Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/00613

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/00613

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух И овогт Ч.Л /РД:ОЭ40/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах ТБ ХХК-нд холбогдох

Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохирол 65,525,194.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Э, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Л нь Т.Б 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 103300636439 тоот хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, жилийн 15,6 хувийн хүүтэй 1,000,000 (нэг сая) төгрөгийн мөнгөн хадгаламж нээлгэсэн. Улмаар уг хадгаламжиндаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөг, мөн өдрөө 135,800,000 (нэг зуун гучин таван сая найман зуун мянган) төгрөгийг шилжүүлснээр нийт 536,800,000 (таван зуун гучин зургаан сая найман зуун мянган) төгрөгийн үндсэн хадгаламжтай болсон.

Иргэн Ч.Л нь 2016 оны 9 сараас эхлэн Т.Б харилцаж, мөнгөн хөрөнгөө хадгалуулж ирсэн санхүүгийн түүхтэй болно. Гэтэл Т.Б ны Улаанбаатар хот дахь Тээврийн товчоо тооцооны төвийн захирал, ажилтнууд нь хадгаламжинд мөнгө хийсэн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэн Ч.Л ын гарын үсгийг дуурайлган зурж, хадгаламж барьцаалсан Барьцаат зээлийн гэрээгээр 390,000,000 (гурван зуун ерэн сая) төгрөгийг Ч.Л нь авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн дансан дахь мөнгийг хууль бусаар завшсан байна.

Улмаар Ч.Л ыг дансан дахь мөнгөө өөрөө авсан хэмээн үзэж, түүний дансны мэдээллийг болон гарын үсгийн загвар зэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад Т.Б ны нэр бүхий захирал, ажилтнууд харилцагчийн мөнгөн хөрөнгийг хуурамч баримт ашиглан завшсан болох нь тогтоогдсон бөгөөд уг үйлдэлд иргэн Ч.Л хамааралгүй, гэм буруугүй, мөн гарын үсгийг нь хуурамчаар дуурайлган зурсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. ТБ нь өөрийн ажилтнуудын буруутай үйлдлээс болж харилцагч нь хохирсоныг мэдсэн атлаа мөнгөн хөрөнгийг гаргаж өгөхгүйгээр харилцагчаа хохироосоор байсан. Иргэн Ч.Л арга буюу өмгөөллийн үйлчилгээ авсны үндсэн дээр өөрийн гэм буруугүй гэх дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгосны эцэст 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хадгаламжин дахь мөнгөө буцааж авсан.

Харин ТБ нь мөнгөн хадгаламжийг 1 жил гаруй хугацаанд хадгалсан атлаа хадгаламжийн жилийн хүүг 15,6 хувиар биш 3,6 хувиар буюу жилийн 12 хувиар бууруулан олгосон.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл 12 сар, 6 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгөө хадгалуулсан. Энэ хугацаанд нийт 536,800,000 төгрөгийг Т.Б инд хадгалуулсан бөгөөд анх гэрээгээр тохиролцсон хүү нь жилийн 15,6 хувь буюу сарын 1.3 хүүгээр тооцоход 85,182,752.88 төгрөгийн хүү авах үндэслэлтэй байсан. Гэтэл гэрээ цуцлагдсанаас шалтгаалж жилийн 3.6 хувь буюу сарын 0.3 хувийн хүү тооцуулж авснаар 19,657,558.36 төгрөгийн хүү бодуулж авсан. Энэхүү хүүгийн зөрүү нь 65,525,194.52 төгрөг болж байна. Ингэснээр хадгалуулагч иргэн Ч.Л оос огт шалтгаалахгүй нөхцөл байдал буюу Т.Б ны өөрийн ажилтнуудын буруутай ажиллагаанаас шалтгаалан иргэн Ч.Л нь анх гэрээнд тохиролцсон хадгаламжийн хүүг авч чадахгүй хохирсон болно.

ТБ нь иргэн Ч.Л ын хадгалуулсан мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан (1), мөнгөн хөрөнгийг анхны шаардлагын дагуу гаргаж өгөхгүйгээр төлбөр тооцоог саатуулсан (2), мөн гэрээнд тохиролцсон хүүг өгөөгүй (3) буруутай үйлдлүүд нь дараах хууль тогтоомж болон гэрээний үүргийг зөрчсөн байна. Үүнд:

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт мөнгөн хадгаламжийн гэрээг мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ гэж тодорхойлсон байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.7-д зааснаар хадгалуулагч нь хадгалуулсан мөнгөн хөрөнгөндөө хүүгийн орлого авах, хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэх эрхтэй бөгөөд хадгалагч нь тус хуулийн 7.2.2, 7.3-д зааснаар хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх, мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг тус тус хүлээсэн байна. ТБ нь энэхүү хуулиар хүлээсэн үүргээ зөрчин өөрийн ажилтнуудад дотоод хяналт тавьж ажиллаагүйн улмаас иргэн Ч.Л ийн мөнгөн хөрөнгийг завших боломж олгосон байна.

ТБ нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан төлбөр тооцооны үйлчилгээгээ хууль зүйн үндэслэлгүйгээр саатуулсан. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гүйлгээг саатуулсан зөрчлийг гаргасан байна. Т.Б ны ажилтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг үүссэнээс хойш Ч.Л хадгаламжин дахь мөнгөө авахаар Т.Б инд очиход эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа, дансыг битүүмжилсэн гэх тайлбарыг өгч удаан хугацаанд хадгаламж эзэмшигч Ч.Л ийн мөнгийг хуулийн үндэслэлгүй саатуулсан.

Иргэн Ч.Л нь ТБ хэмээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох банктай харилцсан тул түүнд Т.Б наас санхүүгийн үйлчилгээ үзүүлэх явцад хохирол учруулвал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу хохирлыг ТБ хариуцах бүрэн үндэслэлтэй. Банк нь эн тэргүүнд өөрийн гэм буруугүй харилцагчийн хохиролыг барагдуулсны үндсэн дээр холбогдох буруутай ажилтнуудаасаа байгууллагад учирсан хохирлоо тусад нь нэхэмжлэх хуулийн үндэстэй юм.

Иргэн ТБ болон Ч.Л ын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 103300636439 тоот хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн телөх үүргийг ТБ хүлээсэн. Иргэн Ч.Л нь ТБ хэмээх байгууллагатай гэрээ байгуулсан тул банкны ажилтнуудын буруутай үйлдлээс учирсан хохирлыг байгууллага нь хариуцах хуулийн үндэслэлтэй.

Иймд ТБ нь Иргэний хууль, Банкны тухай хууль тогтоомж, мөнгөн хадгаламжийн гэрээг зөрчиж, Т.Б ны ажилтнууд хадгаламж эзэмшигч Ч.Л ийн мөнгөн хөрөнгийг авч ашигласан, түүнчлэн мөнгийг нь буцаан олгохгүй хугацаа алдуулж, төлбөр тооцоог саатуулсан зэрэг зөрчил гаргасны улмаас харилцагч мөнгөн хөрөнгөө арга буюу итгэл алдран хугацаанаас өмнө буцаан авсан тул түүний банкинд хадгалуулсан хугацаанд ногдох хүүг гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх хуулийн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдах болсон цорын ганц шалтгаан нь хадгалуулагчаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу хадгалагч Т.Б ны буруутай үйл ажиллагаанаас шууд болсон байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. ТБ ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн мөнгөн хадгаламж хэмээх 2 дугаар бүлгийг үндэслэл болгон харилцан тохиролцож нэхэмжлэгч талтай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн 103300636439 тоот гэрээг /цаашид гэрээ гэх/ байгуулсан байдаг. Хадгалагч нь хуулиар буюу дээрх хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлд зааснаар болон хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн дараах үүргүүдээ зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

а. БЭБХЭМХТТЗҮАТухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг болох хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх;

б. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг хадгалагч өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангах;

в. Мөн хуулийн 7 дугаар зүйл 4 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;

г. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 103300636439 тоот хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 3.1.1, 4.2.2-т тодорхойлсон болон бусад үүргийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

2. Хариуцагч ТБ ХХК нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, биелүүлээгүй учраас гэрээний 4.2.3-т "өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлөх" гэж зааны дагуу надад учирсан хохирол болох хадгаламжийн хүүгийн зөрүү 65,525,194.52 (жаран таван сая таван зуун хорин таван мянга нэг зуун ерэн дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,776 төгрөгийн хамт хариуцагч Т.Б наас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Л ын нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан хохирлыг хуулийн дагуу өөрийн хариуцан олгох хэмжээгээр Т.Б ны зүгээс Ч.Л ын холбогдох дансанд шилжүүлэн олгосон байдаг бөгөөд Ч.Л од учирсан бусад аливаа хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг огт дутаалгүй, зохих хүүгийн хамт буцааж өгсөн тул ТБ хадгалагчийн хувьд хүлээх хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Т.Б нд холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсноос учирсан хохирол, хугацаатай ба хугацаагүй хадгаламжийн хүүгийн зөрүү 65,525,194.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч ТБ ХХК нь мөнгөн хадгаламжийн гэрээ болон тус гэрээг зохицуулсан холбогдох хуулиар хүлээсэн хэд хэдэн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тухай дурджээ. Шүүх тус шаардлагыг хариуцагч мөнгөн хадгаламжийн гэрээг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэх 65,525,194 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагын үндэслэл гэж үзэн тусгайлан шийдвэрлээгүй, харин гэрээний үүргийн зөрчлийн тухайд холбогдох хууль зүйн дүгнэлтийг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, ТБ ХХК-тай 536,800,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн хугацаатай гэрээ байгуулсан боловч хадгалагч банк мөнгийг бүрэн бүтэн байлгах болон хуульд заасан бусад үүргээ зөрчиж хадгалуулагчийн итгэлийг ноцтой эвдсэн нь мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болсон гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ТБ хадгалуулагчийн мөнгийг бүрэн бүтэн буцааж өгсөн бөгөөд мөнгөн хөрөнгийг дутаагаагүй, гэрээний үүргээ зөрчсөн зүйлгүй, гэрээ хэвийн үргэлжилж байсан тул цуцалсан нөхцөл байдалд гэм буруугүй, түүнчлэн холбогдох албан тушаалтныг буруутай гэж үзсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй учир гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан үйлдэлд банкийг буруутгах боломжгүй гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын үүргийг үндэслэж бус гэрээний үүргийн зөрчлийг үндэслэн гаргаж байгаа тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаж, хэлэлцүүлэг, зохигчдын хоорондын мэтгэлцээн тус хүрээнд өрнөсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.            Нэг талаас хадгалагч ТБ ХХК, нөгөө талаас хадгалуулагч Ч.Л нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 жилийн хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байх ба хадгалуулагч гэрээ байгуулах тухайн өдөр 103300636439 тоот мөнгөн хадгаламжийн дансанд 1,000,000 төгрөгийг байршуулсан байна. Улмаар хадгалуулагч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус хадгаламжид хоёр тусдаа гүйлгээгээр нийт 536,800,000 төгрөгийг нэмж байршуулжээ. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүйн зэрэгцээ энэ талаарх нотлох баримт болох холбогдох гэрээ, мөнгөн хадгаламжийн дэвтрийн хуулбар хавтаст хэргийн 8, 9 дүгээр талд авагджээ. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээ гэж үзэх үндэстэй байна.

 

2.            Мөнгөн хадгаламжийн хугацаатай гэрээ хүчин төгөлдөр байх үед буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас Т.Б , нөгөө талаас Ч.Л нарын хооронд 390,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан тухай баримт хавтаст хэргийн 17, 18 дугаар талд авагдсан байх ба тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 103300636439 тоот мөнгөн хадгаламжийн дансыг барьцаалсан талаар барьцаат зээлийн гэрээний 2.2.2-т заасан байна. Зохигчдын хэн аль нь тус гэрээнд Ч.Л гарын үсэг зураагүй, Ч.Лонцид нь 390,000,000 төгрөгийн зээлийг тус банкнаас аваагүй болохыг зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбарлалаа. Харин хариуцагчийн зүгээс энэ үйлдэлд Т.Б ны ажилтан гэм буруутай болохыг нотолсон шүүхийн шийдвэр гараагүй, уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул Т.Б ийг гэм буруутай гэж үзэхгүй гэжээ.

Шүүх уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд эрүүгийн эрх зүйн болон иргэний эрх зүйн зөрчлийг ялган зааглах учиртай гэж үзлээ. Тодруулбал, Т.Б ны эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын хадгаламжийг барьцаалан хуурамч баримт бичиг үйлдэж зээлийн гэрээ байгуулсан байж болзошгүй явдлыг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн журмаар шалган тогтоох нь талуудын хооронд байгуулсан иргэний эрх зүйн гэрээний үүргийн зөрчил гарсан эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл биш. Иргэний эрх зүйн гэрээний зөрчил нь эрүүгийн гэмт хэргээс ялгаатай ойлголт бөгөөд аливаа хуулийн этгээдийн ажилтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон эсэхээр уг хуулийн этгээд гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь тодорхойлогдох учиргүй.

ТБ хадгаламж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний хадгаламж дахь мөнгийг барьцааны эрх үүсгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү тус үйлдэл нь мөнгөн хадгаламжийн гэрээний зөрчил биш гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн тайлбарласнаар нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламжаас нэг ч төгрөг дутаагүй, бүрэн бүтэн байсан тул хадгалуулагчийн эрх ашиг зөрчигдөхгүй гэжээ. Гэвч шүүх тус тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хадгалуулагчийн мөнгөн хадгаламжид түүний зөвшөөрөлгүйгээр барьцааны эрх тогтоосноор хадгаламж өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан ноцтой үйлдэл болно. Иргэний хуулийн 87.2-т заасны дагуу барьцааны эрх нь өмчлөгчийн эрхийг хязгаарладаг өмчийн хязгаарлагдмал эрхийн нэг төрөлд тооцогддог. Хязгаарлагдмал эрх гэдэг нь онолын хувьд иргэний эрх зүйн цорын ганц абсолют эрх[1] болох өмчийн эрхийг хязгаарлаж түүнтэй өрсөлдөхүйц өргөн эрхийг эзэмшигчдээ олгодог онцлогтой. Уг эрхийг үүсгэхэд Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу гагцхүү хуульд үндэслэх шаардлагатай бөгөөд ийнхүү үндэслэж чадаагүй буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй барьцааны эрх өөртөө үүсгэж мөнгөн хадгаламж өмчлөгчийн хадгаламжаа өмчлөх эрхийг хязгаарласнаараа мөнгөн хадгаламжийн гэрээний үүргээ ТБ ноцтой зөрчжээ.

Иймд Т.Б ны эрх бүхий албан тушаалтан эрүүгийн гэмт хэргийн үйлдэлд гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагагүйгээр ТБ хадгалуулагчийн хадгаламжаа өмчлөх бүрэн эрхийг нь хууль бусаар хязгаарласан, улмаар Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгийг хадгалах үндсэн үүрэг-ээ зөрчсөн гэм буруутай нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 12 дугаар тал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /

3.            Хариуцагч ТБ нь нэхэмжлэгч Ч.Л Т.Б ны ажилтан Ариунгэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул Т.Б инд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, учирсан хохирлоо Ариунгэрэлээс шаардах ёстой гэж тайлбарлаж байна. Иргэн Ариунгэрэлд холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Л хохирогчоор тогтоогдсон явдал нь тэрээр Т.Б инд холбогдуулан гэрээний эрх зүйн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч Ч.Л нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах хууль зүйн үндэслэл буюу гэм хорын эрх зүй дэх шаардах эрхийг удирдлага болгоогүй гэрээний үүргийн зөрчил буюу мөнгөн хадгаламжийн гэрээг зөрчиж хугацаанаас нь өмнө цуцлах болсны улмаас учирсан хохирол гэх агуулгаар шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж байгааг дурдах нь зүйтэй.

4.            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч банк хэмээх хуулийн этгээд нь санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг, итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, бусдын мөнгөн хөрөнгийг хадгалахдаа өөрт нь итгэхийг шаардахаас өөр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг санал болгож чадахгүй онцлогтой хуулийн этгээд гэж тайлбарлаж байна. Нэгэнт итгэл хүлээлгэн мөнгөө хадгалуулсан үед ийнхүү хадгалуулах шалтгаан болсон итгэлийг нь эвдэж, хууль бусаар барьцааны дарамт үүсгэж хадгалагчийн үүргээ ноцтой зөрчсөнийг үндэслэн хадгалуулагч мөнгөн хадгаламжийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах санал тавьсан нь түүний хувьд гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлах үндэслэлд зүй ёсоор тооцогдоно.

Хариуцагчийн төлөөлөгч гэрээг банкны санаачилгаар цуцлах хууль зүйн боломжгүй, гагцхүү хадгалагчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална, энэ тохиолдолд гэрээгээр тохирсон хүүг байршуулсан хугацаанд тооцон олгох боломжгүй, хугацаагүй гэрээний хүүгээр буюу 3,6 хувиар хүү тооцон олгох хууль, гэрээний үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т заасны дагуу банкны санаачилгаар мөнгөн хадгаламжийн гэрээ цуцлагдах боломжгүй. Гэвч энэ нь банкны гэм буруугийн улмаас хадгалуулагч гэрээг цуцлах санаачлага гаргаж болохгүй гэх үндэслэл биш бөгөөд маргаан бүхий тохиолдолд чухам энэ үндэслэлээр хадгалуулагч 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээ цуцлах саналыг банкинд гаргажээ. /хх-ийн 16 дугаар тал/ Талуудын хооронд байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний 2.16 буюу хугацаанаас нь өмнө цуцалсан бол бууруулсан хүүгээр байршсан хугацаанд хүү тооцох утга бүхий заалтыг дээрх тохиолдолд хэрэглэх нь шударга бус, хадгалуулагчаас хамаарах, хүндэтгэн үзэх үндэслэлгүй шалтгааны улмаас цуцлах тохиолдолд хэрэглэх нь зүй ёсны зарчимд нийцнэ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргээ зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байна. Мөн хуулийн 219.3-т нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болохоор заажээ. Маргаан бүхий тохиолдолд хадгалагч банк мөнгийг хадгалах, өөрийн хүч бололцооны хүрээнд хууль бус аливаа эрсдлээс хамгаалж байх үндсэн үүргээ биелүүлээгүй итгэл эвдсэн нөхцөл байдалд үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгох нь үр дүнгүй гэж шүүх дүгнэв.

Хэрэв нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсгээр шаардах эрхээ тодорхойлж байгаа бол мөн зүйлийн 221.6 дахь хэсгийг дамжин тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

5.            Нэхэмжлэгч 536,800,000 төгрөг байршуулсан өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээгээ цуцалсан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 12 сар 6 хоногийн хүүгийн зөрүүг хохирол хэмээн нэхэмжилж байна. Зохигчид гэрээ цуцлагдсан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дээрх хугацааны хадгаламжийн хүүг хугацаагүй хадгаламжаар тооцон 19,657,558.36 төгрөг хүлээн авсан, шилжүүлсэн үйл баримтын тухайд маргаагүй. Нэхэмжлэгчийн тооцооллоор хугацаатай хадгаламжийн мөнгө бодитой байршсан хугацаанд хамаарах хүү нийтдээ 85,182,752.88 төгрөг байх ёстой гэх боловч шүүхээс зохих тооцооллыг хийж үзвэл[2] дээрх хугацаанд нийт 85,091,458 төгрөгийн хүүгийн төлбөр гарах ба үүнээс хүлээн авсан 19,657,558 төгрөгийг хасаж тооцвол нэхэмжлэгч 65,433,900 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6-д заасны дагуу хариуцагч ТБ ХХК-аас 65,433,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Л од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91,293 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6-д заасны дагуу хариуцагч ТБ ХХК-аас 65,433,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Л од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91,293 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХХК-аас 485,119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л од олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА