Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00727

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1171 дүгээр магадлалтай,

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2019.10.31-ний өдрийн Б\56 дугаар бүхий *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд ******* миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулж гаргасан ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2019.10.31-ний өдрийн Б\56 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "******* ХХК нь иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбар, татгалзлаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тус байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох нотлох баримтад тулгуурлан дараах байдлаар гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2018.01.30-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Д.Ундралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажлын байранд түр томилогдон, тус газраас *******тай 2018.02.01-ний өдрөөс хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Д.Ундрал нь 2019 оны 02 дугаар сард тус газарт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаа дуусаж байгаа тул ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.04.01-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Д.Ундралыг өмнө эрхэлж байсан гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд томилж, харин Ерөнхий захирлын 2019.04.01-ний өдрийн Б/14 тоот тушаалаар *******ийг гэрээ, эрх зүйн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улмаар ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.04.01-ний өдрийн Б/15 тоот тушаалаар М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд *******ийг Захиргаа, санхүүгийн газарт Дотоод хянан шалгагчаар түр томилон, 2019.04.01-ний өдөр М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Түүнчлэн М.Анумарал нь 2019 оны 09 дүгээр сард тус газарт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.10.31-ний өдрийн Б/57 тоот тушаалаар М.Анумаралыг өмнө эрхэлж байсан Захиргаа, санхүүгийн газарт Дотоод хянан шалгагчийн ажилд томилж, харин Ерөнхий захирлын 2019.10.31-ний өдрийн Б/56 тоот тушаалаар *******ийг Дотоод хянан шалгагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон, 2019.04.01-ний өдөр *******тай байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-г дуусгавар болгосон байна. Тус газраас 2019.04.01-ний өдөр *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хугацаа буюу М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаагаар тодорхойлогдож байгаа болно. ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.10.31-ний өдрийн Б/56 тоот "Амартунгалагийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.10-т эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах" гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар", мөн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, *******тай 2019.04.01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т М.Анумаралын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд байгуулав" гэж заасныг тус тус үндэслэсэн нь холбогдох хуулийн хүрээнд хууль зүйн бүрэн үндэслэлтэй гарсан болно. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******ийн хариуцагч ТОСК ХХК-нд холбогдуулан гаргасан захиргаа, санхүүгийн газрын дотоод хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1171 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дугаартай шийдвэр, 2020.05.29-ний өдрийн 1171 дугаар бүхий Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс хүлээн зөвшөөрч байх тул хяналтын шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч *******ийг 2019.04.01-ний Б/15 дугаар тушаалаар ажилд түр томилохдоо Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Батрагчаад хөдөлмөрийн гэрээ түр байгуулахыг даалгасан боловч мөн өдөр *******тай хөдөлмөрийн гэрээг Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Итгэлбат /гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын дарга / гэгч эрх олгогдоогүй этгээд /хариуцагч маргаагүй/ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно хэмээн зохицуулсныг зөрчсөн бөгөөд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хөдөлмөрийн гэрээний нэг тал байх атал хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй хууль зөрчсөн нь гэрээг талуудын хооронд байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн *******ийг 2019.10.31-ний өдрийн Б/56 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа 2018.10.31-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өөрчлөн байгуулагдан ТОСК ТӨХХК болсон, 2019.01.12-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 23 дугаар тогтоолоор ТОСК ТӨХХК-ийн дүрмийг баталсан байтал хүчингүй болсон хуулийн этгээдийн тамга, тэмдэг, албан бланкыг ашиглаж ТОСК ТӨҮГазрын Ерөнхий захирап гэх нэрээр тушаал гаргасан нь хууль бус буюу хүчингүй байх атал 2020.03.26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дугаартай шүүхийн шийдвэрт ******* ТӨҮГ-ийн тамгыг дарсан нь тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл бус, илүүтэй гарцаагүй байдлаар нөхцөлдсөн хэлбэрийн шинжтэй үйлдэл байна. Угаас нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлээр Б/56 дугаартай тушаалыг хууль бус гэж үзвэл түүнийг ажилд томилсон тухай Б/15 дугаартай тушаал ч бүхэлдээ хууль бус гэж үзэх нөхцөл бүрдэх бизээ. гэжээ. гэсэн нь хэтэрхий нэг талыг барьж мөн л нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл явцад дүгнэлт хийж үндэслэл болгосон нь хуулийг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Мөн *******ийг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч нь нэхэмжлэгч *******т мэдэгдэлгүй ямар нэгэн тохиролцоо хийлгүйгээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байдаг. Гэтэл 2016.12.07-ны өдрийн А/109 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.11 дэх хэсэгт Хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө байгууллага ажилтан хоёр тохиролцож хугацааг сунгах буюу гэрээг дуусгавар болгоно гэж заасан буюу талууд тохиролцох тухай тодорхой заасан нь Үндсэн хууль, бусад холбогдох хуулиудад нийцүүлэн байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа нарийвчлан зохицуулсан зохицуулалтыг шүүх үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьсан нь аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг хангаагүй байгаад гомдолтой байна. Иймд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дугаартай шийдвэр, 2020.05.29-ний өдрийн 1171 дугаар бүхий Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Дотоод хянан шалгагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр хугацаагаар ажилд авсан бөгөөд үндсэн ажилтан хүсэлтээ гаргасан тул нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

*******ийг ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2018.01.30-ны өдрийн Б/07 тоот тушаалаар гэрээ эрх зүйн мэргэжилтнээр түр томилж, 2019.04.01-ний өдөр Б/15 тоот тушаалаар Дотоод хянан шалгагчаар түр томилсон байх бөгөөд М.Анумарал ажилдаа орох хүсэлт гаргасан тул захирлын 2019.10.31-ний өдрийн Б/56 тоот тушаалаар *******ийг Дотоод хянан шалгагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай баримт хэрэгт авагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар байгуулж болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан зохицуулалтаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, ажилдаа орох хүсэлт гаргасан тохиолдолд саадгүй авах үүргийг хуулиар хүлээсэн тул хариуцагч нь *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлд нийцсэн, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах хууль зүйн боломж байхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан ажилтны төлөөлөх эрхийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсгээ зурж гол нөхцөлийн талаар тохиролцсон байх тул хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг ажилтанд олгосон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан ...нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалыг бүхэлд хүчингүй болгож өгөхийг хүссэн тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00614 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1171 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД