Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00431

 

 

 

 

2018 02 09 431

 

 

 

Ж.Дашцэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн 102/ШШ2017/03196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Дашцэндийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Мөнхзоригт холбогдох

 

Автомашин гаргуулах үндсэн, 5 359 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Дашцэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, хариуцагч А.Мөнхзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Дашцэндийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Мөнхзоригоос 2 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан ба бодит байдал дээр 1 695 000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл А.Мөнхзориг 300 000 орчим төгрөгийг эхний сарын хүүд шууд суутгасан. Уг төлбөрөөс 2016 оны 01 дүгээр сард 300 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 800 000 төгрөгийг манай дүү, 2016 оны 04 дүгээр сард 800 000 төгрөгийг манай дүү, 2016 оны 7, 8 дугаар сард нийт 200 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 200 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөг төлсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүрэгт би 784 500 төгрөг төлөх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас төлбөрийг бүрэн өгч чадаагүй.

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А.Мөнхзориг нь над руу утсаар ярьж ...танд 44-04 УНТ улсын дугаартай, приус-20 маркийн автомашин байдаг юм байна, уг машин чинь Тэсийн шугуй ХХК-д барьцаанд байдаг юм уу, та хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан бэ гэж асуусан. Би түүнд ...би өөрөө унах нөхцөлтэйгөөр сарын 6 хувийн хүүтэй барьцаалсан гэж хэлсэн. А.Мөнхзориг нь ...би таны машиныг хямд үнэтэй газар барьцаанд тавьж өгөөд зөрүү мөнгөнөөс нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл мөнгөө авья гэж хэлсэн. Надад А.Мөнхзоригийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, мөн өөрт бага зэрэг мөнгөний хэрэг байсан учраас түүнийг зөвшөөрсөн. Ингээд А.Мөнхзоригийн хамт Тэсийн шугуй ХХК 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад миний зээлийн төлбөрийн үлдэгдэл нийт 2 830 000 төгрөг болсон байсан. Үүнийг А.Мөнхзориг төлөхөд Тэсийн шугуй ХХК-аас бичиг хийж өгснийг бөглөөд гэрээнд гарын үсгээ зурсан. Ингээд хариуцагч А.Мөнхзориг миний машиныг унаад явсан. Хэд хоногийн дараа ярихад тэрээр ...чиний энэ машин чинь 4 000 000 төгрөгийн барьцаанд хүрэхгүй байна, 3 830 000 төгрөгөө төлөөд машинаа надаас аваарай гэж хэлээд алга болсон. 

Одоо би Тэсийн шугуй ХХК-аас зээлийн төлбөрийг чөлөөлөхөд А.Мөнхзоригийн 2 830 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 784 500 төгрөг, нийт 3 614 500 төгрөгийг А.Мөнхзоригт буцаан төлөөд өөрийн автомашиныг А.Мөнхзоригоос буцаан авах хүсэлтэй байна. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний автомашиныг А.Мөнхзориг нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар намайг хууран мэхэлж өмчлөлийг нь өөр дээрээ шилжүүлж авсан тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан. Би өөрийн автомашиныг хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй. Автомашиныг Тэсийн шугуй ХХК-ийн барьцаанаас суллаж авахын тулд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тоёото приус маркийн 44-04 УНТ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, А.Мөнхзоригийн эзэмшилд буюу түүний нэр дээр байгаа Тоёото приус маркийн 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвд буюу А.Мөнхзоригт даалгуулах, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Дашцэнд болон А.Мөнхзориг нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлүүдийг гаргасан гэжээ. 

 Хариуцагч А.Мөнхзоригийн шүүхэд гаргасан тайлбарт: Ж.Дашцэнд нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг сард 15 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар эхний хоёр сарын хүүг төлөөд сураггүй алга болсон. Тэгээд Ж.Дашцэндийн төрсөн дүү н.Ганбаатар нь надтай уулзаж өмнөх сарын хүү, алдангийг өгч чадахгүй юм байна гэж хэлээд 4 дүгээр сард 800 000 төгрөг, үндсэн зээлээс 500 000 төгрөг өгч, үндсэн зээлээс 1 000 000 төгрөг үлдсэн. Гэтэл 5 дугаар сард н.Ганбаатар нь одоо би мөнгө өгч чадахгүй, машин чинь эвдэрсэн тиймээс Ж.Дашцэндээс мөнгөө ав гэж хэлсэн. Би Ж.Дашцэндтэй ярьж зээлийн хүүг 10 хувь болгож бууруулсан. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 150 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 80 000 төгрөг явуулсан. Түүнээс хойш хүү, алданги төлөхгүй явж байгаад 2016 оны 12 дугаар сард 200 000 төгрөг өгөөд өнөөг хүртэл сураггүй алга болсон. Тэрээр нийтдээ 2 600 000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч Ж.Дашцэнд нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярьж ...надад приус 20 маркийн автомашин байна. Түүнийг ломбарданд 2 500 000 төгрөгөөр тавьсан. Чи уг машиныг чөлөөлж, 4 000 000 төгрөгт өөр газар тавиад, 1 000 000 төгрөгийг аваарай гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч Тэсийн шугуй ломбарднаас очиж  2 830 000 төгрөгийг төлж авсан. Ингээд бид харилцан тохирсны дагуу 4 000 000 төгрөгөөр барьцаанд тавих гэхэд машины он хуучин тул 4 000 000 төгрөг хүрэхгүй байсан. Тиймээс би автомашиныг Сайн ломбардад барьцаанд тавьж өөрийн мөнгөө авсан. Гэтэл намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст залилан хийсэн гэж шалгуулсан боловч уг асуудлыг залилан биш гэж үзсэн. Тиймээс би үндсэн зээл болон хүүг анх байгуулсан гэрээний дагуу 15 хувиар бодож, мөн алданги 0.5 хувиар тооцож авах хүсэлтэй байна. Уг машин Сайн авто ломбарданд байна гэжээ. 

 Хариуцагч А.Мөнхзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Дашцэндтэй 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн, тэрээр 2 600 000 төгрөг төлсөн.  Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн юм. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр надтай уулзан 2 830 000 төгрөг зээлээд машиныг минь чөлөөлөөд өгвөл би нийт 3 830 000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Машинаа Тэсийн шугуй ХХК-аас аваад чиний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тул би зөвшөөрсөн. Ингээд тухайн өдрөө Баянгол дүүргийн 8 хороонд байрлах Тэсийн шугуй ХХК-ийн байранд Ж.Дашцэндийн хамт очиж 2 830 000 төгрөгийг төлж, Ж.Дашцэндийн хүсэлтээр машиныг өөрийн нэр дээр шилжүүлэхэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 24 000 төгрөг, нэр шилжүүлэхэд 260 000 төгрөгийг би төлсөн. Иймд Ж.Дашцэндээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 2 830 000 төгрөг, машины нэр шилжүүлэхэд гарсан зардал 50 000 төгрөг, нийт 4 380 000 төгрөг нэхэмжилж байна.

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Дашцэндэд 2 830 000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож 44-04 УНТ улсын дугаар бүхий приус 20 маркийн авто машиныг барьцаалан өдрийн 1000 төгрөгийн зогсоолд тавьж мөнгө зээлсэн. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөг хүртэл огт хүү төлөөгүй болно. Иймд 5 сарын хугацааны хүү 829 500 төгрөг, зогсоолын төлбөрт 150 000 төгрөг, нийт 857 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 5 359 500 төгрөгийг Ж.Дашцэндээс гаргуулна. Би өөрт учирсан хохирол төлбөрөө авсан тохиолдолд Ж.Дашцэндийн автомашиныг буцааж өгнө гэжээ. 

 Нэхэмжлэгч Ж.Дашцэндийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Тэсийн шугуй ХХК-ийн 2 830 000 төгрөгт маргахгүй. Харин 2015 оны 12 дугаар сарын 09-нд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 1 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн хүү нь зээлж авсан мөнгийг ашигласны төлбөр. Гэтэл 2 000 000 төгрөгийг ашиглаагүй байхад 15 хувийн хүү тооцож авч, зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дансаар 1 695 000 төгрөг шилжүүлсэн. 1 695 000 төгрөгийн хүүг 15 хувиар бодвол 254 250 төгрөг болно. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Мөнхзориг нь 300 000 төгрөгийн хүү авсан. Сард 254 250 төгрөгийн хүү төлөх байтал 45 750 төгрөг илүү төлсөн. Нийт 137 250 төгрөг хүүд илүү авсан. 2016 оны 3 дугаар сард 800 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, 2016 оны 4 сард 800 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үндсэн зээлээс 1 000 000 төгрөг төлсөн. Ингээд 695 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, хүү, алданги нь 347 500 төгрөг, нийт 1 042 500 төгрөг төлөх ёстой. Үүнээс хүүний зөрүүний алдагдал  2015 оны 1, 2, 3 саруудын хүүд 137 250 төгрөг, 4 сард 121 750 төгрөг, нийт 258 000 төгрөгийн хүү илүү авсан. Үүнийг 1 042 500 төгрөгөөс хасвал 784 500 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой. Талууд 44-04 УНТ тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдүүлэхэд тавих үүргийг харилцан тохиролцоогүй. Хүү, алданги тооцох тухай хэлцэл байдаггүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хүү, зогсоолын мөнгийг төлөх  үүрэг үүсэхгүй тул 3 614 500 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Тоёото приус /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Ж.Дашцэндийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч А.Мөнхзоригт даалгаж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дашцэндээс 4 590 250 төгрөг гаргуулан хариуцагч А.Мөнхзоригт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 769 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 276 850 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч А.Мөнхзоригоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ж.Дашцэндээс 88 394 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: Хариуцагч А.Мөнхзориг нь Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардад уг автомашиныг барьцаанд тавьж төлбөрийг төлсөн хүүд 829 500 төгрөгийг шаардах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянап шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зуйлийн 25.2.2-т заасан зохицуулалтын хүрээнд нотлож чадаагүй. Ж.Дашцэнд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг А.Мөнхзориг төлөхөөр тохиролцсон хэлцэл нотлох баримтаар авагдаагүй, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. А.Мөнхзоригийн хүүгийн төлбөр Ж.Дашцэндээс нэхэмжлэх эрх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд талуудын хооронд хүү шаардах хэлцэл байгуулагдаагүй үйл баримт тогтоогдсон байхад шүүх 829 500 төгрөгийн хүү төлөх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй байх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ж.Дашцэнд Тоёото приус маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, автомашиныг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Мөнхзориг эс зөвшөөрч, 5 359 500 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.Мөнхзориг 2 000 000 төгрөг 6 сарын хугацаанд сард 15 хувийн хүүтэй Ж.Дашцэндэд зээлдүүлж зээлийн дүнгээс эхний сарын хүү 305 000 төгрөг суутган 1 695 000 төгрөг дансанд нь шилжүүлэн өгсөн, уг гэрээний үүрэгт зээлдэгч 2 600 000 төгрөг төлж, үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Тэсийн шугуй ХХК-д төлөх 2 830 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлж зээлийн барьцаанд байсан Тоёото приус маркийн 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг чөлөөлсөн, тэрээр Сайн барьцаалан зээлдүүлэх газарт уг автомашиныг 3 500 000 төгрөгийн барьцаанд тавихдаа зохигчид 2 830 000 төгрөгөөр автомашиныг худалдсан тухай баримт үйлдсэн нь тогтоогдсон байна.

 

Талуудад автомашиныг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, барьцаалдан зээлдүүлэх газраас зээл авах зорилгоор хэлцэл хийгдсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч Ж.Дашцэндийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч А.Мөнхзоригт даалгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцсэн. Үндсэн нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтэд талууд давж заалдах гомдол гаргаагүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч А.Мөнхзориг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, автомашиныг зээлээс чөлөөлсөн 2 830 000 төгрөг, автомашины нэр шилжүүлэхэд гарсан зардал 50 000 төгрөг, Сайн барьцаалдан зээлдүүлэх газарт төлсөн 5 сарын зээлийн хүү 829 500 төгрөг, автомашины хадгалалтын хөлс 150 000 төгрөг, нийт 5 359 500 төгрөгийг Ж.Дашцэндээс гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Дашцэндийн гүйцэтгэх үүргийг шүүх тогтоосон нь Иргэний хуулийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна. Мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог хуульчилсан журамтай тул зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн дүнд тохирсон хүү алданги төлөх үүрэг зээлдэгчид үүрэг үүснэ. Шүүх 1 695 000 төгрөгт 6 сарын хугацаанд сар тутамд 15 хувиар хүү төлөх үүрэгтэй гэж түүний нийт төлбөл зохих 3 220 500 төгрөгөөс өмнө нь төлөгдсөн 2 600 000 төгрөгийг хасч 625 500 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй, энэ дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги төлнө гэж үзсэн нь зөв.

 

Мөн нэхэмжлэгчээс автомашин зээлээс чөлөөлсөн 2 830 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, уг шаардлагын талаар талууд маргаагүй, харин Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн барьцаалдан зээлдэх газар автомашиныг барьцаалж авсан зээлийн хүүд хариуцагчаас төлсөн 829 500 төгрөгийг бүхэлд нь хохирол гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх зарчимд нийцээгүй. Хариуцагч тал Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн барьцаалан зээлдүүлэх газраас авсан 3 500 000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан зээлдүүлэгчид төлсөн 829 500 төгрөгийн 50 хувийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд гарсан зардал, автозогсоолд тавьсны төлбөрт нэхэмжилсэн 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд зохигчид гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн 102/ШШ2017/03196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 4 590 250 гэснийг 4 175 500 гэж, 769 250 гэснийг 1 183 500 гэж, 3 дахь заалтад 88 394 гэснийг 81 758 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Дашцэндийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ