Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00581

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00581

 

 

 

Х.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 102/ШШ2017/03452 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Жаргалсайхан нэхэмжлэлтэй, хариуцагч Би Би Кью Эм Жи Эл ХХК-д холбогдох

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард Би Би Кью Эм Жи Эл ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шат /урт 4.65м, өргөн 1.54м/-ны хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гараашийн орц гарц чөлүүлүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны ард байрлах 17 тоот гараашийг эзэмшдэг, хууль ёсоор авсан. Намайг энэ гараашийг авч байх үед урд нь юу ч байгаагүй. Гэвч хариуцагч тал өөрийн барилгад нэмж өргөтгөл барьсан. Ингэснээр миний машин байнга зурагдаж, сэв гарч эдийн засгийн хохирол учирч байгаа бөгөөд үүний талаар хариуцагч талд удаа дараа шаардлага тавьж байсан боловч надад хариу өгөөгүй. Ингээд би Мэргэжлийн хяналтын газраар шалгуулахад зөвшөөрөлгүй барилга барьсан гэж акт гаргасан. Гэвч хариуцагч тал мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг хэрэгжүүлээгүй. Ингээд би Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өргөдөл гаргаж шалгуулахад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шалгалт хийж зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан байна хэмээн акт гаргасан ч хариуцагч тал ямар ч арга хэмжээ аваагүй. Хоёр мэргэжлийн байгууллага акт гаргаж тогтоосон. 11 дүгээр сард гаргасан шинжээчийн дүгнэлтээр шатны хэсэг нь кадастрын зурганд орсон бөгөөд бусад хэсэг нь орохгүй байгаа. Шатны хэсгийг нь үлдээгээд кадастрын зурганд ороогүй хэсгийг буулгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 3 мэргэжлийн байгууллага үзэж дүгнэлт гаргаж тогтоож, энэ газрыг нийтийн эзэмшлийн зам талбай гэж үзсэн. Шатны хэсэг рүү орсон хэсгийг нь үлдээгээд кадастрын зурагт ороогүй хэсгийг нь буулгаж, гараашийн орц гарч чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Би Би Кью Эм Жи Эл ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд гараашаа худалдаж авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримт болон гэрч тайлбарлахдаа 2007 онд сэндвичэн барилга байгаагүй шавар хаалт байсан бөгөөд нэхэмжлэгч талын маргаж байгаа хэсэгт нь хогийн цэг байсан гэдгийг мэдүүлсэн. Хогийн цэгийг далдалж сэндвичэн барилга барьсан. Иймд гэрч сэндвичэн барилга байгаагүй гэдгийг нотолж байна. Кадастрын хилийг шинжээчийн байгууллага тодорхойлохгүй. Нэхэмжлэгчээс гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа анхны байдалд оруулна гэж байгаа боловч анхны байдалд оруулах бол шавар барилга, хогийн цэг л гарч ирнэ. Өмнө нь ийм байхад гомдол гаргаж байгаагүй. 2013 онд ОБЕГ-ын гаргасан газын баллоныг хаа гэсэн шаардлагын дагуу хариуцагч тал сэндвичэн барилга барьсан. Сэндвичэн барилга нь тус газыг хамгаалж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард Би Би Кью Эм Жи Эл ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шатны /урт 4.65м, өргөн 1.54м/ хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гараашийн орц гарц чөлөөлөхийг хариуцагч Би Би Кью Эм Жи Эл ХХК-д даалгаж,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Би Би Кью Эм Жи Эл ХХК-иас 216 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жаргалсайханд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч Би Би Кью Эм Жи Эл ХХК-аас 100 000 төгрөг гаргуулж Гранд инженеринг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа "... өргөтгөлийн сэндвичэн барилгын подваль руу орсон шатны хэсгийг үлдээж бусад сэндвичэн барилгыг буулгаж анхны байдалд оруулж, ар талын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлөх" гэж тодорхойлсон байхад "17 дугаартай гараашийн орц, гарцыг чөлөөлөхийг даалгасугай" хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэрлэсэн атлаа гараашийн орц гарцад үл хамаарах баруун талын хэсгийг буулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрэл зураг, шинжээчийн хэмжилтээс харахад нэхэмжлэгчийн гараашийн хаалга нь хариуцагчийн сэндвичэн өргөтгөлийн шатны хэсгийн өөдөөс харсан байрлалд байрладаг бөгөөд шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч өөрийн гараашид машинаа оруулахын тулд баруун зүгээс машинаа оруулдаг тул нураалгүй үлдээхээр шийдвэрлэсэн шатны хэсэг рүү машины их биеийг илүү шахсан тохиолдолд машины хамар хэсэг эгцэрч гарааш руу орох боломжтой болж байгаа нь нотлогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх хаана зөрчигдөж байгааг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30-01-04-ийн 6 дугаар зүйлийн 6.22 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гараашаас хариуцагчийн сэндвичэн өргөтгөл хүртэл 5.17 м хүртэл хэмжээтэй байгаа нь хангалттай, машинаа зөв маневрласан тохиолдолд сэндвичэн өргөтгөл саад болохгүй гэдэг нь шүүхийн үзлэгээр нотлогдсон. Гагцхүү нэхэмжлэгч маневр хийхгүйгээр гараашдаа орох боломжгүй гэж бухимдаж байх боловч заавал маневр хийхгүйгээр гараашид оруулах зайг хангах талаар хуульчилсан зохицуулалт байхгүй байна.

Хариуцагч нь ОБЕГ-аас тавьсан шаардлагыг биелүүлж, Засгийн газраас баталсан Галын аюулгүй байдлын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.20 дахь хэсэгт заасны дагуу газын баллоныг барилгын гадна байрлуулж, галын аюулгүй байдлыг хангах зорилгоор сэндвичэн өргөтгөл барьсан талаарх тайлбар, үйл баримтыг шүүх үнэлж дүгнэлгүй, нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард Би Би Кью Эм Жи Эл ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шат /урт 4.65м, өргөн 1.54м/-ны хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гараашийн орц гарц чөлүүлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч Би Би Кью Эм Жи Эл ХХК нь нэхэмжлэгч Х.Жаргалсайханы өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13Б байрны 17 тоот гараашийн урд 1.90 метрийн өргөнтэй, 9.77 метрийн урттай сэндвичэн барилгын өргөтгөл барьсаны улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн гараашийг чөлөөтэй эзэмших, ашиглах боломжгүй болсон нь шинжээчийн дүгнэлт, шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын арга хэмжээ авах тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ ашиглахад хариуцагчийн барьсан сэндвичэн барилга саад учруулсан буюу автомашин гарааш руу саадгүй орох боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 5/2 тоот барилгын ард Би Би Кью Эм Жи Эл ХХК-ийн барьсан сэндвичэн байгууламжийн зоорийн давхар руу орсон шатны хэсгээс бусад хэсгийг буулгаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийн орц, гарцыг хариуцагчаар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь Галын аюулгүй байдлын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.20 дахь хэсэгт заасны дагуу газын баллоныг барилгын гадна талд байрлуулахаар сэндвичэн өргөтгөл барьсан гэж тайлбарладаг боловч тэрээр өргөтгөл барих зөвшөөрөл болон батлагдсан зураг төсөл холбогдох бичиг баримтгүйгээр бусдын өмчлөлийн гарааш руу нэвтрэх талбайг хааж өргөтгөл барьсан байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд хариуцагчийн объект хоорондын зай 5.17 метр бөгөөд нэхэмжлэгч нь машинаа зөв залсан тохиолдолд сэндвичэн өргөтгөл саад болохгүй гэх гомдол Иргэний хуулийн 101 дүгээр 101.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өмчлөгч өөрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглахад тусгай ур чадвар шаардагдах нөхцөл байдал үүссэн нь өмчлөх эрхэд саад болж буй нэг хэлбэр юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 102/ШШ2017/03452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ