Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/02050

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/02050

 

 

                                     ЦК ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02671 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЦК ХХК-ийн  зээлийн гэрээний үүрэгт 980 000 төгрөг хариуцагч Д.Бэс гаргуулах  нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус компани нь хариуцагч Д.Бат-Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 12-06 УНП улсын дугаартай Хонда одиссей маркийн автомашин барьцаалан 1 500 000 төгрөг 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагчийг зээлээ төлөхийг шаардахаар түүний ээж Э.Ц гуай ирж уулзаж төлбөрийг хэсэгчилж төлдөг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 08-нд 160 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-нд 80 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-нд 70 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-нд 100 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 05-наас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 985 000 төгрөг, нийт 1 355 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусч, үндсэн зээл 1 500 000 төгрөг, үндсэн хүү 90 000 төгрөг, нийт 1 590 000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Зээлийн гэрээний 1.6-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 310 000 төгрөгийн алданги төлөхөөр боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлж алдангийн хэмжээг 750 000 төгрөгөөр тооцов. Иймд хариуцагч Д.Бат-Эрдэнийн төлбөл зохих үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 90 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 2 340 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 360 000 төгрөгийг хасч, 980 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Би хүү Д.Бат-Эрдэнийхээ автомашиныг тус компанид барьцаалж, 1 500 000 төгрөг авсан нь үнэн. Миний тооцоогоор бол бараг 2 сая гаруй төгрөг төлсөн байгаа. 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 1 500 000 төгрөг авсан. 2017 онд 610 000 төгрөг, 2018 онд 800 000 төгрөг, 2019 онд 455 000 төгрөг төлсөн. Ингээд нийт 1 865 000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Бэс 980 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЦК ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 28 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1 500 000 төгрөг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэн авч 1 590 000 төгрөг төлөх ёстой байснаас 1 860 000 төгрөг болгож төлсөн байдаг. Гэрээг сунгаагүй, бизнес асуудалтай байсан учраас зээлийг цувуулж төлсөн. Гэтэл миний өгсөн баримт, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн эргэн төлөлтийг шүүх тулгаж үзээгүй. Би зарим төлсөн баримтаа алга болгосон байсан. Надад байхгүй баримт нэхэмжлэгчид төлснөөр гарах ёстой. Зарим төлөлт тухайлбал: 8 дугаар сарын 20-нд төлсөн 250 000 төгрөг огт байхгүй. Эдгээр дээр шүүгч мэтгэлцүүлээгүй. Иймд төлсөн зээлээс алдангид 790 000 төгрөгийг авсанд гомдолтой байна. Зээлээ бүрэн төлсөн тул 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй барьцаанд авсан 42-22 УБН улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ЦК ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 980 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   Хариуцагч Д.Б 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч “”Цэц капитал” ХХК-аас 1 500 000 төгрөг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд автомашин барьцаалсан байх ба зохигчид гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэх, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлөөс гаргуулах эсэх талаар маргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. /хх6/

 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн жагсаалтад  зарим төлбөрийн дүн бичигдээгүй, тухайлбал 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлөгдсөн 250 000 төгрөгийг нэхэмжлэгч төлбөрөөс хасч тооцоолоогүй гэж хариуцагч маргадаг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэн альнаасаа зээл хэрхэн төлөгдсөн талаарх баримтыг гаргуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийг жагсаан бичсэн ерөнхий касс гэх баримт мөн хариуцагч талаас гаргасан зээл төлсөн баримтуудаар үүргийн биелэлт эргэлзээгүй тодорхойлогдохгүй байна. /хх41-46/

Хариуцагчийн нотлох баримт гаргуулах  хүсэлт нь ойлгомжгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл төлөлтийн жагсаалт эсхүл мөнгө тушаасан баримтыг шаардаж байна уу гэдгийг шүүх тодруулаагүй байна. Нэхэмжлэгч 1 360 000 төгрөгийн төлбөр хийгдсэн талаарх жагсаалтыг гаргахдаа зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн бүртгэл, архивын орлогын баримтыг ашигласан гэж тайлбарладаг бөгөөд эдгээр үндсэн баримтууд нь маргаж байгаа үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

Мөн хариуцагч нь үүргээ бүрэн биелүүлсэн тул барьцааны зүйл нэхэмжлэгчийн өмчлөлөөс чөлөөлөгдөнө гэж маргасан. Гэтэл үүргийн гүйцэтгэлд хэний эзэмшлийн ямар дугаар, загварын автомашин барьцаалсан нь тодорхойгүй, зээлийн гэрээ болон Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд автомашины улсын дугаар, загвар,  эзэмшигч өөрөөр бичигдсэн байх тул барьцааны зүйлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна. /хх33-34/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

   ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

                            А.МӨНХЗУЛ