Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 282

 

“Э б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖС-д холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

       Шүүгчид:                        М.Батсуурь

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

      Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

      Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “Э б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0130 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 274 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулж

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0130 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ”Э б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын ”Э б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 274 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э б” ХХК-ийн БОАЖС-ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Э б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 274 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. ...Магадлалд “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих“ үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт нь аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх буюу байнгын бус түр үйл ажиллагаа явуулахаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн. Харин дархан цаазат газарт өөр барилга байгууламж барихыг хуулиар хориглодог байхад хариуцагчаас энэ зорилгоор газар ашиглах эрх олгосон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

5. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э б” ХХК-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийхээс өөр зориулалтаар олгогдсон байна гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Аялал жуулчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор ...өөр газар нутагт аялан явахыг, мөн зүйлийн 3.1.5. дахь заалтад “жуулчин” гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 3.1.6. дахь заалтад “жуулчны үйлчилгээний байгууллага” гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт... зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг” тус тус ойлгохоор заасан байна.

6. Мөн Монгол Улсын Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 117 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтад “Аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Хамгаалалтын захиргаа нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зориулалтын зам тогтоох, өөрчлөх, хоноглох, отоглох, түр буудаллах болон нэвтрэх цэг, мэдээллийн төвийг барьж байгуулах, тохижуулах” гэж заасан нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг аялагч, жуулчдыг түр буудаллуулах, отоглуулах зориулалтаар барьж, ашиглуулж үйл ажиллагаа явуулахаар хуульд заасан.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Э б” ХХК нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус нийцүүлэн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалттай байр сууц бүхий “Зочид буудал, аялал жуулчлалын төслийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан", “2016-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө” зэргийг БОАЖЯ-ны үнэлгээ, аудитын хэлтсийн шинжээчээр хянуулж, тус яамны мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байсан.

8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 12, 16, 17, 36 дугаар зүйл болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”, Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалаар баталсан “Журам шинэчлэн батлах тухай тушаал”-ын аль алинд нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах, зохих зөвшөөрөлтэйгөөр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг барих, ашиглахыг зөвшөөрөхөөр тус тус заасан байхад давж заалдах шатны шүүх дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийхээс өөр зориулалтаар олгогдсон байна гэж дүгнэж шийдвэрлэснийг нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э б” ХХК-д Богдхан уулын газар Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглуулах эрх олгосон, мөн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба үүнийхээ үндэслэлийг хариуцагч “...захиргаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хууль зөрчиж газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож, хууль ёсыг сахиулж, нийтийн ашиг сонирхлыг сэргээж байгаа” гэж тайлбарлажээ.

11. Анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг үйлчлэлтэй хууль бус актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудад нийцэхгүй, нэхэмжлэгчийн газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй...” гэсэн байна.

12. Гэвч анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийнхээ үндэслэлийг эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, тодруулбал хэрэгт авагдсан кадастрын зургаар маргаан бүхий газар нь хоёр хэсэгт хуваагдсан, нэг нь зам дагуу, нөгөө нь уулын энгэрт байгаа мэт боловч бодит байдал нь тодорхойгүй байх тул маргаан бүхий газар нь яг хаана, ямар байршилд байгаа, эргэн тойронд нь суурьшлын бүс бий болсон эсэх, тухайн газрыг ашигласан тохиолдолд байгалийн унаган төрх алдагдахад хүрэх /уул ухаж эвдэх, мод бургас тайрах гэх мэт/ эсэхийг бүрэн тогтоох, үүний тулд шүүхийн үзлэг хийх зэрэг шаардлагатай нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй.

13. Харин давж заалдах шатны шүүх “...дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасантай нийцээгүй, иймд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох буюу дархан цаазат газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй байна...” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

14. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой зааснаар хууль тогтоогч захиргааны эрх хэмжээг хязгаарласан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь өмнө нь гаргасан хууль бус актаа хэдийд ч ямар ч хамаагүй үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, гагцхүү хуульд заасан зайлшгүй, тодорхой нөхцөлд л хүчингүй болгох боломжтой тул маргаан бүхий актын хувьд хариуцагчийн тайлбарлаж байгаа уг зүйлийн 48.2.2-т заасан “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх хуулийн урьдчилсан нөхцөл хэрхэн бий болсон, тодруулбал маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсноор хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол яаж сэргэхийг тодруулах шаардлагатай.

15. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү урьдчилсан нөхцөл байдал бодит байдалд яаж бий болсныг бүрэн тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

16. Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0130 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 274 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ