Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1015

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ж.Нт холбогдох 1702002130075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүүд овгийн Ж-н Н, 1973 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ............. ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

Ж.Н нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байхдаа “Хас” банкин дахь дансны барилтыг нээж өгөх хүсэлт ирүүлснийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлага биелэгдээгүй байхад төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК-ийн “Хас” банкин дахь дансны зарлагын гүйлгээг сэргээх тухай албан бичгийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 1/18885 дугаартай албан бичгээр Ж.Н нь “Хас” банкинд хүргүүлж тус компанийн 5001183239 тоот дансны барилтыг чөлөөлсөн байна. Данс чөлөөлөх үед 50.187.832 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 3.356.862 төгрөгийг иргэн н.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн сангийн данс руу татаж, “Рокмон” ХХК-нд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор үлдэгдэл 46.830.970 төгрөгийг татаж аваагүй байна. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Ноён шаг” ХХК-нь 46.800.000 төгрөгийг тус данснаас зарлагдаж гүйлгээ хийж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж “Ноён шаг” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:           

Ж-н Ныг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ж.Ныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ж.Нт оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Нын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1 дэх хэсэгт “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх”, 44.2.2-д заасан “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа тодорхойлолт гаргуулан авах”, 44.2.3-т заасан “төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх”, 44.2.4-т заасан “төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх”, 44.2.5-т заасан “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх”, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн тухай бичгээр мэдүүлэг авах бөгөөд мэдүүлэг гаргахын өмнө мэдүүлгийг худал гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэж тус тус зааснаар талуудыг дуудан ирүүлж, мэдэгдэл өгч, эд хөрөнгийн мэдүүлэг авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүйгээр шууд төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК-ийн харилцах дансанд хасалт хийхээр 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр арилжааны банкуудад тоот хүргүүлсэн үйл ажиллагаа нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөнийг залруулж явуулсан үйл ажиллагаа байсан юм. Шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудсанд “хүсэлтийг хүлээн авч тэр өдрөө буюу 2017 оны 7  дугаар сарын 6-ны өдөр “Хас” банкинд “Төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК нь төлбөрийг төлөх баталгаа гаргасан...” гэсэн албан тоотыг явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан төлбөр авагч талд мэдэгдэлгүйгээр эрхийг зөрчсөн байна гэж дурджээ. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд талуудын эрх үүргийг тодорхойлохдоо “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудад мэдэгдэх тухай харилцааг зохицуулаагүй бөгөөд талуудад хэдийд ч гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцах, хуулбарлан авах санал гаргах эрх нь нээлттэй юм. Мөн хуудсанд “Ноён шаг” ХХК-ний дансыг битүүмжлэх тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй удааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах” гэснийг мөн зөрчсөн гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл Ж.Н нь “Рокмон” ХХК-иас төлбөр төлөгчийн дансыг хаалгах тухай хүсэлтийг хүлээн авсан даруйдаа доод шатны үүрэг хүлээсэн алба хаагчдаа “шуурхай шийдвэрлэж хариуг өг” гэдэг цохолтыг хийн шилжүүлж байсан бөгөөд энэ нь хэн нэгэнд Ялгавартай хандсан, давуу байдал олгосон үйлдэл биш юм. Цааш нь дээрх хуудсанд “Ж.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.1, 44.2-т заасан ажиллагаануудыг хийх эрхээ хэрэгжүулэлгүй төлбөр төлөгчийн дансыг нээх албан тоот явуулсан нь нэг талыг барьсан гэж үзэхээр байна” гэж дурджээ. Дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан баримттай зөрчилдсөн дүгнэлт бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.1, 44.2-т заасан заалтыг хэрэгжүүлэгч субъект нь тухайн ажиллагааг явуулах эрх бүхий шийдвэр гүйцэтгэгч бөгөөд энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүтээр зүйлд заасан арга хэмжээг авна” гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч Ундармаа нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан арга хэмжээг шат дараалан авалгүйгээр “Ноен шаг” ХХК-ний дансыг хаасан нь харин “Рокмон” ХХК-д давуу байдал олгосон үйлдэл байсан бөгөөд энэхүү хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг Ж.Н, дэд дарга Энхтайвантай зөвлөлдсөний үндсэн дээр залруулж шийдвэрлэсэн юм. Ж.Нын энэ ажиллагаа нь бусдад давуу байдал олгох биш харин давуу байдал олгосон шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөж хуулийн дагуу явуулсан үйл ажиллагаа юм. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж Ж.Ныг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байна гэсэн заалтыг зөрчиж байх тул Ж.Ныг гэм буруутайд тооцож ял халдаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 640 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн туслах Мөнгөнцэцэг нь шүүх хуралдаан эхлээд 11 минутанд 1 удаа орж ирсэн. Тухайн бичлэгт орж ирсэн байдал нь байгаагүй. Үүний дараа мөн 29 минутад 53 секунтэнд нэг удаа орж ирсэн. Эрүүгийн хариуцлагын нэмэгдэл ялын хэмжээг 2.6 жил гэж компьютер нь бичсэн байсан. Гэтэл сахилгын хорооны хурлаар орохдоо прокурор 2.6 гэсэн бичилттэй баримт гаргаж өгсөн. Мөн сахилгын хорооны хурал дээр Оюунцэцэг надад “чи андуураад байна. Тэмдэглэлд 2.6 жил гэж байгаа” гэж хэлсэн. Би “2.6 жил гэж оногдуулж алх цохиод шийдвэрээ гаргасан. Харин тогтоол дээрээ 2.0 гэж бичсэн байгаа” гэхэд Оюунцэцэг “тэмдэглэл засаагүй, тэмдэглэлд 2.6 жил гэж байгаа” гэсэн. Тэгэхээр 1 бичлэг, 2 тэмдэглэл, 1 бичлэгээсээ зөрүүтэй тогтоол гарсан асуудал байна. Мөн шүүхээс хөрөнгө хамгаалах захирамж ирсэн тохиолдолд бид шууд данс хаах, тухайн объектыг битүүмжлэх зэрэг ажил хийдэг. Хэрэв тэгээгүй процессоор орж ирсэн тохиолдолд бид шууд мэдүүлгийг нь өгөөд дуудаж уулздаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад дуудаж ч уулзаагүй нөхцөл байдал байгаа. Анх материалыг татаж хянахад шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тогтоол хоёр л байсан. Өөр материал байгаагүй. Ийм байсан учраас энэ асуудлыг зөвтгөх ёстой гэж үзсэн. Мөн тогтоол дээр төрийн сангийн данс руу татаж гэсэн байсан. Энэ асуудал нь өөр байдаг. Шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байхдаа ч төрийн сангийн дансанд мөнгө нь байгаагүй. Одоо ч байхгүй бөгөөд Улаанбаатар банкны харилцааны дансанд мөнгө нь байгаа. Тэр ч байтугай шийдвэр гүйцэтгэлийн дансыг хариуцсан ахлах нягтлантай буюу төсвийн нягтлан нь тусдаа байдаг. Би шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулснаас хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дууссан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийнэ гэж заасан. Гэтэл Ж.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байна гэж тогтоолдоо тусгаж өгсөн. Гэтэл би шийдвэр гүйцэтгэгч биш. Хуульд зааснаар нэг тойрогт нэг шийдвэр гүйцэтгэгч байна гэж заасан. Тэгэхээр 160 дугаар тойрогт Ж.Н, Ундармаа гэсэн хоёр шийдвэр гүйцэтгэгч байна гэж ойлгогдохоор асуудал тогтоолдоо бичсэн. Энэ асуудлыг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Мөн хэргийн материалаас хараад нэрийг нь мэддэг болсон Билэгт гэж хүн байна. Гэтэл Саруултамир гэх хүний зүс таньдаг хүнийг намайг сайн таньдаг мэтээр бичсэн байна. Би амьдралдаа уулзаж байгаагүй хүн байхад таньдаг мэтээр бичсэн. Энэ асуудлыг үнэхээр хэрэг гэж үзэж байгаа бол Ундармааг “Рокмон” ХХК-нд давуу байдал олгож, би дансыг нь хаачихсан, одоо хилийг нь хаана гэж байгаа энэ асуудлыг мөрдөгч нягталж шалгаагүй. Тухайн асуудалд хил хаах зүйл байгаагүй. Зөвхөн шүүхийн шийдвэрээр хаадаг. Шинэчлэн найруулсан хууль, хуучин дагаж мөрдөж байсан хууль хоёрын алийг нь зөрчиж байгаа нь мэдэгдэхгүй хоёр хуулийг базаж холиод хийчихсэн. Хэрвээ үнэхээр шалгах гэж байгаа бол Ундармаагийн “Рокмон” ХХК-нд давуу байдал олгосон юм уу, үгүй юм уу гэдийг шалгаж шаардлагатай. Мөн Саруултамирын Ноён шаг ХХК-д давуу байдал олгосон. Тэр ч байтугай өнгөрсөн жилийн 8 дугаар сард 100.000.000 төгрөгөөр машин худалдаж авсан. Энэ зэрэг асуудлыг мөрдөгч шалгах шаардлагатай. Мөн би албажуулж гарын үсэг зуруулсан. Тэгэхээр хянасан Шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч зэрэг хүмүүс хамааралтай. Энэ асуудлыг хэрэг гэж үзэж байгаа бол энэ хэрэг бүлэг хэрэг болно. Иймд дахин шалгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Ж.Нын өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44.1 44.2 дугаар зүйлийг ярьсан. Тэгэхээр анх данс битүүмжлэхэд шийдвэр гүйцэтгэгч Ундармаа нь өөрийнхөө эрх, үүргийг хэрэгжүүлээгүй.” гэв.

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ж.Нын хувьд 2.6 жил гэх нэмэгдэл ял нь бичлэгтэй зөрүүтэй байна гэх асуудлыг тайлбарласан. Данс хаасны дараа албан тушаалаа урвуулан ашигласан, давуу байдал бий болгосон гэх асуудал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн Ж.Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол хоёр байсан ба данс битүүмжилсэн байсан талаар тайлбарласан. Энэ нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 зүйлд зааснаар хэрвээ дансыг нээх ёстой байсан бол бусад ажиллагааг нээхгүйгээр шийдвэрлээд явах, хэрэв зөрчил гэж үзсэн бол энэ зүйлийг хийх боломжтой байсан. Гэтэл өргөдөл маргааш нь Шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч хянуулж, албажуулан дансаа нээж байгаа үйлдэл нь бусдад давуу байдал бий болгосон гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил” гэж үзэхээр хуульчилжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Нт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг “2 жил 6 сарын хугацаагаар хасаж” 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн талаар уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж” гэж зөрүүтэй бичиж, хэргийн оролцогч нарт гардуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн энэхүү алдаа зөрчил нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд цаашид анхаарч ажиллахыг анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэхүү шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 640 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Нт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Ж.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ