Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00432

 

 

 

 

2018 02 09

210/МА2018/00432

 

 

Д.Билгүүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 101/ШШ2017/04081 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Билгүүний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Золбоод холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 902 023 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргилмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Билгүүний нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын хашааны зүүн талын хороолол дунд замаар зам хөндлөн гарч явахад иргэн Б.Золбоо дугуйтай ирж мөргөсөн. Миний нүүрний зүүн талд гэмтэл, хугарал үүсч, тархинд хаван доргилт үүссэнээс татах, даралт ихсэх, ухаан алдах зэргээр бие муудаж, улсын нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орсон. Тухайн үед хариуцагчийн унаж явсан дугуй тормос барихгүй байсан бөгөөд тэрээр дугуйны жолоог бариагүй явсан болох нь камерт бичигдсэн. Иймд хариуцагчаас эмчилгээний зардал болон цалин 1 902 023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Золбоогийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Билгүүн нь зам хөндлөн гарахдаа цаад талын эгнээг харж яваад мөргүүлсэн. Миний унаж явсан дугуй эд ангийн хувьд бүрэн бүтэн байсан. Уг асуудлаар прокурор тогтоол гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь намайг буруугүй гэдгийг нотолж байна. Нэхэмжлэгчид 500 000 төгрөг өгч, эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй, тэрээр 10 хоногийн эмнэлгийн магадлагаа авсан атал бүтэн сарын цалин нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Золбоогоос 928 045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Билгүүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 973 978 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Билгүүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Золбоогоос 26 823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Билгүүнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 02200 тоот захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг томилсон байх бөгөөд уг бүрэлдэхүүнд хуралдаан даргалагчаар шүүгч А.Мөнхзул, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Болормаа, Б.Ундраа нарыг томилсон боловч уг бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлээгүй. Мөн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 00472 дугаар тогтоолоор шинжээч томилохдоо захирамжид заасан бүрэлдэхүүнээр томилоогүй. Мөн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Сарангүнийг томилсон захирамж байхгүй болно. Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал, Н.Сарангүн нарыг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2-т заасан журмыг зөрчсөн. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 03 тоот дүгнэлт нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 -т зааснаар хууль урьдчилан сануулаагүй байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг дээрх үндэслэл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч түүнийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Учир нь Си Ди-ний дүрс бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд шинжээчийн дүгнэлтийн гол үндэслэл болсон 5.30 гэсэн тэмдэглэгээ байхгүй. Хаана байгаа тэмдэглэгээг үндэслэсэн нь тодорхой бус байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Билгүүн нь хариуцагч Б.Золбоод холбогдуулан гэм хорын хохиролд 1 902 023 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын зүүн талын замд Б.Золбоо нь унадаг дугуйгаар зорчиж явахдаа Д.Билгүүнийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5480 тоот дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3509 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Прокурорын тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хариуцагч гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгэр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 313 194 төгрөг, ажилгүй хугацааны цалингийн зөрүүд 614 851 төгрөг нийт 928 045 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, өөрийн гэм буруугүй гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, хууль тайлбарласан баримт хэргийн 121-122 дугаар талд авагдсан байхын зэрэгцээ шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнхзул, Н.Сарангүн, Б.Ундраа нарыг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэргийн 167 дугаар талд авагдсан, уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасантай нийцэж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 101/ШШ2017/04081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ