.А нь С-н отгон хүү байх үүднээс надад өвлөгдөх нь зүйн хэрэг, иймдээ ч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх хууль бус үйл ажиллагаатай холбоотой болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгчийг тогтоолгох асуудлаар тус тус иргэний хэргийн шүүхэд жич хандах болно.

Тэрээр, маргаан бүхий Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө “Толганай” зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг битүүмжилсэн тогтоол гараагүй байхад, тогтоол гарсан гэж үзвэл нөхөж үйлдсэн байх тул үүнийг үндэслэж, гэрчилгээг хүчин болгосон нь хууль бус.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Уг дүгнэлтэд тусгагдсан тайлбар болон холбогдох хүмүүсийн тухайн үед гаргаж өгсөн тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байдлаар бичигдсэнээс гадна уг дүгнэлт ойлгомжгүй, нотлох баримтад тулгуурлаж бичигдээгүй гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10-д “...Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч , хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, хөдөлгөөн хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Толганай зоогийн газрыг битүүмжилсэн шийдвэр болон Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэх албан бичиг нь өөрөө түдгэлзүүлсэн эрхийн акт болж чадах уу, миний ойлгож байгаагаар бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баримтуудыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгч тусгайлан эрхийн акт гаргах буву тухайн үл хөдлөх хөрөнгөд хөдөлгөөн хийх эрхийг тугдэлзүүлсэн албан ёсны шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байх тул ямар ч шийдвэргүйгээр уг хуулийн зүйл заалтыг удирдлага болгож байгаа нь хуульд нийцээгүй.

Мөн Улсын бүртгэгч н.О гэрчээс өгсөн мэдүүлэгтээ: “...би эд хөрөнгийн цахим мэдээллийн сангаас шүүж үзэхэд, тухайн үед ямар ч тусгай тэмдэглэл гэсэн тэмдэглэгээ байгаагүй..., ...мөн нотариатчын бэлэглэлийн гэрээнд битүүмжлэгдээгүй гэсэн тэмдэглэгээ байсан..., мөн С.С-ийн гэрчилгээ өөрт нь эх хувиараа байсан, мөн архивт байх хувийн хэргийн тусгай хуудаст тэмдэглэгээ хийхэд ямар ч тусгай тэмдэглэл гэх бичилт хийгдээгүй бүгд албан тоот гэсэн тэмдэглэгээ байсан...” гэх мэдүүлэгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

Түүнчлэн, хариуцагч байгууллага эрхийн акт гаргахдаа зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоот, улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг шууд үндэслэж шийдвэр гаргасан. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...захиргааны акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх зэрэг бүхий л үйлдлийг шалгах ёстой...” гэснийг зөрчсөн. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн э эхийг огт шалгаж үзэлгүйгээр үзэмжээрээ шийдвэр гаргасныг шүүх онцгойлан анхаарч үзэх ёстой боловч Захиргааны ерөнхий хуулийн зохих зүйл заалтыг огт хэрэглэхгүй байгаа нь шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.А “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.С 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нэр дээр бүртгүүлж 000143619 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсны дараа Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 591 дүгээр шийдвэрээр иргэн С.С-с 149, 205, 210 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ, 20.1.4-д “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж тус тус заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгэж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Гэтэл иргэн С.С нь өөрийн төрсөн дүү С.А-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, гэрээний үндсэн дээр бүртгэлийн байгууллага нэр шилжүүлэн бүртгэжээ.

Улсын бүртгэлийн байгууллага /улсын бүртгэгч Б.О/-ийн үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.1-д “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “...шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 онд 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалаар бүртгэлийг зөвтгөн, алдаатай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг нэмсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...18 дугаар зүйлийн...” гэсний өмнө “11 дүгээр зүйлийн 11.1” гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ