Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00615

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00615

 

 

Ч.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 184/ШШ2017/02917 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14 835 499 төгрөг гаргуулах үндсэн, автомашины өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцгач нарын гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие нь Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нартай 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.4 хувийн алданги буюу 30 000 төгрөг төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 9 сараас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй явсаар 2015 оны 02 сарын 07-ны өдөр гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 11 500 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, дахин авсан зээл 500 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг болон миний өмчлөлийн автомашиныг хууль бус эзэмшигч нараас гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 14 275 499 төгрөг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэжээ

Хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нарын тайлбарт: ...Авто ломбардны барьцаанд байсан өөрсдийн автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээр чөлөөлүүлсэн. Зөвхөн зээлийн баталгаа болгож шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс 11 500 000 төгрөгийг Д.Отгонбаяр би өөрөө зээлж авсан, дараа нь 500 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 690 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 720 000 төгрөгийг 5099403838 тоот данснаас мобайл банкаар шилжүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5025159568 тоот данснаас 500 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 60 000 төгрөг Отгонбаяраас, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 800 000 төгрөгийг өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 30 000 төгрөг, Отгонбаяраас 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 784 000 төгрөг, Отгонбаяраас 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 30 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 720 000 төгрөг, Отгонбаяраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Энхтүвшингээс 690 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 30 000 төгрөг, 2014 оны 11 сарын 26-ны өдөр 690 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30 000 төгрөг, Отгонбаяраас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 30 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүү Дашжамцад 690 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 60 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 7-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 30 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 30 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 650 000 төгрөгийг Энхтүвшингээс, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5025663561 данснаас, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 900 000 төгрөгийг Пүрэвсүрэнгээс шилжүүлж өгсөн байдаг. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 13 964 000 төгрөг төлсөн гэжээ. 

Хариуцагч Д.Отгонбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ...Миний бие 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Ч.Оюунгэрэлээс 11 500 000 төгрөг зээлж авсан. Хариуцагч Ч.Оюунгэрэл нь нэхэмжлэгч миний эзэмшлийн Daewoo маркийн УНО 72-44 улсын дугаартай автомашиныг зээл төлөх хүртэл өөрийн нэр дээр түр бүртгүүлнэ гэсний дагуу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ч.Оюунгэрэлийн нэр дээр түр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие Ч.Оюунгэрэлд 13 964 000 төгрөг төлж зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн байтал хариуцагч Ч.Оюунгэрэл нь миний эзэмшлийн автомашиныг өнөөдрийг хүртэл буцаан шилжүүлэхгүй байх тул Dаеwоо маркийн УНО72-44 улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: ...Сөрөг шаардлагыг зөвшөөрч байна, өөрсдөө машинаа унаад ашиглаж байгаа. Гэхдээ машиныг зээлийн барьцаанд байршуулах зорилгоор бүртгэлийг шилжүүлэн авсан тул зээлийг төлсөн нөхцөлд машины бүртгэлийг буцаан шилжүүлж болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нараас 7 356 000 /долоон сая гурван зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 919 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар 106.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн эзэмшилд бүртгэлтэй Daewоо DV15Т маркийн УНО7244 улсын дугаартай автомашины эзэмшигч, өмчлөгчөөр хариуцагч Д.Отгонбаярыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 246 540 төгрөгийг, хариуцагчаас урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 132 646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд, нэхэмжлэгчээс 150 000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Отгонбаярт тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч Д.Отгонбаяр миний бие 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сайн Ломбардны барьцаанд байсан Daewoo маркийн 72-44 улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээр чөлөөлүүлж хариуцагч Д.Отгонбаяр би нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл заавал гэр бүлийн хүний өмнөөс гарын үсэг зур гэсний дагуу би нөхөр Д.Энхтүвшингийн өмнөөс гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хариуцагч Д.Энхтүвшинг зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан, баталгаа гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь хариуцагч Д.Энхтүвшин намайг зээл төлөөгүй гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байхдаа нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь хүүхдүүдийн минь хажууд элдвээр хэлж доромжилж байсан тул арга буюу зээлийг төлнө гэж баталгаа бичгийг үйлдсэн боловч хэрэгт авагдсан баталгаа бичигт хүчээр бичүүлэв гэх утга бүхий өгүүлбэрийг бичсэн байхад шүүх хариуцагч Д.Энхтүвшин намайг хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Д.Отгонбаяр би нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн Хаан банкны 5720476858 тоот дансанд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 11 284 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохоос гадна 2014 оны 07 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн гэрт нь 800 000 төгрөг, 2014 оны 10 сарын 25-ны өдөр 690 000 төгрөг, 2014 оны 12 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн хүү Дашжамцад 690 000 төгрөгийг буюу нийт 2 180 000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь 201625020469 тоот эрүүгийн хэрэгт хууль сануулан нэхэмжлэгчийн хохирогчоор өгсөн мэдүүлгээр нотлогдоно гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд зээлийн гэрээний үүрэгт 16 140 000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 13 464 000 төгрөгийг хасч 2 676 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд 7 356 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийн 4 680 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах, автомашины өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч автомашины өмчлөгчөөр тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүхийн зүгээс иргэний хэрэг үүсгэх ажиллагааг бүрэн явуулаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхтэй холбоотой ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй.

Шүүх 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 184/ШЗ2016/03164 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдсан шаардлага бүрт хэрэг үүсгэлгүй, зөвхөн 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, автомашины өмчлөгчөөр тогтолгох шаардлагад хэрэг үүсгээгүй байна.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 17 718 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад дээрх зөрчлөө арилгалгүй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Мөн хариуцагч нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид 800 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 690 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүүд 690 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бэлнээр өгсөн эсэх үйл баримтыг нэхэмжлэгчийн хохирогчоор өгсөн мэдүүлэг нотолно гэж тайлбарладаг боловч хэргийн 108-109 дүгээр талд авагдсан хохирогчийг байцаасан тэмдэглэл нь уншигдахгүй, гаргацгүй, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 184/ШШ2017/02917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ