Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 4081

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/04081

Улаанбаатар хот

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Сарангүн, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, * хороо, * мянгат гудамж, * байр, * тоотод оршин суух М овогт Д Б /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * хороо, Кристал таун хотхон * байр, * тоотод оршин суух Д овогт Б З /РД:*********/-д холбогдох,

 

гэм хорын хохиролд 1,902,023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2017.04.23-ны өдөр Баянзүрх дүүргийн * хороо Баянмонгол хороололын хашааны зүүн талын хороолол дундах замаар зам хөндлөн гарч явахад иргэн Б.З дугуйтай ирж мөргөн унагасан. Манай ээж О ирж гурвуулаа цуг гэмтлийн эмнэлэг явъя гэсэн чинь тойрч зугтаж бултаад байхаар манай ээж нэг алгадаж өшиглөсөн. Үүгээр далимдуулан булзаж зугтаад байгаа одоо мөрдөж байгаа шинэ хуулиар хариуцлага хүлээх заалт байхгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хохирлоо шүүхээр нэхэмжил гэсэн.

Энэ гэмтлийн улмаас миний нүүрний зүүн талд гэмтэл хугарал үүсэж тархинд хаван доргилт үүссэнээс татах, даралт ихсэх, ухаан алдах зэргээр бие муудаж Улсын нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орж, эрүүл мэнд болон санхүүгээрээ хохирсон.

Тухайн үед түүний унаж явсан дугуй нь тормоз барихгүй, өөрөө рулиэ барихгүй явж байсан нь камерьт бичигдсэнийг сидинд буулган өгч шүүхээр үзлэг хийлгэсэн.

Иймд хариуцагч Б.Згоос эмчилгээний зардал болон цалин 1,902,023 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Згийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Бий гаргасан 1,902,023 төгрөг гаргуулах нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна.

Д.Б нь БЗД-ийн * хороо Баянмонгол хороололын хашааны зүүн талын дундах замаар зам хөндлөн гарч явахад дугуйтай ирж мөргөн унасан гэжээ. Д.Б нь зам хөндлөн гарахдаа /өөрийн хөндлөн гарч буй эгнээг харалгүй цаад талын эгнээг харж / гарч ирэн мөргүүлсэн. Миний унаж явсан дугуй эд ангийн хувьд бүрэн бүтэн байсан. Энэ асуудлаар Прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэ нь намайг буруугүйг нотолж байгаа.

Бид нэхэмжлэгчид 500,000 төгрөг өгөхөөр эвлэрэх саналыг өмнөх хурал дээр тавьж байсан нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь уг ослын улмаас 10 хоног л ажлаасаа чөлөөлөгдөн эмнэлгийн магадлагаа авсан атал бүтэн сарын цалин нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна гэв.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Зд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,902,023 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.З нь осол гаргасан гэм буруугийн талаар болон учирсан хохирлын хэмжээний хувьд маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2017.04.27-ний өдрийн Д.Бий биед гэмтлийн зэрэг тогтоолгосон шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 5 талд/, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн магадлагаа, /х.х-ийн 8,9 талд/ 2017.05.29-ний өдрийн Прокурорын тогтоол /х.х-ийн 11 талд/ эмнэлэгт үзүүлсэн болон эмийн сангийн баримтууд /х.х-ийн 16,17 талд/ Амбулаторт эмчлүүлэгчийн карт /х.х-ийн 22 талд/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгээс Д.Бий өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, ерөнхий үзлэгийн тэмдэглэл, эмнэлэгээс гарах шилжих үеийн эпикриз /х.х-ийн 66-72 талд/ зэрэг баримтуудыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан.

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д.З нар 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын зүүн талын зам дээр Д.З нь унадаг дугуйтай явахдаа явган зорчигч Д.Бийг мөргөсөн болох нь зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 03 тоот  дүгнэлтэнд “Баянзүрх дүүрэг * хороо Баянмонгол хорооллын хашааны зүүн талын хорооллын дундах зам нь 5.30 тэмдэгээр тэмдэглэгдсэн байх тул хорооллын дундах зам мөн байна. Бичлэгт авагдсанаар дугуйтай зорчигч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад учруулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Үйл явдал болсон гэх газар явган хүний гарцгүй, гарцгүй хэсгээр явган зорчигчид давуу эрхтэй зорчиж болно.” гэж тусган ирүүлжээ.

 

Хариуцагч уг осолд миний буруутай үйлдэл байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Д.З нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэм буруутай байна гэж үзэв

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

            Нэхэмжлэгч Д.Б нь “Гэрэлт орд” ХХК-нд менежерээр 3 дахь жилдээ ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын А/02 тоот тушаалаар борлуулалтын менежерээр томилогдон сарын 1,600,000 төгрөгийн цалин хөлс авдаг болох нь тус компаний албан бичиг, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь 2017.04.25-ний өдрөөс 2017.04.27 өдрийг хүртэл, 2017.05.08-ний өдрөөс 2017.05.15 өдрийг хүртэл нийт 10 хоног эмчийн магадлагаа болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн Нийгмийн даатгалын сангаас 112,421 төгрөг авсан байх тул ажилгүй хугацааны цалингийн зөрүү 614,851төгрөг /72,727*10=727,727-112,421=614,851/ болон эмчилгээний зардал 313,194 төгрөг нийт 928,045 төгрөгийг хариуцагч Б.Згоос гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 973,978 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.

           

Зохигчид шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд тэдний өмгөөлөгчид нь шүүх хуралдааныг тэдний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Згоос 928,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 973,978 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бий улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згоос 26,823  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

         

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

          

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                            Н.САРАНГҮН

 

                                                                                             Б.УНДРАА