Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01171

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т- ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шмитгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б\56 тоот М.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг зөрчсөн. М.А-ийн хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулсан. Тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй, М.А- нь байнгийн ажлын байранд хугацаагүй гэрээйгээр ажиллаж байсан. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Т- ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Д.Ундралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажлын байранд түр томилогдон, тус газраас М.А-тай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Д.Ундрал нь 2019 оны 2 дугаар сард тус газарт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаа дуусаж байгаа тул ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу Т- ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Д.Ундралыг өмнө эрхэлж байсан гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд томилж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалаар М.А-ийг гэрээ, эрх зүйн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улмаар Т- ХХК-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/15 тоот тушаалаар М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд М.А-ийг Захиргаа, санхүүгийн газарт Дотоод хянан шалгагчаар түр томилон, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. М.Анумарал нь 2019 оны 9 дүгээр сард тус газарт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/57 тоот тушаалаар М.Анумаралыг өмнө эрхэлж байсан Захиргаа, санхүүгийн газарт Дотоод хянан шалгагчийн ажилд томилж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/56 тоот тушаалаар М.А-ийг Дотоод хянан шалгагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

М.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан хугацаа буюу М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаагаар тодорхойлогдож байгаа болно. М.А-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч М.А-ийн хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан захиргаа, санхүүгийн газрын дотоод хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч М.А-ийг 2019 оны 04 сарын 01-ний Б/15 дугаар тушаалаар ажилд түр томилохдоо Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Батрагчаад хөдөлмөрийн гэрээ түр байгуулахыг даалгасан боловч мөн өдөр М.А-тай хөдөлмөрийн гэрээг Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Итгэлбат /гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын дарга / гэгч эрх олгогдоогүй этгээд /хариуцагч маргаагүй/ байгуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хөдөлмөрийн гэрээний нэг тал байх атал хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй хууль зөрчсөн нь гэрээг талуудын хооронд байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хариуцагч нь өөрчлөн байгуулагдаж 2018 оны 10 дугаар сарын 31 -ны өдөр ТОСК ТӨХХК болсон, 2019 оны 01 дүгзэр сарын 12-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 23 дугаар тогтоолоор ТОСК ТӨХХК-ийн дүрмийг баталсан байтал хүчингүй болсон хуулийн этгээдийн тамга, тэмдэг, албан бланкыг ашиглаж ТОСК ТӨҮГазрын Ерөнхий захирал гэх нэрээр тушаал гаргасан.

Шүүхийн шийдвэрт Т- ТӨҮГ-ийн тамгыг дарсан нь тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл бус, илүүтзй гарцаагүй байдлаар нөхцөлдсөн хэлбэрийн шинжтэй үйлдэл байна, угаас нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлээр Б/56 дугаартай тушаалыг хууль бус гэж үзвэл түүнийг ажилд томилсон тухай Б/15 дугаартай тушаал ч бүхэлдээ хууль бус гэж үззх нөхцөл бүрдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл явцад дүгнэлт хийж үндэслэл болгосон нь хуулийг илтэд зөрчсөн. М.А-т мэдэгдэлгүй ямар нэгэн тохиролцоо хийлгүйгээр /үүнд талууд маргаагүй/ ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.11 дэх хэсэгт Хугацаатай хөделмөрийн гэрээ дуусахаас өмне байгууллага ажтлтан хоёр тохиролцож хугацааг сунгах буюу гэрээг дуусгавар болгоно гэж заасан буюу талууд тохиролцох тухай тодорхой заасан нь Үндсэн хууль, бусад холбогдох хуулиудад нийцүүлэн байгууллага хедөлмөрийн дотоод журмаараа нарийвчлан зохицуулсан зохицуулалтийг шүүх үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьсан. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М.А- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан Дотоод хянан шалгагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх1-2, 20-21/

М.А-ийг Т- ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 тоот тушаалаар гэрээ эрх зүйн мэргэжилтнээр түр томилж, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б/15 тоот тушаалаар Дотоод хянан шалгагчаар түр томилсон үйл баримт тогтоогджээ. /хх22, 28/

Мөн Т- ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/56 тоот тушаалаар М.Анумарал ажилдаа орох хүсэлт гаргасан тул М.А-ийг Дотоод хянан шалгагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ./хх32-35/

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болох бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т хөдөлмөрийн гэрээний хугацааг ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар байгуулж болохоор заасан.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлж болохоос гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, ажилдаа орох хүсэлт гаргасан тохиолдолд саадгүй авах үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн тул хариуцагч байгууллага М.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлд нийцжээ.

Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан ажилтны төлөөлөх эрхийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм. Гол нь гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсгээ зурж гол нөхцлийн талаар тохиролцсон байх нь чухал тул анхан шатны шүүхээс тамга тэмдгийн талаар хийсэн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авсан, гэрээг цуцласан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД