Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 3452

 

 

 

 

 

 

 

    2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/03452

             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 00000000000 тоотод оршин суух, Х.Ж  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0000000000000-т байрлах, “Б” ХХК -д холбогдох,

Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард “Б” ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шат /урт 4.65м, өргөн 1.54м/-ны хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийн орц гарц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: “Миний бие Х.Ж нь , Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийг хууль ёсоор эзэмшин өмчилдөг юм. Гэтэл манай гаражийн хаалганы чанх урд талд байрлалтай “BBQ chicken” хоолны газар өөрийн барилгын ар талд ямар ч зөвшөөрөлгүй өргөтгөл /2м өргөн 10 м урт/ барьснаар манин гаражид оруулах, гаргахад төвөгтэй байна. миний машин гаражид оруулж, гаргахад маш төвөгтэй хажуу тал, урд тал гупр байнга хана, хаалганд шахагдаж зураас гардаг. Миний машин жижиг суудлын тэрэг /Nissan primera/ юм. Энэ байдлаар миний гаражид том тэрэг орох бололцоогүй болсон ба бусад хүнд гаражаа зарах, хөлслүүлэх бололцоогүй болсон. Энэ учрыг дээрх хоолны газарт удаа дараа хэлж байдлыг хэвийн болгохыг шаардсан боловч хүлээж авахгүй байна. Энэ байдлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус мэдэгдэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дураараа барьсныг нотолж албан тоот, акт гаргаж өргөтгөлийн барилгаа  буулгахыг шаардсан боловч тус хоолны газар шаардлагыг одоо болтол биелүүлэхгүй байна. Иймд дээрх “BBQ chicken” хоолны газрын зөвшөөрөлгүй барьсан сэндвичин барилгын подваль руу орсон шат /урт нь 4.65м, өргөн нь 1.54м/-ны хэсгийг үлдээж бусад сэндвичин барилгыг буулгаж, анхны байдалд нь оруулж тус хоолны газрын ар талын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, 12-р байрны ард байрлах 17 тоот гаражийг эзэмшдэг. Би энэ гаражийг хууль ёсоор авсан. Намайг энэ гражийг авч байх үед урд нь юу ч байгаагүй. Гэвч хариуцагч тал өөрийн барилгад нэмж өргөтгөл барьсан. Ингэснээр миний машин байнга зурагдаж, сэв гарч эдийн засгийн хохирол учирч байгаа бөгөөд үүний талаар хариуцагч талд удаа дараа шаардлага тавьж байсан боловч надад ямар ч хариу өгөөгүй. Ингээд би Мэргэжлийн хяналтын газраар шалгуулахад зөвшөөрөлгүй барилга барьсан байна гэж акт гаргасан. Гэвч хариуцагч тал мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг хэрэгжүүлээгүй. Ингээд би Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт энэ талаар өргөдөл гаргаж шалгуулахад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шалгалт хийж зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан байна хэмээн акт гаргасан ч хариуцагч тал ямар ч арга хэмжээ аваагүй. Хоёр мэргэжлийн байгууллага акт гаргаж тогтоосон. 11-р сард гаргасан шинжээчийн дүгнэлтээр шатны хэсэг нь кадастрын зурганд орсон бөгөөд бусад хэсэг нь орохгүй байгаа. Шатны хэсгийг нь үлдээгээд кадастрын зурганд ороогүй хэсгийг буулгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 3 мэргэжлийн байгууллага үзэж дүгнэлт гаргаж тогтоосон бөгөөд хариуцагч талаас үзүүлэх ямар ч зүйл алга. Ингэж 3 байгууллага нь энэ газрыг нийтийн эзэмшлийн зам талбай гэж үзсэн. Шатны хэсэг рүү орсон хэсгийг нь үлдээгээд кадастрын зурагт ороогүй хэсгийг нь буулгаж, гаражийн орц гарч чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч өргөтгөл барьснаар машин гаражид оруулах, гаргахад төвөгтэй, машины хажуу тал, урд гупер байнга хана, хаалганд шахагддаг, жижиг тэрэгнээс өөр том тэрэг орох бололцоогүй, өөр хүнд гаражаа зарах, хөлслүүлэх бололцоогүй болсон гэж тодорхойлжээ. Бодит байдал дээр 17 дугаар гараж нь хариуцагчийн өргөтгөлийн төгсгөл хэсэгт байрлах ба зэргэлдээ орших барилгын өргөтгөл нь хариуцагчийн барилгын өргөтгөлөөс 1 метр орчим илүү гарсан байх тул үүнээс болж нэхэмжлэгч машинаа гаражид оруулах, гаргахад төвөгтэй болох нь ойлгомжтой байна. Хариуцагчийн барилгын өргөтгөлөөс шалтгаалан нэхэмжлэгч машинаа гаражид оруулах гаргахад хүндрэл учирхааргүй байх тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 онд гражаа худалдаж авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримт болон гэрч тайлбарлахдаа 2007 онд сэндвичэн барилга байгаагүй шавар хаалт байсан бөгөөд нэхэмжлэгч талын маргаж байгаа хэсэгт нь хогийн цэг байсан гэдгийг мэдүүлсэн. Иймд хогийн цэгийг далдалж сэндвичэн барилга барьсан. Иймд гэрч сэндвичэн барилга байгаагүй гэдгийг нотолж байна. Кадастрын хилийг шинжээчийн байгууллага тодорхойлохгүй. Нэхэмжлэгчээс гаргасан тайлбарыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа анхны байдалд оруулна гэж байгаа боловч анхны байдалд оруулах юм бол шавар барилга, хогийн цэг л гарч ирнэ. Та өмнө нь ийм байхад гомдол гаргаж байгаагүй. 2013 онд ОБЕГ-ын гаргасан газын баллоныг хаа гэсэн шаардлагын дагуу хариуцагч тал сэндвичэн барилга барьсан. Сэндвичэн барилга нь тус газыг хамгаалж байгаа. Хэрэв сэндвичэн барилгыг нураалаа гэхэд та газыг мөргөж гар гаргавал яах вэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зөвшөөрөлгүй барьсан сэндвичин барилгын подваль руу орсон шат /урт нь 4.65м, өргөн нь 1.54м/-ны хэсгээс бусад хэсгийг буулгаж, анхны байдалд нь оруулж тус хоолны газрын ар талын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлнэ гэх нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулж Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард Б ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шат /урт 4.65м, өргөн 1.54м/-ны хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийн орц гарц чөлөөлүүлнэ гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард хариуцагч Б ХХК-ийн барьсан 1.90м өргөнтэй, 9.77м урттай сэндвичин барилгыг өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийн орц гарцыг хааж машинаа гараждаа оруулах гаргахад машин зурагдах, том машин /өөрийнхөөс нь том суудлын машин жийп/ орох боломжгүй болж, гаражаа бусдад худалдах, түрээслэхэд үнэ буурах байдлыг бий болгосон гэж үзэж уг өргөтгөлийн барилгыг нурааж, гаражийн орц гарц чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Ж нь  Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушын өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийн, хариуцагч Б ХХК нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.

 

Зохигч маргаан бүхий сэндвичин барилгыг хариуцагч Б ХХК барьж, одоо ашиглаж байгаа тухайд маргаагүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн барьсан сэндвичин барилга нь нэхэмжлэгчийн өмчлөлийн гаражийн орц, гарцыг хааж, өмчлөх эрхэд нь саад болж байгаа нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-07-84/06 дугаартай Албан шаардлага, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07/1632 дугаар Арга хэмжээ авах тухай мэдэгдэл, шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн үзлэг зэрэг нотлох баримт, нотолгооны хэрэгслээр тогтоогдож байна.

 

Шүүхээс 2017оны 10 дугаар сарын 17-ны өдөр томилсон шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий сэндвичин барилгын өргөн 1.90м, урт 9.77м, зоорийн давхар руу орсон хэсгээс бусад хэсгийн өргөн 0.36м, урт 5.12м гэж тодорхойлсон байна.

 

Иймд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард Б ХХК-ийн барьсан сэндвичин байгууламжийн /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шатны /урт 4.65м, өргөн 1.54м/ хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийн орц гарцийг хариуцагчаар чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэл бүрэн хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шинжээчийн зардал 100,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулан “Гранд инженеринг” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард Б ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шатны /урт 4.65м, өргөн 1.54м/ хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гаражийн орц гарц чөлөөлөхийг хариуцагч Б ХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 216,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч Б ХХК-иас 100,000 төгрөг гаргуулж “Гранд инженеринг” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР