Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор А.Дэлгэрмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Бэсүүд овогт Жавхлантын Н.т холбогдох эрүүгийн 1702002130075 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ж.Н нь “...НШГАБД-ар ажиллаж байхдаа Хас банкин дахь дансны барилтыг нээж өгөх хүсэлт ирүүлснийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлага биелэгдээгүй байхад төлбөр төлөгч “НШ” ХХК-ийн Хас банкин дахь дансны зарлагын гүйлгээг сэргээх тухай албан бичгийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1/18885 дугаартай албан бичгээр Хас банкинд хүргүүлж тус компанийн 5001183239 тоот дансны барилтыг чөлөөлсөн байна. Данс чөлөөлөх үед 50.187.832 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 3.356.862 төгрөгийг иргэн н.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн сангийн данс руу татаж, Р ХХК-нд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор үлдэгдэл

46.830.970 төгрөгийг татаж аваагүй байна.

Улмаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “НШ” ХХК нь 46.800.000 төгрөгийг тус данснаас зарлагдаж гүйлгээ хийж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж “НШ” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх хуудсаар НШ компаниас 84.400.000 төгрөгийг Р компанид өгөх   шийдвэрийг үндэслэж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Намсрай гаргасан. Үүнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр НШ компаниас “ажилчид ажил хаяад ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Уг мөнгийг төлбөрт гаргуулж болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу дэд дарга Энхтайван цохолт хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд “шийдвэр гүйцэтгэгч нь иргэний  шийдвэр гүйцэтгэх тогтоолыг хүлээн авсан даруйдаа энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна” гэж маш тодорхой зааж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг татаж хянахад Шүүхийн шийдвэр, дансны хаалтын бичиг 2 л байсан.  Мөн шаардлагатай бичиг баримтыг гаргуулж авах, лавлагаа тодорхойлолт авах, төлбөр төлөх журмын дагуу бусад этгээдээс хөрөнгийн тухай мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудын аль нь ч хийгдээгүй байсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу НШ компаниас гомдол гаргахад уг ажиллагаа түдгэлзэх байсан.  Хэрэв түдгэлзсэн бол өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Байгууллага, шийдвэр гүйцэтгэгч өр төлбөрт орохгүй байх үүднээс уг ажиллагааг зөвтгөж явуулдаг. 7 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн шинэчилэн найруулсан хууль хэрэгжиж эхэлсэн. 6 дугаар сарын 30-ны өдөр хуучин хууль дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал гэдэг зүйл байхгүй болж шийдвэр гүйцэтгэгч орж ирсэн материал бүхэн дээр дансны хаалт хийдэг болсон. Ийм асуудал үүссэн учраас бид онцгой анхаарал хандуулсан. Мөн 46 сая төгрөгийг банкин дээр барилт хийгдсэнээс биш шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд орж ирсэн мөнгө биш. Хэрэв тэр мөнгийг гаргасан бол давуу байдал үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн 88.1 дүгээр зүйлийн 2-т илүү цагаар ажилсаны нэмэгдлийг зааж өгсөн. Ажилчид нь илүү цаг болон ээлжийн амралтын мөнгөө авъя гэсэн хүсэлтээс болж үл ойлголцол гарсан. Мөн хуулийн 88 дугаар зүйлд төлбөрт гаргуулж болохгүй орлого гэж заасан. НШ компанийн захирал хайхрамжгүй хандсан байж болох ч жирэмсний болон ээлжийн амралтын мөнгийг олгохгүй байж болохгүй гэдэг талаас нь л ийм зүйл хийсэн. Мөн “НШ”  компаниас төлбөр төлөх график гаргаж манай байгууллагад ирүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулахыг маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. 46.1.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн тухай бичгээр мэдүүлэг авах бөгөөд мэдүүлэг гаргахын

өмнө мэдүүлгийг худал гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна гэж заасан. Гэтэл ийм тэмдэглэл хэрэгт байхгүй. 46.3-т төлбөр төлөгч хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан. Мэдэгдэл өгөөгүй учраас энэ сануулга ч явагдаагүй. Мөн 32 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тэдгээрийн эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн. Төлбөр авагч төлбөр төлөгч яг адил эрх үүрэгтэй оролцохыг заагаад өгсөн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу аль аль талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Намайг материал татаж хянасан гэж байна. Би материал татах үүрэгтэй. 8 дугаар сарын 23-ны өдөр Р компаниас хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтдээ “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  НШ компанийн графикийг нь харгалзаж дансыг нь сэргээсэн байна. Гэтэл 7,8 сарын мөнгө 18.000.000 төгрөгийг төлсөнгүй. Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн. Үүний дагуу материалыг татаж хянаад граффикт хугацаандаа төлбөрөө төлөөгүй асуудал дээр хугацаатай арга хэмжээгээ авч шийдвэрлэсэн. Бүх ажиллагаа шат дараатайгаар хийгдэж дуусаад 10 дугаар сарын 02-ны өдөр “Хас банк”-д данс хаах тоот явуулсан. Хэрэв шүүхээс тодорхой данс хаах, битүүмжлэх захирамж ирүүлсэн бол би энэ тал дээр юу ч ярихгүй. Учир нь бид нэн даруй биелүүлэх үүрэгтэй. Р компанийн хүсэлтээр шуурхай арга хэмжээ авсан нь тухайн компанид илт давуу байдал олгосон гэж харагдаж байгаа. Албаны шалгалтаар 7 дугаар сарын 6-ны өдөр гэхэд бүх мэдэгдлүүдийг өгсөн мэтээр хийсэн байсан.  Үүнийг цаасан дээр нь засвар хийсэн байх. Цахим дээр хэн ч өөрчлөлт хийж чадахгүй. Дээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ачаалалтай байдал нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Намайг ажил хариуцаж байхад 1 шийдвэр гүйцэтгэгчид 150 ширхэг баримт байх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ундармаа 291 материалд ажиллагаа хийгдэж байсан. Урамшуулалтай холбоотой асуудлаас болж шийдвэр гүйцэтгэгч хувийн алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь бид нэн даруй биелүүлэх үүрэгтэй. Р компанийн хүсэлтээр шуурхай арга хэмжээ авсан нь тухайн компанид илт давуу байдал олгосон гэж харагдаж байгаа. Албаны шалгалтаар 7 дугаар сарын 6-ны өдөр гэхэд бүх мэдэгдлүүдийг өгсөн мэтээр хийсэн байсан.  Үүнийг цаасан дээр нь засвар хийсэн байх. Цахим дээр хэн ч өөрчлөлт хийж чадахгүй. Дээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ачаалалтай байдал нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Намайг ажил хариуцаж байхад 1 шийдвэр гүйцэтгэгчид 150 ширхэг баримт байх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ундармаа 291 материалд ажиллагаа хийгдэж байсан. Урамшуулалтай холбоотой асуудлаас болж шийдвэр гүйцэтгэгч хувийн алдаа гаргасан гэж үзэж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ундармааг байхгүйд материал татаж шийдвэр гаргасан юм шиг мөрдөгч үзсэн байна. Саруултамир гэх хүний асуудлыг би үнэхээр мэдэхгүй. Уулзаж ч байгаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэн ч оролцох эрхгүй. Би Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Үүнийг шалгаж тогтоогоогүй. ШШГГ-ыналбаны дарга хуулийн хүрээнд ажиллагаа явуулах үүрэгтэй. Би ажиллаж байх хугацаандаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалуудыг нүдэн дээр нь татаж хянаад асуудлыг шийддэг ажиллагааг хэрэгжүүлэхийг эрмэлздэг байсан. Авлигатай тэмцэх газрын даргад 3 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Миний зүгээс бусдад шан харамж өгөхөөр зуучилсан, бусдын эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шан харамж авсан зүйл

байхгүй. Би хуульд заасан чиг үүргээ л хэрэгжүүлсэн. Эцэст нь хэлэхэд 1990 онд хил манаж байснаас хойш 24 жилийн хугацаанд төрийн томилсон бүх ажилд л ажиллаж байсан. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд гэрч Батцэцэгийн мэдүүлэг, 50-51 дүгээр хуудсанд гэрч Ундармаагийн мэдүүлэг, 53-56 дугаар хуудсанд гэрч Золбоогийн мэдүүлэг, 57 дугаар хуудсанд гэрч Энхтайваны мэдүүлэг, 60 дугаар хуудсанд гэрч Нарангийн мэдүүлэг, 73 дугаар хуудсанд гэрч Элбэгсайханы мэдүүлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт авсан албаны шалгалт хийсэн материал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан хувийн хэрэг, банк хоорондын шилжүүлэг хийсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах: Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд “НШ” компаниас гаргасан хүсэлт, 37 дугаар хуудсанд гэрч Батцэцэгийн мэдүүлэг, 41 дүгээр хуудсанд гэрч Билэгтийн мэдүүлэг, 43-44 дүгээр хуудсанд гэрч Билэгтээс дахин мэдүүлэг авсан тухай, 46 дугаар хуудсанд гэрч Бямбажавын мэдүүлэг, 49 дүгээр хуудсанд гэрч Алтанцэцэгийн мэдүүлэг, 53 дугаар хуудсанд гэрч Золбоогийн мэдүүлэг, 55-56 дугаар хуудсанд гэрч Энхтайваны мэдүүлэг, 57 дугаар хуудсанд Ж.Нын гэрчээр өгсөн мэдүүлэг, 60 дугаар хуудсанд гэрч Ганчимэгийн мэдүүлэг, 74 дүгээр хуудсанд гэрч Элбэгсайханы мэдүүлэг, 174 дүгээр хуудсанд арилжааны банкинд явуулсан албан бичиг, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, шинээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой 16 хуудас баримтуудыг гаргаж өгөв.

     Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нар: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

     Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-99/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-100/, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1364 дүгээр тушаал /хх-103/, Нийслэлийн ШШГГ-ындаргын ажлын байрны тодорхойлолт /хх-104-108/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-109/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

            1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.Н нь “...НШГАБД-ар ажиллаж байхдаа Хас банкин дахь дансны барилтыг нээж өгөх хүсэлт ирүүлснийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлага биелэгдээгүй байхад төлбөр төлөгч “НШ” ХХК-ийн Хас банкин дахь дансны зарлагын гүйлгээг сэргээх тухай албан бичгийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1/18885 дугаартай албан

бичгээр Хас банкинд хүргүүлж тус компанийн 5001183239 тоот дансны барилтыг чөлөөлсөн байна. Данс чөлөөлөх үед 50.187.832 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 3.356.862 төгрөгийг иргэн н.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн сангийн данс руу татаж, Р ХХК-нд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор үлдэгдэл 46.830.970 төгрөгийг татаж аваагүй байна.

Улмаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “НШ” ХХК нь 46.800.000 төгрөгийг тус данснаас зарлагдаж гүйлгээ хийж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж “НШ” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Нийслэлийн ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, Э.Ундармаагийн: “...Миний хувьд НШ ХХК-д холбогдох хоёр хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Амралтаа авахдаа бүх хэргээ шийдвэр гүйцэтгэгч М.Золбоод үлдээсэн. Төв аймагт амарч явахад М.Золбоо надтай утсаар яриад “НШ” ХХК-д холбогдох төлбөрийн материал хаана байгаа вэ, дэд дарга Р.Энхтайванд танилцуул гэж хэлсэн гэхээр нь сейфинд байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд ээлжийн амралтаа эдлэж дуусаад 2017 оны 08 дугаар сарын 05-06-ны үед ажилдаа орсон “НШ” ХХК-д холбогдох материалтай танилцахад Ж.Н даргын гарын үсэгтэй тус компанийн Хас банкны дансны барилтыг чөлөөлөх албан бичиг явсан байсан. Надад “НШ” ХХК-ийн дансны барилтыг чөлөөлөх гэж байгаа, чөлөөлсөн талаар огт мэдэгдээгүй" гэх мэдүүлэг /хх-50-52/

Гэрч Нийслэлийн ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, М.Золбоогийн: “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийг хариуцсан бүх шийдвэр гүйцэтгэгч нар ээлжийн амралтаа эдэлж би ганцаараа дүүрэг хариуцаж үлдсэн. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад дэд дарга Р.Энхтайван намайг дуудсан. Өрөөнд нь ороход Э.Ундармаа дээр “НШ” ХХК-ийн материал байна, аваад ир гэхээр нь би Э.Ундармаатай утсаар ярьж материалыг нь заалгаж аваад дэд даргад оруулж өгсөн. Удалгүй намайг дахиж дуудаад энэ компани Ж.Н даргад хүсэлт гаргасан, дарга хүсэлтийг нь надад цохсон байна. Энэ компанийн иргэнд төлөх ёстой 3.0 сая гаран төгрөгийг татаж аваад, дансны барилтыг нь чөлөөлөх албан бичиг төлөвлөөд даргад орж танилцуул гэсэн. Ингээд би өрөөндөө орж “НШ” ХХК-ийн Хас банкин дахь дансны барилтыг чөлөөлөх албан бичиг төлөвлөж Ж.Н даргаар гарын үсэг зуруулаад кордорт хүлээж байсан компанийн ажилтан гэх нэг эмэгтэйд албан бичгийг өгсөн…” гэх мэдүүлэг /хх-53-54/,

“НШ” ХХК-ийн захирал С.Билэгтийн: “...Манай компанийн дансыг битүүмжилсэн нь хууль бус гэж үзээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргах гэсэн боловч хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь ээлжийн амралттай, мэдэх хүн байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хуулийн хэлтэст нь гомдол гаргах гэж нягтлан бодогч Ж.Алтанцэцэг, өмгөөлөгч н.Оюунцэцэг хоёр очсон боловч Хуулийн хэлтсийн дарга нь байхгүй сургалттай байна гэсэн. Хуулийн хэлтсийн дарга нь Р.Саруултамир гэж эмэгтэй

байна гэхээр нь түүний нөхөр Буяа гэж барилга барьдаг залуу байдаг нөхрийг нь сайн таньдаг. 2015 онд барилгын материалын зах дээр Буяатай таарахад манай эхнэр Р.Саруултамир гээд хамт явсан эмэгтэйгээ танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажилладаг гэж хэлсэн. Ингээд өмгөөлөгч н.Оюунцэцэгийг Б.Саруултамирын утасны дугаарыг олоод өгөөч гээд утасны дугаарыг нь олж аваад Р.Саруултамиртай утсаар яриад танайх Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиа зөрчөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад байх юм. Өмнө нь ч гэсэн бас хуулиа зөрчөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж шүүхдэлцэж байсан. Манайх компаниараа хөдөлж байж энэ сард ганц байр зарсан байна. Энэ мөнгөө бүтээн байгуулалтанд гаргаагүй ажилчдынхаа цалин хөлс, амралтын мөнгийг өгнө гээд хадгалж байгаад данснаас авах гэтэл битүүмжилсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар очихоор бүх хүмүүс нь амарчихсан гээд шийдэх хүн алга байна. ШШГЕГ-т нь гомдлоо гаргах гээд явж байна өөрөө байхгүй байна гэнэ. Миний дүү анхаарал хандуулаад шийдээд өгөөч эгч нь үнэхээр хэцүү байна, 06, 07 дугаар cap, ид бүтээн байгуулалтын цаг, байрны борлуулалт уначихаад байна гэж хэлсэн. Тэгсэн Р.Саруултамир та над руу хоёр гурван хоногийн дараа хүнээ явуулчихаарай гэж хэлсэн. Би өмгөөлөгч рүүгээ буцаж утсаар яриад хоёр гурван хоногийн дараа яваад ир гэсэн, хүсэлтээ аваад оч гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө ажилтай явсан юм. Ингээд манай өмгөөлөгч н.Оюунцэцэг, нягтлан бодогч Ж.Алтанцэцэг хоёр ШШГЕГ дээр очиж Р.Саруултамиртай уулзсан гэсэн…” гэх мэдүүлэг /хх-41-44/,

Гэрч Нийслэлийн ШШГГ-ындэд дарга Р.Энхтайваны: “...Албаны дарга Ж.Нт “НШ” ХХК-иас хүсэлт гаргаад, тус хүсэлт нь над дээр цохогдож ирсэн. Тухайн үед манай байгууллагын шийдвэр гүйцэтгэгч нар бүгд ээлжийн амралтаа авчихсан, дүүрэг болгон дээр нэг, нэг шийдвэр гүйцэтгэгч үлдсэн. Баянзүрх дүүргийг шийдвэр гүйцэтгэгч М.Золбоо хариуцаж үлдсэн тул түүнийг дуудаж НШ ХХК-д холбогдох материалыг аваад ир гэж хэлсэн. М.Золбоо тус компанид холбогдох материалыг нь надад авчирч өгсөн. Би материалтай нь танилцахад 80.000.000 орчим төгрөгийн гүйцэтгэлийн ажил байсан санагдаж байна. “НШ” ХХК нь барилгын эд ажлын үеэр ажилчдын цалин олгох, тог цахилгааны мөнгө төлөх шаардлагатай байгаа мөн “Р” ХХК-д төлөх төлбөрийн график хуваарь гаргаж ирсэн байсан тул Н. даргад шийдвэр гүйцэтгэлийн холбогдох материалыг танилцуулаад “НШ” ХХК-ийн Хас банкны дансыг нээсэн. Тус компани нь хуваарь гаргаж ирсэн болохоор хуваарийн дагуу төлбөрөө төлөх юм байна гэж л ойлгосон. Материалаас нь харахад дансанд үлдэгдэл мөнгө байна гэсэн баримт харагдаагүй. Тиймээс дансанд мөнгө байгааг нь мэдээгүй. Ж.Н дарга албан бичиг дээр бол шуурхай арга хэмжээ ав гэсэн цохолтыг миний нэр дээр бичсэн байсан. Би даргын цохолтын дагуу М.Золбоогоос материалыг авч танилцаад Ж.Н дарга бид хоёр ярилцаж байгаад НШ ХХК-ийн дансны барилтыг чөлөөлөхөөр шийдсэн. Тухайн үед ажил ихтэй, хүн цөөтэй байсан тул НШ ХХК-ийн дансны барилтыг чөлөөлсөн талаар Ундармаад мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

Гэрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн дарга Р.Саруултамирын: “...Манай нөхөр н.Буян-Өлзий 2006 оноос хойш барилгын салбарт ажиллаж байгаа “Эрчис Проперти” ХХК-тай тус

компанийн нэрээр барилгын үйл ажиллагаа явуулдаг. Иймээс манай нөхөр н.Буян-Өлзий “НШ” ХХК-ийн захирал С.Билэгтийг таньдаг, иймээс миний хувьд ч С.Билэгтийг хальт таньдаг юм. 2017 оны 07 дугаар сарын эхээр С.Билэгт над руу утсаар яриад ажилчдынхаа цалин мөнгийг тавих гэсэн юм, компанийн данс битүүмжилсэн байна, өргөдөл өгөөд шийдвэрлүүлдэг гэнэ, яах вэ гэхээр нь өргөдлийг нь өгөөд явуулчих манай байгууллага хуралтай байна гэж хэлээд утсаа салгасан. Тухайн өдөр улсын баяр наадмын өмнөх хамгийн сүүлийн ажлын өдөр билүү 2 дахь өдөр нь байсан санагдаж байна. Ингээд хурал 14 цагийн үед тараад Ж.Н даргатай хурлын заалны гадаа тааралдаад манай нөхөр барилгын компанийн үйл ажиллагаа явуулдаг юм. Миний таньдаг эгч компаний дансаа битүүмжлүүлсэн, ажилчдынхаа цалин мөнгийг тавьж чадахгүй байна гээд ярилцаад манай өрөөнд орсон. Тэгсэн жижүүрээс над руу утсаар яриад үүдэнд надтай уулзах хүн ирсэн байна гэж хэлсэн. Тэр үед нь ч гэсэн надтай уулзах хүн над руу мессеж бичээд С.Билэгт захирлын явуулсан хүн байна гэж хэлсэн. Тэгээд надтай уулзах С.Билэгт эгчийн явуулсан эмэгтэй миний өрөөнд орж ирсэн. Би тэр хүнээс ямар учиртай юм бэ, тэр тайлбараа хэлээ би сайн мэдэхгүй, яг хариуцсан дарга нь энэ хүн байгаа юм, энэ хүнд сайн тайлбарлаад өг гэж хэлсэн. Би ч гэсэн хажуунаас нь манай нөхөр барилгын үйл ажиллагаа явуулдаг барилга барьсан гүйцэтгэлийн хөлсөө авч чадахгүй, ажилчдын цалингаа тавьж чаддаггүй юм гэж хэлсэн. Тэгсэн Ж.Н дарга С.Билэгтийн явуулсан эмэгтэйд албан ёсны өргөдлөө өг гэсэн. Миний хувьд Ж.Н даргаас дансыг нь чөлөөлж болдог юм уу болдоггүй юм уу гэж асуусан. Тэгэхэд надад хариулт өгөөгүй. Энэ яриа 2-3 минут болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-64-67/,

Гэрч ШШГЕГ-ын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Нарангийн: “...Тус гомдол мэдээлэл 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр даргын нэр дээр ирсэн. Ерөнхий газрын дарга танилцаад хурандаа Б.Наранд шалгаж танилцуулах гэсэн цохолтыг хийсэн байсан. Би өргөдөл гомдлыг хүлээж аваад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “НШ” ХХК-нд холбогдох гүйцэтгэлийн хувийн хэргийг татаж хянасан. Материалыг хянах явцдаа шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармааг дуудаж “НШ” ХХК-ийн чөлөөлсөн данс болох Хас банкны дансны хуулгыг авхуулсан. Ингээд шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа, М.Золбоо, дэд дарга Р.Энхтайван нараас тайлбар бичүүлж авсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хянахад данс нээсэн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “НШ” ХХК-ийн дансанд 49.857.832 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, дансны хуулгатай танилцахад данс нээсэн өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 128.991.975 төгрөгийн орлого орж 171.840.162 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Төлбөр төлөгч компанийн дансны зарлагын гүйлгээг нээгээгүй байсан бол тухайн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх боломжтой байсан байна гэж үзсэн. Мөн данс нээх өдөр тухайн компанийн дансанд байршиж байсан 49.857.832 төгрөгийг татаж аваагүй дансыг шууд нээсэн нь Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан гэж үзээд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналыг танилцуулгадаа дурдаж Хяналт шалгалтын хэлтсийн дарга хурандаа Г.Элбэгсайханд танилцуулсан. Элбэгсайхан дарга, дэд дарга, хурандаа Ж.Батсайханд танилцуулна гээд миний бичсэн танилцуулгыг авсан.

Ингээд дэд даргад танилцуулаад цохолт хийлгээд надад өгсөн. Дэд дарга Ж.Батсайхан цаашаа Ерөнхий газрын даргад танилцуулна гэсэн гээд миний албаны шалгалт явуулсан материалыг надад буцаагаад өгсөн. Батсайхан дарга миний бичсэн танилцуулга дээр цохолт хийхдээ хурандаа Г.Элбэгсайханд “Асуудал нь тэр даруй шийдвэрлэгдсэн байх тул шалгалтыг дуусгая” 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн цохолт хийсэн байсан. Ингээд би удирдах албан тушаалтан шалгалтыг дуусга гэсэн цохолт хийсэн тул өргөдлийг нь бичиг хэргийн ажилтан дээр хаалгасан. Тэгтэл маргааш өглөө нь Г.Элбэгсайхан дарга надтай уулзаад нөгөө албаны шалгалтын материал дээр хийгдсэн цохолт өөр материалтай андуурагдсан байна, албаны шалгалтын материалыг өөр дээрээ байлгаж бай гэсэн. Тэгээд би албаны шалгалтын материалыг өөр дээрээ байлгаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Н надтай уулзаж уг шалгалтын материалтай танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газраас албаны шалгалт явуулсан материалыг хуулбарлан авах талаар албан бичиг ирсэн. Түүний дагуу албаны шалгалтын материал над дээр байсан тул холбогдох материалыг хуулбарлан хүргүүлсэн. Албаны шалгалт явуулсан материалаа ШШГЕГазрын даргад танилцуулаад, даргын зөвлөлийн хурлаар оруулаад хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцсон асуудал өнөөдрийг хүртэл алга байна. Албаны шалгалтын материалаа байлгаж бай гэж Г.Элбэгсайхан дарга надад хэлсэн тул өөр дээрээ байлгаж байсан. Одоо тус материалыг архивт шилжүүлэхээр бэлдэж байна. “НШ” ХХК-д холбогдох материалыг татаж хянахад шүүхийн шийдвэрээр бэлэн мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн юм байна лээ. Мөн төлбөр төлөгч компанийн нэр дээр өмчлөл эзэмшилд ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй. Орон сууцны байртай гэх боловч төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлгүй тул дансны барилтыг чөлөөлсөн нь буруу байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн банкин дахь данснаас хасалт хийх замаар төлбөрийг барагдуулна гэж тодорхой заасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-62-63/,

Гэрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Элбэгсайханы: “...Би 2017 оны 09 дүгээр сард ШШГЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. “Р” ХХК-ийн захирал Б.Туулаас ирсэн гомдолд албаны шалгалт явуулах талаар газрын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр, манай хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Б.Наранд цохолт хийсэн байсан. Хурандаа Б.Наран албаны шалгалт явуулж дуусаад танилцуулга бичиж надаар хянуулсан. Би танилцуулгыг хянаад тухайн үеийн бүтцээр Шийдвэр гүйцэтгэх ажил хариуцсан дэд дарга, хурандаа Ж.Батсайханд танилцуулсан. Ж.Батсайхан дарга танилцаад шалгалтын материалын хамт, танилцуулгыг өөр дээрээ авч үлдсэн. Ингээд танилцуулга дээр “асуудал нь тэр даруй шийдвэрлэгдсэн байх тул шалгалтыг дуусгая” гэсэн цохолтыг 2017 оны 10 дугаар сарын 10-нд хийгээд албаны шалгалтын материалыг буцаагаад надад өгсөн. Тухайн үед Ж.Батсайхан даргад албаны шалгалттай холбоотой хэд, хэдэн танилцуулга орсон байсан юм. Ингээд Р ХХК-иас гаргасан гомдолд хийсэн албаны шалгалтын материалын танилцуулгыг хурандаа Б.Наранд өгсөн. Би тус компаниас гаргасан гомдолд албаны шалгалт хийсэн материалд цохолт хийсэн талаар мэдэлгүй хэд хоногийн дараа Ж.Батсайхан даргын өрөөнд орж дахин өөр албаны шалгалт явуулсан материал танилцуулж байхдаа нөгөө “Р” ХХК-иас гаргасан гомдлын

танилцуулгыг яасан бэ гэж асуухад над дээр байхгүй байна гэж Ж.Батсайхан дарга хэлсэн. Тэгэхээр нь буцаж өрөөндөө ороод Ж.Батсайхан даргаас цохолт хийгдэж гарсан албаны шалгалтын материалын танилцуулгыг хурандаа Б.Нарангаас авч танилцахад “Р” ХХК-иас гаргасан гомдолд хийгдсэн албаны шалгалтын материалын танилцуулга дээр андуурагдаж цохолт хийгдсэн болохыг мэдсэн. Тус танилцуулга дээр Ж.Батсайхан дарга цохолт хийхдээ өөр албаны шалгалтын материалтай андуураад “шийдвэрлэгдсэн байх тул шалгалтыг дуусгая гээд цохолт хийсэн байсан” Гэтэл Б.Наран хурандаа хийсэн албаны шалгалтын танилцуулга бол шалгалт нь хийгдэж дуусаад орсон материал байсан. Хурандаа Б.Наран танилцуулга дээр буруутай албан тушаалтанд хариуцлага тооцоё гэж санал оруулсан байсан. Энэ албаны шалгалт явагдаж дуусахаас өмнө билүү албаны шалгалт явагдаж дууссаны дараа Ж.Нт хариуцлага тооцоод НШГАБД-ас чөлөөлж, Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга болгож шилжүүлэн томилсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд болохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн…” гэх мэдүүлэг /хх-73-74/,

Гэрч Р ХХК-ийн ерөнхий менежер Ш.Батцэцэгийн: “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал урамшууллын гэрээ байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж “НШ” ХХК-ийн дансыг битүүмжилж, С.Билэгт захирлыг нь гадагш гарах эрхийг нь хязгаарлаж хилийн хориг тавиулах зэрэг ажиллагаанууд хийгдсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Шийдвэр гүйцэтгэх албаныхан нэгдсэн журмаар ээлжийн амралтаа аваад 2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим ажилдаа орсон. Манай шийдвэр гүйцэтгэлийг хариуцаж байсан Э.Ундармаа гэж эмэгтэйтэй уулзахад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “НШ” ХХК-иас НШГАБД- Ж.Нт битүүмжилсэн дансаа нээлгэх хүсэлт албан бичгээр өгсөн. Уг албан бичигтэйгээ хавсаргаад “НШ” ХХК нь манай компанид учруулсан хохирлоо 2017 оны 12 дугаар сард багтааж төлөхөөр хуваарь гаргаж өгсөн байдаг. Ж.Н нь хүлээж аваад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөө хошууч Р.Энхтайван гэж хүнд “энэ асуудлыг шуурхай арга хэмжээ авч хариу өг” гэсэн цохолт хийсэн байдаг. Ингээд битүүмжилсэн дансыг нээсэн байсныг бид 2017 оын 08 дугаар сарын 20-ны үед мэдээд дахин битүүмжлэх хүсэлтийг Э.Ундармаад өгөхөд Ж.Н дарга материалыг хянаж үзэхээр татаад авсан гэж надад мэдэгдсэн. Ингээд ямар ч хариу ирэхгүй тодорхойгүй байсан тул 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт гомдол гаргаж өгсөн. Гомдолдоо Ж.Н гэж даргын данс нээсэн асуудлыг шалгаж өгөөч гэж бичсэн. Тус хүсэлт нь Чимэдцэрэн гэж хүн дээр хувиарлагдсан. Албан ёсны 30 хоногийн дотор бидэнд хариу өгөөгүй тул Чимэдцэрэнтэй утсаар ярьж асуухад дарга гадагшаа явсан. Гарын үсэг зурж, тамга дарах боломжгүй, танай хүсэлтийн дагуу Ж.Н дарга дээр тушаал бууруулах арга хэмжээ авсан. Мөн Э.Ундармаа шийдвэр гүйцэтгэгч дээр “НШ” ХХК-ийн зарагдаагүй байрыг битүүмжилж дуудлага худалдаанд оруулж хохирлыг барагдуулах гэсэн үүрэг өгсөн гэж амаар хариу хэлсэн. Ингээд тус хариугаа бичгээр өгөөч гэдэг хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн. Тэгтэл 11 дүгээр сарын 15-ны өдөр хариу ирүүлэхдээ бидний хүссэн хариуг өгөөгүй, шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны талаар хариу өгсөн байсан. Шийдвэр гүйцэтгэх албанаас нэг төгрөгийн хохирол барагдуулж өгөөгүй байна гэх гэрч нарын мэдүүлэг болон Г.Бямбажавын мэдүүлэг /хх-46-47/, Гэрч С.Нагашыбайн мэдүүлэг, Ц.Гантуяа, Ж.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-43-44/ нарын гэрчийн мэдүүлэг, Ж.Нт холбогдуулан явуулсан албаны шалгалтын материал, 17261373 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, “НШ” ХХК-ийн Хас банкин дахь 5001183239 тоот дансны хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Н нь нийтийн албан тушаалтан буюу НШГАБД-ар ажиллаж байхдаа Хас банкин дахь дансны барилтыг нээж өгөх хүсэлт ирүүлснийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлага биелэгдээгүй байхад төлбөр төлөгч “НШ” ХХК-ийн Хас банкин дахь дансны зарлагын гүйлгээг сэргээх тухай албан бичгийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1/18885 дугаартай албан бичгээр Хас банкинд хүргүүлж тус компанийн 5001183239 тоот дансны барилтыг чөлөөлсөн байна. Данс чөлөөлөх үед 50.187.832 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 3.356.862 төгрөгийг иргэн н.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн сангийн данс руу татаж, Р ХХК-нд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор үлдэгдэл 46.830.970 төгрөгийг татаж аваагүй байна.

Улмаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “НШ” ХХК нь 46.800.000 төгрөгийг тус данснаас зарлагдаж гүйлгээ хийж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж “НШ” ХХК-д давуу байдал бий болгосон зэргийг нь гэрч, нарын мэдүүлсэн, холбогдох баримт бичиг зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас: “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дарааллын дагуу явагдах ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгчийг дуудан ирүүлэх, тодорхойлолт гаргуулах, мэдүүлэг гаргуулан авах, санхүүгийн баримтад үзлэг хийх зэрэг дарааллаар ажиллагаа явагдсаны эцэст дансны хаалт, хөрөнгийн битүүмжлэлүүдийг хийдэг. Шийдвэр гүйцэтгэгч Ундармаагийн хувьд эдгээр ажиллагааг хийлгүйгээр шууд данс битүүмжлэх ажиллагаагаар эхэлсэн нь өөрөө шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчсөн асуудал болсон. Энэ ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр НШ компанийн гаргасан хүсэлтийн дагуу тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны даргаар ажиллаж байсан Ж.Н материалыг татаж хянаад Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон журмыг зөрчсөн гэж үзэж дансны битүүмжлэлийг нээсэн. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйл ажиллагааг залруулсан...” гэж мэтгэлцэж байх ба энэ нь доорх баримтаар үгүйсгэгдэнэ.

Шүүгдэгч Ж.Н нь “...шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчиж төлбөр-төлөгчийн дансыг битүүмжилсэн, мөн “НШ” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын

06-ны өдөр өгсөн хүсэлтэд “...цалин хөлс, цахилгааны болон бусад ашиглалтын зардал...” гэх хүсэлтийг хүлээн авч тэр өдрөө буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Хас” банкинд “Төлбөр төлөгч “НШ” ХХК /5872251/ нь төлбөрийг төлөх баталгаа гаргасан...” гэсэн албан тоотыг явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан төлбөр авагч талд мэдэгдэлгүйгээр эрхийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Ж.Н нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар төлбөр гаргуулж болохгүй орлого байсан” гэх боловч дээрх хуулийн 88 дугаар зүйлд “...цалин хөлс, цахилгааны болон бусад ашиглалтын зардал” хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн төлбөр авагч талаас “НШ” ХХК-ийн дансыг дахин битүүмжлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүсэлтийг шийдвэрлэлгүй удааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах...” гэсний мөн зөрчсөн гэж үзэхээр байна.    

 Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “шинэчилсэн найруулга” 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэж дагаж мөрдөгдсөн бөгөөд шүүгдэгч Ж.Н нь тус хуульд заасан ажил үүргийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.1, 44.2-т заасан ажиллагаануудыг хийх эрхээ хэрэгжүүлэлгүй төлбөр-төлөгчийн дансыг нээх албан тоот явуулсан нь нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь тогтоогдохгүй байна, “НШ” компани шүүгдэгчтэй хамааралгүй, эдгээр хүмүүсийг огт танихгүй” гэж мэтгэлцэж байгаа нь “НШ” ХХК-ийн захирал С.Билэгтийн: “...Хуулийн хэлтсийн дарга нь Р.Саруултамир гэж эмэгтэй байна гэхээр нь түүний нөхөр Буяа гэж барилга барьдаг залуу байдаг нөхрийг нь сайн таньдаг. 2015 онд барилгын материалын зах дээр Буяатай таарахад манай эхнэр Р.Саруултамир гээд хамт явсан эмэгтэйгээ танилцуулсан. ...Р.Саруултамиртай утсаар яриад ... Миний дүү анхаарал хандуулаад шийдээд өгөөч эгч нь үнэхээр хэцүү байна, 06, 07 дугаар cap, эд бүтээн байгуулалтын цаг, байрны борлуулалт уначихаад байна гэж хэлсэн. Тэгсэн Р.Саруултамир та над руу хоёр гурван хоногийн дараа хүнээ явуулчихаарай гэж хэлсэн. ...Ингээд манай өмгөөлөгч н.Оюунцэцэг, нягтлан бодогч Ж.Алтанцэцэг хоёр ШШГЕГ дээр очиж Р.Саруултамиртай уулзсан гэсэн…” гэх мэдүүлэг /хх-41-44/, гэрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн дарга Р.Саруултамирын: “...Манай нөхөр н.Буян-Өлзий 2006 оноос хойш барилгын салбарт ажиллаж байгаа “Эрчис Проперти” ХХК-тай тус компанийн нэрээр барилгын үйл ажиллагаа явуулдаг. Иймээс манай нөхөр н.Буян-Өлзий “НШ” ХХК-ийн захирал С.Билэгтийг таньдаг, иймээс миний хувьд ч С.Билэгтийг хальт таньдаг юм. 2017 оны 07 дугаар сарын эхээр С.Билэгт над руу утсаар яриад ажилчдынхаа цалин мөнгийг тавих гэсэн юм, компанийн данс битүүмжилсэн байна, өргөдөл өгөөд шийдвэрлүүлдэг гэнэ, яах вэ гэхээр нь өргөдлийг нь өгөөд явуулчих манай байгууллага хуралтай байна гэж хэлээд утсаа салгасан. ...Ж.Н даргатай хурлын заалны гадаа тааралдаад манай нөхөр барилгын компанийн үйл ажиллагаа явуулдаг юм. Миний

таньдаг эгч компаний дансаа битүүмжлүүлсэн, ажилчдынхаа цалин мөнгийг тавьж чадахгүй байна гээд ярилцаад манай өрөөнд орсон. Тэгсэн жижүүрээс над руу утсаар яриад үүдэнд надтай уулзах хүн ирсэн байна гэж хэлсэн. Тэр үед нь ч гэсэн надтай уулзах хүн над руу мессеж бичээд С.Билэгт захирлын явуулсан хүн байна гэж хэлсэн. Тэгээд надтай уулзах С.Билэгт эгчийн явуулсан эмэгтэй миний өрөөнд орж ирсэн. Би тэр хүнээс ямар учиртай юм бэ, тэр тайлбараа хэлээ би сайн мэдэхгүй, яг хариуцсан дарга нь энэ хүн байгаа юм, энэ хүнд сайн тайлбарлаад өг гэж хэлсэн. Би ч гэсэн хажуунаас нь манай нөхөр барилгын үйл ажиллагаа явуулдаг барилга барьсан гүйцэтгэлийн хөлсөө авч чадахгүй, ажилчдын цалингаа тавьж чаддаггүй юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-64-67/ зэргээр үгүйсгэгдэж байна.  

Иймээс шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах…” зэрэг хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ж.Нын үйлдлийн хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

  1. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ж.Нын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахаас: “...Миний үйлчлүүлэгч анх удааг эмт хэрэгт холбогдсон. Бусдад төлөх төлбөргүй. Миний үйлчлүүлэгчид 7.1 зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханаас: “...Г.Ганбадрах өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Ж.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял

 

шийтгэх”-ээр хуульчлагдсан байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр тогтов.

Шүүх шүүгдэгч Ж.Нт оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

  1. Бусад асуудлаар

 

Эрүүгийн 1702002130075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

  1. Ж.Н-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н.рыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нт оногдуулсан 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н.р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н.рт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Н.р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н.рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР