Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01108

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00586 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ий нэхэмжлэлтэй хариуцагч О- ОНӨААТҮГ-т холбогдох, 

 

Тус газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулж, О- ОНӨААТҮГ-ын хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн хөрөнгө оруулалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон 2019 оны 8, 9 дүгээр сарын үр дүнгийн цалин, ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б- нь О- ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлтсийн дарга нарын зүгээс Газрын даргыг өвчтэй байх үед ажлаас нь халсан, одоо шинэ томилогдсон дарга хууль бусаар түүний ажлыг авах гэж байгаа тул бүх ажилчид үүдэнд жагсахад оролц гэсэн. Б- тухайн үед удирдлагуудын хэлснээр байгууллагынхаа үүдэнд жагссан. Газрын даргаар Ч.Мэндбаяр гэх хүн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр томилогдон ирээд хэд хэдэн ажилчдыг халж, заримыг нь харьяа газрууд руу тушаал бууруулан шилжүүлсэн. Нийт жагссан албан хаагчдад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед шинээр томилогдсон дарга болон удирдлагуудтай цаашдаа хамтран ажиллах учраас маргаан хийгээд яахав гэж бодоод үндэслэлгүй сахилгын шийтгэлд гомдол гаргалгүй орхисон.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн дарга С.Батбилэг, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр нар дуудан Цаашид хамтарч ажиллаж чадахгүй, өөрөө өргөдлөө өгөөд яв, эсвэл харьяа газар буюу Хэрэглэгчдэд үйлчлэх 8 дугаар төвд усны инженерээр яв. Өмнөх дарга Ж.Батсайханы хүн, мэдээлэл дамжуулдаг, н.Урантогостой /тухайн үеийн Санхүү хэлтсийн дарга байсан/ уулзаж мэдээлэл өгч байгаа зураг байгаа гэж гүтгэсэн. Өргөдлөө өгч чадахгүй гэхэд тэгвэл өөрөөр ярих нь дээ гэж хэлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дотоод хяналт хариуцсан санхүүгийн мэргэжилтэн А.Ариунцэцэг нь дотоод хяналтын шалгалтаар хийсэн дүгнэлтийг гарган ирж, танилцаад гарын үсгээ зураад яг одоо өг гэсэн. Дүгнэлтийг уншихад үндэслэлгүйгээр гүтгэсэн байсан. Маргааш нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлтсийн дарга С.Батбилэг бас өргөдлөө өгөхийг шаардсан. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08:45 минутад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтсийн дэслэгч Б.Баярболд гомдол ирсэн байна, ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ямар нэгэн зөрчил илрээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт явууллаа гэсэн. Гэтэл мөрдөн байцаагчийн хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг мэдээд 9 дүгээр сарын цагийн бүртгэлийг шалгаад 5 өдөр ажлын цагаас цаг хоцорч бүртгүүлсэн гэх үндэслэл гарган ирж цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан хоёр тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ОСНААУГ-ын Ажлын цаг ашиглалтын журмын холбогдох заалтуудад нийцээгүй.

2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 тушаалд ... Сахилга дэг журмыг чанд сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргаж, тус газрын даргын ажил хүлээлцэх ажлын хэсгийг ажлын байранд нэвтрүүлээгүй саад учруулсан гэх шалтгааныг заасан атлаа ОСНААУГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4 дэх заалт буюу ажлын байрыг эмх цэгцтэй байлган, тавилга эд хогшил, хөрөнгө, техник тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж, хэмнэлттэй үр бүтээлтэй зарцуулан, сахилга дэг журмыг чанд сахина гэснийг үндэслэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 тушаалд ажлын 5 өдөр хоцорч ирсэн гэж буруутгахдаа ОСНААУГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.10 дахь заалт буюу ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын цагтаа амжиж ирээгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ. Тасралтгүй ажиллагаатай ажил эрхэлдэг ажилтан дараагийн ээлжийн ажилтанг ирэхээс өмнө ажлын байрыг орхин явахыг хориглоно гэснийг баримталсан нь тушаал гаргах үндэслэл болсон зөрчилтэй хамааралгүй байна. Уг тушаалын хавсралтаас үзэхэд 2-26 минут 4 өдөр хоцорсон, мөн 2019 оны 09 сарын 11-ний өдөр чөлөө авч, 1 цаг 23 минут хоцорч ирснийг оруулан 5 өдөр хоцорч ирснээр гаргасан байна. Хэрвээ 4 өдөр ажлаас хоцорч ирсэн гэж үзэж байгаа бол ОСНААУГ-ын Ажлын цаг ашиглалтын журмын 5.2-т Ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдож тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн cap бүрийн ажлын цагийн балансаас хоцорсон хугацааны нийлбэрийг цалингаас хасч тооцох эсхүл ажлаас хоцорсон минут бүрийг 100 төгрөгөөр тооцож цалингаас суутгана гэсний дагуу хоцорсон минут бүрийг 100 төгрөгөөр бодож цалингаас хасах байсан.

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08:45 минутад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр байсан, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин дуудахад очсон, өдөржин тэндээ хүлээсэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Намжилмаад мессэж бичиж чөлөө хүссэн. Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн н.Энхцэцэг залгаад Л.Намжилмаа дарга чөлөөний хуудас өгсөн чинь танай хэлтсийн дарга С.Батбилэг надад хэлж мэдэгдээгүй учраас гарын үсэг зурахгүй гээд чөлөөний хуудсан дээр гарын үсгээ зурдаггүй гэж хэлсэн.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1205 тоот тушаалыг хүчингүй болгож, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын Хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын инженерийн ажилд эргүүлэн томилуулж өгнө үү гэжээ. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон 2019 оны 8, 9 дүгээр сарын үр дүнгийн цалин, ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч ажлаас хууль бусаар халагдаагүй, ажлаа хийгээд явж байсан бол сарын үр дүнгийн цалин хэвийн олгогдох байсан тул ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал /13 дах сарын цалин/-ыг тус тус нөхөн төлүүлж өгнө үү. /ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин гэдэгт 2019 оны 10, 11, 12 дугаар сар болон 2020 оны 1, 2, 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тооцно/ гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Мэндбаярын ажил хүлээлцэх явцад бусад ажилчидтай нийлэн Засаг даргын ажлын хэсгийг ОСНААУГ-ын байранд нэвтрүүлэхгүй, эсэргүүцэн жагсаж, гадаа хаалгыг түгжих мэтээр нийтийн хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан нь ОСНААУГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.7, 7.2.4, хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсгийг зөрчсөн. Б.Б- нь өөрийн энэ үйлдлээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч удирдлагуудын хэлснээр байгууллагынхаа үүдэнд жагссан гэжээ.

Б.Б- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлаас хоцрох ажил таслах зэрэг үйлдэл гаргасан тул 2019 оны 9 дүгээр сарын 25-ны Б/1182 тушаалаар үндсэн цалинг хоёр сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх Б/765, Б/1182 тушаалууд нь нь хүчин төгөлдөр учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн, Хөдөлмөрийн гэрээний 1.10.1 дэх заалтын дагуу 2019 оны 10 сарын 02-ны Б/1205 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Б-ийг Орон сууц нийтийн удирдах аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хөрөнгө оруулалтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц нийтийн удирдах аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 984 000 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 805 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Орон сууц нийтийн удирдах аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142 694 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мэндбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Б-ийг Хөрөнгө оруулалтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосныг зөвшөөрөхгүй. Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Б.Баярболдод мэдүүлэг өгөх нэрийн дор ажлын 8 цаг ажилдаа ирээгүй, Л.Намжилмаагаас чөлөө аваагүй юм. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай байгууллага хоёрын хооронд 600-800 метр зайтай бөгөөд гэрч Б.Баярболдын мэдүүлэгт 2 цагаас илүү хугацаагаар мэдүүлэг авах боломжгүй бөгөөд тухайн өдөр Б.Б- мэдүүлгийг өдрийн 8 цагийн турш өгсөн гэсэн үг биш юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч О- ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулж, О- ОНӨААТҮГ-ын хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн хөрөнгө оруулалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон 2019 оны 8, 9 дүгээр сарын үр дүнгийн цалин, ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан./хх1, хх50, хх61, хх162-163/

Хэрэгт Б.Б- нь О- ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 , 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 тушаалуудаар тус тус сахилгын арга хэмжээ авагдсан, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан үйл баримт тогтоогджээ. / хх9-10, хх5,хх47/

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 тоот сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тусдаа шаардлага гаргасан, талууд энэ талаар мэтгэлцсэн, анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шийдвэрлэхгүй орхигдуулсныг нөхөж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Ажил олгогч нь ажилтан Б.Б-д 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 тоот тушаалаар сахилга дэг журмыг сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргаж тус газрын даргын ажил хүлээлцэх ажлын хэсгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлын байранд нэвтрүүлэхгүй саад учруулсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ./хх5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь ...өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхтэй, Б.Б- ямар үүрэг зөрчсөн нь тогтоогдоогүй, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн гэх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн. Иймд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 тоот тушаалыг хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Түүнчлэн ажилтанд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан байх бөгөөд уг тушаалд дурдсанаар ажилтан 5 өдөр ажлын цаг хоцорч бүртгүүлсэн. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 8 цаг 14 минутад, 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 8 цаг 20 минутад, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 8 цаг 10 минутад, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 8 цаг 8 минутад, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 8 цаг 7 минутад, 9 цагт ажил эхлэж байхад, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 23 минутад, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 6 минут, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 9 цаг 6 минутад, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 9 цаг 26 минутад, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 9 цаг 4 минутад тус тус хоцорч цаг бүртгүүлсэн. Уг үйл баримтыг хариуцагч няцаасан баримт гаргаагүй. /хх45-46/

Ажлын цаг ашиглалтын журмын 3.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хол гэртэй байх нөхцөл хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 тоот ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Харин 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа, сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон. /хх47-49/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Ажилтан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдсан, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин дуудагдаж өдөржин тэндээ хүлээсэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Намжилмаад мессэж бичиж чөлөө хүссэн үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй. /хх44/

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дах хэсэгт заасан хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд болон хууль хяналтын байгууллагад дуудагдсан үед ажилтны ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах юм. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцнэ. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан нь зөв болжээ. Мөн ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт нийцжээ.

Ажилтанд үр дүнгийн цалин урамшуулал олгож шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1182 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1205 дугаартай холбоотой тушаалуудыг хүчингүй болгуулах, ажлаас буруу халсан тухай гомдлоо 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааны дотор байх тул шүүх гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцсэн хуульд нь нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2,3 дах хэсэгт хариуцагчийн нэрийг буруу бичсэн, нэхэмжлэлийн шаардлага орхигдуулсныг залруулж, хариуцагчийн нэхэмжлэгч ажил тасалсан, давтан зөрчил гаргасан гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дэх заалтад 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 тоот тушаалыг хүчингүй болгосугай гэж нэмж,

Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудад Орон сууц нийтийн удирдах аж ахуйн газар ОНӨААТҮГ гэснийг О- ОНӨААТҮГ болгож өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД