Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00698

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00698

 

 

Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 013 606 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ...Нэхэмжлэгч нь Төрийн банкинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Орон нутгийн банкны газрын харъяа зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот тушаалаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00999 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 013 606 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төрийн банк ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 22 013 606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Одгэрэлд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-аас 268 018 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 018 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр ажил олгогчид Б.Одгэрэлийн ажилгүй байсан хугацааг тооцон түүнд 1 581 804 төгрөг олгохыг даалгасныг олгосон. Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолж, шийдвэрийг өөрөөр тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь тухайн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан гэж тогтоосон хугацааанд Гялс төгрөг ХЗХ-д ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байхад ажил огт хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзсэннь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Уг хуулийн заалт нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр хийхгүй байхыг ойлгодог, нэхэмжлэгч нь Гялс төгрөг ХЗХ-д ажиллаж цалин авдаг нь баримтаар нотлогдож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 013 606 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Одгэрэлийг Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 502 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 999 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 581 804 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Аливаа иргэн, хуулийн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч Төрийн банк ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч Б.Одгэрэлийг Орон нутгийн банкны газрын Зээлийн хэлтсийн захирлын албан тушаалд томилсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Төрийн банк ХХК-аас нэхэмжлэгч Б.Одгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 22 013 606 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан өдрөөс урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагчийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолж, өөрөөр тайлбарласан гэх гомдол үндэслэлгүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн насанд хүрсэн иргэнийг ямар нөхцөлд ажилгүй гэж үзсэх талаар төр өөрийн бодлогын хүрээнд тодорхойлсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас цалин хөлсөөр хохирсон ажилтныг хуулийн дээрх ойлголтод хамааруулан ажил олгогчийг хариуцлагаас чөлөөлөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 270 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ