Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01170

 

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00613 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Л-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т- ХХК-д холбогдох

Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохиролд 65 525 194 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Магсаржав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Л- нь Т- ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 103300636439 тоот хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, жилийн 15,6 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламж нээлгэсэн. Улмаар уг хадгаламждаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 400 000 000 төгрөг, мөн өдрөө 135 800 000 төгрөгийг шилжүүлснээр нийт 536 800 000 төгрөгийн хадгаламжтай болсон. Гэтэл Т-ны Улаанбаатар хот дахь Тээврийн товчоо тооцооны төвийн захирал, ажилтнууд нь хадгаламжинд мөнгө хийсэн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ч.Л-ын гарын үсгийг дуурайлган зурж, хадгаламж барьцаалсан барьцаат зээлийн гэрээгээр 390 000 000 төгрөгийг Ч.Л- авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн дансан дахь мөнгийг хууль бусаар завшсан байна.

Ч.Л-ыг өөрөө дансан дахь мөнгөө эсэхийг, түүний дансны мэдээллийг болон гарын үсгийн загвар зэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад Т-ны нэр бүхий захирал, ажилтнууд харилцагчийн мөнгөн хөрөнгийг хуурамч баримт ашиглан завшсан болох нь тогтоогдсон бөгөөд уг үйлдэлд Ч.Л- хамааралгүй, гэм буруугүй, мөн гарын үсгийг нь хуурамчаар дуурайлган зурсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Т-ны ажилтнуудын буруутай үйлдлээс болж харилцагч нь хохирсоныг мэдсэн атлаа мөнгөн хөрөнгийг гаргаж өгөхгүйгээр харилцагчаа хохироосоор байсан. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хадгаламж дахь мөнгөө буцааж авсан.

Т- ХХК нь мөнгөн хадгаламжийг 1 жил гаруй хугацаанд хадгалсан атлаа хадгаламжийн жилийн хүүг 15,6 хувиар биш 3,6 хувиар буюу жилийн 12 хувиар бууруулан олгосон. Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 12 сар, 6 хоногийн хугацаанд нийт 536 800 000 төгрөгийг Т- ХХК-д хадгалуулсан бөгөөд анх гэрээгээр тохиролцсон хүү нь жилийн 15,6 хувь буюу сарын 1,3 хувийн хүүгээр тооцоход 85 182 752 төгрөгийн хүү авах үндэслэлтэй байснаас гэрээ цуцлагдсанаас шалтгаалж жилийн 3,6 хувь буюу сарын 0,3 хувиар хүүг тооцуулж авснаар 19 657 558 төгрөгийн хүү бодуулж авсан. Хүүгийн зөрүү нь 65 525 194 төгрөг болж байна. Ч.Л-оос огт шалтгаалахгүй нөхцөл байдал буюу Т- ХХК-ийн ажилтнуудын буруутай ажиллагаанаас шалтгаалан Ч.Л- нь гэрээг цуцлахад хүрч анх гэрээнд тохиролцсон хадгаламжийн хүүг авч чадахгүй хохирсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, мөнгөн хөрөнгийг анхны шаардлагын дагуу гаргаж өгөхгүйгээр төлбөр тооцоог саатуулсан, мөн гэрээнд тохиролцсон хүүг өгөөгүй.

Т- нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчин өөрийн ажилтнуудад дотоод хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг завших боломж олгосон байна. Нэхэмжлэгч нь Т- ХХК хэмээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох банктай харилцсан тул түүнд Т- ХХК-аас санхүүгийн үйлчилгээ үзүүлэх явцад хохирол учруулвал арилгах үүрэгтэй.

Хадгаламжийн хүүгийн зөрүү 65 525 194 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555 776 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан хохирлыг хуулийн дагуу өөрийн хариуцан олгох хэмжээгээр Т- ХХК-ийн зүгээс Ч.Л-ын холбогдох дансанд шилжүүлэн олгосон. Ч.Л-од учирсан бусад аливаа хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг огт дутаалгүй, зохих хүүгийн хамт буцааж өгсөн тул Т- ХХК хадгалагчийн хувьд хүлээх хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Т- ХХК-аас 65 433 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Л-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91 293 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555 776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т- ХХК-аас 485 119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дах заалтад: Иргэний хуулийн 87.2-т заасны дагуу баръцааны эрх нъ өмчлөгчийн эрхийг хязгаарладаг өмчийн хязгаарлагдмал эрхийн нэг төрөлд тооцогддог. Хязгаарлагдмал эрх нь онолын хувъд иргэний эрх зүйн цорын ганц абсолют эрх болох өмчийн эрхийг хязгаарлаж түүнтэй өрсөлдөхүйц өргөн эрхийг эзэмшигчдээ олгодог онцлогтой. Уг эрхийг үүсгэхэд гагцхүү хуулъд үндэслэх шаардлагатай бөгөөд ийнхүү үндэслэж чадаагүй буюу өмчлөгчийн зөвишөрөлгүй баръцааны эрх өөртөө үүсгэж мөнгөн хадгаламж өмчлөгчийн хадгаламжаа өмчлөх эрхийг хязгаарласнаараа мөнгөн хадгаламжийн гэрээний үүргээ Т- ноцтой зөрчжээ гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Онолын ойлголт нь маргаантай, туйлын үнэнийг илэрхийлээгүй, шинжлэх ухааны танин мэдэхүйн тайлбар байдаг. Гэтэл хэргийг хууль зүйн талаас тайлбарлан шийдвэрлэлгүй хэргийг онолын тайлбар хийн шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд...., 10 дугаар зүйлийн 10.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ. Гэснийг зөрчсөн.

Т- нь Ч.Л- болон нэр бүхий хүмүүсийн хадгаламжийг барьцаалан зээл авсан ашиглангийн шинжтэй үйлдлийг анх илрүүлж шалгуулахаар ЭЦГ-ын ЭЗГТХ-т н.Ариунгэрэлд холбогдуулан гомдол гаргасан. Бодит байдал тогтоогдоогүй, Ч.Л- тус хадгаламж барьцаалсан зээлийг авсан эсэхийг шууд мэдэх боломжгүй, цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байдал үүсч, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүлээх боломжгүй байсан учир Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан Өөртөө туслах аргыг ашиглан цаашид нэмж хохирол учруулахгүй байхаар арга хэмжээг авч ажилласан байхад Т-ийг илтэд буруутган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Ч.Л- нь Ариунгэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцлийг шүүх бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл Ч.Л- нь хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамаарч шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт Ч.Л- хохирогчоор тогтоогдсоны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэх тохиолдолд Ч.Л-ын хувьд хохирлоо барагдуулан авах нөхөн төлбөрийн хэмжээнд давхардал үүсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцлийг бүрдүүлсэн.

Банк гэм буруутай учир хадгалуулагч гэрээг цуцлах санаачлага гаргах эрхтэй мэтээр тайлбарлан шийдвэрлэжээ.

Банк нь мөнгөн хадгаламжийн гэрээг зөрчсөн үйлдэл нь Банкны буруутай үйлдэл мөн эсэх эсхүл н.Ариунгэрэлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал эсэхийг бүрэн тогтоогдоогүй байхад банкны гэм буруу гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч. Л- нь хариуцагч Т- ХХК-нд холбогдуулан гэрээг цуцласнаас учирсан хохиролд буюу хадгаламжийн хүүгийн зөрүүд 65 525 194 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. / хх1-4, 35/

Хэрэгт нэхэмжлэгч Ч. Л- нь хариуцагч Т- ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 103300636439 тоот хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, жилийн 15,6 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламж нээлгэсэн. Улмаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 400 000 000 төгрөг, мөн өдрөө 135 800 000 төгрөгийг шилжүүлснээр нийт 536 800 000 төгрөгийн хадгаламжтай болсон үйл баримт тогтоогдсон. /хх8/

Мөн дээрх хадгаламжийн мөнгөн хөрөнгө дансанд орсон өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ч.Л-ын гарын үсгийг дуурайлган зурж, хадгаламж барьцаалсан барьцаат зээлийн гэрээгээр 390 000 000 төгрөгийг Ч.Л- авснаар баримт бүрдүүлэн түүний хадгаламжийн дансан дахь мөнгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогджээ. /хх17/

Нэхэмжлэгчийн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан үйлдэл болсонд талууд маргахгүй байна. Мөн Т- ХХК-ийн ажилтанд холбогдуулан дээрх үйл баримтаар эрүүгийн хэрэг үүссэн, мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн санаачилгаар цуцлаж, мөнгөн хөрөнгийг 19 657 558 төгрөгийн хүүгийн хамт буцаан авсан байна. /хх12, 61-67, 74/

Талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаат үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг.

Хариуцагч нь мэргэжлийн байгуулагын хувьд мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь тухайн субьектийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээхээс гадна мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хүү тооцох журам, мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагыг заах юм.

Талуудын гэрээний 4.2.3-д банк өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчид учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан төлөхөөр үүрэг хүлээсэн. /хх8/

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжтой байхад хугацаанаас өмнө цуцалсан гэж буруутгажээ. Бусдын мөнгөн хөрөнгийг хадгалж буй этгээдийн үйл ажиллагааны гол зарчим нь харилцагчийн нууц, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, итгэл алдахгүй байх явдал юм.

Урт хугацаатай гэрээний талууд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалж болох талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан.

Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх юм. Итгэл алдарсан, мөнгөн хөрөнгөө бүрэн бүтэн барьж авахаар гэрээг цуцласан гэсэн нэхэмжлэгчийн үйлдэл нь дээрх хуулийн заалтад нийцэх юм.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэрээний харилцааг үргэлжлүүлэхийг шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, түүний хадгаламжид барьцаа тогтоосон үйлдэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийн ялимгүй зөрчил биш.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь буруу болжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. Хэрэв хадгалагч нь мөнгөн хөрөнгийг бүрэн бүтэн хадгалж байсан бол хадгалуулагч 65 525 194 төгрөгийн хүүгээр хохирохгүй юм. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.                   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00613 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6 гэснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555 777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД