Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 3196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 27 өдөр

  Дугаар 102/ШШ2017/03196

Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: …. дүүрэг, ..дугаар хороо, ..дугаар байр,…..тоотод оршин суух, Жалайр овогт Ж.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ….дүүрэг,… дугаар хороо, …дугаар хороолол, … дугаар байр,…тоотод оршин байх, Боржгон овог  А.М холбогдох,

  

автомашин гаргуулах тухай үндсэн

5,359,500  төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хамгийн анх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Моос 2,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан ба гар дээрээ бодит байдал дээр 1,695,000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл А.М 300,000 орчим төгрөгийг эхний сарын хүүнд шууд суутгаад авсан. Уг төлбөрөөс 2016 оны 01 дүгээр сард 300,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 800,000 төгрөгийг манай дүү, 2016 оны 4 дүгээр сард 800,000 төгрөгийг манай дүү, 2016 оны 7, 8 дугаар сард нийт 200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 200,000 төгрөг, нийтдээ 2,600,000 төгрөгийг буцаан төлсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүрэгт би 784,500 төгрөгийг төлөх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас төлбөрийг бүрэн өгч чадаагүй явж байсан.

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр А.М нь над руу утсаар ярьсан. Тэрээр “...Танд 44-04 УНТ улсын дугаартай, приус-20 маркын автомашин байдаг юм байна, уг машин чинь Тэсийн шугуй ХХК-д барьцаанд байдаг юм уу, та хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан бэ” гэж асуусан. Би түүнд “...би өөрөө унах нөхцөлтэйгөөр сарын 6 хувийн хүүтэй барьцаалсан байгаа” гэж хэлсэн. А.М нь “...би таны машиныг хямд үнэтэй газар барьцаанд тавьж өгөөд зөрүү мөнгөнөөс нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл мөнгөө авья” гэж хэлсэн. Надад А.Мийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, мөн өөрт бага зэрэг мөнгөний хэрэг байсан учраас түүнийг нь зөвшөөрсөн. Тухайн үед 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээнээс нийтдээ 1,000,000 төгрөг үлдсэн байгаа гэж тооцож байсан. Гэвч одоо сайн бодож, тооцоод үзэхээр  784,500 төгрөгийг л төлөх ёстой болоод байгаа. Ингээд А.М бид хоёр “Тэсийн шугуй” ХХК руу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хамтдаа очиж уулзахад миний зээлийн төлбөрийн үлдэгдэл нийтдээ 2,830,000 төгрөг болсон байсан. Үүнийг А.М төлөхөд “Тэсийн шугуй” ХХК-иас бид хоёрт нэг бичиг хийж өгснийг бөглөөд тухайн үед нь би нэг их зүйл бодоогүй гэрээн дээр нь гарын үсгээ зурсан. Ингээд хариуцагч А.М миний машиныг унаад явсан. Тэрээр надад хэлэхдээ “...би таны машиныг барьцаанд тавьж, мөнгөө авчихаад буцаад ирнэ” гэж хэлсэн. Гэвч А.М тэр чигтээ яваад утсаа ч аваагүй алга болсон. Хэд хоногийн дараа ярихад тэрээр “...чиний энэ машин чинь 4,000,000 төгрөгийн барьцаанд хүрэхгүй байна, 3,830,000 төгрөгөө төлөөд машинаа надаас аваарай” гэж хэлээд алга болсон. 

Одоо би “Тэсийн шугуй” ХХК-иас зээлийн төлбөрийг чөлөөлөхөд А.Мийн 2,830,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 784,500 төгрөг, нийт 3,614,500 төгрөгийг А.Мт буцаан төлөөд өөрийн автомашиныг А.Моос буцаан авах хүсэлтэй байна. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний автомашиныг А.М нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар намайг хууран мэхэлж өмчлөлийг нь өөр дээрээ шилжүүлж авсан тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан. Би угаасаа өөрийн автомашиныг хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, тэрээр “...би өөр авто ломбардад шилжүүлж өгөөд өөрийн төлбөрөө авчихаад зөрүү мөнгийг нь өгнө” гэж хэлж байснаас бид бодит байдал дээр худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй. Автомашиныг “Тэсийн шугуй” ХХК-ийн барьцаанаас суллаж авахийн тулд л бид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, А.Мийн эзэмшилд буюу түүний нэр дээр байгаа “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвд буюу А.Мт даалгуулах, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Д болон А.М нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлүүдийг гаргасан. Гэхдээ угаасаа бид хоёрын байгуулсан гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус учир автомашинаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах хүсэл, зорилготой байгаа. А.М нь миний өмчлөлийн автомашиныг дураараа өөрийн өмчлөлдөө шилжүүлж, улмаар цааш нь ломбардад тавьчихаад одоо үндэслэлгүй баахан мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хариуцагч А.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Д нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар эхний хоёр сарын хүүг төлөөд сураггүй алга болсон. Тэгээд Ж.Дийн төрсөн дүү н.Ганбаатар нь надтай уулзаж өмнөх сарын хүү, алдангийг өгч чадахгүй юм байна. Харин 3 дугаар сард 800,000 төгрөг, үндсэн зээлээс 500,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Улмаар 4 дүгээр сард надад 800,000 төгрөг, үндсэн зээлээс 500,000 төгрөг өгч, үндсэн зээлээс 1,000,000 төгрөг үлдсэн. Гэтэл 5 дугаар сард н.Ганбаатар нь одоо би мөнгө өгч чадахгүй, машин чинь эвдэрсэн тиймээс Ж.Дээс мөнгөө ав гэж хэлсэн. Би Ж.Дтэй ярьж зээлийн хүүг 10 хувь болгож бууруулсан. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 150,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 80,000 төгрөг явуулсан. Түүнээс хойш хүү, алданги төлөхгүй явж байгаад 2016 оны 12 дугаар сард 200,000 төгрөг өгөөд өнөөг хүртэл сураггүй алга болсон. Тэрээр нийтдээ 2,600,000 төгрөг төлсөн.

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тэр надтай ярьсан. Ж.Д нь “...надад приус 20 маркийн автомашин байна. Түүнийг ломбарданд 2,500,000 төгрөгөөр тавьсан. Чи тэр ломбарднаас аваад уг машиныг 4,000,000 төгрөгт өөр газар тавиад, тэгэхдээ чи 1,000,000 төгрөгийг нэмж тавиад өрөө ав” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч “Тэсийн шугуй” ломбарднаас очиж  2,830,000 төгрөгийг төлж авсан. Ингээд бид харилцан тохирсны дагуу 4,000,000 төгрөгөөр барьцаанд тавих гэхэд машины он хуучин тул 4,000,000 төгрөг хүрэхгүй байсан. Тиймээс би автомашиныг “Сайн” ломбардад барьцаанд тавьж өөрийн мөнгөө авсан. Гэтэл намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  залилан хийсэн гэж шалгуулсан. Гэвч цагдаагийн газраас бидний хоорондын асуудлыг залилан биш гэж үзсэн. Ингээд Ж.Дийн ар гэрээс над руу утасдаж удаа дараа дарамталж эхэлсэн. Түүнээс болж би болон манай гэр бүл сэтгэл санааны дарамтанд орсон. Тиймээс би үндсэн мөнгө болон хүүгээ анх байгуулсан гэрээний дагуу 15 хувиар бодож, мөн алданги 0.5 хувиар тооцож авах хүсэлтэй байна. Уг машин одоо хүртэл “Сайн” авто ломбарданд байна гэжээ. 

 

Хариуцагч А.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Дтэй миний бие 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд зээл төлөх хугацаа болоход үндсэн зээлээс 1,000,000 төгрөг хүүнд 1,200,000 төгрөг төлсөн ба үүнээс хойш 430,000 төгрөг төлсөн болно. Нийт 2,600,000 төгрөг төлсөн.  Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн юм. Жил гаруй хугацаанд мөнгөө төлөхийг шаардахад одоохон өгнө удахгүй өгнө гэдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 16 өдөр надтай уулзан надад “приүс 20” маркийн 4404 УНТ улсын дугаартай машин байна. Тэсийн шугуй гэх авто ломбарданд тавьсан чинь зээлийн гэрээний хугацаа дуусаад одоо машинаа алдах гээд байна. Чи 2,830,000 төгрөгийг зээлээд машиныг минь чөлөөлөөд өгвөл би урьд өгөөгүй байгаа 1,000,000 төгрөгөө нэмээд нийт 3,830,000 төгрөгийг чамд төлнө. Машинаа чөлөөлж аваад өөр ломбарданд тавиад мөнгө авч өгье гэж хэлсэн. Машинаа “Тэсийн шугуй” ХХК-иас аваад чиний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тул би зөвшөөрсөн. Ингээд тухайн өдрөө надад бэлэн мөнгө байгаагүй тул таньдаг хүнээс мөнгө зээлээд Баянгол дүүргийн 8 хороонд байрлах “Тэсийн шугуй” ХХК-ийн байранд Ж.Дийн хамт очиж 2,830,000 төгрөгийг тоолж өгөөд зээлийг төлж Ж.Дийн хүсэлтээр машинаа өөрийн нэр дээр шилжүүлэхэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 24,000 төгрөг, нэр шилжүүлэхэд 260,000 төгрөгийг би төлж машиныг өөрийн нэр шилжүүлж авсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл надаас амаар болон бичгээр зээлсэн мөнгөө төлөөгүй байж машинаа надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгааг огт ойлгохгүй байна. Иймд Ж. Дашцэндээс 2015 омы 12 дугаар сарын 9-ний өдөр байгүулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 1,000,000 төгрөг, алданги 500,000, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 2,830,000 төгрөг, машины нэр шилжүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг нийт 4,380,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч А.М сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: А.М миний бие 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Дэд 2,830,000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож 44-04 УНТ дугаар бүхий приүс 20 маркийн авто машиныг барьцаалан өдрийн 1000 төгрөгийн зогсоолд тавьж мөнгө зээлсэн. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөг хүртэл огт хүү төлөөгүй болно. Иймд 5 сарын хугацааны хүү 707,500 төгрөг, зогсоолын төлбөрт 150,000 төгрөг, нийт 857,500 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнд алданги огт тооцоогүй болно гэжээ.

 

Хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг зээлээс чөлөөлсөн 2,830,000 төгрөг, уг автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг, уг автомашиныг “Сайн” ломбардад барьцаалсан 5 сарын хугацааны хүү 829,500 төгрөг, “Сайн” ломбардны автозогсоолын төлбөрт 150,000 төгрөг, нийт 5,359,500 төгрөгийг Ж.Дээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Би өөрт учирсан хохирол төлбөрөө авсан үедээ угаасаа Ж.Дийн автомашиныг буцааж өгнө гэжээ. 

 

Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. “Тэсийн шугуй” ХХК-ийн 2,830,000 төгрөг дээр маргахгүй. Харин 2015 оны 12 дугаар сарын 09-нд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 1,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Хүүгийн тооцоог харвал зээлдэгчид 2015 оны 12 дугаар сарын 9-нд 2,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хүү гэж зээлж авсан мөнгийг ашигласны төлбөр гэдэг. Гэтэл 2,000,000 төгрөгөө ашиглаагүй байхад, 15 хувийн хүү тооцож авсан нь зээлдүүлэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. 2015 оны 12 дугаар сарын 09-нд Ж.Дийн дансаар 1,695,000 төгрөгийг шилжүүлсэн. 1,695,000 төгрөгийн хүүг 15 хувиар бодвол 254,250 төгрөг болж байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 09-нд Мөнхзориг нь 300,000 төгрөгийн хүүг авсан. Ж.Д нь  254,250 төгрөг төлж, 2016 оны 1, 2, 3, 4 сараар тооцвол 45,750 төгрөг нийт 137,250 төгрөгийг хүүнд илүү авсан. 2016 оны 3 дугаар сард 800,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, 2016 оны 4 сард 800,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үндсэн зээлээс 1,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд 695,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, хүү, алданги нь 347,500 төгрөг, нийт 1,042,500 төгрөг төлөх ёстой. Үүнээс хүүний зөрүүний алдагдал  2015 оны 1, 2, 3, дүгээр саруудын хүүнд 137,250 төгрөг, 4 сард 121,750 төгрөг, нийт 258,000 төгрөгийг илүү хүү авсан. Үүнийг 1,042,500 төгрөгөөс хасвал 784,500 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-нд байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой. Талууд 44-04 УНТ тээврийн хэрэгслийн барьцаалан зээлдүүлэхэд тавих үүргийг харилцан тохиролцоогүй. Хүү, алданги тооцох тухай хэлцэл байдаггүй. Иймд Иргэний хуулийн 282.2-т заасны дагуу зээлийн гэрээний хүү, зогсоолын мөнгийг төлөх  үүрэг үүсэхгүй. Одоо 3,614,500 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна. 

 

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.М болон Ж.Д нар “зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээгээр А.М нь 2,000,000 төгрөгийг  2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сарын 15 хувийн хүүтэй Ж.Дэд зээлдүүлсэн ба уг 2,000,000 төгрөгөөс 305,000 төгрөгийг эхний сарын хүүнд тооцож 1,695,000 төгрөгийг Ж.Дийн данс руу шилжүүлснээс үзэхэд А.М болон Ж.Д нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд Ж.Д 2016 оны 01 дүгээр сард 300,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 800,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 800,000 төгрөг, 2016 оны 7, 8 дугаар сард 200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 200,000 төгрөг, нийтдээ 2,600,000 төгрөгийг А.Мт буцаан төлсөн талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй.

 

А.М болон Ж.Д нарын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, Ж.Д гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж дуусаагүй байсан учраас А.Мийн “...авто ломбардад байгаа автомашиныг зээлээс чөлөөлж, өөр ломбардад илүү үнийн дүнгээр буюу 4,000,000 төгрөгт барьцаалж, зөрүү мөнгийг авснаар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгоё, та ганцхан газар өртэй яв” гэсэн саналыг Ж.Д хүлээн зөвшөөрсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Дээрх тохироог үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Тэсийн шугуй” ХХК-д 2,830,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан Ж.Дийн өмчлөлийн “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг А.М чөлөөлж, улмаар мөн өдрөө уг автомашиныг “Сайн” авто ломбардад 3,500,000 төгрөгийн барьцаанд тавьжээ.

 

Хавтаст хэрэгт “Тэсийн шугуй” ХХК-ийн албан бланк дээр бичигдсэн нэг талаас Ж.Д нөгөө талаас А.М нарын хооронд хийгдсэн “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашины өмчлөлийг эзэмшигч Ж.Дээс А.Мийн нэр рүү шилжүүлэх агуулга бүхий бичгийн баримт авагдсан. Тодруулбал уг баримтад “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг Ж.Д 2,830,000 төгрөгөөр А.Мт худалдсан тул өмчлөлийг шилжүүлэхийг талууд харилцан зөвшөөрсөн тухай тусгагджээ.

 

“Тэсийн шугуй” ХХК-ийн зүгээс шаардлага тавьсан тул “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг А.Мийн нэр рүү шилжүүлэх эрхийг олгосон дээрх гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурцгаасан болон автомашиныг бусдад барьцаалж зээл авах талаар л тохирсноос бус нэхэмжлэгч болон хариуцагч талууд автомашиныг худалдах-худалдан авахыг хэн аль нь хүсээгүй талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан. 

 

Автомашиныг “Тэсийн шугуй” ХХК-ийн зээлээс чөлөөлөх үед 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А.М болон Ж.Д нарын хооронд байгуулагдсан “зээлийн гэрээ”-ний дагуу Ж.Д нь 1,000,000 төгрөгийн өртэй гэсэн ойлголттой явсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд А.М өөрийн нэр дээр шилжүүлэн авсан “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг авто ломбардад талуудын хэн алиных нь хүссэн үнэ болох 4,000,000 төгрөгт биш 3,500,000 төгрөгийн хэмжээнд барьцаалснаар талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Өөрөөр хэлбэл, “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг чөлөөлсөн 2,830,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А.М болон Ж.Д нарын хооронд байгуулагдсан “зээлийн гэрээ”-ний үлдэгдэл 1,000,000 төгрөг, нийт 3,830,000 төгрөгийн тооцоог А.М автомашиныг 4,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаанд тавьснаар хаах учиртай байсан ч автомашин 3,500,000 төгрөгийн хэмжээний үнэ хүрч барьцаалагдсан тул А.М 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэн үлдэгдэл төлбөрийг Ж.Дээс нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч улмаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан байна.

 

Харин хариуцагч А.М 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг зээлээс чөлөөлсөн 2,830,000 төгрөг, уг автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг, уг автомашиныг “Сайн” ломбардад барьцаалсан 5 сарын хугацааны хүү 829,500 төгрөг, “Сайн” ломбардны автозогсоолын төлбөрт 150,000 төгрөг, нийт 5,359,500 төгрөгийг Ж.Дээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс дараах байдлаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Ж.Д нь А.Мт холбогдуулж “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг шаардаж шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд:

 

1/ “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох;

2/ А.Мийн эзэмшилд байгаа “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвд даалгах;

3/ 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Д болон А.М нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэжээ. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дахин тодруулахад нэхэмжлэгч тал “...бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол зорилго нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт болон автомашин чөлөөлсөн үнэд 3,614,500 төгрөгийг төлөөд А.Моос автомашинаа буцаан авах хүсэлтэй” гэж тайлбарлаж байна.

 

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тэсийн шугуй” ХХК-ийн албан бланк дээр бичигдсэн Ж.Д болон А.М нарын хооронд хийгдсэн “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашины өмчлөлийг Ж.Дээс А.М руу шилжүүлэх агуулга бүхий бичгийн баримтын дагуу талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Харин энэхүү гэрээг байгуулахад Ж.Д болон А.М нарын хэн алинд нь “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээл чөлөөлөх үүднээс хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2. дахь хэсэгт нийцнэ. 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Ж.Дийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч А.Мт даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч А.М 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг зээлээс чөлөөлсөн 2,830,000 төгрөг, уг автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг, уг автомашиныг “Сайн” ломбардад барьцаалсан 5 сарын хугацааны хүү 829,500 төгрөг, “Сайн” ломбардны автозогсоолын төлбөрт 150,000 төгрөг, нийт 5,359,500 төгрөгийг Ж.Дээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан. 

 

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “зээлийн гэрээ”-ний үүрэг дуусгавар болоогүй талаар зохигчийн хэн аль нь маргаагүй, харин төлөх ёстой хэмжээн дээрээ талууд маргаантай байна.

 

Иймд А.М нь нэхэмжлэгч Ж.Дээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг буюу үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй хэдий ч тэрээр гэрээний нийт үнийн дүн болох 2,000,000 төгрөгөөс зээлийн хүү болон алдангийг шаардах эрхгүй байна. 

 

Учир нь А.М нь Ж.Дэд гэрээгээр тохирсон 2,000,000 төгрөг бус харин 1,695,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу бодитоор шилжүүлсэн 1,695,000 төгрөгөөс зээлийн хүү, алдангийг дараах байдлаар тооцох үндэслэлтэй. Үүнд:

 

а/ Үндсэн зээл 1,695,000 төгрөг  

б/ 6 сарын хүү 1,525,500 төгрөг /1 сарын хүү=254,250/

Нийт 3,220,500 төгрөгөөс Ж.Дийн буцаан төлсөн 2,600,000 төгрөгийг  хасахад 620,500 төгрөг болж байна.

 

Төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй, өөрөөр хэлбэл гэрээний үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй талаар талууд маргаагүй тул А.М нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 620,500 төгрөгийн тал хувь болох 310,250 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн, Ж.Дийн хүсэлтийн дагуу “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг зээлээс чөлөөлсөн 2,830,000 төгрөг, “Тайгын булаг кредит” ХХК-ийн “Сайн” авто ломбардад уг автомашиныг барьцаанд тавьж, төлбөрийг төлсөн хүүнд 829,500 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүргээ Ж.Д биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулж А.Мт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй автомашиныг нэр дээрээ шилжүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг болон зээлийн гэрээний үүрэгт илүү нэхэмжилсэн хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Талууд “...автомашиныг унах нөхцөлтэйгөөр бусдад барьцаалахаар харилцан тохирсон” талаар маргаагүй учир “Сайн” ломбардны автозогсоолын төлбөрт 150,000 төгрөг гаргуулах хэсгийг мөн хангахгүй орхисон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Тоёото приус” /toyota prius/ маркын 44-04 УНТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Ж.Дийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч А.Мт даалгасугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дээс 4,590,250 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Мт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 769,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 276,850 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Моос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ж.Дээс 88,394 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ