Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00527

 

 

 

 

2018 02 23 210/МА2018/00527

 

 

Ньюком майнинг сервис ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26ы өдрийн 181/ШШ2018/00013 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 141 000 402 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Их мандах үйлст ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 13/0910-1 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатай түрээслүүлсэн. Техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6 500 000 төгрөг /НӨАТ ороод 7 150 000 төгрөг/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 18 750 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Түрээсийн төлбөрийг түрээслэгч нь түрээслүүлэгчид банкны дансанд техник хэрэгслийг хүлээлцэхээс өмнө шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэтэл гэрээнд заасан энэхүү үүргээ 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 35 630 000 төгрөг, алданги 17 815 000 төгрөг нийт 53 445 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Эхний гэрээний хугацаа дуусахад хариуцагч талаас доргиурт индүү машин түрээслэх хүсэлт гаргасан тул 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мөн 14/0313 тоот түрээсийн гэрээг 2 компанийн хооронд байгуулж, SLBTLOKOEC4NU1711 серийн дугаар бүхий ТЕRЕХ ТV800 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаанд түрээслүүлээд, цаашид худалдахаар тохиролцсон. Гэрээний 7 дугаар зүйлийн 2-т техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 2 700 000 төгрөг /НӨАТ ороод 2 970 000 төгрөг/ гэж харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 9 000 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан. Дээрхи ТЕRЕХ ТV800 доргиурт индүү машины түрээсийн төлбөрийг түрээслэгч тал бүрэн төлж барагдуулсан.

2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14/0313 тоот тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр TEREX ТV1300 доргиурт индүү машиныг Их мандах үйлст ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээнд заасан үүргээ 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөөгүйн улмаас 11 880 000 төгрөг, алданги 2 744 280 төгрөг, нийт 114 624 280 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14/0331 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний /TERX TLB840/ төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлөөгүй 5 390 000 төгрөг, алданги 1 374 450 төгрөг, нийт 6 764 450 төгрөгийн хохирол, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13/0910-2 тоот FIORI DB250 ВF09В5250 тоног төхөөрөмж түрээсийн гэрээний дагуу төлөгдөх 28 600 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлөөгүй, алданги 7 235 800 төгрөг, нийт 35 835 800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд бид өмнө нь 2014 оны 12 дугаар сарын байдлаар алданги нэхэмжилсэн байсан бол одоо 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх алданги нэхэмжилж байна. Мөн түрээслүүлж байх хугацаанд болон түрээслүүлсний дараа дээрх тоног төхөөрөмжийг засварласны хөлс 31 078 872 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн нэхэмжлэл дээр алданги 18 343 150 төгрөг нэмэгдсэн.

Иймд Их мандах үйлст ХХК нь манай байгууллагатай байгуулсан тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн дагуу төлөгдөх 81 500 000 төгрөг, алданги 29 169 530 төгрөг бүгд 110 669 530 төгрөг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хөлс 31 078 872 төгрөг, нийт 141 000 402 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Их мандах үйлст ХХК-иас 141 000 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 9 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866 000 төгрөгийн 862 952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 048 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Их мандах үйлст ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 862 952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт "...хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй..." гэж, "...хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно" гэжээ. Манай компанид менежер ажилтай н.Цолмон нь Япон улс руу явсан тул бид шаардлагатай нотлох баримтуудыг олох боломжгүй болсон. Бид н.Цолмонтой холбогдож шаардлагатай нотлох баримтаа олж, одоо мэтгэлцэх боломжтой болоод байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа өвчтэй байсан тул бид хэргийн материалтай танилцаж чадаагүй. Мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргалд шүүх хуралдааныг "...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болно..." гэж шүүхээс мэдэгдсэн боловч шүүх хуралдаан болох цагийг хэлээгүйгээс бид шүүх хуралдаанд орж амжаагүй юм. Шүүх зохигчид мэтгэлцэх боломж олголгүй хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 166 дугаар зүйлийн 166.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК түрээсийн төлбөр, алданги болон засвар үйлчилгээний зардалд нийт 141 000 402 төгрөг хариуцагч Их мандах үйлст ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

Шүүх хариуцагчийг нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр ирээгүй гэж хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шийдвэрлэжээ.

 

Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гомдлыг шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлийг үндэслэн үгүйсгэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд хуралдааны товыг утсаар дамжуулан мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах бөгөөд хэргийн 107 дугаар тал дахь тэмдэглэлд хариуцагчид шүүгчийн туслах ямар дугаарын утсаар мэдэгдсэн нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчид хүргүүлсэн гэх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудас бичиг баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй, хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй байх тул шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргэсэн гэж үзэхгүй. Хуралдааны тов мэдэгдээгүйгээс зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдөхийн зэрэгцээ маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26ы өдрийн 181/ШШ2018/00013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 863 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ