Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01109

 

 

 

 

 

 

 

 

 

З-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00531 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч З- яамны нэхэмжлэлтэй, хариуцагч Ч- ХХК-д холбогдох

 

Ажлын доголдол арилгах зардалд 10 945 921 481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс 3 610 326 606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч З- яамнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн яам /хуучнаар/ нь гүйцэтгэгч Ч- ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 83 тоот гэрээг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр уг гэрээг шинэчлэн С-АЗ-Б 2014-135/163 тоот гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч Ч- ХХК-аас 2014 оны 8 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгасан тул ашиглалтад оруулна гэсэн хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид чанар байдлын дүгнэлт гаргах баг томилогдож замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг даалгавар өгсөн.

Зам барилгын ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засаж дуусгасан тул уг авто замыг улсын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулах хүсэлтийг дахин ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй, ашиглалтад оруулах боломжгүй бөгөөд өмнө нь илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанид дахин өгсөн.

 

Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар байгуулагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг замын барилгын ажлын талбай дээр ажиллаж дүгнэлт гаргасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр 12,8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37, 2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэж эдгээр ажлыг 10 945 921 481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан.

Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч Ч- ХХК аваагүй болохыг тогтоосон.

Ийнхүү гүйцэтгэгч Ч- ХХК нь тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байх тул уг гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5207 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгч Ч- ХХК-ийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул захиалагчийн зүгээс улсыг хохиролгүй болгох, хохирлыг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тус компани нь гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай 10 945 921 481 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг Насны Зам ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилтээ авч улсын комисст хүлээлгэн өгсөн байсан. Уг ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж тус Ч- ХХК 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тендерт ялсан.

Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12 565 165 875.36 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулж, ажлаа эхлэхэд өмнөх гүйцэтгэгчийн далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага огт хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд гарч ирсэн. Энэ зөрчлийн талаар хугацаа алдахгүйгээр Зам, тээврийн яаманд албан ёсоор цаг тухайд нь мэдэгдэж байсан. Хэрвээ далангийн ажил чанаргүй муу байсныг албан ёсоор мэдсэн бол манай зүгээс энэ ажлыг авахгүй, тендерт оролцохгүй байсан. Насны Зам ХХК-ийн барилгын ажлын 2010 оны гэрээ дүгнэсэн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн актыг шүүхийн журмаар гаргаж авсан байх ба энэ актаас үзвэл далангийн ажил, ухмалын ажил, хөлдөлтөөс хамгаалах үе 100 хувь хийгдэж, хиймэл байгууламжийн ажил 80 хувь, буталсан чулуун суурь, асфальтбетон хучилт, замын тоноглолын ажлууд хийгдээгүй байсан юм байна гэж харагдаж байна. Зам тээврийн яам нь Насны Зам ХХК далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлж мэдсээр байсан атлаа уг замын ажлыг Насны Зам ХХК-аар нэгмөсөн хийлгэж дуусгахгүйгээр гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилтээ өгсөн. Ч- ХХК-ийн хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж, 2014 оны 7 дугаар сараас замын хөдөлгөөн нээгдсэн. Захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирснээс гадна өөрийн хөрөнгө 2 300 000 000 төгрөгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй.

Захиалагчийн хяналтын инженерийн өдөр тутмын удирдлаган дор тус компани ажилласан. Авто тээврийн хөгжлийн төв улсын үйлдвэрийн газар болон захиалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажлын чанарт удаа дараа дүгнэлтүүд гаргаж байсан. Зам тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. Ажлын тайланг тухай бүр гаргаж байсан.

Урьдах Насны Зам ХХК-ийн ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж 3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил хийлгэх гэсэн нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальтан хучилтыг шинээр хийх 37 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэхэд эдгээр ажлыг 10 945 921 481 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж ямар ч үндэслэлгүй тооцоо гаргасан байна.

Зам тээврийн яамны ажлын хэсгийн ахлагч Ц.Батжаргалын 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын тайлан дүгнэлтэд 50 км замын асфальтбетон хольцны орц алдагдсан, нийт уртад барзгар, торон хагарал ихтэй учир 3 см-ээр нийтэд нь хучих шаардлагатай гэжээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 7/096/210 тоот дүгнэлтэд Далангийн материалын урсалтын хязгаар 35 хувь, уян налархай индекс 6 хувиас их, ачаа даацын харьцаа 30 хувиас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэжээ. Хөндлөнгийн шинжээч Лабо ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Ч.Лхагважавын 2015 оны 6 дугаар сард гаргасан дүгнэлтэд 2010 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд буюу Насны Зам ХХК-ийн авто зам барилга гүйцэтгэж байх үед Ц.Батжаргалыг өдөр тутмын хяналтын инженерээр томилон ажиллуулж байжээ. Ц.Батжаргал, н.Уранчимэг, н.Өлзийсайхан нар туршилт хийхгүйгээр далангийн үеүүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулан өгч байсан байна. Насны Зам ХХК болон хяналт хийсэн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шаваргүй материалыг ялгаж салгаж чадахгүй 10-45 хувийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хөлдөлтөөс хамгаалах үеийг барьсан байна. Ёс суртахуунгүй, хэнэггүй, хийсэн ажилдаа хариуцлага хүлээж сураагүй, ажлаа мэдэхгүй, хяналтын багийн инженерүүд ажилласан байна. Гүйцэтгэгчийн хийж буй шинжилгээ талбайн ажлыг хянах чадваргүй инженерүүдийг томилсноос болж бүх асуудал үүссэн байна. Цаашид далан, хөлдөлтөөс хамгаалах үед хэсэгчилсэн буюу бүрэн солилт хийсний үндсэн дээр асфальт дэвсэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 тоот Зам тээврийн яамны Хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газраас ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа далангийн дүүргэлтийн материал нь 10-45 хувийн шаварлаг уян налархай индекс 7-22 хувь байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа тул 12,8 км замын даланг 60-100 см гүнд хөлдөлтөөс хамгаалах үед болон буталсан чулуу суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх, 37,2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх шаардлагатай гэжээ.

Манай компани далантай холбоотой ажлыг огт хийхгүйгээр зөвхөн хучилтын ажил хийхээр анх гэрээ хийсэн. Гэтэл эдгээр дүгнэлтүүдээс харахад бүгд далан муу гэж дүгнэсэн байна. Иймд далангийн ажил муу хийгдсэнээс болж ийм байдал үүссэнийг манай компанид тулган тохож төлбөр тавьж байгаа нь шударга биш гэж үзэж байна. Компани нь автзамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлаа хүлээх ёсгүй. Ц.Батжаргал гэгч нь ажлын чанар байдлын дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Одоо Ц.Батжаргал нь Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн болчихоод чанар байдлын талаар өөрөө удирдаж гаргасан дээрхи дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга биш.

2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгсөн ба бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд ажлаа хийж гүйцэтгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн яамнаас улсын комисс томилогдон 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн. Гэвч манай компани уг замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийт замын уртад асфальтбетон хучилт дэвсэх үед технологийн горим зөрчсөнөөс барзгаржилт үүсч асфальтбетон хучилтын нягтрал хангалтгүй болсон, далангийн чанар муугаас хучилтад нөлөөлсөн, технологийн болон өдөр тутмын хяналтыг захиалагч байгууллагын хяналтын инженерүүд гүйцэтгэж, тэдний хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн учир шууд буруутгах үндэслэлгүй. Зам тээврийн яамны хөгжлийн төвийн дүгнэлтэд дурьдсанаар далангийн дүүргэлтийн материал 10-45 хувийн шаварлаг, уян налархайн индекс 7-22 хувь байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа гэсэн нь өмнөх компанийн ажлын чанартай шууд холбоотой. Нэгэнт далан шаардлага хангахгүй, чанар муутай байхад 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгээд ч нэмэр байхгүй, ирэх жилээс өнөөдрийн үүсээд байгаа торон хагарал бусад хагарлууд үүсэх болно. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч- ХХКас сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто замын хучилтын торон хагарлын шалтгаан нь ажил гүйцэтгэсэн өмнөх компани замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн болох нь батлагдсан бөгөөд өмнөх компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас хамааралтай байвч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1,3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391 602 471 төгрөг, 2015 онд 161 799 757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18 826 696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13 054 600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2 385 419 712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Гэрээ байгуулан гүйцэтгэх явцад захилагчийн хүсэлтийг дагуу өөрийн хөрөнгөөр нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн гүйцэтгэлий хөрөнгө, мөн гэрээний гүйцэтгэл 10 хувийг нэхэмжилж байна. Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн бөгөөд одоо санхүүжигдээгүй үлдсэн 10 хувь болох 1 256 516 487 төгрөгийг Хөгжлийн банкнаас, өөрийн хөрөнгөөр 2013-2015 онуудад гүйцэтгэн Зам тээврийн хөгжлийн яамны баталгаажуулсан ажлын 2 353 810 119 төгрөг, нийт 3 610 326 606 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З- яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч- ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө замыг ашиглалта оруулахаар үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн Эм Си Пи Жи Ар ХХК-ийн 8 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн. Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 311 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтээр нийт 9 зөрчил, дутагдал илэрсэн. Компани зөрчлийг одоог хүртэл арилгаагүй. Мөн нэхэмжилсэн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар хэргийн материалд ямар ч нотлох баримт авагдаагүй. Нэхэмжилж буй 3 610 326 606 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэжээ.

 

Прокурор Ш.Одонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс чанаргүй ажлын засварыг 10 945 921 481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гарсан. Гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт үлдээгүй байгаа тул илүү гүйцэтгэсэн ажил болох нь бүрэн нотлогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн үнийн дүн эргэлзээтэй боловч нэхэмжлэлийг хангах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З- яамны хариуцагч Ч- ХХК-д холбогдуулан гаргасан 10 945 921 481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ч- ХХК-ийн нэхэмжлэгч З- яаманд холбогдуулан гаргасан 3 610 326 606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ч- ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18 367 631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Насны Зам ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан актыг захиалагч шүүхэд гаргаж өгөлгүй 4 жил нуун дарагдуулсныг албадан гаргуулсан боловч энэхүү нотлох баримтад ач холбогдол өгч үнэлэхийн оронд нэхэмжлэгчийн мэдүүлснээр хариуцагчийн ажлын доголдол гэж үзсэн.

Насны зам ХХК нь далангийн бүх санхүүжилтыг захиалагчаар баталгаажуулан авсан актад 4 хоолойг гүйцэтгэсэн гэж баталгаажиж санхүүжилтаа авчихсан атал газар дээрээ бүр байхгүй байсан. Улсаар дахин санхүүжүүлэхээр тендэрийн жагсаалтад оруулж давхар санхүүжүүлсэн. Ажлын явцад дахин 2 хоолойг хийхээр болж Ч- ХХК нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Эдгээр ажлуудыг манай доголдлууд бөгөөд энэ ажлыг гүйцэтгээгүй гэж шүүх үзсэн.

Захиалагч, санхүүжүүлэгч байгууллагууд 10 хувийн мөнгийг авч үлдээд баталгаат хугацаанд гарах доголдол дутагдлыг арилгахад зориулагдах 5 хувь, баталгаат хугацаа дууссаны дараа өгдөг барьцааг суллаж хувийг нь гүйцэтгэгчид өгдөг мөнгө. Гүйцэтгэгч 90 хувь ажлаа хийгээд 10 хувийн ажил үлдсэн зүйл байхгүй.

Гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалж гэрээ цуцлагдсан бол захиалагчаас гарах нэмэлт зардлыг дуусаагүй ажлын 10 хувиар тооцон хүлээгдэж буй ажлын санхүүжилтээс тооцож авна гэж заасан байдаг. Гэтэл дуусаагүй ажил байхгүй, үлдэгдэл ажлын тоо хэмжээг тогтоох акт ч үйлдээгүй тул энэ хувийг бодох боломжгүй. Гэрээний тусгай нөхцлийн 5.7-д гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан бол захиалагчаас гарах нэмэлт зардлыг дуусаагүй ажлын 10 хувиар тооцон хүлээгдэж буй ажлын санхүүжилтээс тооцож авна. Гэрээний 13.3-т эцсийн санхүүжилт гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай хэмжээтэй хөрөнгийг акт гарсны дараа санхүүжүүлнэ. 13.5-д санхүүжүүлэгч нь гүйцэтгэгчид төлөх санхүүжилт бүрээс тодорхой хувийг суутгаж захиалагчийн нэр дээр нээсэн барьцаа хөрөнгийн дансанд байршуулна. 3өвлөхийн мэдэгдлийг захиалагч баталгаажуулснаар барьцаа хөрөнгийг гүйцэтгэгчид эргүүлэн төлнө гэжээ.

2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тухайн актаар гүйцэтгэлийн бататалгааны 5 хувь, барьцааны 5 хувь манайд төлөгдөөгүй нь батлагдана. Гэрээний заалтууд байсаар байхад шүүх юунд үндэслэснээ тайлбарлалгүйгээр 1 256 516 487 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Нэмэлт ажлууд нь гэрээ байгуулагдаагүй боловч захиалагчийн хүсэлтээр, үүрэг даалгаврыг биелүүлж гүйцэтгэсэн ажлууд юм. Ажлын хөлснөөс барьцаа болгон суутган авсан 1 256 516 487 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч З- яам нь хариуцагч Ч- ХХК-д холбогдуулан ажлын доголдол арилгахад гарах зардалд 10 945 921 481 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс, барьцаанд барьж үлдсэн мөнгөн хөрөнгө нийт 3 610 326 606 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. Зохигч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. /хх1-2, 90-100/

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг Насны зам ХХК гүйцэтгэж байгаад Зам тээвэр хот байгуулалтын сайдын 2011 оны 111 тоот тушаалаар гэрээг цуцласан, Худалдан авах ажиллагааны газар барилгын ажлыг үргэлжлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зарлан Ч- ХХК тендерт шалгарч гэрээ байгуулсан, ажлын төсөвт өртөг 12 565 164 875 төгрөг бөгөөд үүнээс ажил гүйцэтгэгчид төлөгдсөн ажлын хөлсний хэмжээнд талууд маргаагүй. /1-р хх5-35, 155-161, 226, 227, 911-917/

Захиалагч Зам, тээврийн яам гүйцэтгэгч Ч- ХХК, санхүүжүүлэгч Хөгжлийн банк нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар С-АЗ-Б 2014-135/163 тоот гэрээ байгуулан, нийт төсөвт өртөг 12 565 164 875 төгрөгөөс 6 789 600 000 төгрөгийг санхүүжүүлэгч Хөгжлийн банк олгох, замын барилгын ажилтай холбоотой гарах аливаа нэмэлт ажил болон үнийн өсөлт зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй байхаар тохиролцжээ. / 1-р хх 9-35, 5-36, 136-154, 588-601, 611-630/

Хариуцагч нь 2014 оны 8 дугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу захиалагчаас чанар шалгах дүгнэлт гаргах баг ажиллаж 7 төрлийн үүрэг удаа дараа өгсөн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч зарим ажлыг гүйцэтгэх шаардлагагүй, боломжгүй гэж үзсэн бөгөөд өмнө нь далан барьсан Насны зам ХХК-ийн доголдолтой холбоотой гэж маргажээ. /1-р хх 36-46/

Талууд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, доголдол, доголдол хэний ямар буруутай үйл ажиллагаанаас болсон, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь нэмэлт ажил эсхүл доголдлыг арилгахтай холбоотой ажлын аль нь болох, нийт доголдолтой ажлын хэмжээ, төсөв зэрэгт маргажээ.

Талууд барзгаржилт, торон хагарал, далан, далангийн ажлын стандарт чанар, асфальт бетон хучилтын чанар стандарт, технологийн дагуу гүйцэтгэсэн эсэх, чанаргүй ажил нь даланд хамаарч байна уу эсхүл бетон хучилтаас үүдэлтэйн аль нь болох зэрэг олон тооны мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдсан асуудлаар маргажээ. /1хх9-35, 588-601/

Мөн хийсэн ажлын хэмжээ, ажлын төсөв зэрэг нь тооцоо шаардсан асуудал юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талууд зарим хийсэн ажил гэрээнд заасан ажил мөн эсэхэд ч маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно. Барилгын тухай 2008 оны хуулиар авто замын ажил нь барилгын ажилд хамаарч байжээ. Нэгэнт талуудын гэрээний зүйл нь зам барилгын ажил байсан тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасны дагуу үе шатны ажил, ил далд ажлын акт үйлдэж байсан эсэхийг тодруулах, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол нэн даруй мэдэгдсэн баримт бий эсэхийг үйл баримттай тулгаж дүгнэх шаардлага үүсчээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.8 дах хэсэгт заасан ажил гүйцэтгэгч өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэсэн эсэх, захиалагч ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан эсэх зэргээр гэрээг дүгнэх шаардлага үүсчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог. Шүүхээс талуудын хүсэлтээр шинжээч томилсон. /5хх1383-1385,1486-1488/

Гэвч шинжээчийн дүгнэлт гараагүй, шинжээч нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заагдаагүй үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн зөрчилд хамаарч байна. Шинжээч нарын Авто зам нь барилгын ажилд хамаарахаа больсон, их хэмжээний зардал гарна, хүүхдүүд шуугилдаад ажил ихтэй завгүй байдаг зэрэг тайлбар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл биш юм. /хх1527, 1535, 1548,/

Харин анхан шатны шүүх талуудаар шинжээч нарт тавих асуудлын хүрээг бүрэн тодорхойлуулж нэг мөр хавсарсан бүрэлдхүүнтэй шинжээчдийг томилох, шинжээч нарт хууль сануулах зэрэг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан ажиллагааны дараалал, журмыг бүрэн баримтлан ажиллах ёстой юм.

Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэх бөгөөд тухайн тохиолдолд тусгай мэдлэгийн хүрээнд ажлын чанар байдлыг тодорхойлохоор байхад шүүх ажиллагааг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00531 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 367 631 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД