Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 102/2015/03178/И |
Дугаар | 210/МА2018/00580 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2018/00580
2018 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2018/00580 |
Г.Ганзориг М.Зоригт нарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд , А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02809 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ганзориг, М.Зоригт нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд холбогдох
Автомашины үнэд төлсөн 8 000 000 төгрөг гаргуулах үндсэн, хохиролд 9 260 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.Ганзориг, М.Зоригт нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Ганзориг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ц.Сувд-Эрдэнээс Тоёото Кроун маркийн саарал өнгөтэй автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2014 онд багтаан өгөхөөр тохиролцсон. Уг автомашиныг хүргэн М.Зоригтод өгсөн ба 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч н.Мягмарсүрэн хураан авч Ц.Сувд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Ц.Сувд-Эрдэнээс мөнгөө нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Автомашиныг хүлээн авснаас хойш засвар үйлчилгээ 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 696 000 төгрөг, зам ашиглалтын төлбөр 30 000 төгрөг төлсөн. Үүн дээр Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг нийт 8 768 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 768 000 төгрөгөөр багасгаж автомашины үнэд төлсөн 8 000 000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Ц.Сувд-Эрдэнэ Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг Г.Ганзоригт худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг авч, автомашиныг Г.Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Г.Ганзориг үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүйн улмаас Ц.Сувд-Эрдэнэ 2014 оны 08 дугаар сарын 15-нд машинаа буцаан авч Э.Хаш-Эрдэнэд зарсан. Г.Ганзориг нь машиныг унаж хэрэглэж байхдаа өнгө үзэмж, чанар байдлыг үлэмж дордуулсан. Түүнчлэн 153 хоног унаж эдэлчихээд одоо Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал болон татварт төлсөн 768 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд зааснаар хэрэв машиныг худалдан авахгүй бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх ёстой. Түүнчлэн машины өнгө үзэмж алдагдуулсан, дугуйны обудыг алга болгосон зэргийн зардлыг Г.Ганзориг хариуцах ёстой. Унаж эдэлж байхдаа машинаа эвдлээд түүндээ зарцуулсан засварын зардлыг Ц.Сувд-Эрдэнээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анх гэрээ байгуулагдах үед машины үнэ 18 000 000 төгрөг байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын байдлаар машины үнэлгээ эрс буурсан. Машины үнэлгээ буурсан бөгөөд 2014 оны 08 дугаар сард ижил төрлийн машины үнэлгээ 10 000 000 төгрөг байсан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Ганзориг уг машиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа будгийг нь халцалж сэвтүүлсэн, урд хойд гуперийг хагалсан, Кроун маркийн оригинал обудыг муу обудаар сольсон, удаан унаж эдэлсэн учир машины үнэ хямдарсан. Түүнчлэн уг автомашины төлбөрийг Г.Ганзоригоос хугацаандаа авч Голомт банкны зээлээ төлнө гэж тооцож байсан ч Г.Ганзориг мөнгөө өгөөгүй учир банкны зээлийн төлбөрийг төлөх эх үүсвэр шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас машины үнийг хямдруулан зарсан. Г.Ганзориг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол энэ бүх нөхцөл байдал үүсэхгүй байсан. Ц.Сувд-Эрдэнэд нийт 8 180 000 төгрөгийн хохирол буюу 180 хоногийн түрээсийн төлбөр 7 200 000 төгрөг, 4 ширхэг обуд тус бүр нь 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөг, машинд үүссэн нийт 12 ширхэг сэв, хагархайг засуулахад 500 000 төгрөг, Г.Ганзориг тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас 10 000 000 төгрөгийн 2014 оны 03 сарын 25-ны өдрөөс 2014 оны 09 сарын 11-ний өдөр хүртэл 180 хоног буюу 6 сарын банкны зээлийн хүү сард 1.6 хувиар тооцвол 960 000 төгрөгийн хохирол учирсан. Ц.Сувд-Эрдэнэ тухайн үнийн дүнгээр авто машиныг хямдруулан 7 200 000 төгрөгөөр зарсан тул Иргэний хуулийн 205 дугаар заасны дагуу Г.Ганзоригоос автомашины зах зээлийн ханшийн зөрүүд тооцон нэхэмжилж байна гэж өөрчилж байна. Сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлага болох 4 ширхэг оригиналь обудны үнэ 600 000 төгрөг, ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн гэмтлийг засварлах зардал 500 000 төгрөг, банкны зээлийн хүү 960 000 төгрөгийг Г.Ганзоригоос гаргуулах шаардлага хэвээр байгаа. Сөрөг нэхэмжпэлийн шаардлага нийт 9 260 000 төгрөг болно гэжээ.
Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: Г.Ганзориг нь Ц.Сувд-Эрдэнээс Тоёота Кроун маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон боловч байгуулсан гэрээнд хоног тутам 40 000 төгрөгийн түрээсийн гэрээ, төлбөр төлөхөөр тохиролцоогүй болно. Автомашиныг 2014 оны 08 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Г.Мягмарсүрэн хүлээн авсан ба хүлээлцэх үед автомашиныг сэв, эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн. Ц.Сувд-Эрдэнэ Г.Ганзориг нарын хооронд банкны хүү төлөх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тул уг хүүг нэхэмжлэх үндэсгүй байна. Ц.Сувд-Эрдэнэ нь автомашиныг хүлээн авснаас хойш 27 хоног өөрөө хадгалсан ба ямар нэгэн тохиролцоо байхгүй, хийгдээгүй байхад түрээсийн төлбөр болон хямдруулсан гэх тайлбар үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар Загал овогтой Цэвэгжавын Сувд-Эрдэнэ /РД:ЧА70112427/-ээс 6 350 000 /зургаан сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Харчин овогтой Ганболдын Ганзориг /РД:ЧВ70112670/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 650 000 /нэг сая зургаан зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаас 768 000 төгрөг гаргуулах хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс 116 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.ганзоригт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Вендо ХХК-ийн 02/10 дугаар дүгнэлтэд Тоёота Кроун маркийн автомашины унаж эдлээгүй хадгалалтад байсан автомашины зах зээлийн үнэлгээ 16 500 000 төгрөг 6 cap унаж эдэлсний дараа 14 850 000 төгрөг гэснийг үндэслэсэн. Талуудын хооронд 18 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдсан, уг үнэлгээний талаар талууд маргаагүй. Иймд уг анхны үнэлгээ болох 18 000 000 төгрөгөөс тооцоолол хийх ёстой байсан гэж үзнэ. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлт авагдсан бөгөөд тус бур өөр өөр үнэлгээний дун гаргасан боловч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/107 дугаартай дугнэлтэд дээрх автомашин 10 000 000 төгрөгөөр борлуулагдаж байсан гэх дүгнэлтийг шүүх ямар үндэслэлээр үнэлж үзээгүй талаар шийдвэрт тусгасангүй. Хэрэгт авагдсан 3 өөр агуулга бүхий дугнэлтийн аль дүгнэлт үндэслэлтэй талаар эцэслэн тогтоолгох зорилгоор дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй. Хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход дахин шинжээч томилох шаардлагатай. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч М.Ганзориг, Ц.Зоригт нар хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд холбогдуулан автомашины үнэд төлсөн 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 9 260 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь нэхэмжлэгч М.Ганзоригт 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Тоёота кроун маркийн 42-99 УНЕ улсын дугаартай автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдахаар, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 8 000 000 төгрөг, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, автомашиныг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хариуцагч нь уг хугацаа өнгөрсний дараа буюу 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авто машиныг өөрийн эзэмшилдээ буцаан авч, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Э.Хаш-Эрдэнэд худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон, тэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй.
Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүснэ. Тодруулбал, хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа бол нэхэмжлэгчийн автомашины урьдчилгаанд төлсөн 8 000 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Вендо ХХК-ийн дүгнэлтэд маргаан бүхий авто машины унаж, эдлээгүй, хадгалалтад байсан зах зээлийн үнэлгээг 16 500 000 төгрөгөөр, 6 сар ашигласны дараах үнэлгээг 14 850 000 төгрөгөөр тогтоосон байх ба дээрх үнийн зөрүүг нэхэмжлэгчийн тухайн автомашиныг 6 сар унаж ашигласан элэгдэлд тооцож, хариуцагчаас 6 350 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь маргаан бүхий авто машиныг бусдад 10 000 000 төгрөгөөр худалдсанд нэхэмжлэгч буруутай болохыг баримтаар нотлоогүй, түүнчлэн хэргийн баримтаар нэхэмжлэгчийг автомашинд сэв, гэмтэл учруулсан, үйлдвэрийн обудыг сольсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Мөн хариуцагч нь Голомт банкаас эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлдэн авсан 10 000 000 төгрөг зээлдэн авч, зээлийн хүүд 960 000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэх боломжгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ... өмнөх шинжээч томилсон захирамжид миний тавьсан асуултыг орхигдуулсан... 2014 оны 02 дугаар сард унаж, эдлэхгүйгээр хадгалж байсан авто машины үнэлгээ, унаж эдэлсэн авто машины үнэлгээг тогтоолгохоор нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээчээр Вендо ХХК-ийг томилсон байна. Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд заасантай нийцсэн, шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.МӨНХЗУЛ