Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00526

 

 

 

2018 02 23 210/МА2018/00526

 

 

Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 183/ШШ2017/02546 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Цэрэндуламд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 480 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цэрэндулам өөрийгөө ...гялгар уутны үйлдвэр ажиллуулдаг, маш ашигтай үйл ажиллагаа явуулдаг, бүх захуудыг гялгар уутаар хангадаг том бизнес хийдэг гэж тайлбарлан түүхий эдийн мөнгө хэрэгтэй байна, мөн ажилчдынхаа цалинг өгөх шаардлагатай байгаа учир аав ээжийнхээ хашаа байшинг барьцаанд тавья, 8 000 000-10 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу би 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ хугацаанд зээлийн хүүг өгч байсан ч 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч, өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй. Нийт зээлийн хүүнд 14 400 000 төгрөг төлөхөөс 13 420 000 төгрөг төлсөн, 980 000 төгрөгийн хүү төлөгдөөгүй, үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7 500 000 төгрөг, зээлийн дутуу төлсөн хүүгийн зөрүү 980 000 төгрөг нийт 23 480 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

  Хариуцагч Ж.Цэрэндулам шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Цэрэндулам 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Баясгалантай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдэхээр тохиролцсон. Зээл авсан үеэс эхлэн зээлийн хүү болох 8 хувийг (1 200 000) төгрөгийг жилийн хугацаандаа төлсөөр ирсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг төлөхөд ямар нэгэн асуудал болж байсан удаа надад нэг ч үгүй мөн ямар нэгэн байдлаар утсаа авахгүй байх, хариу өгөхгүй байх гэх зэрэг зүй бус үйлдэл гаргаж байгаагүй болно. Зээлийн гэрээний хүүг хугацаандаа төлсөн болох нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд: 2016 оны 3 дугаар сарын 15-нд 1 270 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 10-нд 1 200 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-нд 1 400 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-нд 435 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 07-нд 800 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 09-нд 600 000  төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 12-нд 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-нд 1 200 000 төгрөг нийт 7 405 000 төгрөгийг зээлийн хүүг дансаар төлсөн. Мөн 6, 7, 10 сарын хүү болох 3 600 000 төгрөгийг бэлнээр түүхий эдийн үнээс суутган авсан. Энэ нь Б.Баясгалангийн тооцооны дэвтэрт тэмдэглэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх төлбөрүүд нийлээд 11 005 000 төгрөг болж байна. Улмаар гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 05-нд дуусч, гэрээгээр хүлээсэн хүүгээ төлөх үүрэг дуусгавар болсон ба уг хугацаа дуусгавар болсноос хойш дараах байдлаар мөнгө шилжүүлсэн. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 07-нд 500 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-нд 1 200 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 400 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-нд 1 100 000 төгрөг нийт 3 200 000 төгрөг төлсөн.

Би тухайн үед зээлийг авахдаа гэрээний хүүг ийм өндөр болно гэж бодоогүй. Тэр үед яаралтай мөнгөний хэрэг гарсан учраас яаруу сандруу эцэг эхийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө мөн өөрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг барьцаалан зээл авсан. Тухайн үед цагаан сар болох гээд дэлгүүртээ бараа бүтээгдэхүүн татах зорилготой уг зээлийг авсан. Зээлээ аваад сарын дараагаар зээлийн гэрээний хүүг төлөх үед өндөр дүнтэй зээл авсанаа ойлгосон. Сар бүр зээлийн үндсэн төлбөрөө өгч чадалгүй зөвхөн зээлийн гэрээний хүүг л төлөөд явах миний нөхцөл байдалд хүндрэлтэй байсан. Тухайн үед нөхөр бид 2 Голомт банкнаас Чингис бонд дамжуулан 200 000 000 төгрөгийн зээл авчихсан уутны үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Үйлдвэрлэл сайн үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олдоггүй байсан. Тэгээд нөхөр бид сар бүр Голомт банкинд зээлээ төлөх зээлийн хүүгээ төлөх, мөн дээрээс нь Б.Баясгаланд тавьсан өрөө өгөх зэрэг зэрэг өр төлбөр нэхэгдэж байсан ч зээлийн гэрээний хүүг төлж байсан. Нөхцөл байдалдаа тааруулан өдөр бүр ажиллаж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 19-нд амаржсанаар ажиллах боломжгүй болж гэртээ суух болсон тул зээлийн хүүгээ төлөх арга зам хайж эхэлсэн. Тэр үед нисэхэд байршилтай үйлдвэрлэлийн 240 м.кв талбай бүхий обьектоо хувь хүмүүс 3 сарын хугацаатай сарын 1 200 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод ярилцаж байх үед Б.Баясгалан эхнэрийн хамт хүрэлцэн ирж ...бид энэ талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулна, наад хүмүүстэйгээ түрээслэх тухай яриа хэлэлцээрээ цуцал гэж хэлээд хэрвээ бид 2-т түрээслүүлвэл зээлийн хүүг энэ обьектыг түрээслүүлсэн мөнгөнөөс нь шууд суутгаж авна хэмээсэн учир тэр үед зээлийн хүүг ингээд төлчихвөл болох юм байна гэж бодон нөгөө хүмүүстээ хэлж түрээслүүлэхээ больсон хэдий ч Б.Баясгалан хэлсэндээ хүрэлгүй талбайг түрээслээгүй өөрөө зээлийн хүүгээ төл гэж шаардаж байсан. Хэрэв тэр үед хөндлөнгөөс оролцоогүй байсан бол зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгээ төлөөд явчих боломж бас бидэнд байсан гэдгийг энд дурдаж байна.

Зээлийн гэрээний хүүг нийт жилд бодож үзэхэд 96 хувийн буюу бараг 100 хувийн 2 дахин болж төлөгдөх хэмжээний өндөр зээл байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс зээлийн гэрээний хүүг сарын 3 хувь болгож багасгаж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Цэрэндуламаас 18 570 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 910 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосж,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 15 000 000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 13 420 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон хүүнд төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин зээлийн хүү сарын 8 хувь буюу жилийн 96 хувь бөгөөд энэ нь зээлийн үндсэн дүнтэй тэнцэхүйц хэмжээний хүү юм. Ингэж хүү төлөх нь өндөр байна гэж үзэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу буулгаж өгнө үү гэж тайлбар гаргасан байдаг.

Шүүхээс хариуцагчийн гаргасан тайлбарт үндэслэн зээлийн хүүг сарын 8 хувь байсныг сарын 6 хувь болгож бууруулж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс уг хүүг хэтэрхий өндөр гэж үзсэн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн дундаж хүү сарын 3 хувьтай байгаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж үндэслэлгүй тогтоогдсон хүүг сарын 3 хувиар тооцон буулгаж өгөхийг шүүхээс хүсч байна.

Ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд нийт зээл 15 000 000 төгрөг, сарын 3 хувиар 12 сарын хугацааны хүү 5 400 000 төгрөг нийт 20 400 000 төгрөг болох бөгөөд үүнээс төлсөн 13 420 000 төгрөгийг хасч 6 980 000 төгрөг дээр алданги нэмж тооцоход 10 470 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэн хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан зээлийн гэрээний үүрэгт 23 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 15 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сард 8 хувийн хүүтэй зээлдүүлэхтөлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх гэрээ байгуулсан байх ба зээлдүүлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь нийт 11 005 000 төгрөгийн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ сар тутамд төлөх зээлийн хүүг 8 хувь гэж хэт өндрөөр тогтоосон гэж тайлбарлах боловч шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг үндэслэн түүний хүсэлтээр зээлийн хүүг 6 хувь болгон бууруулсан байна.

 

Талууд анх гэрээ байгуулахдаа хүүгийн хэмжээг зээлдэгчид хохиролтой нөхцлөөр тогтоосон гэж шүүх дүгнээд хариуцагчийн сар тутамд төлөх хүүг 6 хувиар тооцон гэрээний хугацаанд нийт 10 800 000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй, үндсэн зээл болон түүний хүүд нийт 25 800 000 төгрөг төлөхөөс баримтаар тогтоогдсон 13 420 000 төгрөгийг хасч 12 380 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, уг үүргийг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгчийн шаардснаар алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу биш байна.    

 

  Шүүх алдангийг нийт гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 6 190 000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тодорхойлж, хариуцагчийг 3 200 000 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь нотлох баримтын үндсэн дээр хэргийн бодит үнэнийг тогтоох зарчимд нийцнэ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн зээлийн хүүг 3 хувь болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 183/ШШ2017/02546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ