Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/01650

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/01650

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  З-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч ХХК /РД: /-нд холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 10,945,921,481 төгрөг гаргуулах тухай үндсэн, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөнд 1,250,039,551 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1,800,136,187 төгрөг, өмнө нь ажилласан Н ХХК-ний дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391,602,471 төгрөг, 2015 онд 161,799,757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурьлуулсан ажлын хөлсөнд 18,826,696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13,054,419 төгрөг, нийт 3,641,936,199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, Х.Э, Д.О, хариуцагчийн төлөөлөгч Ж.Т, Төрийн нэрийн өмнөөс Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналтын прокурор Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зам, тээврийн яам /хуучнаар/ нь гүйцэтгэгч Ч ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 83 дугаар гэрээг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд мөн уг гэрээг шинэчлэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дугаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч Ч ХХК-иас 2014 оны 8 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид чанар байдлын дүгнэлт гаргах баг замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг даалгавар өгсөн. Дээрхи зам барилгын ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засаж дуусгасан тул уг авто замыг улсын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй гэж дүгнэсэн тул ашиглалтанд оруулах боломжгүй бөгөөд өмнө нь илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанид дахин өгсөн. Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар байгуулагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг замын барилгын ажлын талбай дээр ажиллаж дүгнэлт гаргасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтэд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл  км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэж эдгээр ажлыг 10.945.921.481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан байна. Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгчЧ ХХК аваагүй болохыг тогтоосон. Ийнхүү гүйцэтгэгч Ч ХХК нь тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байх тул уг гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгч Ч ХХК-ийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул захиалагчийн зүгээс улсыг хохиролгүй болгох, хохирлыг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тус компани нь дараах хууль тогтоомжийн заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд:

1.Ч ХХК нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь уг гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчиж байна.

2. Мөн тус компанийн барьж дуусгасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хучилт их хэмжээгээр эвдэрч, осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж замын барилгын ажил гүйцэтгэсэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна гэсэн заалттай нийцээгүй байна.

3. Мөн тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгавар болон гэрээ цуцлах мэдэгдлийн талаар гүйцэтгэгч Ч ХХК ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна. Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай 10.945.921.481 төгрөгийг хариуцагчЧ ХХК-иас гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2013.5.21-нд гэрээ байгуулсан. Иргэний хуульд зааснаар байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулах тухай хуулийн 5.1-д зааснаар гэрээ байгуулсан. Энд тендер гэж юу болохыг заасан. Хариуцагч нь энэ шаардлагыг зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Гэрээний гүйцэтгэл нь 50 км автозам байсан. Гэтэл хариуцагч нь 2014 оны 8 сард ажлыг дуусгах хүсэлт гаргасан. Улмаар нийт уртад шалгалт хийгээд 7 төрлийн үүрэг өгсөн. Улмаар чанаргүй хийсэн ажлыг гүйцэтгэсэн тул дахин ажлын хэсэг ажиллаад дутагдал бүрэн арилаагүй буюу өмнөх шаардлагыг биелүүлээгүй байсан. Иргэний хуулийн 351-д заасан үүргийг биелүүлээгүй. Доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар чанар байдлын доголдол арилгах үүргийг шалгах ажлын хэсэг томилогдсон. Улмаар нэмж ажил хийх тооцоо гаргасан. 10 тэрбумаар хийх болсон. Энэ талаар төсөв гарсан. Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар арилаагүй байгааг тогтоосон. Хариуцагч нь удаа дараа өгсөн үүргийг биелүүлээгүй тул гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Хариуцагч буюу гүйцэтгэгчийн замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн. Улсад их хэмжээний хохирол учирсан тул хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний тусгай нөхцөлийн 14.1-д үүрэг болгосон байгаа. Мөн 12 дээр гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагыг заасан байдаг. Өнөөдөр хүлээж авсан 50 км замтай холбоотой маш их гомдол ирж байгаа. Иргэний хуульд заасан чанарын доголдолгүй ажил хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Ажил гүйцэтгэгчээс үл шалтгаалах нөхцөл үүсвэл захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Доголдлыг арилгаагүй бол захиалагч бусдаар гүйцэтгүүлж хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь Нын хийсэн ажлыг яриад байна. Гэтэл нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу л ярьж байна. Хариуцагч нь өөрийн хийсэн ажлын талаар ярихгүй байна. Гэрээ байгуулахаас өмнө хэлэлцээр хийгээд хийх ёстой ажлаа мэдэж байсан. Уг зам нь үнэхээр хэцүү болсон байгаа. Газар дээр нь очиход ямар чанаргүй зүйл хийснийг харж болно. Ажил хүлээлцсэн акт энд ямар ч хамааралгүй. Гэрээний үр дүнд хүрээгүй тул захиалагчийн хувьд биет байдлын доголдолтой гэж үзэж байгаа. Мөн эрхийн доголдолтой гэж үзэж байгаа. Замаар зорчиж байгаа иргэдийн эрхийг зөрчиж байна. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй нь хариуцагчийн төлөөлөгч ямар нэг хуулийн заалт хэлэхгүй байгаагаар нотлогдож байна. Хариуцагч нь хамгийн бага үнийн санал хэлсэн боловч 50 км зам нь чанарын шаардлага хангаагүй байгаа. Бид чанаргүй ажил хийсэн компаниудад хариуцлага тооцож эхэлж байгаа. Ийм хэрэгт байгаа баримтаар хуулийн дагуу нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг Н ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилтээ авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэх ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж манай Ч ХХК 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр оролцон тендерт ялсан. Ингээд Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12.565.165.875,36 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулж гэрээ хийгдсэний дагуу авто зам барилгын ажлаа эхлэн ажиллуулахад далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага огт хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд гарч ирсэн билээ. Энэ зөрчлийн талаар цаг тухай бүрд нь хугацаа алдахгүйгээр Зам, тээврийн яаманд албан ёсоор цаг тухайд нь мэдэгдэж байсан. Хэрвээ далангийн ажил чанаргүй муу байсныг албан ёсоор мэдсэн бол манай зүгээс энэ ажлыг авахгүй, тендерт оролцохгүй байсан. Бид Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалд зааснаар тендерийн тодруулга болон өөрчлөлтийн талаар буюу далангийн ажлын талаархи тодруулга авах боломжгүй байсан. Н ХХК нь далан болон хоолойнуудын ажлаа улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн боловч улсын комиссын актыг өнөөдрийг хүртэл манай компанид Зам тээврийн яамны зүгээс өгөөгүй. Зам тээврийн яам нь Н ХХК далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлж мэдсээр байсан атлаа уг замын ажлыг Н ХХК-иар нэгмөсөн хийлгэж дуусгахгүйгээр гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилтээ өгсөн. Гэвч манай Ч ХХК-ийн хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл ажиллахдаа 2014 оны 7 дугаар сараас замын хөдөлгөөн нээгдсэн ч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирснээс гадна өөрийн хөрөнгө 2.3 тэрбум төгрөгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй 2.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн яам өгөхгүй байгаа болно. Харин замын ажпыг дутуу чанаргүй хийсэн гэж 10,9 тэрбум төгрөг нэхэмжпэж, танай шүүхэд 2016 оны 04 сард нэхэмжпэл гаргасан боловч уг нэхэмжпэгч нэхэмжлэлээ нэхэмжлэгч дэмжиж шүүх хуралд ирээгүй тул тус шүүх буцаасан билээ. Одоо Зам Тээврийн Яам нь дахин нэхэмжлэл гаргасан байна.

 

Иймд Зам тээврийн яамнаас 2,3 тэрбум төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж, 10,9 тэрбум төгрөг гаргуулах шаардлага бүхий энэхүү үндэслэлгүй нэхэмжлэлд тайлбар гаргаж байна.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зам барилгын ажлыг хийхэд:

Захиалагчийн зүгээс уг замын чанарт өдөр тутмын хяналтын инженерийг томилон хяналт тавиулж, өдөр тутмын хяналтын инженерийн удирдлаган дор манай компани нь ажилласан.

Авто Тээврийн Хөгжпийн төв УҮГ болон захиалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд байгуулан буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажлын чанарт удаа дараа дүгнэлтүүд гаргаж байсан.

Зам тээврийн яам , Зам Тээврийн Яамны Хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. Ийнхүү замын хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж, ажлын тайланг тухай бүр гаргаж байсан.

 

Гэтэл урьдах Н ХХК-ны ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж 3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил гэсэн нь 2013 оны 05 сарын 21 өдрийн тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальтан хучилтыг шинээр хийх 37 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлаагатай гэж үзэхэд эдгээр ажлыг 10.945.921.481 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж ямарч эрсдэлгүй тооцоо гаргажээ.

Ажлын гүйцэтгэлийн чанар байдлын талаар шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд:

1.            2014 оны 08 сарын 30-нд Зам Тээврийн Яамны ажлын хэсгийн ахлагч Ц.Б ажпын тайлан дүгнэлтэнд :

-              50км замын асфальтбетон хольцны орц алдагдсан, нийт уртад барзгар, торон хагарал ихтэй учир З см-ээр нийтэд нь хучих шаардлагатай ... гэжээ. /.... р талд./

2.            2015 оны 04 сарын 24-нд гаргасан Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн №07/096/210 тоот дүгнэлтэнд :

-              Далангийн материалын урсалтын хязгаар 35%, уян налархай индекс 6%-иас их, ачаа даацын харьцаа 30%-иас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна .... гэжээ. /.... р талд./

3.            Хөндлөнгийн шинжээч Лабо ХХК-ны зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх Ухааны доктор Ч.Л-н 2015 оны 06 сард гаргасан дүгнэлтэнд:

-               2010 оны 6 сараас 10 cap хүртэлх хугацаанд буюу Н ХХК-ны автозам барилга гүйцэтгэж байх үед Ц овогтой Б-г өдөр тутмын хяналтын инженерээр... томилон ажпуулж байжээ.

-               Ц. Б, У, Ө нар туршилт хийхгүйгээр далангийн үеүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулан өгч байсан байна.

-               Н ХХК болон хяналт хийсэн байгуулагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шаваргүй материалыг ялгаж салгаж чадахгүй 10-45%-ийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хөлдөлтөөс хамгаалах үеийг барьсан байна.

-               Ес суртахуунгүй, хэнэггүй, хийсэн ажилдаа хариуцлага хүлээж сураагүй, ажпаа мэдэхгүй, хяналтын багийн инженерүүд ажилласан байна.

-               Гүйцэтгэгчийн хийж буй шинжилгээ талбайн ажлыг хянах чадваргүй инженерүүдийг томилсоноос болж бүх асуудал үүссэн байна.

-               Цаашид далан, хөлдөлтөөс хамгаалах үед хэсэгчилсэн буюу бүрэн солилт хийсний үндсэн дээр асфальт дэвсэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ. / р талд/

2015 оны 09 сарын 17-ны №1/451 тоот Зам Тээврийн Яамны Хөгжлийн Төв төрийн өмчит үйлдвэрийн газараас ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа:

-               Далангийн дүүргэлтийн материал нь 10-45% -ийн шаварлаг уян налархай индекс 7-22% байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа тул 12,8 км замын даланг 60-100 см гүнд хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуу суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх. 37,2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар гүйцэтгэх шаардлагатай гэжээ.

-                

Манай компани нь далантай холбоотой ажлыг огт хийхгүйгээр, хучилтын ажил хийхээр анх гэрээ хийсэн. Гэтэл эдгээр дүгнэлтүүдээс харахад бүгд далан муу гэж дүгнэсэн байна. Иймд далангийн ажил муу хийгдсэнээс болж ийм байдал үүсэнийг компанид тулган дохож төлбөр тавьж байгаа нь шударга биш гэж үзэж байна. Бидний зүгээс Зам Тээврийн Яам, Худалдан авах ажиллагааны газартай хийсэн гэрээний заалтуудыг үндэслэх ёстой.

 

Харин далангийн асуудлаар Зам Тээврийн Яам нь Н ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна.

 

Асфальтбетон хучилтын ажил хийсэн манай компани нь автозамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлаа хүлээх ёсгүй юмаа. Иргэний болон шүүхийн шинжилгээний тухай хууль, бусад хууль тогтоомжид: Шинжээч нь мэргэжлийн байгуулага, эсхүл тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн уг хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй этгээд байна...гэж заасан. Гэтэл нэхэмжпэгч тал буюу Зам Тээврийн Яам 2014 оны 08 сарын 30-ны өдөр автозамын чанар байдлын дүгнэлтийг анх гаргахад, 2010 онд АЗХЭШСТ-д хяналтын инженерээр ажиллаж байхдаа яг энэ автозамын даланг барихад хяналт тавьж байсан Ц.Б гэгч нь ажлын чанар байдлын дүгнэлт гаргасан ажпын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Одоо Ц.Б нь Зам Тээврийн Яамны Хяналт Бүртгэлийн газрын ахлах мэрэгжилтэн болчихоод чанар байдлын талаар өөрөө удирдаж гаргасан дээрхи дүгнэлтээ үндэслэн нэхэмжпэл гаргаж байгаа нь үнэхээр шударга биш, гэж үзэж байна. Бодит байдал ийм байхад тухайн автозамын гол эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн буюу даланг чанаргүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, захиалагчын өдөр тутмын хяналт тавьж байсан хяналтын инженерт хариуцлага тооцож нэхэмжлэхгүйгээр, харин асфальбетон дэвссэн аж ахуйн нэгжээс 10,945,921,481 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авах ямарч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Энэ зам нь 2008 оноос барьж эхэлсэн. 2008-2010 он хүртэл Н даланг гүйцэтгэсэн. Улмаар нэхэмжлэгч нь уг даланг хүлээж аваад ажлыг хүлээж авах Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Үүний дагуу ажлыг захиалагч хуучин гэрээг цуцалсан тухай акт гарсан. Улмаар манай дээр гаргасаны адилаар гэрээ дүгнэсэн акт гардаг. Хэргийн 239-д манай хийсэн ажлын талаар акт тогтоосон байдаг. Гэтэл Нтай холбоотой уг актыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөхгүй байна. Уг зам дээр улаан шугамаар дараагийн компанид хүлээлгэж өгсөн гэсэн боловч тийм зүйл байхгүй. Н компаний гүйцэтгэсэн гэх хоолой нь газар дээрээ огт байхгүй. Гэтэл санхүүжилт өгсөн байдаг. Гүйцэтгэлийн баталгаажилт гэж байх ёстой. Энийгээ гаргаж өгөхгүй байна. 4 тэрбумын санхүүжилт хийсэн боловч хийсэн ажлын баталгаажилт байдаггүй гээд байна. Бид өмнөх дутуу ажлаа хэн хийх талаар яриад байсан. Улмаар тусдаа гүйцэтгэл хийгээд оны эцэст гүйцэтгэлээ гарга гэсэн. Улмаар нэмэлт ажил болон өөрийн тендэрийн ажлыг гүйцэтгэсэн. 2014 онд ажлаа хүлээлгэж өгсөн. Асфальт цуурлаа гэхээр нь мэргэжлийн хяналтад мэдэгдсэн. Үүнийг шалгаад даланг муу хийсэн байна гэсэн. Улмаар бид даланг засах үүрэггүй боловч 1.2 км хучилтыг дахиж нэмсэн. Дахин ажлыг шалгаад 40 дүгээр тогтоол гаргаад дүгнэлт гаргуулсан. 2015.9.17-нд Наранбат гэж дүгнэлт гаргасан. Мөн 7 сард бас нэг өөр дүгнэлт гаргаад яаманд өгсөн байсан. Улмаар 20 хэдэн хэсэгт даланг зас гэсэн. Мөн 17 хоолойг засах талаар дүгнэлт гаргасан. Гэтэл манайх 6 хоолой л хийсэн. 1 метрийн дор байгаа далангийн хар шороог соль гэсэн. Гэтэл шинээр 10 тэрбумын шинэ төсөл гаргаж ирээд асфальт тавьсанаараа хариуц гэсэн. Өмнөх компаний ажил энд хамаагүй гээд байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ буруу газар гаргаад байна. Бид даланг хийсэн компани байсан бол хамаа алга. Нэхэмжлэгч нь өөрсдийнх нь хүсэлтээр нэмэлт ажлын нэхэмжлэл хүрээд ирэхээр л гэрээгээ цуцалсан байдаг. Гэрээ цуцлагдсан үед гэрээг дүгнэж акт үйлдэж ёстой. Нэхэмжлэгч нь өмнөх компанид хийгээгүй ажлынх нь төлөө мөнгийг нь өгчихсөн. Улмаар бид ажлыг нь гүйцэтгээд мөнгөө нэхэж байгаа юм. Захиалагч нь өөрөө гэрээтэй зөвлөх компаниуд очдог. Гүйцэтгэлийн баталгаажилт яаж яваад байгаа нь ойлгомжгүй байна. Улсын комисс хүлээж аваагүй шалтгаан нь нэхэмжлэгчээс хамааралтай. Улсын комисс хүлээж авсан бол бид арчилалтаа хийх байсан. Нтай хийсэн гэрээг дүгнэсэн актыг гаргаж өгдөггүй. 1,8 тэрбумын ажил дээр төсөв зохиохгүй. Хүний хаяад явсан ажлыг гүйцээж хийхэд төсөв зохиодоггүй. Төрийн нарийн бичиг нь гаргасан бичгийг төлөөлөгч нь мэдэхгүй гэж байна гэв.

 

Хариуцагч Ч ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч нь 2013-05-21 нд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамын асвальтан хучилтын ажлыг гүйцэтгэхээр Зам Тээврийн Яамтай гэрээ байгуулан гүйцэтгэх явцад захиалагчын хүсэлтийн дагуу өөрийн хөрөнгөөр нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хөрөнгө, мөн гэрээний гүйцэтгэл 10 хувийг нэхэмжлэх

2013, 2014 онд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлууд:

Тендерийн гэрээнд тусгагдаагүй боловч даланг засах нэмэлт ажлыг манай хөрөнгөөр хийж гүйцэтгэж ажлын зардал 1,800,136,187.49 төгрөг болсоныг Зөвлөх компани буюу Авто Замын Хяналт, Эрдэм Шинжилгээ, Судалгааны төвийн хяналтын инжинерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн.

 

2014-2015 онуудад өөрийн хөрөнгөөр хийсэн торон хагарлын засварын ажил

Автозамын хучилтын торон хагарлын шалтгаан нь ажил гүйцэтгэсэн өмнөх даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн болох нь Монгол Улсын МХЕГ-ын 2015 оны 4-р сарын 27-ны өдрийн дүгнэлт, Зам, Тээврийн Хөгжлийн Төвийн 09-р сарын 17-ны өдрийн дүгнэлтүүдээр давхар батлагдаж болно. Хэдийгээр ажлын гологдол нь өмнөх компанийн барьж гүйцэтгэсэн ажлаас хамааралтай байсан боловч захиалагчаас өгсөн үүрэг даалгаварын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асвальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1,3 км-т 3 см-ээр асвальт дэвсэн, торон хагарал үүссэн газруудын далангын суурь бүтэцийг засан хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391,602,471.68 төгрөг, 2015 онд 161,766,757.17 төгрөг, Гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18,826,696,00 төгрөг, 2014 онд Хяналтын инженерийн зардал 13,054,600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардалын хамт нийт 2,385,419,712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн болох нь холбогдох нотлох баримтуудаар батлагдаж байгаа тул Зам Тэээвэр Хөгжлийн Яамнаас нэхэмжилж байна. Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100% гүйцэтгэсэн санхүүжилтынхаа 90% иар санхүүжигдсэн бөгөөд одоо санхүүжигдээгүй 10 хувь болох 1.256.516.487 төгрөг дээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн дээрх 2,385,419,712 төгрөг нийт 3.641.936.199 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу Зам тээврийн Яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Прокурорын тухай хуульд зааснаар оролцож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорилгодоо хүрээгүй байна. Төр чанартай замтай болохыг хүссэн. Гэтэл чанартай замтай болоогүй байна. Иймд чанарын хэрэгжилтийг шаардах эрхтэй байна. Өөр компаний хийж байсан ажилтай холбоотойгоор гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл хуулийн багууллагад хандах эрхтэй. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь хохирлоо төлүүлэх эрхтэй байна гэв.

 

Хэрэг байгаа болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 10,945,921,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч ХХК нь гэрээнд заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажилд гарсан доголдол нь өмнөх гүйцэтгэгчийн хийсэн далан чанарын шаардлага хангаагүйгээс болж үүссэн тул хариуцагчид хамааралгүй гэж маргаж, улмаар гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөнд 1,250,039,551 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1,800,136,187 төгрөг, өмнө нь ажилласан Н ХХК-ний дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391,602,471 төгрөг, 2015 онд 161,799,757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурьлуулсан ажлын хөлсөнд 18,826,696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13,054,419 төгрөг, нийт 3,641,936,199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Н ХХК-ний дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391,602,471 төгрөг, 2015 онд 161,799,757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурьлуулсан ажлын хөлсөнд 18,826,696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13,054,419 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөнд 1,250,039,551 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1,800,136,187 төгрөг, нийт 3,050,175,738 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид болон Худалдан авах ажиллагааны газар нар нь 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 83 дугаар, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохигчид болон Монгол Улсын хөгжлийн банк нар нь  дугаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 9-35 болон 136-154 дүгээр тал/ Эдгээр гэрээгээр хариуцагч нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь буюу гэрээний захиалагч нь нийт 12,565,164,875.36 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Гэрээнд нийт 50 км автозам гэсэн боловч эхлэх болон төгсгөлийн цэгийн координат буюу тодорхой цэгээс хэд дэх км-т эхэлж, хэд дэх км-т дуусаж байгаа талаар тодорхой тусгаагүй байна. Хариуцагч нь энэ талаар ажил эхлэх, дуусах цэгийг улаан шугам татаж хүлээлцэх байсан боловч нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Харин нэхэмжлэгч нь ажил эхлэх цэг, нөхцөлийг хариуцагч тал мэдэж байсан гэсэн боловч өөрийн тайлбарыг нотлоогүй. Гэвч бодит байдалд уг 50 км автозам барилгын ажил гүйцэтгэгдсэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан тул түүнийг дахин засварлах зардлыг гаргуулана гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байна.

 

Мөн гэрээнд хариуцагчийн гүйцэтгэх ажлын цар хүрээ /чулуун давхарга, асфальт ... гм/-г нарийвлан заагаагүй бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэхээр заажээ. Хариуцагч нь гэрээний дагуу Н ХХК-ний гүйцэтгэж хүлээлгэн өгсөн замын далан дээр чулуун давхарга тавьж, улмаар асфальтаар бүрэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон гэж тайлбарласан бөгөөд хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үүнийг үгүйсгэж маргаагүй. Харин хариуцагчийн гүйцэтгэсэн асфальтан давхарга нь олон газар хагарч, эвдэрсэн, чанарын шаардлага хангахгүй байгаа гэж маргасан. Хэргийн 5 дугаар хавтас 200 дугаар талд байгаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Н ХХК-ний хооронд 2012 оны 05 дугаар сарын 14-ны өдөр байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний 2а, 2д-д зааснаар маргаж буй автозамын суурь буюу далангийн ажлыг хариуцагч биш харин Н ХХК гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг бэлэн болсон далан дээр чулуун давхарга тавьж, улмаар асфальтаар хучих ажил байсан гэж үзлээ.

 

Улмаар зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, улсын комисс болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 239 дүгээр тал/ Энэхүү актын 3.2-т замын барилгын ажлын гэрээг цуцалсантай холбогдуулан барилгын ажлын талбайг чөлөөлж, үлдэгдэл ажлын тоо хэмжээ, зардлын тооцоог гаргах ажлын хэсгийг байгуулан үлдэгдэл ажлыг актаар хүлээлцэж эцсийн тооцоог хийх гэжээ. Энэ нь захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид ногдуулсан үүрэг гэж ойлгогдохоор байна. Гэвч уг ажил хийгдээгүй, дахин ажлын хэсэг байгуулагдаагүй, тооцоо хийгээгүй болох нь зохигчдын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 50 км хатуу хучилттай зам барих ажил хийгдсэн эсэх талаар маргаагүй, харин уг гүйцэтгэсэн ажил нь чанаргүй байсан тул хүлээн авах боломжгүй гэж тайлбарласан. Хариуцагч нь гүйцэтгэсэн хатуу хучилттай зам хагарч, эвдэрсэн талаар маргаагүй боловч энэхүү эврэл нь Н ХХК-ний гүйцэтгэсэн далангийн чанараас шалтгаалсан тул хариуцагчид хамааралгүй гэж маргаж байна. Улмаар нэхэмжлэгч нь энэхүү замын эвдрэлийг засахад хийгдэх засварын ажлын төсөв нь 10,945,921,481 төгрөг болно гэж тайлбарлаж байна. Хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр талд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамын барилгын ажилд хийх засвар шинэчлэлтийн ажлын төсөв авагдсан байна. Гэвч уг төсвийг боловсруулсан мэргэшсэн төсөвчин М.Ган-Эрдэнэ, төсөвчин Т.Хоролсүрэн нар нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй тул энэхүү төсөв нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Мөн маргаж буй замын эвдрэлийг засаагүй, өөрөөр хэлбэл засахад гарах зардлын төсвийг хийлгэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх тул ийнхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т нийцэхгүй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил буюу 50 км автозамын асфальтан хучилт олон газраа хагарч, эвдэрсэн үүнийг засахыг нэхэмжлэгч шаардаж байсан болох нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. Энэхүү эвдрэлийн шалтгаан буюу нөхцөл нь маргаж буй замын суурь даланг гүйцэтгэсэн Н ХХК-ний гүйцэтгэсэн ажил болон түүнийг хүлээн авсан хяналтын инженерийн ажилд хамааралтай болох нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн  албан тоотод Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамын асфальтбетон хучилт, буталсан суурь болон суурийн доод үеийн далангийн материалаас дээж авч лабораторид туршилт шинжилгээ хийхэд ПК93+100, ПК94+450, ПК80+630-ийн далангийн материалын урсалтын хязгаар 35%, уян налархайн индекс 6%-иас их, ачаа даацын харьцаа 30%-иас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 185 дугаар тал/, хэргийн 2 дугаар хавтас 261 дүгээр талд байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын ажилд хийсэн хөндлөнгийн шинжээч Ч.Лхагважавын Н компани, хяналт хийсэн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шавартай шаваргүй материалыг ялгаж салгаж чадахгүй 10-45%-ийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хөлдөлтөөс хамгаалах үеийн барьсан. Үүнийг талбайн 700 гаруй шинжилгээ, ажлын хэсгийн 30 гаруй шинжилгээг үндэслэн гаргаж байна. Уян налархайн индекс техникийн шаардлагад 7 буюу түүнээс бага гэж заасан боловч туршилтын дүнгээс харахад уян налархайн индекс нь 7-24 байгаа нь даруй байх ёстой үзүүлэлтээс 3-4 дахин их шавартай материалаар хийгдсэнийг харуулж байна, хяналтын инженерийг тогтвор суурьшилтай ажиллуулаагүй, мэдлэг туршлага багатай инженерүүдийг Авто замын газар, АЗХЭШСТ-ийн дарга нар нь шууд талбайн хяналтад томилон ажиллуулсан байна, далан, хөлдөлтөөс хамгаалах үе нь бүрэн солилт хийгээгүй хэсгүүдэд дахин эвдрэх магадлал ихтэй байна гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Мөн хэргийн 4 дүгээр хавтас 978 дугаар талд байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын чанар байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн товч танилцуулгад 2008 онд 2008 оны 10-р сарын 18-наас 2008 оны 10 дугаар сарын 31-ний хооронд материалын инженер С, хяналтын инженер М нар нь даланд хэрэглэгдэх материалуудын шинжилгээг бүрэн гүйцэд хийгээгүй, ачаалал даах чадварын туршилтыг огт хийгээгүй баталгаажуулсан байна. Шинжилгээнүүд алдаатай хийгдсэн учир шаварлаг материал далангийн дүүргэлтэд хийгдсэн байна. Карьер №1-№10-д С инженерийн баталгаажуулсан карьеруудын шинжилгээний дүн давхацсан, туршилт хийгээгүй зөвшөөрөл өгсөн байна. С инженер ул хөрс дурандсан зөвшөөрөл өгсөн боловч дурандлагын материал байхгүй, зөвшөөрлийн хуудсанд байрлал тодорхойгүй байна, 2009 онд Хяналтын материалын инженер Т, геодезийн инженер Ө нар нь 2009 оны 8 дугаар сарын 11-нээс 9 дүгээр сарын 29-ний хооронд далангийн дүүргэлтийн 1-р үе, 9-р сарын 17-ноос 20 хүртэлх нягт шалгасан дүн, ПК 79+725км- ПК 97+325км хүртэл 20 гаруй карьер нээсэн дүн зэрэг нэлээд олон шаардлага хангаагүй гүйцэтгэгчийн алдаатай хийсэн шинжилгээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 2010 онд Д.Уранчимэг инженер ПК71+000км-ПК73+000км-т далангийн дээд үеийн нягтыг 1,910-1,955г/см2 байхаар тооцож материалын бүрэн шинжилгээ хийхгүйгээр баталгаажуулсан байна, Ц.Б, Д.У, Ө инженерүүд туршилт хийхгүйгээр далангийн үеүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулан өгч байсан байна, С.Эрдэнэцэцэг инженер ПК88+225км-ПК100+000км-т материалын нягтыг туршилтаар 2,098 г/см3 гаргасан боловч талбай дээрх нягтыг 1,840г/см3 байхаар тооцож материалын бүрэн шинжилгээ хийхгүйгээр баталгаажуулсан байна. Мөн ПК89+000км-ПК92+000км-т туршилтын дүн байгаа боловч нягт шалгасан дүн байхгүй баталгаажуулсан байна, С.Э инженер 2010 оны 8 дугаар сарын 14-15-нд туршилт хийхгүйгээр зөвшөөрөл өгсөн байна гэж дурджээ. Улмаар уг ажлын хэсгийн дүгнэлтээр зам барилгын ажлын явцад технологийн горим зөрчсөн, нягтруулалт хангалтгүй, хөлдөлтөөс хамгаалах үе болон даланд шаварлаг материал орсон, чигийн агууллага шаардагдах хэмжээнээс их, асфальтбетон хучилтын зузаан зарим хэсэгт хангалтгүй зэрэг нь тухай авто замын хучилт эвдрэх шалтгаан болсон гэж дүгнэжээ. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид тодорхой ажлыг нэмж гүйцэтгэх даалгавар өгсөн талаар зохигч хэн аль маргаагүй.

 

Хариуцагч нь өгөгдсөн даалгаврын дагуу тодорхой ажлыг гүйцэтгэсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 175 дугаар тал байгаа өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хяналтын болон материалын инженерийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл маргаж буй 50 км автозамд үүссэн эвдрэл нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлаас шалтгаалаагүй, өмнөх гүйцэтгэлийн далан болон хөлдөлтөөс хамгаалах давхаргыг технологийн горим зөрчиж, стандартад нийцэхгүй материалаар, зохих зөвшөөрлийг журмын дагуу авалгүй гүйцэтгэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэл болох 50 км автозамын эвдрэлд хариуцагч буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнийг засварлахад гарах зардал нь бодитоор зарцуулагдаагүй, зардлын тооцоо нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байх тул хариуцагчЧ ХХК-д холбогдох 10,945,921,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Зны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

ХариуцагчЧ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391,602,471 төгрөг, 2015 онд 161,799,757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурьлуулсан ажлын хөлсөнд 18,826,696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13,054,419 төгрөг, нийт 585,283,343 төгрөг гаргуулах хэсгээс татгалзасан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

ХариуцагчЧ ХХК-ний дэмжсэн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөнд 1,250,039,551 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1,800,136,187 төгрөг, нийт 3,050,175,738 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар гэрээний 8.9-д энэхүү гэрээ байгуулагдсан нь 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдөр байгуулагдсан 83 дугаартай гэрээгээр хүлээсэн захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байна. Улмаар дээрх 83 дугаар гэрээний 3-т 2013 онд 6,260,000,000 төгрөг, 2014 онд 6,305,164,875.36 төгрөгөөр тус тус санхүүжүүлнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын чанар, эвдрэлийн талаар маргаантай холбогдуулан гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй байна. Тодруулбал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн актад заасан ажлыг актаар хүлээлцэж эцсийн тооцоог хийх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд энэ нь ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 10,961,462,593 төгрөг авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтас 105 дугаар талд байгаа тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. Үүнийг гэрээний үнийн дүн болох 12,565,164,875.36 төгрөгнөөс хасаж тооцвол төлөх ёстой үлдэлдэл ажлын хөлс нь 1,603,702,282.36 төгрөг болно. Гэвч хариуцагч нь ажлын хөлснөөс барьцаа болгон суутган авсан гэж үлдэгдэлд 1,250,039,551 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү барьцаа болох мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь гэрээнд заагдаагүй боловч гэрээ хэрэгжих хугацаанд харилцан тохиролцсоны дагуу нийт 1,800,136,187 төгрөгний нэмэлт ажил гүйцэтгэсэн болох нь Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/864 дугаар албан тоот, хяналтын инженер Б.Б-н гаргасан тооцоо, БУЗАХХ-н мэргэжилтэн С.М-н тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 234-236 дугаар тал/ Ийнхүү нэмэлтээр хийсэн ажлын талаар нэгэнт нэхэмжлэгч талын холбогдох мэргэжилтэн дүгнэж, тооцоо гаргасан тул нэмэлт ажлын хөлсөнд 1,800,136,187 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагчЧ ХХК-д холбогдох 10,945,921,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч З наас 3,050,175,738 төгрөг гаргуулж, хариуцагч Ч ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчЧ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391,602,471 төгрөг, 2015 онд 161,799,757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурьлуулсан ажлын хөлсөнд 18,826,696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13,054,419 төгрөг, нийт 585,283,343 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,367,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 15,408,828.69 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД